Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 898

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

  улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

хохирогч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Жад холбогдох эрүүгийн ____тоот 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Б.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Жын үйлдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 31 дүгээр байрны 76 тоот 43мкв 2 өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө зуучлагч нэрийдлээр иргэн Б.Ч-ээс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13.600.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч нийт 16.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Г-ийг “мөнгө зээлүүлсэн хүнийг өөрийн байранд суулгана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 22.000.000 төгрөгийг шилжүүлсэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ:

“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэгт авагдсан мэдүүлгийг үнэн зөв мэдүүлсэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 22.000.000 сая төгрөгнөөс 15.000.000 төгрөгийг төлсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г- мэдүүлэхдээ:

“...Үлдэгдэл 7.000.000 төгрөгийн хохирлоо хурдан барагдуулж авмаар байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Жын өгсөн:

“...Би 2017 оноос П-тай хамтарч үл хөдлөх хөрөнгө тэр дундаа байр зарж борлуулах ажил хийж байгаа юм. Манай компани нь “Илгээмж Зууч” гээд компани байгаа. Харин Ч-ийн хувьд Фэйсбүүк дээр П-ын тавьсан зарын дагуу 2019 оны 01-р сарын дундуур утсаар холбогдоод Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах Алтай хотхоны 31-р байранд 2 өрөө байр байна, би үзүүлээд явж байна чи 8 хувийн зээл гаргаж өгч чадах уу гэж асуухаар нь би наад хүмүүстэй чинь уулзаж үзье гэж хэлсэн. Тэгтэл П- надад Ч-ийн ... гэсэн дугаарыг өгсөн ба би өөрийнхөө 88103489 дугаараасаа 2019 оны 01-р сарын 19-ний өдөр утсаар холбогдоод төв номын сангийн тэнд Ч- болон түүний нөхөртэй уулзсан. Тэр үед би Ч- тэр хоёрт 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би урьдчилгаа 20 хувийг нь хийгээрэй, тэгээд би 8 хувийг нь хөөцөлдөж байгаад 02-р сарын 25-наас 03-р сарын 01-ний өдрүүдийн хооронд зээлийг чинь бүтээнэ гэж хэлсэн. Уг Алтай хотхоны 31-р байрны 72 тоот 2 өрөө байрыг 73.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тэгээд тэр өдөртөө Ч- миний Хаан банкны 5085098228 дугаартай данс руу 1.000.000 төгрөг, 01-р сарын 22-ны өдөр 13.600.000 төгрөгийг мөн уг дансруу байрны урьдчилгаа мөнгө гэж авсан. Уг байрыг үнэн хэрэгтээ зарах гэж байсан байр юм.

Ч-ийн урьдчилгаа мөнгө нь 30 хувьдаа хүрэхгүй болохоор нь би 30 хувьд нь үнийн дүнгээс шингээж хүргэх гээд урьдчилгаа мөнгийг нь би өөрөө авсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Буруу зүйл хийснээ ойлгож байна.

Ч- гэх хүнээс 14.600.000 төгрөг авсан байсан бөгөөд өөрийгөө буруутай үйлдэл хийсэн байна гэж бодоод түр хугацаанд Ганхөлөг гэх хүнээс 22.000.000 төгрөг авчихсан. Үерхэл эгч өөрөө хувийн барилгын ХХК-тай бөгөөд надаар өөрийн хувийн байраа заруулж байсан юм. Тэгээд Үерхэл эгчтэй танилцаж байсан. Ганхөлөгт үзүүлээд мөнгө авсан байрыг би Үерхэл эгчээс худалдаж авах нөхцөлтэйгөөр байдаг байсан. Тэр үедээ Үерхэл эгчид хэлэлгүй ийм асуудалд орсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-н 28-29, 144-145/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ч-ийн өгсөн:

“...Би 2019 оны 01-р сарын дундуур Фэйсбүүк ухаж байгаад “Жуков Таунд 1 өрөө байр урьдчилгаа 13.000.000 төгрөгөөр банкны 8 хувийн зээлэнд хамруулна” гэсэн зар харсан. Уг зар дээр нь 99187738 гэсэн дугаар байсан. Тэгээд уг дугаараар холбогдож байгаад П- гэдэг эмэгтэйтэй уулзаад Жуков Таунд очиж нэг өрөө байр үзтэл энэ байр нь таалагдаагүй. Тэгтэл П- Алтай хотхонд хоёр өрөө байр байгаа гэж хэлэхээр нь 2019 оны 01-р сарын 17-ны өдөр П-тай хамт очиж Алтай хотхоны 31-р байрны 1 давхрын 2 өрөө байрыг үзээд худалдаж авахаар болсон. Тэгээд П- тантай эргээд холбогдоно гээд явсан ба 2019 оны 01-р сарын 19-ний өдөр 88103489 гэсэн дугаараас нэг залуу холбогдоод та ирж уулзах боломжтой юу гэхээр нь би нөхөр Нямбаяртай хамт очиж уулзтал Ж гээд залуу байсан. Тэр үед Ж Алтай хотхоны 2 өрөө байр нийт 73.000.000 төгрөгөөр зарагдана, урьдчилгаа 20 хувь нь 14.600.000 төгрөг болно, харин үлдсэн мөнгөнд нь банкнаас 8 хувийн зээл олгоно гэж хэлээд нөхөр бид хоёрт итгүүлсэн. Ж банкинд материал бүрдүүлж өгнө шүү, харин та хоёр энэ байрыг яг авна гэж бодож байвал урьдчилгаа 1.000.000 төгрөг өнөөдрийн дотор өгөөдөх, тэгж байж манайх зараа хаах гээд байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө би хадам ээж Чойроогоор 1.000.000 төгрөгийн Жамбалцамцын 5085098228 дугаартай данс руу хийлгүүлсэн. Уг мөнгийг манай хадам ээж хүний карт гуйж байгаад хорооллоос шилжүүлсэн. Харин 2019 оны 01-р сарын 22-ны өдөр Ж 88103489 дугаараасаа залгаад үлдэгдэл урьдчилгаа мөнгөө хийх боломж байна уу гээд байхаар нь би өөрийнхөө Хаан банкны 5020789210 дугаартай данснаас 13.600.000 төгрөгийг мөн Жын данс руу шилжүүлсэн. Уг мөнгөө би Нарны хорооллын тэнд байдаг ажил дээрээсээ мобайл банк ашиглаж шилжүүлсэн. Ж 2019 оны 02-р сарын 25-ны өдөр гэхэд 8 хувийн зээл гарна гэсэн боловч гараагүй болохоор нь би цагдаад хандсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо авсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Г-ийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би зар дээрээс байр хайж байхад мөнгө зээлүүлж байрандаа суулгана гэсэн зарыг манай нөхөр С хараад 88998868 дугаарын утсаар Ж гэх эрэгтэй хүнтэй яриад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 52-42 тоот 2 өрөө орон сууцыг үзэхээр тохирсон. Тэгээд нөхөр бид 2 уг байрыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны орой очиж үзэхэд Ж гэх залуу өөрөө уг байранд байсан бөгөөд нөхөр бид хоёрт уг байрыг энэ бол миний байр гэрчилгээний хуулбар нь энэ байна гээд гар утсан дээрээ гэрчилгээний зургийг үзүүлсэн бөгөөд банкинд лизингтэй байр банкнаас тодруулж өгч болно хугацаагаа, мөнгөө тохиръё гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид 2 зөвшөөрөөд уг Ж гэх залуутай 1 жил 1 cap уг байранд амьдраад оронд нь 22.000.000 төгрөгийг 1 жил 1 сарын хугацаатай хүүгүй зээлүүлэхээр болоод маргааш нь 12 цагт уулзахаар тохирсон. Тэгээд маргааш нь нөхөр бид 2 Жтай 12 цагт уг байрны үүдэнд уулзаад уг байранд ороход Ж нь Урбан нэртэй зуучийн газрын хүнийг дагуулж ирсэн байсан. Тэгээд уг байран дотроо түрээсийн гэрээг 1 жил 1 сарын хугацаатай хийсэн.

Ж бид 2 гэрээгээ хийчихээд Хаан банкны төврүү уг байрыг Жын нэр дээр байгаа эсэхийг шалгах гэж явсан. Гэтэл замдаа Ж нь утсаар яриад манай эдийн засагч гадуур ажилтай байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид 2 Жтай хамт нотариатын газар оръё гээд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт очоод 22.000.000 төгрөгийг өгсөн авсан талаар гэрээ хийсэн.

Тэгээд нотариатаас гараад Богд Ар хорооллын Хаан банкны салбар ороод манай нөхөр С нь өөрийн 5006400224 тоот данснаас Жын Хаан банкны дансруу 22.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд манай гэр бүл уг байранд нүүж ороод байж байтал 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр уг байрны эзэн нь гэх Үерхэл гэдэг эмэгтэй хүн нөхрийн хамт ирээд уг байрны эзэн нь байна гэдгийг хэлснээр бид нар залилуулснаа мэдсэн. Үерхэл надад гэрчилгээний зургаа үзүүлсэн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 128-130/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.П-ын өгсөн:

“...2019 оны 01-р сарын сүүлээр байхаа cap өдрийг нь нарийн санахгүй байна Ч- гээд эмэгтэй 9811-тэй дугаараас надтай Фэйсбүүк дээрх зарын дагуу утсаар холбогдоод Жуковт байдаг 1 өрөө байрыг үзсэн. Тухайн үед уг байрыг би очиж үзүүлсэн. Тэр байр нь манай “Цэгц Проперти” ХХК-аар зуучлуулж заруулах гэж байсан гэрээтэй байр байсан юм. Тэгээд Ч- нөхөртэйгээ хамт уг байрыг үзчихээд таалагдаагүй өөр байр байна уу гэхээр нь Алтай хотхоны 31-р байрны 1 давхарт байрлах 2 өрөө байрыг үзүүлсэн. Уг байр нь мөн манай компани дээр гэрээтэй байр байсан. Тэгээд Ч- нь Алтай хотхоны байрыг үзээд банкны 8 хувийн зээлийн нөхцөл нь ямар вэ гэж асуухаар нь тэрийг нь би мэдэхгүй энэ хүнтэй холбогдоод асуу Жын 8810-тай дугаарыг Ч-т өгсөн. Тэрнээс хойш яасныг нь би мэдээгүй. Ч- надтай огт холбогдоогүй. Харин Жад мөнгө өгснийг нь мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

            - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-10/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 57/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 80/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Жын үйлдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 31 дүгээр байрны 76 тоот 43мкв 2 өрөө байрыг үл хөдлөх хөрөнгө зуучлагч нэрийдлээр иргэн Б.Ч-ээс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13.600.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч нийт 16.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Г-ийг “мөнгө зээлүүлсэн хүнийг өөрийн байранд суулгана” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 22.000.000 төгрөгийг шилжүүлсэн авч тус тус залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Жын “...Би ... Ч- тэр хоёрт 8 хувийн зээл хамрагдах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би урьдчилгаа 20 хувийг нь хийгээрэй, тэгээд би 8 хувийг нь хөөцөлдөж байгаад 02-р сарын 25-наас 03-р сарын 01-ний өдрүүдийн хооронд зээлийг чинь бүтээнэ гэж хэлсэн. Уг Алтай хотхоны 31-р байрны 72 тоот 2 өрөө байрыг 73.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тэгээд тэр өдөртөө Ч- миний Хаан банкны 5085098228 дугаартай данс руу 1.000.000 төгрөг, 01-р сарын 22-ны өдөр 13.600.000 төгрөгийг мөн уг дансруу байрны урьдчилгаа мөнгө гэж авсан. Уг байрыг үнэн хэрэгтээ зарах гэж байсан байр юм.

Ч- гэх хүнээс 14.600.000 төгрөг авсан байсан бөгөөд өөрийгөө буруутай үйлдэл хийсэн байна гэж бодоод түр хугацаанд Ганхөлөг гэх хүнээс 22.000.000 төгрөг авчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ч-ийн “...би хадам ээж Чойроогоор 1.000.000 төгрөгийн Жамбалцамцын 5085098228 дугаартай данс руу хийлгүүлсэн. Харин 2019 оны 01-р сарын 22-ны өдөр Ж 88103489 дугаараасаа залгаад үлдэгдэл урьдчилгаа мөнгөө хийх боломж байна уу гээд байхаар нь би өөрийнхөө Хаан банкны 5020789210 дугаартай данснаас 13.600.000 төгрөгийг мөн Жын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Г-ийн “...манай нөхөр С нь өөрийн 5006400224 тоот данснаас Жын Хаан банкны дансруу 22.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд манай гэр бүл уг байранд нүүж ороод байж байтал 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр уг байрны эзэн нь гэх Үерхэл гэдэг эмэгтэй хүн нөхрийн хамт ирээд уг байрны эзэн нь байна гэдгийг хэлснээр бид нар залилуулснаа мэдсэн. Үерхэл надад гэрчилгээний зургаа үзүүлсэн...” гэх мэдүүлэг,  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Жыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас Б.Ч-т 16.400.000 төгрөгийн, хохирогч Д.Г-т 22.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн 15 дугаар талд хохирогч Б.Ч- нь “...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо авсан...” гэх мэдүүлэг өгсөн байхыг харгалзан шүүгдэгч хохирогч Б.Ч-т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэж, харин шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч Д.Г- нарын хэн аль нь хохирол болох 22.000.000 сая төгрөгөөр 15.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, үлдэгдэл 7.000.000 төгрөг дутуу байгаа гэж мэдүүлж байгааг харгалзан шүүгдэгч Б.Жаас 7.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-т олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ялыг хамгийн доод хэмжээг мөн хэсэгчлэн төлөх цаг хугацааны боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна гэх саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгосон, тодорхой хэмжээнд хохирол төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 2 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнцүүлэн хасаж биечлэн эдлэх ялыг 336 цагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуувийн ерөнхий ангийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жыг 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жын цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагтай тэнцүүлэн хасаж биечлэн эдлэх ялыг 336 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   5. Шүүгдэгч Б.Жад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Жаас 7.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-т олгосугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ