Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 677

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн О-д холбогдох эрүүгийн 19100 1888 0678 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн О /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 8 сарын 04-ний өдөр Хххх тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.О-ын гуяанд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“... 2019 оны 8 сарын 04-ний өдөр намайг хоол хийгээд байж байтал Хадаа, О- нар архи аваад орж ирсэн. Тухайн үед би төмс арилгаад сууж байсан. Гэтэл хохирогч миний гартай барьцалдаад байсан. Тухайн ноцолдооны үеэр хохирогчийн 2 гуянд нь хутганы үзүүрээр шүргэсэн. Би бинт аваад боож өгөх гэтэл хохирогч явчихсан. Хохирогч О нь хэрэг гарсан өдрөөс хойш 2-3 хоног айлаар архи ууж яваад шархаа эдгээгүй гэсэн. Цагдаагийн хэлтэс дээр хохирогч очоод “таны ч буруу, миний ч буруу байгаа” гэж хэлсэн ба манай хүү хохирогч О-ын эмчилгээний зардалд нийт 5.300.000 төгрөгийг нөхөн төлсөн. Миний бие хэрэг гарсан өдрөөс хойш хохирогч О-тай уулзалдаагүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Миний буруу. Оногдуулах ял шийтгэлийн талаарх прокурорын гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 19100 1888 0678 дугаартай хэргээс:

1. Хэрэг учрал болсон гэх хххх тоотод 2019 оны 8 сарын 04-ний өдөр хийсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-09х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.О-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 8 сарын 03-ны өдөр танил Хадаатай хамт У-ын гэрт хоносон ба орой нь 1 шил 0.5 литрийн савалгаатай архи хувааж ууцгаасан юм. Тэгээд маргааш нь У гэртээ үлдээд, Хадаа бид хоёр О ахын гэрт ороод нэг шил 0.5 литрийн савалгаатай “Хараа” архи хувааж ууцгаасан.

Биднийг очихоос өмнө нь О өөрөө ах архи уучихсан халамцуу байсан ба бидэнтэй хамт архи ууж дуусаад, согтчихсон “чи намайг өчигдөр 100 грамм архи надаас авч уусан гэж хэлсэн, би тэрийг чинь аваагүй” гээд хэрүүл хийх гээд байсан. Тэгээд гал тогооны өрөөнд ороод буцаж гарч ирэхдээ шар өнгийн иштэй хутга барьж ирээд, миний зүүн хөлийн гуя хэсэгт 2 удаа, баруун хөлийн гуя хэсэгт 1 удаа үгийн зөрүүгүй шууд хутгалчихсан. Тэгээд Хадаа бид хоёр тэдний гэрээс гараад У-ын гэрт ороод, би өмд гуйж өмсөөд, өөрийнхөө өмдийг орцны саванд нь хаячихсан юм.  

Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг О ах шар өнгийн бариултай хутгаар хутгалж учруулсан. Би тэр хутгыг харвал танина. ...Би эмчилгээний зардалд Оэс 1.5 сая төгрөг бэлнээр авсан болохоор надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.У-ын гэрчээр өгсөн:

“...2019 оны 8 сарын 03-ны орой танил О-, Х нар манай гэрт 1 шил архи хувааж уугаад хоноцгоосон. Тэгээд Х, О- хоёр өглөө гэрээс гараад явсан ба би унтаад өгсөн. Орой цагийг нь санахгүй байна, Х, О- хоёр буцаж орж ирэхдээ О-ын хоёр хөлнөөс нь цус гарсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “О ах хутгалчихлаа” гэж хэлсэн.

Тэгээд би О-т өөрийнхөө өмднөөс өгөөд, хөлийг нь боож өгсөн. Тэгтэл Х ах “би харилаа” гээд гараад явсан. Харин О- ах өмдөө сольчихоод гараад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. О- ах өөрийнхөө өмдийг гаргаад хаячихсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

 

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-31х/,

 

5. Шар өнгийн хуванцар иштэй хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 32х/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9608 дугаартай:

1. Р.О-ын биед хоёр гуянд шарх, цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 34х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.О-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 8 сарын 04-ний өдөр Хххх тоотод Х, О нарын хамт архи ууж байхад О- “чи өмнө нь миний архийг луйвардаж ууж байсан биз дээ” гээд надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь “чи одоо надтай архины хэрүүл битгий хийгээд бай, эрүүл болчихоод надтай архины хэрүүл хий” гэж хэлээд гал тогооны өрөөнд ороод хоол хийж идэх санаатай хутгаар сонгино арилгаж байхад миний хутга барьж байсан гарнаас бариад авахаар нь би “миний хутгыг авах гэж байна” гэж бодоод гарыг нь салгах гэж гараа нааш цааш хөдөлгөхөд хоёр гуяыг нь хутгаар зүсчихсэн.

Тэгээд би хутгаа гал тогооны өрөөнд байдаг ширээн доогуур шидээд, “чиний хоёр хөл чинь зүсэгдчихсэн байна, надаар боолгох уу, эсвэл түргэн дуудуулах уу” гэхэд миний үгэнд орохгүй байсан. Тэгэхэд О-ыг Х нь дагуулаад гэрээс гараад явсан. Тухайн үед Х гайгүй, харин О-, бид хоёр нилээн согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 53х/, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 54х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 55х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 8 сарын 04-ний өдөр Хххх тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.О-тай “өмнөх өдөр нь архи луйвардаж уусан гэж хэрүүл хийлээ” гэж шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүний баруун, зүүн гуя тус газарт нь төмс арилгаж байсан хутгаараа хутгалж, биед нь “хоёр гуянд шарх, цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хэрэг учрал болсон гэх Хххх тоотод 2019 оны 8 сарын 04-ний өдөр хийсэн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-09х/,

- хохирогч Р.О-ын: “...Би 2019 оны 8 сарын 03-ны өдөр танил Хадаатай хамт Уын гэрт хоносон  ба маргааш нь ... Хадаа бид хоёр О ахын гэрт ороод нэг шил 0.5 литрийн савалгаатай “Хараа” архи хувааж ууцгаасан. Биднийг очихоос өмнө нь О ах архи уучихсан халамцуу байсан, ...хамт архи ууж дуусаад, согтчихсон “чи намайг өчигдөр 100 грамм архи надаас авч уусан гэж хэлсэн, би тэрийг чинь аваагүй” гээд хэрүүл хийх гээд байсан.

Тэгээд гал тогооны өрөөнд ороод буцаж гарч ирэхдээ шар өнгийн иштэй хутга барьж ирээд, миний зүүн хөлийн гуя хэсэгт 2 удаа, баруун хөлийн гуя хэсэгт 1 удаа үгийн зөрүүгүй шууд хутгалчихсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг О ах шар өнгийн бариултай хутгаар хутгалж учруулсан. Би тэр хутгыг харвал танина. ...Би эмчилгээний зардалд Оэс 1.5 сая төгрөг бэлнээр авсан болохоор надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

- “ Р.О-ын биед хоёр гуянд шарх, цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9608 дугаартай дүгнэлт /хэргийн 34х/,

- гэрч Ц.Уын: “...Орой цагийг нь санахгүй байна, Х, О- хоёр буцаж орж ирэхдээ О-ын хоёр хөлнөөс нь цус гарсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “О ах хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би О-т өөрийнхөө өмднөөс өгөөд, хөлийг нь боож өгсөн. ...О- ах өмдөө сольчихоод гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19х/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-31х/,

- шар өнгийн хуванцар иштэй хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 32х/,

- шүүгдэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 44-45х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Р.О-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...хоёр гуянд шарх, цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.О түүнийг гуяанд хутгалснаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Д.О-ийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Р.О-ын биед учирсан “...хоёр гуянд шарх, цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Хэргийн шүүгдэгч Д.О нь өөрийн хүү Амгалангийн дансаар /Хаан банкны 5041220046 тоот/ дамжуулан эмчилгээний болон бусад зардалд хохирогч Р.О-т /харьцсан данс 5074061287 тоот/  2019 оны 8 сарын 06-ны өдөр 3.0 сая төгрөг, 2019 оны 8 сарын 17-ны өдөр 2.0 сая төгрөг, 2019 оны 8 сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг мобайл банкны үйлчилгээ ашиглан  нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан гүйлгээ хийснийг баталгаажуулсан баримт болон хохирогчийн “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаархи хүсэлт /хэргийн 51-52х/ баримтаар тус тус нотлогдсон тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Д.О нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 55х/ баримттай байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршгийг нөхөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

    

Шүүгдэгч Д.О-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Р.О- нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь өндөр настай, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутгыг зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, энэ хэрэгт Д.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.О- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                              ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-гийн О-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй. 

 

5. Энэ хэрэгт Д.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.О- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД