Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 937

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч З.Алт

ангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Нт холбогдох эрүүгийн ___тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Л.Н.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төмөр замын 272 дугаар галт тэргээр Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлд зорчиж явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр 264 дүгээр зөрлөг дээр согтуугаар, тухайн галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ хамар тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ:

“...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би вагонд ороход цагдаа надад шаардлага тавьсан. Би хамар руу нь нэг удаа цохисон. Тухайн үед надад гомдол саналгүй гэж хэлж байсан. Мөрдөн байцаагч гомдол саналгүй гэсэн ч хамаагүй гэм буруугаа шүүхээр шийдүүлнэ гэсэн. Би Бт хохирол төлбөрт 600.000 төгрөг өгсөн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Нын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би Сэлэнгэ аймгийн төмөр замын 264 дүгээр точикоос Улаанбаатар хот руу явахаар 12 цаг 30 минутын орчим галт тэргэнд суусан, галт тэргэнд суухад манай точикт амьдардаг Ц эгч хамаатныхаа хөгшин болох Баярхүү гэдэг эгчид намайг захиад суулгасан. Намайг галт тэргэнд орох үед тамбар дээр нэг цагдаа зогсож байгаад “та согтуу байна, буу” гэж хэлэхээр нь би буухгүй гэж хэлтэл надтай хамт точикоос суусан хүмүүсийг оруулаад хаалгаа хаачихсан. Тэгээд вагон хөдлөөд цагдаа бид 2 зууралдаад ноцолдсон чинь цагдаагийн хамарнаас цус гарчихсан байсан, тэр цагдаа нь “та миний хамар луу цохьчихлоо” гэж хэлэхээр нь би цохиогүй би чам шиг 3 хүүтэй чи надад зүй бус шаардлага тавьлаа, чи хүнтэй ингэж харьцаж болохгүй, чи намайг вагоноос буулгах гэдэг хэн бэ?” гэх мэтийн үг хэлсэн. Тэгээд вагоны дарга нь ирээд “та манай өрөөнд очиж амар” гэж хэлээд байж байхад зарим зорчигч нар “цагдаа чиний буруу шүү дээ” гээд л байсан, яг ямар хүмүүс байсныг нь санахгүй байна. Би унтаж байгаад сэрэх үед миний бие жаахан тааруухан амьсгаа давхцаад байсан чинь цагдаа залуу над дээр хүрч ирээд “таны бие яаж байна” гэж асуухаар нь би “вагоноос буугаад түргэн тусламжийн эмчид үзүүлэх шаардлагатай байна” гэж хэлсэн, тэгэж ирэх үедээ “та миний хамрыг цохисон шүү” гээд байхаар нь би “чиний хамар яагаа ч үгүй байна, хамар чинь зүгээр байна” гэж хэлтэл “миний хамар мурийчихсан байгаа биздээ, миний хамрыг ийм болгочихсон юм чинь та надад 250,000 төгрөг өгчих би танд гомдол ирээд явахгүй” гэж хэлэхээр нь “чиний хамар зүгээр байна, чамд өгөх 250,000 төгрөг байхгүй, чи ч гэсэн намайг зодсон шүү миний бие тааруухан байна 103-т дуудлага өгсөн байгаа эмчид үзүүлнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэргэнд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Г-ын хамт суудлын 272-р галт тэргэнд үүрэг гүйцэтгэсэн, Сүхбаатараас Улаанбаатар чиглэлд явж байхдаа 12 цаг 20 минутын орчим 272-р галт тэрэгний 9-р вагонд ганцаараа эргүүл хийгээд явж байхад 9-р вагонд 264-р зөрлөгөөс Л.Н гэх хүн ганцаараа нилээн согтуу орж ирээд коридорт унах гээд хана налаад зогсож байсан. Би уг зорчигчид “та согтуу байна шүү нэмж битгий архи уугаарай” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ гөлөг минь” гэж хэлэхээр нь би “та бичиг баримтаа шалгуулна уу?” гэж хэлэхэд энгэрийн халааснаасаа бичиг баримтаа гаргаж ирж шалгуулсан. Тухайн хүн нь согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн дээр нь тасалбар байхгүй байсан учраас хүмүүсийг амраахгүй байх гэж бодоод тэр хүнд “намайг дагаад явчих” гэж хэлээд тохой хэсгээс нь барьтал “чамайг яахаараа дагаж явдаг юм бэ?” гэж хэлээд л миний хамар руу зүүн гараараа нэг удаа цохисон. Тэр үед хамарнаас цус гараад толгой жаахан манараад байсан, тухайн үед дараагийн зөрлөг ойртож байсан тул 9-р вагоны үйлчлэгч нь гарч ирээд сальфетка өгөөд вагоны дарга Болдбаатарыг дуудаж ирүүлсэн.

Хотод ирээд хамарныхаа зургийг авхуулаад хамар ясны шинэ хугарал, хамар дайврын хөндий компьютер томографийн зураг авхуул гэсний дагуу зураг авхуулахад “Энхсонор заяа” чих хамар хоолойн эмнэлэгт хамар засуулсан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад хууль ёсны шаардлага тавьснаас болж хамра хугалуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ын өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 263, 272-р галт тэргэнд вагон даргаар үүрэг гүйцэтгэж юм байсан, 2019 оны 5 дугаар сарын 26-ны 07 цаг 15 минутанд Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар чиглэлд галт тэрэг хөдөлсөн, 264-р зөрлөг дөнгөж өнгөрөөд явж байхад 9-р вагоны үйлчлэгч Ц “вагоны даргыг 9-р вагон дээр яаралтай дуудаж байна” гэхээр нь би 4-р вагоноос гүйгээд очтол тамбаар дээр галт тэрэгний цагдаа, ахлах ахлагч Бийн баруун талын хамарнаас цус гарчихсан, 00-ын цаасаар хамраа таглачихсан зогсож байсан, харин зорчигч нь тамбаарын цонхны решотка /хамгаалалтын/ төмөрнөөс барьчихсан зогсож байсан, цагдаа Б “2-лаа манай өрөөнд очъё” гэж хэлтэл нөгөө зорчигч нь “үгүй би чамайг дагаж явахгүй” гээд байсан. Тэгэхээр нь би уг зорчигчид “би галт тэрэгний дарга нь байна та тайвширчих, 2-лаа манай вагон руу явъя” гэж хэлтэл намайг дагаад явахаар нь би 4-р вагондоо аваачаад хажуу талын 6-р купейнд оруулсан чинь шууд унтчихсан, цаг орчмын дараа Баянбуурлаас билеттэй хүмүүс ороод ирэхээр нь узелийнхээ өрөөнд оруулах үед арай гайгүй сэргэчихсэн байхаар нь би тэр ахад хандаад “та нэгэнт хамрыг нь цохьчихсон юм чинь цагдаатайгаа учраа олоод эмнэлгээр яваад тохирчихгүй юу" гэж хэлтэл “тийм юм байхгүй” гэж хэлээд орон дээр унтсан. Би Бт “энэ хүн чинь тохирохгүй гэж байна” гэж хэлтэл заза би жижүүр лүүгээ мэдэгдсэн байгаа аваад бууя даа гэж хэлсэн. Тэгээд 16 цаг 30 минутанд вокзал дээр ирээд Б нөгөө зорчигчийг аваад буусан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Э-гийн өгсөн:

“...Б орж ирэхэд хамар нь бага зэрэг хавдартай, хамар орчин хөхрөлттэй, хамрын баруун яс цөмөрсөн шинэ хугаралтай, таславч зүүн тийш мурийсан хамрын зүүн талын яс гадагш овойсон байдалтай орж ирсэн. Хэсгийн мэдээ алдуулагч хийгээд дотогш цөмөрсөн ясыг дээш нь түлхэж гаргаж таславчийг баруун тийш түлхэж овойсон хэсгийг дарж тэгшилсэн. Тэгээд чихээс хийгээд 2 хоногийн дараа ирж чихээсээ авхуулаад цөмөрсөн хэсгийг дахин дотроос нь түлхсэн. Бийн хамрын хугарал нь шинэ хугарал байсан гэдгийг би баталж хэлнэ. Хамрын хугаралд 2 сар гам барих ёстой байдаг. Нүдний шил зүүхгүй, хүнд юм өргөж болохгүй, спортоор хичээллэхгүй, хүнд хүчир ажил хийхгүй байх ёстой...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Г-ын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд атар Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэргэнд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн хамт үүрэг гүйцэтгэсэн, би шинээр цагдаагаар томилогдсон учраас цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бтай багш шавийн гэрээ байгуулан хамтарч үүрэг гүйцэтгэдэг байсан. Тухайн өдөр Сэлэнгээс вагон хөдлөх үед ахлах ахлагч Б эргүүл хийхээр өрөөнөөс гарахдаа “чи өрөөндөө байж бай, би эргүүл хийчихээд ирье” гээд гараад явсан юмаа. Тэгээд 5- 10 минутын дараа ахлах ахлагч Б над руу утасдаад “9-р вагонд хүрээд ир” гэхээр нь яваад очтол хамар нь далийчихсан хамарнаас нь цус гарчихсан байдалтай зогсож байсан. Хамар луу нь цохисон хүнээс нь архи үнэртэж байсан, тэр хүнийг өрөө лүүгээ авч явах гэтэл чадахгүй би явахгүй гээд байсан. Тэгээд вагон дарга ирээд өрөө лүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Ганболын өгсөн:

“...Б.Бийн хамрын хугарал нь шинэ хугарал байсан. Надад дээр ирж үзүүлэх үедээ хамар засуулж чихээс хийлгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 26-ын өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6513 тоот:

1. Б.Бт хамрын хугарал тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 26/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58, 59/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төмөр замын 272 дугаар галт тэргээр Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлд зорчиж явахдаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр 264 дүгээр зөрлөг дээр согтуугаар, тухайн галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Бийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэн эсэргүүцэх үедээ хамар тус газар нь цохиж хамрын хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Нын “...вагон хөдлөөд цагдаа бид 2 зууралдаад ноцолдсон чинь цагдаагийн хамарнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бийн “...Тухайн хүн нь согтууруулах ундааны маш их хэрэглэсэн дээр нь тасалбар байхгүй байсан учраас хүмүүсийг амраахгүй байх гэж бодоод тэр хүнд “намайг дагаад явчих” гэж хэлээд тохой хэсгээс нь барьтал “чамайг яахаараа дагаж явдаг юм бэ?” гэж хэлээд л миний хамар руу зүүн гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-ын “...9-р вагоны үйлчлэгч Ц “вагоны даргыг 9-р вагон дээр яаралтай дуудаж байна” гэхээр нь би 4-р вагоноос гүйгээд очтол тамбаар дээр галт тэрэгний цагдаа, ахлах ахлагч Бийн баруун талын хамарнаас цус гарчихсан, 00-ын цаасаар хамраа таглачихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Э-гийн “...Б орж ирэхэд хамар нь бага зэрэг хавдартай, хамар орчин хөхрөлттэй, хамрын баруун яс цөмөрсөн шинэ хугаралтай, таславч зүүн тийш мурийсан хамрын зүүн талын яс гадагш овойсон байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Г-ын “...Тухайн өдөр Сэлэнгээс вагон хөдлөх үед ахлах ахлагч Б эргүүл хийхээр өрөөнөөс гарахдаа “чи өрөөндөө байж бай, би эргүүл хийчихээд ирье” гээд гараад явсан юмаа. Тэгээд 5- 10 минутын дараа ахлах ахлагч Б над руу утасдаад “9-р вагонд хүрээд ир” гэхээр нь яваад очтол хамар нь далийчихсан хамарнаас нь цус гарчихсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Ц.Ганболын “...Б.Бийн хамрын хугарал нь шинэ хугарал байсан. Надад дээр ирж үзүүлэх үедээ хамар засуулж чихээс хийлгэсэн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 26-ын өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6513 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Л.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Ныг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт 530.500 төгрөгийн хохирлын баримт авагдсан байх ба хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримтад хохирогч Б.Б “...Л.Ноос 600.000 төгрөг өгсөн...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг нэмж нэгтгээд нийт 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь тус тус зааснаар шүүгдэгч Л.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж түүний эдлэх ялыг нийт 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ныг 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь тус тус зааснаар шүүгдэгч Л.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж түүний эдлэх ялыг нийт 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ