| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0676/Э |
| Дугаар | 675 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 675
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-гийн Аэд холбогдох эрүүгийн 17100 0199 0711 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Л.А, нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Прайм повер технологи ХХК-д менежер, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Л-гийн А /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.А нь 2017 оны 7 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талд голын эрэг дээр найз С.Ү, Ч.Э нартай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тэднийг унтаж байхад нь С.Үгийн S8 загварын гар утас 1 ширхэг, Ч.Э-ын S6 загварын гар утас 1 ширхэгийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч С.Үд 1.860.000 төгрөгийн, Ч.Эод 252.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би хохирогч Ч.Э-той хамт ажилладаг, С.Ү-той найз нөхдийн холбоотой байсан. Би хэрэг болох өдөр бэлтгэлийн өмд өмсөж явж байгаад шорт өмссөн. Тэгэхдээ бэлтгэлийн өмдний халаасанд гар утаснуудыг хийсэн байсныг сүүлд мэдсэн. Тухайн гар утсуудыг согтуу үедээ ах Тт 800.000 төгрөгөөр өгье гээд өгсөн байсан. Хохирогч нарт гар утаснуудыг буцааж өгсөн. Ломбарданд мөнгөө төлж утсыг авсан. Би согтуу байхдаа бусдын гар утсыг авсан байсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Одоо би ам бүл 3, эхнэр, 05 сартай охины хамт амьдардаг. Би өөрөө барилгын талбайн менежер ажил хийж байгаа, сард 1.3 сая төгрөгийн цалин орлоготой. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна.“ гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 17100 0199 0711 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ү-гийн хохирогчоор өгсөн:
“...2017 оны 7 сарын 20-ны өдөр санагдаж байна, би гэртээ байж байхад өглөө 10 цагийн орчимд Э, А нар манай гэрт ирээд “архи уух уу, шараа тайлах уу, голын эрэг орж ууя” гэхээр нь би машинаа асаагаад Туул голын эрэг рүү явсан. Замдаа бид гурав 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи, 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи аваад, голын эрэг дээр ирээд архи уусан. Тэгээд архи ууж байхад тэр хоёр намайг учир зүггүй шахаад байсан ба би гэнэт тасарчихсан байсан.
Орой машиндаа сэрэхэд миний Samsung S6 plus маркийн гар утас алга болчихсон байхаар нь би миний гар утсыг харсан уу гэхэд тэр хоёр “хараагүй, бид хоёр ч гэсэн утаснуудаа алдчихсан” гэж хэлж байсан. Э “би савхин куртикээ алдчихсан, машины багажинд байсан майхан, мөн эвхдэг сандал зэргүүд алга болчихсон байна” гэж хэлж байсан. Надад хулгайн хэрэг гарсан байна гэж итгүүлэх санаатай тэгж хэлж байсан юм байна лээ. А мөн өөрийнхөө гар утсыг алдсан гэж байсан. Тэгэхээр нь би “та хоёроос өөр ямар хүн авдаг юм” гээд цагдаад дуудлага өгөхөд эргүүлийн цагдаа ирээд, “маргааш архиа гарахаар хэлтэс дээр очоод өргөдлөө бичиж өгөөрэй” гэсэн. Тэгээд бид гурав цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. Тэгээд ерөөсөө утас олдоогүй юм. Тэгтэл тэр өдрөөс хойш 9 сарын 06-ны өдөр А 7 сарын 10-ны өдөр өөрийнхөө утсаар хамт авахуулсан зургаа фейсбүүкд тавьсан байхаар нь “А гар утсаа алдаагүй юм байна” гэж бодож байсан.
Миний өөрийн эзэмшлийн Samsung s6 plus маркийн гар утас тухайн үедээ 1.6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би Аийн ах гэх хүнээс өөрийнхөө гар утсаа буцааж авсан. А ахдаа өгөөд ах нь цаашаа ломбарданд тавьчихсан байсан юм билээ. Өөрсдөө зээлээс чөлөөлөөд утас авч өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, би өмнөх мэдүүлэг дээр нүдний шил, хэтэвч, майхан, сандал зэрэг эд зүйл алдсан талаар мэдүүлсэн. Би цагдаагийн байгууллага дээр өргөдөл өгөхдөө халамцуу байдалтай, архи гараагүй байсан. Дээрх алдагдсан гэх эд зүйл бүгд машинд байсан гэдгийг маргааш өдөр нь машин тэргээ янзалж байгаад харсан, харин гар утсаа алдсан нь үнэн. Гар утсаа өнгөрсөн жил буцааж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х, 26х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э-ын хохирогчоор өгсөн:
“...2017 оны 7 сарын 21-ний өдөр би найз Үү, А нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талд Үүгийн машины дугаарыг нь мэдэхгүй байна, Тоёота Ланд круйзер 100 загварын машинтай голын эрэг ороод, гурвуулаа 2 шил архи хувааж уусан. 0.75 литрийн савалгаатай архи байсан байх. Тэрний өмнө бид гурав уучихсан байсан болохоор тэр хоёр шил архийг дуусгаад, нилээн согтоод машин дотор унтаад өгсөн. Нэг сэрэхэд бид нар машинд унтчихсан байсан бөгөөд тэр хавиар хүмүүс ихтэй байхаар нь юм хумаа алдчихсан байх вий гэж бодоод бүртгээд үзэхэд бид гурвын гурвуулангынх нь гар утас байхгүй байсан. Тэр хавиар хэнийг гэж сэжиглэх юм бэ гэж бодоод цагдаад шууд хандсан. Өргөдөл бичээд гурвуулаа гарын үсэг зураад өгсөн.
Тэгтэл хэсэг хугацааны дараа Үүгийн Эс-8, миний Эс-6 загварын гар утаснуудыг хамт архи уусан А авсан болж таараад, Үүгийн гар утас болон миний гар утсыг А буцаагаад өгсөн. Согтуудаа мэдэлгүй авчихсан юм байна лээ гэж хэлээд өгсөн. Миний хувьд өөр алдсан зүйл байхгүй учир гомдол саналгүй. Бид тухайн үед Аийг гар утас авсныг нь мэдээгүй. Би Аэд өөрөө зөвшөөрөөд гар утас өгсөн асуудал байхгүй, архи уугаад согтоод унтчихсан байхад авчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Би Налайх дүүрэгт 2010 оноос хойш “Хүрээ” нэртэй ломбард ажиллуулж эхэлсэн юм. Тэгэхэд 2017 оны 7 сарын 21-ний өдөр ломбардан дээр байж байхал Л.Ч- гэх ах надад Samsung s8 plus маркийн гар утас ломбарданд тавихдаа “манай дүүгийн утас, манай дүү цоо шинэ зардаг лангуутай. Мөнгөний хэрэг гараад, намайг таньдаг гээд чам дээр ирлээ, энийг авчихаач. 1.5 сая төгрөг хэрэг болоод байна” гэхээр нь “надаас 1.2 сая төгрөг л гарна” гээд тухайн утсыг 14 хоногийн хугацаатай авсан юм. Тэгээд тухайн утасны хугацаа нь дуусаад, Ч- рүү ярихад “авч чадахгүй, зарчих” гэхээр нь би өөртөө аваад, эхнэртээ өгсөн.
Тэгтэл өнөөдөр цагдаа над руу яриад, миний утас хулгайн утас болохыг мэдэж авсан. Тухайн утсан дээр ерөөсөө зураг байгаагүй, шинэ утас гэхээр нь би итгээд авчихсан. Би тухайн утсыг 1.2 сая төгрөгөөр худалдаж авсан, энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Ч-ийн гэрчээр өгсөн:
“...Би 2017 оны 7 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад манай дүү Т “таньд таньдаг ломбард байна уу, Эрдэнэхүүгээс хэдэн утас авсан юм. Намайг ломбарданд тавиад мөнгө болгоод авчих гэсэн” гээд Samsung s8 маркийн, мөн өөр 3 ширхэг утас барьчихсан, нөгөө 3 утаснууд нь шинэ утас байсан. 3 ширхэг шинэ Iphone 6, Samsung нь хуучин байсан.
Тэгээд Samsung маркийн хуучин утсыг 1.2 сая төгрөгөөр, 3 ширхэг Iphone 6 маркийн гар утсыг 2.0 сая төгрөгөөр тавьчихсан. Тухайн ломбардны эзнийг нь би таньдаг, өмнө нь хэд хэдэн удаа өөрийнхөө утсыг тавьж байсан. Миний дүү надаар өндөр үнээр тавиул гээд тавиулсан юм шиг байна лээ, Улаанбаатар хотод тавихаар хямдхан авах гээд байсан гэсэн юм. Тэгээд л тэдгээр утсуудыг 14 хоногийн хугацаатай тавьсан ба хугацаа нь дууссан үед хүн нь над руу ярьсан. Тухайн үед манай дүү авах гэхээр нь мөнгө нь бүтэлгүй, авч чадахгүй байсан. Тэгээд сүүлдээ над руу яриад байхаар нь шинэ Iphone маркийн гар утаснуудыг өөрөө зараад хохиролгүй болчих гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Т-ын гэрчээр өгсөн:
“...Он, сар, өдрийг нь мэдэхгүй байна. Наадмын дараахан санагдаж байна, би гэртээ Налайх дүүрэгт байж байхад А гаднаас орж ирээд надад Самсунг Эс 8 маркийн гар утас үзүүлээд “би найзаасаа өрөндөө авсан, та энэ утсыг авах уу” гэхээр нь “мөнгийг нь яах юм” гэхэд “та тэгж байгаад өгчих” гэхээр нь би дахин Аээс “ямар учиртай утас юм бэ” гэж асуухад “би Үүрээ гэх найзаасаа авлагатай байсан, авлагандаа авсан, та тэгж байгаад мөнгөө өгчих” гэсэн. Тэгээд би тэр утсыг нь хэд хоног барьж байгаад ажилчдын цалин тавих болоход мөнгөгүй болчихоор нь өөрийн төрсөн ах Ч-ийг гуйж, ломбарданд 1.2 сая төгрөгөөр тавиулсан юм. Тэгээд хугацаа нь дуусахаар нь утсаа авч чадаагүй алдчихсан.
Аээс гар утсыг авах үед хулгайн гар утас болохыг мэдээгүй ба 11 сар болж байхад Аэд “би чиний өгсөн утсыг ломбарданд тавьчихсан чинь ав гээд байна, тэрийг өөрөө аваад барьчих уу” гэхэд “наадах чинь буруу гарын утас шүү” гэж хэлээд, би хулгайн утас болохыг мэдсэн.
Би А-ээс тухайн утсыг 800.000 төгрөгөөр бодож авсан ба тухайн үедээ мөнгийг нь өгөөгүй байж байгаад, 2017 оны 10 сард мөнгийг нь өөр хүний данс руу 300.000 болон 500.000 төгрөгөөр хуваагаад шилжүүлсэн. Тухайн гар утсыг ломбарданд сарын хугацаатай тавьсан. 11 сард ломбардны залуу утасны чинь хугацаа дууссан байна, зарлаа шүү гэхээр нь би авч амжихгүй байна, зарчих гэж хэлсэн. Тэглээ ч буруу гарын утас болохыг мэдчихээд ломбарданд нь хаячихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/,
6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 3 сарын 05-ны өдрийн ХУ2-18-113 дугаартай:
“...Samsung s6 edge маркийн гар утсын зах зээлийн дунджаар үнэлэхэд 2017 оны 7 сарын 10-ны өдрийн байдлаар 252.000 /хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Ч.Эын алдагдсан гар утасны үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 49-50х/,
7. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн ХУ2-19-135Н дугаартай:
“...Samsung s8 plus маркийн гар утсын зах зээлийн дунджаар үнэлэхэд 2017 оны 7 сарын 21-ний өдрийн байдлаар 1.860.000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч С.Үгийн алдагдсан гар утасны үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 53-54х/,
8. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 56-58х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.А-ийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2017 оны 7 сард найз Үү, Э нартай хамт архи уусан. Гурвуулаа нилээд согтсон бөгөөд нэг сэрэхэд нөгөө хоёр гар утас алга болчихлоо гээд байсан. Минийх бас байхгүй байна гэж хэлээд гурвуулаа цагдаад өргөдөл гаргасан.
Би тухайн үед нөгөө хоёрын утсыг аваад, халаасандаа хийчихсэн байснаа мэдээгүй. Цагдаад худал хэлж мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Гэртээ ирээд өмдний халаасанд хийчихсэн байснаа мэдээд эс-8 загварын гар утсыг ах Тт өгчихсөн.
Т бид хоёр эцэг нэгтэй, эх ондоо ах дүү хоёр байгаа юм. Ахад хулгайн юм гэдгийг хэлээгүй. Би согтуудаа л авсан, уг нь хулгай хийе гэж огт бодоогүй. Одоо хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 110-111х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 103х, 135х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 104х/, “Prime power technology” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 115х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.А-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.А нь 2017 оны 7 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талд голын эрэг дээр найз С.Ү, Ч.Э нартай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тэднийг унтаж байхад нь С.Үгийн S8 загварын гар утас 1 ширхэг, Ч.Эын S6 загварын гар утас 1 ширхэгийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, С.Үд 1.860.000 төгрөгийн, Ч.Эод 252.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.А нь 2017 оны 7 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талд голын эрэг дээр найз С.Ү, Ч.Э нарын согтуурсан байдлыг нь далимдуулж, унтаж байхад нь С.Үгийн S8 загварын гар утас 1 ширхэг, Ч.Эын S6 загварын гар утас 1 ширхэгийг тус тус авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Л.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.
Прокуророос шүүгдэгч Л.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд нь тохирсон хуулийн үндэслэл бүхий, байна.
Иймд шүүгдэгч Л.Аийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлон заасан ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, “нэгж” нь “нэг мянган төгрөгтэй тэнцүү байх”-аар хуульчилан тогтоосон.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч С.Үд 1.860.000 төгрөгийн, Ч.Э-од 252.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирч, нийт бусдын эд хөрөнгөд 2.112.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Л.А нь нэр бүхий хохирогч нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг гар утсыг нь биет байдлаар буцаан өгөх хэлбэрээр нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б-д учирсан хор уршгийн 1.200.000 төгрөгийг мөнгөн дүнгээр нь нөхөн төлж арилгасан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болох нь /хэргийн 56-58х, 120х/ баримтаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий төлбөргүй байна.
Шүүгдэгч Л.А нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 135х/ байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Л.А нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Ч.Э, С.Ү, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй” гэсэн нөхцөл байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч Л.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Ү, Ч.Э, иргэний нэхэмжлэгч Б.Б- нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Л-гийн Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-эд 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Энэ хэрэгт Л.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч С.Ү, Ч.Э, иргэний нэхэмжлэгч Б.Б- нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД