| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2017/0018/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2017-06-06 |
| Зүйл хэсэг | 147.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 30
2017.6.6 30
Б.Мөнхжаргалд холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2017/0018/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Прокурор:Ц.Цэен-Ойдов,
Ялтны өмгөөлөгч: С.Нарангэрэл,
Хохирогч: Ж.Долгормаа,
Ялтан: Б.Мөнхжаргал нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Мөнхжаргалын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2016230000358 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн 1987 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 2 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 3 сар 10 хоногийн хорих ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Баатарын Мөнхжаргал /РД:СК87082115/
Б.Мөнхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Жаргалан” зочид буудлын 201 тоот өрөөнөөс иргэн Ш.Бямбадорж, Х.Мөнхтөр нарын SAMSUNG J-5, S1 маркийн гар утсыг хулгайлж нийт 340000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Хөвчийн жонон” баарнаас гарч явсан иргэн Ж.Долгормаагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн SAMSUNG G-3 маркийн гар утсыг нь дээрэмдэж 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газраас Б.Мөнхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Баатарын Мөнхжаргалыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нь хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалаас 250.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жил хорих ял, эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалд оногдуулсан 4 жил 5 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалын цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Мөнхжаргалын 41 размерийн гутлыг шүүгдэгч Б.Мөнхжаргалд, SAMSUNG G3 маркийн гар утсыг хурааж улсын орлогод оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс SAMSUNG G3 маркийн гар утасны үнэ болох 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Долгормаад олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Мөнхжаргал нь давж заалдах гомдолдоо: Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан дээр намайг өмгөөлөгчтэй хуралд оролцох талаар огт асуухгүйгээр хурлыг явуулсан. Би төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлдөг өмгөөлөгч Наранчимэгээр эрхээ хамгаалуулах хүсэлтэй байна гэхэд “танаас энэ талаар асуугаагүй” гэж хэлээд шууд хурлаа үргэлжүүлсэнд би гомдолтой байна. Бямбадоржийн гар утсыг анх 150000 төгрөгөө худалдаж авч байсан гэж хэлсэн. Дараа нь хэрэгтэй танилцахад 330000 төгрөгөө авсан гэж нотлох баримт бүрдүүлсэн байсан. Хэргийн газраас илрүүлсэн гутлын мөртэй миний гутлын мөр огт тохирохгүй байгаа. Тухайн өдөр би улаан алаг пүүзтэй байсан. Мөн Долгормаа гэх эмэгтэйг би дээрэмдээгүй. Мөрдөн байцаагч намайг дарамталж байгаад мэдүүлэг авсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд болох гэмт хэргийг хэдийд үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг болон гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, Б.Мөнхжаргалыг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар дүгнэлт өгөх зэрэг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн прокурорт буцаасугай.
2. Б.Мөнхжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА