| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0681/Э |
| Дугаар | 676 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 676
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Б.Гүнсэл,
хохирогч Б.Б,
шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч М.Бүжинлхам,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Э-ын Г-т холбогдох эрүүгийн 18100 2287 0727 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Я овогт Э-ын Г /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 9 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-578б тоотод байрлах нийтийн байранд иргэн Б.Бын гэрээс 954.500 төгрөгийн үнэ бүхий архи, виски, вино зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан,
мөн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Бын хүн байнга амьдрах зориулалттай Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-578б тоотод байрлах нийтийн байрны хаалганы цүүний боолтыг тайлан хууль бусаар нэвтрэн орж, 167.280 төгрөгийн үнэ бүхий архи, пиво, хонины мах зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.121.780 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогч Б.Бтой хамт амьдардаг байсан ба машинаар нь халтуур хийдэг байсан. Сүүлд хэрэг болдог байрыг хамт түрээслэж байсан. Би тухайн өдөр хулгай хийе гэсэн санаа сэдэл байгаагүй, би ганцаараа байх үедээ архи уусан байсан учир тэр архи, вискиг авч бусдад худалдсан. Худалдсан мөнгөөр нь архи аваад уучихсан. Би өнөөдөр хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би өөрийн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Г-ыг сайн таньдаг. Г амьдрах газаргүй байх үед нь манай хүүхэдтэй хамт хань болоод амьдарч бай гээд гэртээ байлгасан. Манай хүүхэд Нисэхэд ажилладаг байсан учир энэ хоёрт Яармагт байдаг нийтийн байр түрээслэж өгсөн. 2018 оны 9 сарын 25-ны өдөр ажил гараад Төв аймаг яваад ирэхэд манай гэр онгорхой байсан. Тэгэхэд миний цуглуулганд байдаг 45 архинаас 15 ширхэг нь алга болсон байхаар нь хүүхэд рүүгээ залгаад асуухад “би мэдэхгүй байна. Та Г ахаас асуу” гэхээр нь Г луу залгахад “Ахаа, би авчихсан юм. Мөнгийг нь өгнө” гэхээр нь уур хүрээд цагдаагийн хэлтэст очсон. Тэгэхэд надад хуулийн төлөөлөгч нар “Та сайн бодоорой, хэрэг үүсгэгдсэн тохиолдолд хамаатан садан, гомдол саналгүй гэдгийг харгалзахгүй ял өгдөг шүү” гэхээр нь өргөдлөө буцаагаад авчихсан.
Маргааш нь Г-той яриад “би гадуур гарлаа, 17 цагаас хойш ирээд уулзаарай” гэж хэлсэн байхад дахиад манай гэрт хаалганы цүү эвдэлж ороод, үлдсэн архинаас авчихсан байхаар нь би цагдаад өргөдөл өгсөн. Тэр өдрөөс хойш Г алга болоод зугтчихсан. Өнөөдөр Г-ын ар гэрийн хүмүүс надтай уулзаж, уучлалт гуйгаад, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Г-т хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 18100 2287 0727 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын хохирогчоор өгсөн:
“...2018 оны 9 сарын 25-ны өдөр би хувийн ажлаар Төв аймгийн Эрдэнэ сум руу яваад, буцаж 2018 оны 9 сарын 29-ний өдөр ирсэн. Ирэхэд хайрцаганд байсан 25 шил архинаас 15 шил архи, хөргөгчинд байсан 6 ширхэг пиво аваад явсан байсан. Би хүүхэд рүүгээ залгаад асуухад “мэдэхгүй” гэхээр нь “байхгүй байна” гэхэд “таныг явснаас хойш гэртээ очоогүй, тэгвэл Г- ахаас асуугаарай” гэхээр нь Г- руу залгахад “ахаа, би авчихсан юм, гэхдээ төлж өгнө” гэж хэлээд надтай ирж уулзаагүй, тэр чигээрээ алга болсон. Г- манай хүүхэдтэй хамт амьдарч байсан болохоор гэрийн түлхүүр байдаг бөгөөд түлхүүрээр цоож онгойлгож орсон юм шиг байна лээ, ямар ч гэсэн эвдэрсэн зүйл байхгүй.
Маргааш өдөр нь буюу 2018 оны 9 сарын 30-ны өдөр 12 цагт гараад найзуудтайгаа уулзаад, сагс тоглосон. Тэр үед би Г- руу залгаад “чи хаана байна” гэхэд “би харин таньтай уулзмаар байна” гэхээр нь “би сагс тоглох гээд явж байна, буцаад 17 цаг гээд гэртээ ирэх байх, энэ хооронд чи гэрт ирж болохгүй шүү, 17 цагаас хойш ирж уулзаарай” гэж хэлэхэд “за” гэсэн. Тэгээд би сагс тоглоод, буцаад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалгын цүүг мулталчихсан байхаар нь хажуу айлын хүнээс “манайд хүн ирсэн үү” гэж асуухад “танай дүү Г 16 цагийн үед ирсэн, манайхаас юм янзлах гэсэн юм гээд овтёрка авсан” гэж хэлсэн.
Би тухайн үед Г-т өөрийгөө “гадагшаа гарч байгаа” гэж хэлээд маш том алдаа гаргасан байна лээ, түүнийг дахиж ирнэ гэж бодоогүй. Өөрийнхөө дүү мэт санаж явдаг болохоор хамаагүй ярьчихсан чинь намайг байхгүйг мэдээд гэрт ирсэн байсан.
2 дахь удаа ирэхдээ мөн хайрцаганд байсан 10 шил архинаас 4 шил, хөргөгчинд байсан 3 кг хонины махыг авч явсан байсан. ...Хайрцаганд байсан архинуудаа тулгаж үзэхэд дараах архинууд байхгүй байсан. Үүнд:
1. Greygoose нэртэй 1 литрийн савалгаатай архи 2 шил. Тус бүр нь 110.000 төгрөгийн үнэтэй.
2. Greygoose нэртэй 0.5 литрийн савалгаатай архи 1 шил, 45.000 төгрөгийн үнэтэй. Үүнийг Нисэхийн эцэст явуулын хүнд 30.000 төгрөгөөр зарсан гэж нисэхийн кафены хүн надад хэлсэн. Тэр архиа зарчихаад нисэх кафе рүү ороод “Ерөөл” нэртэй архи авч уусан гэсэн.
3. Чувас нэртэй 2 литрийн савалгаатай виски 1 шил, 60.000 төгрөгөөр үнэлнэ.
4. Spiced rum нэртэй 1.5 литрийн савалгаатай виски 1 шил, 120.000 төгрөгөөр үнэлнэ.
5. Мерлот нэртэй 0.75 литрийн савалгаатай вино 1 шил, 18.000 төгрөгөөр үнэлнэ.
6. Сангриа нэртэй 1.5 литрийн савалгаатай вино 1 шил, 16.500 төгрөгөөр үнэлнэ.
7. Абсалют нэртэй 1 литрийн савалгаатай архи 1 шил, 60.000 төгрөгөөр үнэлнэ.
8. Pinlandia нэртэй 1 литрийн савалгаатай архи 2 шил, тус бүрийг 60.000 төгрөгөөр үнэлнэ.
9. Jack&Daniels’s нэртэй 0.75 литрийн савалгаатай виски 1 шил, 90.000 төгрөгөөр үнэлнэ.
10. Gordons нэртэй 1 литрийн савалгаатай архи 1 шил, 80.000 төгрөгөөр үнэлнэ.
11. Ballentines нэртэй 0.75 литрийн савалгаатай виски 1 шил, 65.000 төгрөгөөр үнэлнэ.
12. Martin нэртэй 0.75 литрийн савалгаатай вино 1 шил, 25.000 төгрөгөөр үнэлнэ.
13. Гэрэгэ нэртэй 0.75 литрийн савалгаатай монгол архи 1 шил, 45.000 төгрөгөөр үнэлнэ.
14. Jelzin нэртэй 1 литрийн савалгаатай архи 1 шил, 40.000 төгрөгөөр үнэлнэ.
15. Danzka нэртэй 1 литрийн савалгаатай архи 1 шил, 50.000 төгрөгөөр үнэлнэ.
16. Smirnov нэртэй 1 литрийн савалгаатай архи 1 шил, 50.000 төгрөгөөр үнэлнэ.
17. Korni нэртэй 1 литрийн савалгаатай архи 1 шил, 40.000 төгрөгөөр үнэлнэ.
18. 0.5 литрийн савалгаатай лаазтай пиво 6 ширхэг, тус бүрийг 1.800 төгрөгөөр үнэлнэ.
19. Хонины цул мах 3 кг, 1 кг нь 7.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би үнэлгээний дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна, хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06-07х, 75х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-578б тоотод байх 6 айлын нийтийн байранд 2016 оноос хойш амьдарч байна. 2018 оны 9 сарын 29-ний өдөр би гэртээ байж байхад манай хажуу өрөөнд өрөө түрээслэж амьдардаг Г- гэх залуу надтай уулзаад “ах юу байна, тамхи хэрэгтэй юу” гэхээр нь улаан шонхор гэдэг тамхи аваад өгчих гэхэд нэг хайрцаг тамхи аваад өгсөн.
Тэгээд нэг харахад уутанд шилтэй юм хийгээд аваад гараад явж байсан. Маргааш нь дахиад хаалга тогшоод “ах овтёрка байвал өгөөч, цахилгааны юм янзлах гэсэн юм” гэхээр нь овтёрка өгөөд явуулсан чинь буцааж өгөөгүй. Сүүлд сонсоход ахынхаа түрээслэж өгсөн байрны хаалганы цүүг онгойлгож орсон гэж байсан. Гэхдээ яг онгойлгож байхыг нь би хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,
3. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн ХУ2-18-629 дугаартай:
“...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 сарын 04-ний өдрийн байдлаар 1.121.780 /нэг сая нэг зуун хорин мянган долоон зуун ная/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Б-ын алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 16-17х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Г-ын яллагдагчаар өгсөн:
“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Батболд ах надад “битгий гэрт ороорой” гэж хэлсэн нь үнэн. Би архи уучихсан байсан болохоор өөрийн мэдэлгүй орчихсон юм. Удахгүй хохирлоо төлөөд барагдуулна. Би элэгний хавдартай хүн. Надад хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. Тухайн үед яг хэдэн шил архи авсанаа санахгүй байна. Уг хэргийг би ганцаараа үйлдсэн. Эхний өдөр хэдэн шил архи, хоёр дахь өдөр дахиад хэдэн шил авсан санагдаж байсан. Тухайн үед согтуу байсан болохоор одоо санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 96х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.А-ын мэдүүлэг /хэргийн 14х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 22х, 100х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 24х/, шүүгдэгч Э.Г-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсантай холбоотой баримтууд /хэргийн 31-46х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 9 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, хххх тоотод байрлах нийтийн байранд иргэн Б.Бын гэрээс 954.500 төгрөгийн үнэ бүхий архи, виски, вино зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан,
мөн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Бын хүн байнга амьдрах зориулалттай Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-578б тоотод байрлах нийтийн байрны хаалганы цүүний боолтыг тайлан хууль бусаар нэвтрэн орж, 167.280 төгрөгийн үнэ бүхий архи, пиво, хонины мах зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1.121.780 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Түүнчлэн тухайн гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч Э.Г нь 2018 оны 9 сарын 29-ний өдөр, мөн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд иргэн Б.Бын хүн байнга амьдрах зориулалттай Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-578б тоотод байрлах нийтийн байрны хаалганы цүүний боолтыг тайлан хууль бусаар нэвтрэн орж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч, өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Гын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Г-ыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Шүүгдэгч Э.Гын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эд хөрөнгөд хэрэгт нийт 1.121.780 /нэг сая нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун ная/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ХУ2-18-629 дугаартай /хэргийн 16-17х/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хохирогч Б.Б, шүүгдэгч Э.Г нарын мэдүүлэг баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс 1.100.000 төгрөгийг хүлээж авсан /хэргийн 121х/, үлдэх хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан мэдүүлгийг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ хохирогч шүүх хуралдаанд гаргасан.
Иймд шүүгдэгч Э.Г-оос гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 100х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох зүйтэй.
Шүүх, шүүгдэгч Э.Г-т эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г нь 2019 оны 10 сарын 13-ны өдөр сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2019 оны 10 сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 36 /гучин зургаа/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 82х, 99х/
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Г-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Б нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Я овогт Э-ын Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Э.Г-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Гт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-ын цагдан хоригдсон нийт 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.Г нь хохирогч Б.Бод 1.100.000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй.
6. Энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.Гоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД