Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 551

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцож “У Э Э А” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, А.Ц нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “”У Э Э А” ТББ-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 

Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шаардлагад дурдсан 10 асуултын хариуг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор “У Э Э А” ТТБ-д хүргүүлэхийг хүлээн зөвшөөрч байна”... гэжээ.  

                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

“У Э Э А” ТББ нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “У Э Э А” ТББ-аас 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн шаардлагад хариу өгөхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тодорхой асуулга, хүсэлт бүхий шаардлагыг шийдвэрлэн хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. 

Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, А.Ц нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу 

““У Э Э А” ТББ-ын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “У Э Э А” ТББ-аас 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн шаардлагад хариу өгөхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тодорхой асуулга, хүсэлт бүхий шаардлагыг шийдвэрлэн хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан “У Э Э А” ТББ-ын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “У Э Э А” ТББ-аас 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн шаардлагад хариу өгөхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тодорхой асуулга, хүсэлт бүхий шаардлагыг шийдвэрлэн хариу өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, нэхэмжлэгч “У Э Э А” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцааж олгосугай.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН