| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0683/Э |
| Дугаар | 674 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 674
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүлэх саналтай ирүүлсэн М овогт С-ын С-ид холбогдох эрүүгийн 19100 2425 0784 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч С.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Толигор тал” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт С-ын С /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.С нь 2019 оны 10 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд группын барьж буй барилгын хашаан дотор иргэн Э.П-той маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчтой хамт ажилладаггүй. Тухайн үед урьд хамт ажиллаж байсан Б ахтай хамт гэр рүүгээ явах гээд барилгын хашаан дотор орсон. Тэгээд үүдэнд нь харуул байхгүй байсан тул нойл орчихоод гарч байсан. Тухайн хашаанд хамаагүй орох эрх байхгүй гэдгийг мэднэ. Б ах “намайг ороод ир” гэхээр нь харуулд хэлэх гэтэл харуул нь ажлын байрандаа байхгүй байсан тул би нойл орчихоод гараад явж байтал хохирогч П хүрч ирээд намайг “гар” гээд байхаар нь би “одоо гарах гэж байна” гэтэл Б ах хохирогчид “чи яагаад харуулын байран дээрээ байгаагүй вэ” гэж хэлсэн. Би гарах гэж байхдаа хохирогчтой муудалцаад, түүний дух хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би хэрэг гарах үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.
Одоо би сард 900.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Миний ажилладаг барилгын компани нь бригад болохоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Би хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн. Надад гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн тал дээр маргах зүйл байхгүй. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2425 0784 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.П-ийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 10 сарын 18-ны өдөр би өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” группын барьж байгаа барилга дээр хөдөлгөөнт бай харуул хамгаалалтын албанд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Би тэр үед харуулын байран дээр байхгүй, хажуу талд нь хүмүүс машинаас бараа материал буулгаж байсан юм.
Тэгээд нэг харахад намайг цохисон гэх С барилгын хашаан дотор явж байхаар нь “энд юу хийж яваа юм бэ” гэхэд “ариун цэврийн өрөө ороод, гараад ирлээ” гэхээр нь “гараач ээ, яах гээд дураараа яваад байгаа юм” гэхэд тоохгүй цаашаа яваад би “ахтайгаа уулзах гэж байгаа юм” гэсэн. Би “үгүй, одоо гар” гэсэн шаардлага тавихад намайг заамдаж авсан. Тэгтэл манай барилга дээр ажилладаг мужаан Б ирээд “чи юун сүртэй юм бэ, одоо гарах гэж байна ш дээ” гээд бас надтай маргалдаад, бие биенийхээ өмсөж байсан хувцаснаас заамдалцаж байгаад бид хоёр салцгаасан.
Тэгтэл С “чи юун сүртэй лалар вэ, чи өөрийн харуулын байран дээрээ байхгүй байсан биз дээ” гээд миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Би хувцаснаас нь зуураад, хойшоогоо хашаа налах үед хүмүүс ирээд салгаж байх шиг байсан, яг хэн салгасныг бол мэдэхгүй байна.
...Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна, С-ийг урьд өмнө харж байгаагүй. Би “Хөдөлгөөнт бай” харуул хамгаалалтын албанд 2019 оны 6 сард ажилд орсон, одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. Тухайн үед болсон асуудлыг манай байгууллагад ажилладаг мужаан Б, О нар харсан байх гэж бодож байна.
...Миний хамар хөндүүртэй байгаа, мурийсан юм шиг байна. Миний хувьд Сийг цохиж зодсон зүйл байхгүй. Би хамар толгойн зураг авахуулах гэсэн юм. Мөн 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш одоог хүртэл ажилдаа яваагүй.
Нийт 7 хоногийн харуулын гарааны мөнгө болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо авчихвал гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 10 сарын 18-ны өдөр 19:00 цагийн үед би өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” группын захиалгаар барьж байгаа “Зарт-Өргөө” ХХК дээр мужааны ажил хийж байхад урьд нь хамт ажиллаж байсан С ажил дээр ирсэн байсан. Тэгээд бид ажлаа тараад, гарах гэхэд манай барилгын хамгаалагч П тааралдаад, С-ийг “хашаанаас гар” гэж хэлээд, тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Би очоод “чи хашаа руу орж байхад юм хэлээгүй байж, одоо гар гээд юун сүртэй юм бэ” гэхэд П намайг “ална шүү” гээд заамдахаар нь би зөрүүлээд заамдсан.
Тэр үед хэн хэнийгээ цохиогүй, тэгээд салаад явах гэхэд П, С хоёр дахин маргалдаад, бие биенийхээ хувцаснаас зууралдаад байсан. Тэгэхэд нь хамт ажиллаж байсан О, П нар салгасан боловч тэр хоёр нэг нэгнийгээ цохиод байсан. Хүмүүс салгаад, бид хашаанаас гараад явсан. С одоо барилга дээр ажилладаг гэж сонссон, гэхдээ яг хаана ажилладаг болохыг мэдэхгүй байна. П Стой зодолдож байхдаа хашаа налаад суугаад байсан, тэрнээс биш газар унаагүй. С нь П-ийн нүүр рүү цохисон, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Оын гэрчээр өгсөн:
“...2019 оны 10 сарын 18-ны өдөр 19:00 цагийн үед би өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд группын захиалгаар барьж байгаа “Зарт-Өргөө” ХХК-д мужаан ажил хийж байсан. Тэгээд ажил тарахаар болоод хувцсаа солиод гараад ирэхэд Б ах манай барилгын хамгаалагч Птой заамдалцсан байхаар нь би очоод Пийг аваад, путикны хажууд зогсож байгаад, хүмүүс тарахаар нь гэр лүүгээ явсан. Б ах тухайн үед хуучин манай барилга дээр ажиллаж байсан гэх Стой хамт байсан. Би Сийн нэрийг нь л мэднэ, харьцаж үзээгүй тул бараг танихгүй. Намайг очиход Б, П нар заамдалцсан байсан, тэрнээс биш зодолдохыг нь би хараагүй. Мөн П, С хоёр хэрэлдэж, П “чи яах гэж хашаа руу орсон юм гээд шаардлага тавьж байна” гээд байсан.
П зодуулсан хүний царайтай, хувцасны цахилгаан нь тайлагдаад, энгэр нь задгай байсан. Харанхуй орой болсон байсан болохоор би царай төрхийг нь сайн хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12677 дугаартай:
1. Ц.П-ийн биед хамрын нуруу, цохны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын угийн зулгаралт, нурууны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.С-ийн яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 10 сарын 18-ны 20:00 цагийн үед би урьд нь ажиллаж байсан Б ахын ажил болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд группын барьж байгаа барилга дээр очсон. Миний ажил тарсан байсан учир Б ахтай хамт харих гээд очсон юм. Тэгээд барилга руу ороход хамгаалагч П байхгүй байсан ба би дотогш ороод, бие засах гээд явж байхад хамгаалагч нь тааралдаад “чи яах гэж энд яваад байгаа юм” гэхээр нь “би ахтайгаа уулзах гэж байна” гэхэд “гар” гээд байсан болороор би “одоо гарлаа” гэж удаа дараа хэлсэн.
Тэр үед Б ах над дээр ирээд Пид хандаж “над дээр ирсэн юмаа, юун сүртэй юм бэ, одоо гарах гэж байна ш дээ” гэхэд ахтай заамдалцаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгахад над руу дайраад “чи миний шаардлагыг биелүүлэх ёстой” гэхээр нь “чи өөрөө харуулын байран дээрээ байхгүй байсан биз дээ” гэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гээд бид хоёр заамдалцаад, би Пийн нүүр рүү нь 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд хойшоо хашаа тулаад зогсоод, хүмүүс ирж салгахаар нь би яваад өгсөн.
Би Пийг урьд өмнө нь харж байгаагүй, би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Пийн ажилдаа яваагүй хоногийн 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 39х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 41х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 45х/, “Толигор тал” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 46х/, гэрч Д.Д /хэргийн 59х/, гэрч Б.Э /хэргийн 61х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч С.С-оос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 65х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ц.П- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр хүлээн авч, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 65х, 68х/ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан С.С-ид холбогдох эрүүгийн 19100 2425 0784 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.С нь 2019 оны 10 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд группын барьж байгаа барилгын хашаан дотор Э.П- нь “барилганы хашаанаас гар, юугаа хийгээд яваа юм” гэсэн шаардлага тавихад нь “ахтайгаа уулзах гэж ирсэн юм, одоо гарлаа, харуулын байранд хүнгүй байсан” гэж хэлснээр тэдний хооронд үл ялих зүйлгээр шалтгалсан маргаан үүсч, улмаар барьцалдан заамдалцаж, С.С нь иргэн Э.П-ийн нүүр тус газарт нь гараараа цохиж биед нь “...хамрын нуруу, цохны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын угийн зулгаралт, нурууны зулгарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Ц.П-ийн: “...2019 оны 10 сарын 18-ны өдөр би өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” группын барьж байгаа барилга дээр хөдөлгөөнт бай харуул хамгаалалтын албанд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Би тэр үед харуулын байран дээр байхгүй, хажуу талд нь хүмүүс машинаас бараа материал буулгаж байсан юм. Тэгээд нэг харахад намайг цохисон гэх С барилгын хашаан дотор явж байхаар нь “энд юу хийж яваа юм бэ” гэхэд “ариун цэврийн өрөө ороод гараад ирлээ” гэхээр нь “гараач ээ, яах гээд дураараа яваад байгаа юм” гэхэд тоохгүй цаашаа яваад “би ахтайгаа уулзах гэж байгаа юм” гэсэн. Би “үгүй, одоо гар” гэсэн шаардлага тавихад намайг заамдаж авсан.
Тэгтэл манай барилга дээр ажилладаг мужаан Б ирээд “чи юун сүртэй юм бэ, одоо гарах гэж байна ш дээ” гээд бас надтай маргалдаад, бие биенийхээ өмсөж байсан хувцаснаас заамдалцаж байгаад бид хоёр салцгаасан. Тэгэхэд С “чи юун сүртэй лалар вэ, чи өөрийн харуулын байран дээрээ байхгүй байсан биз дээ” гээд миний нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. ...Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна, Сийг урьд өмнө харж байгаагүй. Тухайн үед болсон асуудлыг манай байгууллагад ажилладаг мужаан Б, О нар харсан байх гэж бодож байна. ...Миний хамаар хөндүүртэй байгаа, мурийсан юм шиг байна. ...Би хамар толгойн зураг авахуулах гэсэн юм. Мөн 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш одоог хүртэл ажилдаа яваагүй. Нийт 7 хоногийн харуулын гарааны мөнгө болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо авчихвал гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. “ гэсэн мэдүүлэг /хэргийн 08-09х/,
- гэрч М.Б-ийн: “...2019 оны 10 сарын 18-ны өдөр 19:00 цагийн үед би ... “Зарт-Өргөө” ХХК дээр мужааны ажил хийж байхад урьд нь хамт ажиллаж байсан С ажил дээр ирсэн байсан. Тэгээд бид ажлаа тараад, гарах гэхэд манай барилгын хамгаалагч П тааралдаад, Сийг хашаанаас гар гэж хэлээд, тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Би очоод “чи хашаа руу орж байхад юм хэлээгүй байж, одоо гар гээд юун сүртэй юм бэ” гэхэд П намайг “ална шүү” гээд заамдахаар нь би зөрүүлээд заамдалцсан. Тэр үед хэн хэнийгээ цохиогүй, тэгээд салаад явах гэхэд П, С хоёр дахин маргалдаад, бие биенийхээ хувцаснаас зууралдаад байсан. ...С Пийн нүүр рүү нь цохисон, хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,
- гэрч Ц.О-ын: “...2019 оны 10 сарын 18-ны өдөр 19:00 цагийн үед би өөрийн ажиллаж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд группын захиалгаар барьж байгаа “Зарт-Өргөө” ХХК-д мужаан ажил хийж байсан. Тэгээд ажил тарахаар болоод хувцсаа солиод гараад ирэхэд Б ах манай барилгын хамгаалагч Птой заамдалцсан байхаар нь би очоод Пийг аваад, путикны хажууд зогсож байгаад, хүмүүс тарахаар нь гэр луугээ явсан. Б ах тухайн үед хуучин манай барилга дээр ажиллаж байсан гэх Стой хамт байсан. Би Сийн нэрийг нь л мэднэ, харьцаж үзээгүй тул бараг танихгүй. Намайг очиход Б, П нар заамдалцсан байсан, тэрнээс биш зодолдохыг нь би хараагүй. Мөн П, С хоёр хэрэлдэж, П “чи яах гэж хашаа руу орсон юм гээд шаардлага тавьж байна” гээд байсан. П зодуулсан хүний царайтай, хувцасны цахилгаан нь тайлагдаад, энгэр нь задгай байсан. Харанхуй орой болсон байсан болохоор би царай төрхийг нь сайн хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,
- “...Ц.П-ийн биед хамрын нуруу, цохны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын угийн зулгаралт, нурууны зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12677 дугаартай дүгнэлт /хэргийн 22х/ болон шүүгдэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 37х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Ц.П-ийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хамрын нуруу, цохны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын угийн зулгаралт, нурууны зулгарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.С түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос С.С-ийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч С.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Ц.П-ийн биед учирсан “...хамрын нуруу, цохны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, хамрын угийн зулгаралт, нурууны зулгарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хэргийн шүүгдэгч С.С нь хохирогч Ц.П-ийн эмчилгээний болон бусад зардалд нийт 500.000 төгрөг нөхөн төлснийг хохирогч нь хүлээн авсан, “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлтээ хэрэгт бичгээр гаргасан /хэргийн 62х/ байх ба шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч С.С нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 39х/ баримттай байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч Ц.П- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд С.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт С.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.П- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт С-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт С.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.П- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.С-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД