Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 667

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн Бт холбогдох эрүүгийн 19100 1210 0665 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Д.Гангантөгс, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Галшир суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-гийн Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буман залуус” хороололд иргэн Д.Б-аас “өдөртөө буцааж өгнө, түр зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7.0 сая төгрөгийг авч Залилах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаар шүүх 2019 оны 11 сарын 07-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан, 1743 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу түүнд холбогдох эрүүгийн 19100 1210 0665 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэснийг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед би Д.Б-д “машин ломбарднаас чөлөөлж өдөрт нь буцаагаад өгье” гэж хэлээд 7.000.000 төгрөг авсан нь үнэн. Тэгээд Банк бус санхүүгийн байгууллага дээр Очироо бид хоёр очиж машинаа чөлөөлж авсан. Маргааш нь буцаагаад машинаа 7.000.000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад тавих гэсэн боловч авахгүй гэж хэлсэн. Мөнгөний боломжгүй байсаар хохирогчид мөнгийг нь буцааж өгч чадаагүй, одоо 5.500.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 6.800.000 төгрөгийн хохирол төлбөрийг сар болгоны 25-ны өдөр 1.000.000 төгрөг төлж байхаар эвлэрлийн гэрээ байгуулж, төлбөр  барагдуулахаар тохиролцсон. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийг хуурч авах санаа зорилго байгаагүй. Би хохирогч Быг урьд нь таньдаг байсан юм. Миний зээлж авсан мөнгөн дүнгийн үлдэгдэл төлбөр дээр өмгөөлөгчийнх нь ажлын хөлс 1.300.000 төгрөг нэмэгдэж, 6.800.000 төгрөг төлөхөөр тохиролцсон юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1210 0665 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би “Даймонд Стоун” ХХК-ийн захирлаар ажилладаг. Уг компаниа 2009 онд байгуулсан, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл би Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буман залуус” хороолол дотор заслын хар шал цутгалтын ажил хийж байгаа юм. Уг ажлыг 2017 оны 9 сараас эхлэн хийсэн бөгөөд барилга руу байнга орж гардаг ажилтай учраас тэнд ажилладаг хүмүүстэй танилууд болсон. Мөн уг хороололд гадна пассадны ажил хийж байгаа Б гэх залуутай танил болсон.

2018 оны 11 сард байх Б надтай уулзаад “би Буман залуус хорооллыг бариулж байгаа Пирамид орд ХХК-аас ажлын гүйцэтгэлд тооцоод бартериар 2 өрөө 61 мкв байр авсан, та сонирхох юм уу” гэхээр нь “манай настай ээж, ам бүл тавуулаа, 1 өрөө байранд амьдардаг болохоор байрыг нь томосгоод өгчихдөг юм уу” гэж бодоод сонирхоход уг байр нь 202 дугаар байрны 10 давхарын 2 өрөө байр байсан. Тэгээд Б  “надад бэлэн мөнгө байхгүй, харин 2011 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2012 оны 01 сард орж ирсэн Тоёота Ланд-200 загварын машин байна, чи энэ машинтай байраа тулбал тул, бусдаар надад бэлэн мөнгө байхгүй” гэхэд “тэгье тэгье” гэж зөвшөөрсөн. Би машинаа хэдэн төгрөг гэж үнэлээгүй, мөн Б ч байраа мөнгөөр үнэлээгүй, шууд тохиролцоод солилцсон юм. Тэр байрны хувьд гэвэл одоо хүртэл гэрчилгээ нь гараагүй, харин би машинаа Голомт банкны нэр дээр байсныг өөрөө зээлийг төлж чөлөөлөөд, шууд Бийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Өмнө нь бид хоёрын хооронд ийм харилцаа үүсэж байсан, өөр бусдаар наймаа хийж байгаагүй.

Харин 2019 оны 4 сарын 03-ны өдөр би “Буман залуу” хороололд хийсэн ажлын хөлсөндөө Пирамид орд ХХК-аас авсан бартерийн байраа хүнд зарсан юм. Тэгэхэд Б намайг байр зарсан, бэлэн мөнгөтэй байгааг мэдээд, Буман залуус хороолол дотор уулзаад “хөгшөөн би авто ломбарднаас хүний нэр дээр байгаа машиныг чөлөөлөөд, өөрийн нэр дээр болгоод буцаагаад, ломбарданд тавиад өдөртөө мөнгийг чинь буцаагаад аваад ирье, түр хугацаагаар 7.0 сая төгрөг өгч байгаач” гэхэд нь нь би түүнд итгээд “за яг өдөртөө өгөөрэй” гээд 7.0 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн.

Тэгтэл тэр өдрөө мөнгөө өгөөгүй, орой нь залгаад “яасан бэ” гэж асуухад “машинаа ломбарднаас чөлөөлөөд авчихлаа, Авто тээврийн үндэсний төв ороод нэрээ шилжүүлэх гэхэд нэг өдрийн дотор хоёр хүний нэр дээр нэг машин шилжиж болохгүй юм байна,  маргааш үдээс өмнө амжуулаад өгье” гэхээр нь би итгээд “за” гэж хэлээд тэр өдөр өнгөрсөн.

Маргааш өдөр нь дахин залгаад мөнгөө нэхэхэд “өө энэ машиныг ийм өндөр үнээр ломбарданд авахгүй юм байна, машиныг зараад мөнгийг чинь гаргаж өгөхөөс” гэхээр нь би энэ яг худал яриад эхэлж байна гэж бодсон ба тэрнээс хойш зөндөө олон удаа мөнгөө нэхсэн боловч “өгнө, түр байж бай, машин зарагдахгүй байна” гэх зэргээр өчнөөн хойшлуулаад, сүүлдээ утсаа ч авахгүй болоод алга болсон. Иймээс цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Б нь  одоогоор надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 47х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Ууганбаярын гэрчээр өгсөн:

“...Би Б ахтай хамтраад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Буман залуус” хорооллын гадна пассадны ажил хийсэн юм. Б ах 2019 оны 4 сард Б гэдэг хүнээс 7.0 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Мөнгө тоолж хүлээж авах үед нь би машин дотор хамт байсан, өөр хүн байгаагүй. Б ах “авто ломбарданд байгаа машиныг зээлээс чөлөөлөөд, өөрийнхөө нэр дээр болгоод, буцаагаад Банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хэлээд Баас мөнгө авсан. Тэрний дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 7 буудлын эцэс дээр байдаг “Нэткапитал” Банк бус санхүүгийн байгууллага дээр очоод, нөгөө машины тооцоо 7.0 сая төгрөг байсныг төлж, чөлөөлөөд гаргаж авсан. Тэр доор нь буцаагаад барьцаанд тавиагүй, Б ах надад “хэд хоног унаж бай” гэхээр нь би 20 орчим хоног унасан. Унаж яваад Бийн өртэй байсан Батсуурь гэдэг хүн өрнийхөө оронд тэр машиныг авсан. Санта пей загварын улаан хүрэн өнгийн машин байсан, улсын дугаарыг нь одоо санахгүй байна.

Санта пей загварын машин ямар учиртай вэ гэвэл Б ах ажлын гүйцэтгэлийн хөлсөнд бодоод “Пирамид орд” ХХК-аас 1 өрөө гэрчилгээ нь гараагүй байр авсан бөгөөд Б ахад мөнгөний хэрэгцээ гарсан болохоор тэр байрыг хүнд бартерийн шугамаар зарсан юм билээ. Тухайн үед Б ахаас дээрх 1 өрөө байрыг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Очироо гэх залуу урьдчилгаа Приус-30 загварын машин, 5.0 сая төгрөг өгсөн байсан.

Очироогоос “үлдэгдэл мөнгөө авъя” гэхээр “надад 2011 онд үйлдвэрлэгдсэн Санта пей загварын машин байна, одоо Нэткапитал Банк бус санхүүгийн байгууллага дээр 7.0 сая төгрөгийн тооцоотой байгаа, машинаа 25.0 сая төгрөгөөр бодъё, үлдэгдэл мөнгийг нь өрөндөө тооцоод хоорондын тооцоогоо дуусгая” гэж хэлсэн юм билээ. Тэрний дагуу Б ах дээрх машиныг авсан.

Баас авсан 7.0 сая төгрөгийг Нэткапитал Банк бус санхүүгийн байгууллагад төлж, тэр машиныг чөлөөлж гаргаж авсан нь үнэн. Бын 7.0 сая төгрөгийг яагаад өгөөгүйг би мэдэхгүй байна, 2 ширхэг хонда инсайт авсан гэж хэлсэн гэсэн, тийм асуудал байхгүй. Тэр хоёр машиныг Баас мөнгө авахаас өмнө 3 сард нь авчихсан байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Батсуурийн гэрчээр өгсөн:

“...Би хувиараа барилгын бригад ахлаад ажил хийдэг юм. Би 2018 оны 7 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус нэртэй хорооллын 201, 202 дугаар байрнуудын гадна пассадны ажлыг авч гүйцэтгэсэн. Намайг уг ажлыг хийж байх үед 203, 204 дүгээр байрны гадна пассадны ажлыг Б гэх залуу хийж байсан. Хоёулаа нэг хотхоны барилга дээр ажиллаж эхэлсэн учраас орж, гарч байгаад танилцсан юм. Ингээд 2019 оны хэдэн сар байсныг сайн санахгүй байна, Б надад “ажилчдын цалин гээд 13.0 орчим сая төгрөгийг удахгүй өгчихнө” гэж хэлээд авсан. Тэгээд мөнгөө өгөлгүй явж байгаад “би мөнгөний боломжгүй байна, чи надаас машин авчих” гэхээр нь машиныг нь үзэж харахад Хьюндай Санта пей загварын дунд оврын машин байсан.

Би тэр машиныг 23.0 сая төгрөгөөр бодож аваад, илүү гарсан 10.0 сая төгрөгийн оронд Ниссан тида загварын машин өгөөд, Б бид хоёрын дундах тооцоо дууссан. Миний өгсөн машин нь улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй машин байсан юм. Бийн өгсөн машин одоо миний санаж байгаагаар, 07-67 УНК улсын дугаартай байсан. Би уг машиныг өөр хүнд бас төлбөр тооцооны оронд өгсөн, тэр машины улсын дугаар нь солигдсон сураг байсан. Одоо хаана ч яваа юм, ямар дугаартай юм мэдэхгүй байна.  

Дээрх машин анх ирэхэд Б-ийн өөрийнх нь нэр дээр байсан санагдаж байсан. Тэгээд би надаас авах хүний нэр дээр машины эзэмшигчийн нэрийг нь шилжүүлээд өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х/,

 

4. “Есөн Шижир Инвест” ХХК-ийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 495 дугаар бичгээр гаргасан тодорхойлолт баримт, дансны хуулга /хэргийн 76-77х/,

 

5. Хохирогч Д.Б- болон шүүгдэгч Д.Б нарын хооронд 2019 оны 11 сарын 03-ны өдөр бичгээр байгуулсан төлбөр барагдуулах талаархи тодорхойлолт баримт  /хэргийн 104х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн:

“...Би хувиараа барилгын сан, цахилгаанаас бусад бүх ажлуудыг хийж гүйцэтгэдэг юм. Би өөрийн гэсэн бригадтай бөгөөд барилгын улирал эхлэх үеэр хаана ч хамаагүй ажил хийгээд явчихдаг юм.

Болсон асуудлын хувьд гэвэл 2018 оны 6 сард Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Буман залуу” хорооллын гадна пассадны ажлыг би авсан юм. Уг ажлыг хийж байхдаа дотор талд хар шалны ажил хийж байсан Б гэх залуутай барилга руу орж, гарч байгаад танилууд болоод, хоорондоо гайгүй харилцаатай байх болсон.

Тэгээд 2019 оны 4 сарын эхээр Б бэлэн мөнгөөр хүнд байр зарсан, бэлэн мөнгөөр зарсныг нь би мэдэж байсан болохоор Бтай “Буман залуус” хорооллын хашаан дотор уулзаад “надад 7.0 сая төгрөг өгчих, би хүнээс машин авах гэж байна, уг машин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа юм байна, би барьцаа төлбөрийг нь чөлөөлөөд машиныг өөрийн нэр дээр болгоод буцаагаад ломбарданд тавиад мөнгийг чинь өдөрт нь буцаагаад өгчихнө” гэж хэлээд  7.0 сая төгрөг бэлнээр тоолж авсан.

Ингээд би 120 мянгатын Хьюндай төвийн 2 дугаар давхарт байх, одоо нэрийг нь санахгүй байна, Банк бус санхүүгийн байгууллага дээр очоод, бүтэн нэрийг нь санахгүй байна, Очироо гэх надаас нэг өрөө байр авсан залуугийн эхнэрийн захирлын нэр дээр байгаа машиныг зээлээс чөлөөлсөн. Машин яг хэн гэдэг хүний нэр дээр байсныг, мөн улсыг дугаарыг нь ч бас санахгүй байна. Уг машин хүрэн бор өнгөтэй, Хьюндай Санта пей загварын дунд оврын машин байсан. Очироо надаас 1 өрөө байрыг 40.0 сая төгрөгөөр бодож авсан ба бэлэн мөнгө болон машин тэрэг оролцуулаад бартер хийх байдлаар худалдаж авсан. Тэдгээрийн нэг машин нь дээрх Сантай пей загварын машин байгаа юмаа.

Ингээд банк бус санхүүгийн байгууллагаас машиныг чөлөөлж аваад, Авто тээврийн үндэсний төв орж машиныг өөрин нэр дээр шилжүүлэн аваад, дахин ломбарданд тавих гэсэн боловч Батсуурь гэх хүнд өртэй байсан болохоор тэр залууд машинаа 20.0 сая төгрөгөөр бодоод өгчихсөн.

Би өөрөө Очироогоос бас 20.0 сая төгрөгт бодож авсан. Батсуурьд Санта пей загварын машиныг 20.0 сая төгрөгөөр бодож өгсөн, тэрэнд 9.0 сая төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд зөрүүнд нь суудлын жижиг тэрэг авсан, ямар нэртэй машин байсныг  санахгүй байна. Тэр машиныг мөн цаашаа Мягмардорж гэх хүнд өгсөн. Яагаад өгөх болсон бэ гэвэл Мягмардорж нь “Чулуутын аманд замын ажил хийнэ, удахгүй мөнгө орж ирнэ, хамтарч ажиллаад, ашигаа хуваая” гэхээр нь би тэр машиныг өгчихсөн.

Ингээд би Бын мөнгийг өгч чадаагүй, Б надаас мөнгөө асуухаар нь би ойр зуурын шалтаг шалтгаан хэлсээр байгаад хэсэг хугацаа хойшлуулсан. Одоо хүртэл төлөөгүй байна, боломж гарвал төлнө. Даанч одоогоор би мөнгөгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Э-ын мэдүүлэг /хэргийн 19х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 27х, 30х, 81х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 85х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал  тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буман залуус” хороололд иргэн Д.Б-аас “хүнээс машин авах гэсэн юм, уг машин нь Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа тул барьцаа төлбөрийг төлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авчихаад, буцаагаад барьцаанд тавьж мөнгийг нь гаргаад өдөрт нь өгнө, 7.0 сая төгрөг түр зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7.0 сая төгрөгийг авч, өөртөө ашиглаж захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан:

- хохирогч Д.Б-ын: “...Би ...Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Буман залуус” хороолол дотор заслын хар шал цутгалтын ажил хийж байгаа юм. Уг ажлыг 2017 оны 9 сараас эхлэн хийсэн бөгөөд барилга руу байнга орж гардаг ажилтай учраас ...уг хороололд гадна пассадны ажил хийж байгаа Б гэх залуутай танил болсон.

...2019 оны 4 сарын 03-ны өдөр би “Буман залуу” хороололд хийсэн ажлын хөлсөндөө Пирамид орд ХХК-аас авсан бартерийн байраа хүнд зарсан юм. Тэгэхэд Б намайг байр зарсан, бэлэн мөнгөтэй байгааг мэдээд, Буман залуус хороолол дотор уулзаад “хөгшөөн би авто ломбарднаас хүний нэр дээр байгаа машиныг чөлөөлөөд, өөрийн нэр дээр болгоод буцаагаад, ломбарданд тавиад өдөртөө мөнгийг чинь буцаагаад аваад ирье, түр хугацаагаар 7.0 сая төгрөг өгч байгаач” гэхэд нь нь би түүнд итгээд “за яг өдөртөө өгөөрэй” гээд 7.0 сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн.

Тэгтэл тэр өдрөө мөнгөө өгөөгүй, орой нь залгаад “яасан бэ” гэж асуухад “машинаа ломбарднаас чөлөөлөөд авчихлаа, Авто тээврийн үндэсний төв ороод нэрээ шилжүүлэх гэхэд нэг өдрийн дотор хоёр хүний нэр дээр нэг машин шилжиж болохгүй юм байна,  маргааш үдээс өмнө амжуулаад өгье” гэхээр нь би итгээд “за” гэж хэлээд тэр өдөр өнгөрсөн.

Маргааш өдөр нь дахин залгаад мөнгөө нэхэхэд “өө энэ машиныг ийм өндөр үнээр ломбарданд авахгүй юм байна, машиныг зараад мөнгийг чинь гаргаж өгөхөөс” гэхээр нь би энэ яг худал яриад эхэлж байна гэж бодсон ба тэрнээс хойш зөндөө олон удаа мөнгөө нэхсэн боловч “өгнө, түр байж бай, машин зарагдахгүй байна” гэх зэргээр өчнөөн хойшлуулаад, сүүлдээ утсаа ч авахгүй болоод алга болсон. ...Б нь  одоогоор надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байна. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-12х, 47х/,

- гэрч У.Ууганбаярын: “...Би Б ахтай хамтраад Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Буман залуус” хорооллын гадна пассадны ажил хийсэн юм. Б ах 2019 оны 4 сард Б гэдэг хүнээс 7.0 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Мөнгө тоолж хүлээж авах үед нь би машин дотор хамт байсан. ...Б ах “авто ломбарданд байгаа машиныг зээлээс чөлөөлөөд, өөрийнхөө нэр дээр болгоод, буцаагаад Банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгийг чинь гаргаж өгнө” гэж хэлээд Баас мөнгө авсан. Тэрний дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 7 буудлын эцэст байдаг “Нэтткапитал” Банк бус санхүүгийн байгууллага дээр очоод, нөгөө машины тооцоо 7.0 сая төгрөг байсныг төлж, чөлөөлөөд гаргаж авсан.

Тэр доор нь буцаагаад барьцаанд тавиагүй, Б ах надад “хэд хоног унаж бай” гэхээр нь би 20 орчим хоног унасан. Унаж яваад Бийн өртэй байсан Батсуурь гэдэг хүн өрнийхөө оронд тэр машиныг авсан. Санта пей загварын улаан хүрэн өнгийн машин байсан, улсын дугаарыг нь одоо санахгүй байна. ...Баас авсан 7.0 сая төгрөгийг Нэткапитал Банк бус санхүүгийн байгууллагад төлж, тэр машиныг чөлөөлж гаргаж авсан нь үнэн. Бын 7.0 сая төгрөгийг яагаад өгөөгүйг би мэдэхгүй байна, 2 ширхэг хонда инсайт авсан гэж хэлсэн гэсэн, тийм асуудал байхгүй. Тэр хоёр машиныг Баас мөнгө авахаас өмнө 3 сард нь авчихсан байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х/,

- гэрч Э.Б-ийн: “...Би хувиараа барилгын бригад ахлаад ажил хийдэг юм. Би 2018 оны 7 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус нэртэй хорооллын 201, 202 дугаар байрнуудын гадна пассадны ажлыг авч гүйцэтгэсэн. Намайг уг ажлыг хийж байх үед 203, 204 дүгээр байрны гадна пассадны ажлыг Б гэх залуу хийж байсан. Хоёулаа нэг хотхоны барилга дээр ажиллаж эхэлсэн учраас орж, гарч байгаад танилцсан юм. Ингээд 2019 оны хэдэн сар байсныг  эсэхийг сайн санахгүй байна, Б надад “ажилчдын цалин гээд 13.0 орчим сая төгрөгийг удахгүй өгчихнө” гэж хэлээд авсан.

Тэгээд мөнгөө өгөлгүй явж байгаад “би мөнгөний боломжгүй байна, чи надаас машин авчих” гэхээр нь машиныг нь үзэж харахад Хьюндай Санта пей загварын дунд оврын машин байсан. Би тэр машиныг 23.0 сая төгрөгөөр бодож аваад, илүү гарсан 10.0 сая төгрөгийн оронд Ниссан тида загварын машин өгөөд, Б бид хоёрын дундах тооцоо дууссан.  машин ...Бтийн өөрийнх нь нэр дээр байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х/,

- “Есөн Шижир Инвест” ХХК-ийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 495 дугаар бичгээр гаргасан тодорхойлолт баримт, дансны хуулга /хэргийн 76-77х/,

- Хохирогч Д.Б болон шүүгдэгч Д.Б нарын хооронд 2019 оны 11 сарын 03-ны өдөр бичгээр байгуулсан төлбөр барагдуулах талаархи тодорхойлолт баримт  /хэргийн 104х/ болон шүүгдэгч Д.Бтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Хэргийн шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буман залуус” хороололд иргэн Д.Б-аас “хүнээс машин авах гэсэн юм, уг машин нь Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа тул барьцаа төлбөрийг төлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авчихаад, буцаагаад барьцаанд тавьж мөнгийг нь гаргаад өдөрт нь өгнө, 7.0 сая төгрөг түр зээлээч”  гэж 7.0 сая төгрөгийг авч, уг мөнгөөр автомашиныг барьцаанаас чөлөөлж авах өөрийн хүсэл зоригоо гүйцэлдүүлж, улмаар уг автомашиныг өөрийн бусдад төлөх өр төлбөрт шилжүүлэн өгсөн атлаа хохирогч Д.Б-д амалсан хугацаанд төлбөрийг буцаан төлөх боломжгүй болмогц “машиныг ийм өндөр үнээр ломбарданд авахгүй байна, машиныг зараад мөнгийг нь гаргаж өгнө, машин зарагдахгүй байна” гэх зэргээр хуурч, мөнгийг өөрийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгчийн нь шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч ашигласан дээрх үйлдэл нь “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.     

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Бийн хуурч, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хэргийн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан. 

 

Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эд хөрөнгөд 7.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирлоос үлдэх 5.500.000 төгрөг, мөн хохирогчийн өмгөөлөгчийн зардал 1.300.000  төгрөг, нийт 6.800.000 төгрөгийг, сар бүрийн 25-ны өдөр 1.000.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр хуваарь тогтоосон тодорхойлолтыг шүүгдэгч нь 2019 оны 11 сарын 03-ны өдөр бичгээр гаргаж, хохирогч Д.Б-тай “төлбөр барагдуулах” талаар хэлэлцэн тохирч эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэв. /хэргийн 104х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 81х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх, шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-гийн Бийг хуурч, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай анги Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бт 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд  мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Б-д 1.500.000 төгрөгийг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хуваарийн дагуу сар болгоны 25-ны өдөр 1.000.000 төгрөг төлж, нийт 6.800.000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөг нөхөн төлөхөөр шүүгдэгч Д.Б хохирогч Д.Б- нар нь эвлэрэн хэлэлцсэнийг баталж шийдвэрлэсүгэй. 

 

5. Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД