| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0675/Э |
| Дугаар | 679 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 679
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-гийн М, У овогт Ц-ийн А нарт холбогдох эрүүгийн 19100 1885 0689 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, хохирогч Н.М, Ц.А, шүүгдэгч Б.М, Ц.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Б-гийн М /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Номадс Быстро-2 салбарт тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, У овогт Ц-ийн А /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 7 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа Н.Мтэй маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.М нь 2019 оны 7 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан Ц.Атэй маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М, Ц.А нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би гэм буруугийн тал дээр маргахгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Ц.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би хохирогч Ц.Аийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна. Гэм буруугийн тал дээр маргахгүй.” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч Ц.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Аэро” гэдэг нэртэй дэлгүүрээр ажлынхаа менежер Мтэй хамт үйлчлүүлж байсан. М дэлгүүрт ороод “хөргөгчинд чинь пиво байхгүй юм уу” гэхэд худалдагч “наана чинь байгаа нь л байгаа, өөр пиво байхгүй” гэсэн. Тэгээд 2 ширхэг пиво аваад тооцоо хийх гэтэл М худалдагчтай “хөргөгчинд пиво хийхгүй яасан юм, үйлчлүүлэгчтэй соёлтой харьцсангүй” гэж хэрэлдсэн. М гартаа байсан бутархай мөнгийг өгсөн. Харин би “үлдэгдэл мөнгийг картнаас уншуулчих, би энэ хүнийг аваад гарчихъя, хэрэлдээд хэрэггүй” гэж хэлсэн. Тэгтэл худалдагч эмэгтэй нь “согтуу авгай нар, та нарыг цагдаад өгнө” гэхээр нь би “цагдаа дуудаад хэрэггүй, би энэ хүүхнийг аваад явъя” гэсэн.
Гэтэл нөхөр нь /М-/ орж ирээд гартаа байсан устай саваа миний толгой тус газар руу шидээд, намайг үсдэж зодсон. Би худалдагчаас “цагдаа дуудаад хэрэггүй” гэж маш их гуйсан боловч цагдаад дуудлага өгсөн. Одоо надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй.
Миний үс халцарсан байсан тул Шүүх эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулахад 100.000 төгрөг гарна гэхээр нь “надад мөнгө байхгүй байна, гомдол гаргахгүй” гээд зураг авахуулаагүй. Би 8 дугаар сард 3 хоног л ажлаа хийсэн. Гэхдээ цалингүй байсан үеийн хохирол гэж нэхэмжлэхгүй. Хохирол нэхэмжлэх гэж байсан боловч залуу хүмүүс тул энэ асуудлыг ингээд өнгөрөөх байх гэж бодсон юм.” гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч Н.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би нөхөр М-тай хамт хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Намайг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дэлгүүр дээрээ ганцаараа байж байтал нэг өвөө орж ирээд “5.000 нэгж авъя, утсанд хийгээд өг” гэсэн тул би нэгжийг нь хийж өгөөд сууж байсан. Тухайн үед гаднаас 2 эмэгтэй орж ирээд “хөргөгчинд пиво байна уу” гэж асуухаар нь би “хөргөгчинд пиво байхгүй бол дууссан байх” гэж хэлсэн. Гэтэл М гэх хүүхэн нь намайг янз бүрийн үгээр доромжилж эхэлсэн.
Тухайн үед нь би хариу үйлдэл үзүүлээгүй, “тухайн 2 эмэгтэй согтуу байсан тул хэрүүл хийгээд яах вэ” гэж бодоод чимээгүй байсан. Гэтэл М нь тооцоогоо хийх гэж байхдаа над руу юм авч шидсэн. Мөн Ариунгэрэл нь над руу картаа шидэхээр нь миний уур хүрээд маргалдаж эхэлсэн. М нь гартаа барьж байсан мөнгөө миний нүүр рүү шидээд “чи надад үйлчилдэггүй хэн бэ” гэхээр нь би “та 2 согтуу байна, согтуу хүнд үйлчлэхгүй” гээд авах гэж байсан зүйлсийг нь буцаагаад автал над руу юм авч шидсэн.
Эхлээд энэ хэрүүлийг шүүгдэгчтэй хамт явсан М эхлүүлсэн. Гэтэл Ариунгэрэл над руу карт шидсэн. Би нөхөр рүүгээ залгаад, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дэлгүүрээр хүмүүс орж гараад байсан тул би ажлаа хиймээр байсан. Гэтэл тухайн 2 хүүхэн надтай маргалдаад явахгүй байсан.
Тэгтэл манай нөхрийг орж ирэхэд над руу юм шидэж таараад, манай нөхөр “боль” гэж хэлээд барьж байсан усныхаа савыг шидсэн. Манай нөхрийн шидсэн усны сав хэн нэгнийг нь оносон үгүйг би хараагүй. Манай нөхөр “цагдаа ирэхээс өмнө учраа олцгооё” гээд намайг хойд талын өрөө рүү оруулсан. Тэгээд манай нөхөр тухайн хоёр хүүхэнтэй эв зүйгээ олох гэтэл маргалдсаар байсан.
М нь “цагдаа ирэхээр нь учраа олно” гээд байсан ба цагдаа нар манай нөхөр рүү залгаад, хаяг тодруулж асуусан тул нөхөр дэлгүүрийн үүдэнд гараад байж байтал Ариунгэрэл нь лангуун дээр байсан шилтэй компотыг барьж орж ирээд, миний толгой руу цохисон. Тэр үед би өмнө нь хагалгаанд орсон, бие сул ядруу байсан тул өөрийгөө хамгаалах чадваргүй байсан. Тухайн үед би шоконд орсон учир юу болсон талаар мэдэхгүй байна.
М гэх хүүхэн хэрүүл маргааны эхлүүлсэн атлаа энэ хэрэгт байхгүй байгаад нь гомдолтой байна. Ариунгэрэл миний толгойг цохиогүй байсан бол эмчилгээ хийлгэх шаардлага байгаагүй. Би хэрэг гарсан өдрөөс хойш байнга толгойгоо бариачаар бариулж байгаа. Миний хохирлыг гаргуулж өгнө үү. Би томографын зураг авахуулсан 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үззүлсэн төлбөрийн 8.000 төгрөг, хагалсан компотны үнэ 5.500 төгрөг, нийт 143.500 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1885 0689 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мгийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 28-ны өдөр өөрийн ажиллуулдаг “Аэро” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд сууж байсан. Тэгэхэд 18 цагийн үед гаднаас настайвтар ах орж ирээд Мобикомын нэгж худалдаж аваад, “өөрийнхөө гар утсанд цэнэглээд өгөөч” гэж гуйсан болохоор би нэгжийг нь хийгээд байж байхад гаднаас танихгүй 2 эмэгтэй орж ирсэн ба тэр хоёр согтуу байх шиг байсан. Тэгээд намайг яг нэгж хийж байхад тэр хоёр эмэгтэй надаас “хөргөгчинд хүйтэн пиво байна уу” гэж асуусан ба тухайн үед би анхаарлаа төвлөрүүлчихсэн байсан болохоор харилж чадаагүй юм.
Тэгээд би нэгж хийж дуусаад “хөргөгчинд хүйтэн пиво байна уу үзчих, хэрэв байхгүй бол байхгүй” гэхэд надтай адилхан нэртэй М гэж дуудаж байсан хүүхэн нь намайг “чиний дэлгүүр юм уу, миний дэлгүүр юм уу, хэрэглэгч бол хаан” гэхээр нь би “согтуу хүнтэй юм яриад яахав” гэж бодоод дугараагүй.
Тэгээд тэр хоёр хүүхэн 20.000 гаран төгрөгийн үнэтэй бараа аваад, тооцоо хийх болсон ба М гэх эмэгтэй нь “бэлнээр 14.000 төгрөгийг өгөөд, үлдсэнийг нь карт уншуулж төлнө” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл тэр М гэх хүүхэн миний нүүр рүү тооцоо хийх мөнгөө шидчихээр нь би уурлаад “чи яахаараа хүн рүү мөнгө шиддэг юм” гэхэд надад “хэрэглэгч бол хаан, яах нь миний дур” гээд хэрүүл хийгээд байсан тул би “согтуу хүмүүст би ингэж доромжлуулчихаад, та хоёрт үйлчлэхгүй” гээд авсан барааг нь лангууны доошоо хийчихсэн юм.
Тэгэхэд тэр хүүхэн намайг “хэрэглэгч бол хаан, чи муу худалдагч миний авсан юмыг өг” гээд лангуун дээр байсан ширхэгийн чихэр зэргийг аваад надруу шидлээд байхаар нь би нөхөр М- болон цагдаа дуудсан.
Удалгүй манай нөхөр цагдаагаас түрүүлээд ирсэн ба тэр үед Ариунаа гэж дуудаж байсан хүүхэн нь надруу картаа шидэж таарсан юм. Тэгэхэд манай нөхөр тэр хүүхэн рүү фитнесст явахдаа хэрэглэдэг хуванцар уурагны саваа шидээд, Ариунаа гэх хүүхний хувцаснаас нь зулгааж татаад холдуулсан. Манай нөхөр хэрүүл маргааныг салгах гээд намайг “хойд өрөөнд ор” гэж оруулаад, тэр хоёр хүүхнийг “цагдаа ирэхээс өмнө явчих” гэж гуйж хэлсэн. Тэгтэл манай нөхөр рүү цагдаагаас залгаж хаяг асуусан бололтой, хаягаа зааж өгөх гээд дэлгүүрээс гарсан байхад нь Ариунаа гэх эмэгтэй нь лангуун дээр байсан шилтэй компотыг барьчихсан, миний байсан өрөөнд араас орж “чамайг ална” гээд шилтэй компотоор миний толгой руу 1-2 удаа цохисон. Компот нь газар унаад хагарсан. Түүний дараа тэр хүүхэн миний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөхөөр нь би орилоод нөхрөө дуудахад манай нөхөр орж ирээд тэр хүүхнийг чирч авч гарсан.
Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Надад учирсан гэмтлүүдийг Ариунаа гэх эмэгтэй компотоор цохиж учруулсан. Харин хамт явсан М гэх эмэгтэй надад гар хүрээгүй боловч хэл амаар доромжилсон.
Би тэр хоёр эмэгтэйд огт гар хүрээгүй. Харин манай нөхөр Ариунаа гэх эмэгтэйг хоёр удаа хувцаснаас нь угзарч холдуулсан, мөн уурагны саваа шидсэн. Гэхдээ тэр сав нь оносон эсэхийг нь хараагүй. Манай дэлгүүр хяналтын камертай боловч тухайн үед засвартай байж таараад камерын бичлэгт бичигдсэн зүйл байхгүй. Тухайн үед дэлгүүрт бид нараас өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Би Ариунаас толгойн зураг авахуулсан 130.000 төгрөг, манай дэлгүүрийн компот хагалсан 5.500 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, нийт 143.500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 20х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Аийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 28-ны өдөр ажлынхаа менежер Мтэй хамт түүний гэр болох нисэхийн 7 дугаар байранд 0.5 литрийн савалгаатай нэг нэг лааз пиво уучихаад, дахиад уухаар болоод “Аэро” нэртэй дэлгүүрт орсон. Тэгээд бид хоёр худалдагчаас нь хөргөгчинд пиво байгаа эсэхийг асуутал “лангуун дээр байгаа, өөр байхгүй” гэхээр нь тэр пивийг нь аваад касс дээр очоод манай ажлын М худалдагч хүүхэнтэй “үйлчлүүлэгчтэй муухай харьцсан" гээд хэрэлдээд байсан.
Сүүлдээ М тэр эмэгтэй рүү чихэр аваад шидсэн. Тэгтэл тэр эмэгтэй “цагдаа дуудна” гээд утсаараа ярьчихаад, бид хоёрын авсан зүйлсийг зарахгүй гээд байхаар нь би “би чамд эндээс уншуулчих гэж хэлсэн биз дээ” гээд картаа шидсэн. Тэгэхэд гаднаас тэр эмэгтэйн нөхөр нь орж ирээд ууж байсан устай саваа миний толгойруу шидэж оносон ба намайг үсдээд зүүн гуяны гадна хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэр худалдагч хүүхэн хойд талын өрөөндөө орчихоод “наад хоёроо алаад гарга” гээд орилоод байхаар нь би лангуун дээр нь байсан шилтэй компотыг аваад тэр хүүхэн рүү шидчихсэн. Компот нь газарт унаж хагараад, тэр хүүхний нөхөр нь орж ирээд намайг үсдээд гадаа гаргасан. Удалгүй цагдаа нар ирээд биднийг хэлтэс дээр авчирсан юм.
Би №9312 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг тэр худалдагч эмэгтэйгийн нөхөр нь учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ би тэр залууд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мгийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 28-ны өдөр ажлын эгч Ариунгэрэлтэй хамт манай гэрт нэг нэг шил пиво уучихаад, 19 цагийн үед гэрийнхээ ойролцоо байдаг “Аэро” нэртэй дэлгүүрт орж пиво авах гээд худалдагчаас асуухад худалдагч нь соёлгүй харьцаж, бид хоёртой хэрэлдсэн юм. Тэгтэл тэр эмэгтэй “цагдаа дуудна” гэчихээд нөхрөө дуудсан ба нөхөр нь орж ирээд, манай ажлын эгч Ариунгэрэлийн толгой руу нь ууж байсан устай саваа шидэж оносон. Тэгээд шууд үснээс нь зулгаагаад, хөлөнд нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгэхэд худалдагч эмэгтэй нь хойд талынхаа өрөөнд орчихсон ба араас нь Ариунгэрэл эгч орсон юм. Тэгээд би нөхөртэй нь хэл амаа ололцох гээд яриад байж байтал тэр худалдагч хүүхэн “аллаа” гээд гараад ирсэн. Би тухайн үед өөр газар байсан болохоор цаад талын өрөөнд юу болсон талаар мэдэхгүй байна.
Намайг хэн нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. Би тэр худалдагч эмэгтэйд гар хүрээгүй, харин хэрэлдсэн асуудал байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9253 дугаартай:
1. Н.Мгийн биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 41х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9312 дугаартай:
1. Ц.Аийн биед зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 45х/,
6. Хохирогч Н.Мгийн эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 39х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 28-ны орой фитнесс бэлтгэлдээ явчихаад дэлгүүр рүүгээ явж байхад 18 цагийн үед манай эхнэр М надруу залгаад “хоёр согтуу хүн хэл амаар доромжлоод байна, хүрч ирээд салгаад өг" гэж ярьсан ба би яваад очтол нэг эмэгтэй нь манай эхнэр рүү ширхэгийн чихэр авч шидээд, нөгөөх нь карт шидчихсэн. Тэгэхээр нь би “боль” гэж хэлээд барьж явсан жижиг усны сав орчим хэмжээтэй хоосон уурагныхаа савыг тэр хоёр эмэгтэй рүү чиглүүлээд шидсэн ба уурагны сав яг хэнийг нь оносон болохыг мэдэхгүй байна. Тэгээд би тэр хоёр эмэгтэйгийн хувцаснаас зулгааж хойш нь болгоод, эхнэрээ хойд талын өрөөнд оруулсан. Тэгээд би тэр хоёр эмэгтэйтэй ярилцаад болсон асуудлын талаар тодруулаад, тэр хоёр эмэгтэйг явуулах гэтэл тэр хоёр согтуу байсан болохоор “бид хоёр энэ дэлгүүрээс чинь гарахгүй” гээд байхаар нь цагдаа дуудсан.
Манай эхнэр өмнө нь дуудлага өгсөн байсан болохоор цагдаа “яг ирж байна” гээд утсаар ярьж байхад манай эхнэр “Мөөгий энийг аваач ээ” гээд орилохоор нь эргээд хартал нөгөө хоёр нэг эмэгтэйгийн нэг нь манай эхнэрийн толгойд нь шилтэй компотоор цохиж байсан. Тэгэхээр нь би сандраад тэр эмэгтэйн үснээс нь зулгааж татаад, дундуур нь орж салгасан. Удалгүй цагдаа нар ирээд биднийг авч явсан.
Би тэр хоёр эмэгтэй рүү уурагны саваа шидсэн, гэхдээ хэнийг нь оносон болохыг мэдэхгүй. Харин дараа нь Ариунаа гэх эмэгтэй нь манай эхнэрийг компотоор цохичихоор нь үснээс нь зулгааж салгасан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй, би тэр эмэгтэйг өшиглөөгүй. Би 9312 дугаар шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би тэр эмэгтэйгийн толгойд учирсан зулайн хуйх, үс халцарч унасан, уг хэсгээр овойж хавдсан гэмтлийг учруулсан. Харин зүүн гуяанд нь учирсан гэмтэл нь тэр эмэгтэйг эхнэрээсээ салгах гээд ноцолдож байх үед учирсан байж магадгүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х, 62-63х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 73х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 75х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 76х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Аийн яллагдагчаар өгсөн:
“...Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. ...Тухайн үед дэлгүүрт надаас гадна Б.М, Н.М, Б.М нар байсан. Н.М нөхөртөө хандаж “наад хоёрыгоо алаад өг” гэхээр нь миний уур хүрээд би шилтэй компотыг Н.М рүү шидсэн. ...Би өөрийн буруутай үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 68х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 70х/, “Nomads hospitality” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 71х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 72х/ хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 7 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрийн худалдагч Н.Мг “согтуу хүмүүст үйлчлэхгүй, дэлгүүрээс гар үйлчлүүлэгчтэй соёлгүй, хүндэтгэлгүй харьцлаа” гэсэн шалтгаанаар шилтэй компотоор толгой руу нь цохиж, түүний биед “тархи доргилт, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 7 сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан Ц.Аийг худалдагч Н.Мтэй маргалдаж байхад нь” өмөөрсөн, маргааныг салгах гэсэн” гэх шалтгаанаар ч түүн лүү уурагны сав шидэх, уснээс нь зулгааж чирэх, өшиглөх зэргээр зодож, биед нь “зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий бүхий хөнгөн хохирол тус тус учруулсанболох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Мгийн мэдүүлэг /хэргийн 17-18х, 20х/, хохирогч Ц.Аийн мэдүүлэг /хэргийн 24х/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн гэрч Б.Мгийн мэдүүлэг /хэргийн 30х/,
- “...Н.Мгийн биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9253 дугаартай дүгнэлт /хэргийн 41х/,
- “...Ц.Аийн биед зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9312 дугаартай дүгнэлт /хэргийн 45х/ болон хохирогч Н.Мгийн эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 39х/, шүүгдэгч Б.М, Ц.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Н.Мгийн биед учирсан “биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.А нь түүний толгой руу шилтэй компотоор цохисон үйлдэлтэй,
хэргийн хохирогч Ц.Аийн биед учирсан “зүүн гуянд цус хуралт, зулайн хуйх, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.М нь түүнийг үсдэж чирэх, өшиглөх, уурагны сав шидэж толгой тус газарт нь цохиж зодсон үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон бөгөөд нэр бүхий шүүгдэгч нар нь хохирогч иргэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтад маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М, Ц.А нарыг тус тус “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.М, Ц.А нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарахад нэр бүхий шүүгдэгч нар нь үүссэн нөхцөл байдалд асуудлыг эв зүйгээр зохицуулах арга хэмжээ авах боломжийг эрэлхийлэхийн оронд, харилцан хүндэтгэлгүй хандаж, үл ойлголцол үүсгэж, зүй зохисгүй авирлан, улмаар хүч хэрэглэн бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хүч хэрэглэн халдаж буй нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Н.М, Ц.А нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь уг гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол тэжээл өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгооны зардалд зарцуулсан гэх 143.500 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр 8.000 төгрөг, толгойн томографийн зураг авахуулсаны 130.000 төгрөг, хагалсан шилтэй компотны үнэ 5.500 төгрөг төлбөрийн баримтуудыг тус тус хэрэгт гарган өгч /хэргийн 39х/ хавсарган бэхжүүлсэн баримттай байна.
Иймд баримтаар нотлогдож буй эмчилгээний болон бусад зардалд хохирогч Н.Мгээс зарцуулсан 143.500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Ц.Аээс гаргуулж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Мын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М, Ц.А нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” хэмээн тэмдэглэгдсэн /хэргийн 70х, 76х/ нь нэр бүхий шүүгдэгч нар анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно.
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, Ц.А нарт тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.М, Ц.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.А нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаэ шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г овогт Б-гийн М, У овогт Ц-ийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, Ц.А нарыг тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М, Ц.А нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ц.Аээс 142.500 /нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч хххх оршин суух хаягтай, /РД: /, Т овогт Н-ийн М-д олгосугай.
5. Энэ хэрэгт Б.М, Ц.А нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.А нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД