Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 118/2020/0004/З |
Дугаар | 221/МА2020/0490 |
Огноо | 2020-08-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2020/0490
Э.А нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Э.А нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Э.А 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:
“Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгах, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хугацааны цалин, нэмэгдлүүдийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх”-ийг хүсчээ.
Хоёр. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, 46.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд буцаан томилохгүй байгаа Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргуулахыг даалгах, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хугацааны цалин, нэмэгдлүүдийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Э.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Би 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 6 сарын чөлөө авсан. Чөлөөний хугацаанд миний ажлын байр хадгалагдан эргэж ажилдаа орно гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Гэтэл чөлөөний хугацаа дуусч эргээд ажилдаа орох гэтэл ажиллах нөхцөл боломжоор хангаагүй эс үйлдэхүй гаргасныг хууль бус гэж үзэж байна. Эргэж ажилдаа орох гэхээр эргэж томилох хууль байхгүй гэсэн шалтгаанаар хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.
Энэ нь манай суманд буруу жишиг тогтож эхэлж байна. Тухайлбал төрийн зарим албан хаагчид чөлөө аваад ажилдаа эргэн орж чадахгүй болчихвий гэсэн болгоомжлол үүсч чөлөө авах хүсэлтээсээ татгалзах, чөлөө авбал халагдана гэсэн буруу ойлголт үүсгээд байна. Би 2009 оноос одоог хүртэл Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Анх 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б ажилласан.
Энэ хугацаанд намайг 3 удаа ажлаас халах шийдвэр, сахилгын арга хэмжээ авах шийтгэл 8 удаа авч байсан. Энэ хууль бус шийдвэрүүд нь бүгд “үндэслэлгүй” гэж шүүхээс хүчингүй болсон байдаг. “Чамайг ажлаас халах Тэргүүлэгчдийн шийдвэр гарлаа” гээд тогтоолоо авах гээд ороход “халахаа болилоо цалингийн арга хэмжээ авлаа” гээд тогтоолоо өөрчлөх гэх мэтээр хуульд үндэслэлгүй хувийн үзэмжээр шийдвэр гаргадаг.
Иймээс хуулийг буруу тайлбарлаж буруу жишиг тогтоож байгаа Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...нэхэмжлэгч нь сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3-т заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт өгч томилогдох боломжтой байх ба үүнээс өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилох үүргийг хариуцагч байгууллага хуулиар хүлээгээгүй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 33, 46 дугаар зүйлийн 46.6 дахь заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь сул орон тоо гарсан байхыг шаарддаг. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаас үзэхэд “түр чөлөөлөх зохицуулалт нь сул орон тоо гарсан” гэж үзэх үндэслэлгүй байдаг. Энэ талаар нэхэмжлэгч талын байр суурийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар анхан шатны шүүх шийдвэртээ заагаагүй.
Мөн үүнээс өөрөөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилох үүргийг хариуцагч байгууллага хуулиар хүлээгээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолд Э.А “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үүрэгт ажилдаа ирж ажиллаж байгаад дахин суралцах чөлөө олгохыг зөвшөөрсүгэй” гэсэн шийдвэр гаргасан байдаг.
Төрийн албаны тухай хуульд заасан захирах захирагдах ёсны зарчим, хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргийн хүрээнд Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б биелүүлэх үүрэгтэй.
Иймээс чөлөөний хугацааны дууссаны дараа нэхэмжлэгч Э.А урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус юм.
Гэтэл хуулиар үүрэг хүлээгээгүй гэх байдлаар хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 11 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нэхэмжлэгч Э.А 6 сарын хугацаатай шинэ дадлага, туршлага эзэмших сургалтад бэлтгэгдэх, мэргэжил дээшлүүлэхээр болсонтой холбогдуулан 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлснөөр тэрбээр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт зааснаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно.
Хэдийгээр уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байх”-ыг ойлгохоор, өөрөөр хэлбэл сул орон тоонд “төрийн албанаас түр чөлөөлөгдсөн”-ийг хамруулаагүй боловч энэ тохиолдолд хариуцагчийн тухайд ажлын байрыг хадгалах үүрэг хүлээхгүй.
Харин Хурлын Тэргүүлэгчдийн дээрх тогтоолын 2 дахь заалтад “Сургалтын ээлжийн амралт буюу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үүрэгт ажилдаа ирж ажиллаж байгаад ахин суралцах чөлөө олгохыг зөвшөөрсүгэй” гэсэн нь тухайн үед Э.А гаргасан өргөдөлд үндэслэгдсэн, тухайлбал 2020 оны 1 дүгээр сарын 10-аас сургуулийн ээлжийн амралт эхлэх тул үүнээс хойш 3 дугаар сарын 10 хүртэл ажиллаж байгаад дахин 6 сарын чөлөө авах тухайгаа өргөдөлд бичсэнтэй холбоотой, иймд уг тогтоолыг хэрэгжүүлэх эсэх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарахаас бус энэхүү тогтоол нь нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл биш.
Нэгэнт нөөцөд байгаад тооцогдсоноор нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд тусгай /тухайн албан тушаалын/ шалгалтыг өгч сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Э.А 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ажилдаа эргэн орох тухай хүсэлт гаргасантай холбогдуулан Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаар тогтоолоор түүний хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Авлигатай тэмцэх газарт, тус газраас ирүүлсэн хариуг үндэслэн Төрийн албаны зөвлөлд тус тус хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 дүгээр албан хариунд “...Э.А эрхэлж байсан Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын орон тоог сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй...” гэж үзсэнийг ч тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.А, түүний өмгөөлөгч Э.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН