Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2026/ХШТ/54

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2376 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар магадлалтай Ц.Б-д холбогдох 2506 00000 0804 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Б овгийн Ц-ын Б, 1993 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, “Х” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл ... , ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 

Шүүгдэгч Ц.Б нь Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 23-аас 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “А” ХХК-ийн эзэмшлийн данснаас нийт 60 удаагийн гүйлгээгээр 297.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ 2025 оны 01 дүгээр сарын 23-аас 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “А” ХХК-ийн эзэмшлийн Х банкны аппликейшнд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2376 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

хохирогч “А” ХХК нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд, 48 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо[1] “... Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын иргэн C,  түүний орчуулагч, иргэн Z нартай Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав хотхонд уулзан “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар, нийгмийн даатгалын бүртгэл, банктай холбоотой бүртгэл, цаашлаад байгууллагын тайлан тооцоо, нягтлан бодох бүртгэлийн талаар хамтран ажиллахаар тохиролцон 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Цаашид байгууллагын үйл ажиллагаа жигдрэн явагдвал цалин хөлсөө тохиролцон урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцон ажиллаж эхэлсэн.

Миний бие захирал С-тэй харилцах бүх харилцаа орчуулагч Z -ээр дамжуулан харилцдаг байсан бөгөөд тухайн цаг хугацаанд “А” ХХК нь захирал C, орчуулагч Z болон нягтлан бодогч миний бие гэх гурван ажилтантай байсан.

Хохирогч C-г БНХАУ-д байх хугацаанд байгууллагын дансанд байрлан мөнгийг ашиг олох зорилгоор хувьдаа ашиглан буруутай үйлдэл хийсэн.

Байгууллагын татвар, нийгмийн даатгалын бүртгэлтэй холбоотойгоор и-мэйл хаяг шаардлагатай болсон учир Z-ээр дамжуулан захирал C-ээс асуулган [email protected] гэх и-мэйл хаягийг нээж, нэвтрэх код болон и-мэйл хаягийг орчуулагч Z-д wechat-аар дамжуулан явуулсан байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад и-мэйл хаягийн талаар надаас тодруулж мэдүүлэг аваагүй, мөн орчуулагч Z-ээс мэдүүлэг авалгүйгээр намайг хуурамч и-мэйл хаяг нээн ашигласан гэж буруутгадаг.

Мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас өөрт холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгч чадаагүй. Шүүхийн шатнаас эхлэн өмгөөллийн гэрээ байгуулан өмгөөлөгчөөс өмгөөллийн туслалцаа авсан.

Захирал C-тэй холбогдон “А” ХХК-д ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний хуулбарыг авч урьдчилсан хэлэлцүүлэгт гарган өгсөн боловч шаардлага хангаагүй үндэслэлээр шүүгч хүлээж аваагүй. Гэм буруугийн шүүх хуралд эх хувиар нь гаргаж өгөхөд мөн хүлээж аваагүй.

Тухайн хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын мөнгөн хөрөнгө, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээг хариуцан ажиллана гэж заасан байдаг.

Миний бие хохирлыг бүрэн барагдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Тухайн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар авч хэлэлцсэн бол миний хэргийн зүйлчлэлийн хувьд өөрчлөгдөх боломжтой байсан гэж үзэж байгаа учир хэргийг үнэн зөв, шударга шийдэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Энэ хэрэгт анхан шатны шүүхийн шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Ц.Б хохирогчоос хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг авч, хуулбарыг нь урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Өмгөөлөгчийн зүгээс уг баримтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс, хохирогч тал тухайн баримтыг хүлээн зөвшөөрсөн учраас гаргаж өгсөн талаар тайлбар гаргаж байсан. Анхан шатны шүүх тухайн баримтын талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй байсан. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгчийн зүгээс “процессын алдаа гарсан, шүүгдэгч өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хохирогчоос баримт авч, шүүхэд гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж шийдвэр гаргасан байна” гэдэг агуулгаар гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүхэд шинээр баримт гаргаж өгөх боломжгүй тул анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг дурдаж байгаад өмгөөлөгчийн зүгээс тайлбар бичиж өгсөн. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн хувийн байдалтай холбоотой, хохирогч тухайн баримттай холбоотой тайлбар хийсэн. Тухайн баримтыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, орчуулагч нарын зүгээс тухайн баримтыг хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан. Гэвч давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ байдлаас үзэхэд хоёр үндсэн зүйлийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт, шүүгдэгчээс гаргасан нотлох баримтыг хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй. Шүүгдэгч хөлсөөр ажиллаж байсан уу, үгүй юу гэдэг баримтыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Урьдчилсан хэлэлцүүлгээс энэ асуудлыг тодруулъя гэсэн агуулгаар хэргийг буцаасан. Гэтэл прокурорын шатанд уг ажиллагааг хийлгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь процессын хувьд хууль зөрчсөн гэж үзэж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ч (C) болон түүний орчуулагч нараас тодруулж асуугаагүй. Анх Ц.Б болон Ч (C) нарын харилцаанд орчуулагч байсан бөгөөд түүнээс мэдүүлэг авч хэргийн үнэн, бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэсэн агуулгаар хэргийг прокурорт буцаасан боловч прокурорын шатанд дээрх ажиллагаа хийгдээгүй. Нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил юм” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэл, үйл баримт, ял шийтгэлийн тухай зөрүүгүй дүгнэлт хийсэн. Хохирогч Ч (C) мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-г “манай байгууллагад түр ажилладаг байсан. Эхний удаа цагийн ажилтнаар авч ажиллуулж байсан, ажилд ороод 2 хонож байсан” гэх зэргээр мэдүүлж байсан. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Ц.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ эх хувиараа компанид байдаг” зэрэг мэдүүлгүүдээр Ц.Б нь “А” ХХК-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон болохыг нотолж байна гэж үзсэн. Шүүгдэгч Ц.Б нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, тухайн чиг үүрэгт байгууллагын мөнгөн хөрөнгө, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээг хариуцан ажиллах талаар зохицуулалтууд байгаа эсэхийг тодруулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөтэй. Шүүгдэгч Ц.Б нь дансны мэдээллийг хэрхэн яаж олж авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдоогүй, мөн Г банкны интернэт банкны үйлчилгээ үзүүлэх 366 дугаартай гэрээнд нууц үг хүлээн авахаар бүртгүүлсэн и-мэйл хаягийг хэн бодитоор эзэмшиж байсан, нууц үгийг хэн мэдэж байсан, хэн нээсэн зэрэг асуудлыг шалгасны эцэст хэргийн зүйлчлэл, үйл баримтад бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг дутуу шалгасан байх тул хэргийн бодит байдлыг тогтоох чиглэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг түүний гаргасан гомдлоор хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б нь Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 23-аас 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г банк дахь “А” ХХК-ийн эзэмшлийн дансны аппликейшн буюу мэдээллийн системд зөвшөөрөлгүйгээр хандан нэвтэрч танилцсан, улмаар тус хуулийн этгээдийн эзэмшлийн данснаас нийт 60 удаагийн гүйлгээгээр 297.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

3.Нэг этгээд Эрүүгийн хуулиар хамгаалсан хэд хэдэн эрх ашигт халдаж, хохирол, хор уршиг учруулсан, эсхүл хэд хэдэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түүний хууль зүйн үр дагаврыг тодорхойлохдоо олонлог ба нэгдмэл гэмт хэргийн ойлголтыг баримталдаг байна.

 

3.1.Субъект цаг хугацааны хувьд дэс дараатай хэд хэдэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд ерөнхий нэг гэмт санаа зорилгын дор, нэг халдлагын зүйлийн эсрэг чиглэж, үйлдэл бүр нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн, дотоод уялдаа холбоонд оршин нэг хор уршигт хүргэсэн бол нэгдмэл нэг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулна. Энэ төрлийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйд зөрчигдсөн хэлбэрийн хувьд хоёр өөр объектын нэг нь нөгөөдөө багтсан, эсхүл хэсэг нь болсон шинжтэй байж болдог.

 

Харин нэг, эсхүл хоорондоо уялдаа холбоогүй хэд хэдэн үйлдлээр, өөр өөр цаг хугацаанд, харилцан хамааралгүй өөр өөр объектуудад халдсан бол олонлог буюу хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж, гэмт үйлдэл тус бүрт тохирох ялыг оногдуулж, нэмж нэгтгэх замаар хууль зүйн үр дагаврыг тогтооно.

 

Ийнхүү гэмт этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн хоёр, түүнээс дээш зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нөхцөлд нэгдмэл, эсхүл олонлог гэмт хэргийн аль болохыг тодорхойлоход халдлагын зүйл, гэмт хэрэг үйлдсэн газар, арга, цаг хугацаа, хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, бусад нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн харгалзан үзэх шаардлагатай.

 

3.2.Мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд харилцаа холбоо, төлбөр тооцоо зэрэг өдөр тутмын энгийн үйл ажиллагаанаас эхлээд үндэсний аюулгүй байдалд хамаарах бүхий л мэдээлэл цахим хэлбэрт үүсэн хадгалагдаж, эх хувь гэж тооцогдох болсон тул цаасан мэдээллийн эзлэх хувь тасралтгүй буурч, мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулах үйл ажиллагаа бүрэн буюу ихэнхдээ кибер орчинд явагдах нөхцөл бүрджээ.

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын шинжээчдийн тодорхойлсноор кибер гэмт хэрэг гэдэгт мэдээллийн технологи ашиглаж үйлдсэн гэмт хэрэг, эсхүл мэдээллийн сүлжээ, мэдээллийн систем, мэдээлэл, цахим хаяг, технологийн эсрэг чиглэсэн үйлдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, кибер гэмт хэрэг гэх нэршлийн дор тусгайлсан бүлэг гэмт хэргүүдийг багтаах бус Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт хохирол, хор уршиг учруулахдаа компьютер, компьютерын сүлжээ, интернэт ашиглан үйлдэж буй бүх хууль бус үйлдлийг хамтатган ойлгох нь зүйтэй юм.

 

Иймээс олон улсын түвшинд кибер гэмт хэргүүдийг шинж чанараар нь cyber-enabled crimes буюу кибер орчныг ашиглаж үйлддэг гэмт хэргүүд болон cyber-dependent crimes буюу кибер орчинд л үйлдэгддэг гэмт хэргүүд гэж хоёр ангилж үздэг. Кибер орчныг ашиглаж үйлддэг гэмт хэргүүдэд интернэт, цахим технологийн тусламжтайгаар үйлдэгдэж буй уламжлалт хэргүүдийг хамааруулдаг бол зөвхөн кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргүүдэд хакердах, хортой программ хангамж бүтээх, ашиглах гэх мэт зөвхөн компьютер, компьютерын сүлжээ, программуудыг ашиглаж, түүний эсрэг үйлдэх боломжтой гэмт хэргүүдийг уг ангилалд хамааруулна.

 

Кибер орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд нь гэмт этгээдийн гэмт үйлдлээ хэрэгжүүлэх цаг хугацаа, орон зай, арга хэрэгслийг тэлж байдгаараа уламжлалт аргаар үйлдэгдэж буй гэмт хэргүүдээс нийгмийн аюулын түвшин их байна. Түүнчлэн мэдээллийн технологийн шилжилтийг дагаад уламжлалт хэлбэрээр үйлдэгддэг байсан гэмт хэргүүдийн үйлдлийн арга, хэлбэр өөрчлөгдсөөр байх ба кибер орчинд үйлдэгдсэн тодорхой гэмт үйлдлийн халдлагын зүйл, объект, гэмт санаа зорилго зэргээс шалтгаалан мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын эсрэг тусгай гэмт хэрэг, эсхүл уламжлалт гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн эсэхийг тодорхойлж байна.

 

3.3.Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн байдал, нууцлал, хүртээмжийг бие даасан объектын түвшинд хамгаалсан бөгөөд кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тодорхой төрлүүдийг хуульчилжээ.

 

Түүний дотор мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд мэдээллийн сүлжээ, мэдээллийн системд хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтрэх, мэдээлэлтэй танилцах зэргээр нууцлалыг зөрчсөн, мөн мэдээллийг устгах, гэмтээх, өөрчлөх, засварлах, нуух, нэмж оруулах, хуулбарлаж авах, ашиглах боломжгүй болгох зэргээр мэдээллийн бүрэн бүтэн байдалд халдсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

3.4.Шүүгдэгч Ц.Б нь шунахайн сэдэлтээр Г банк дахь “А” ХХК-ийн эзэмшлийн данс руу нэвтрэх зорилгоор интернэт банкны аппликейшнд хохирогчийн зөвшөөрөлгүйгээр хандан нэвтэрч, 2025 оны 01 дүгээр сарын 23-аас 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 60 удаагийн гүйлгээгээр 297.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ кибер орчин буюу мэдээллийн сүлжээ, мэдээллийн системийн нууцлал, бүрэн бүтэн байдалд халдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх үйлдэл нь кибер гэмт хэргийн тодорхойлолтод өргөн утгаараа багтах боловч cyber-enabled crimes буюу уламжлалт гэмт хэргийг интернэт, цахим технологи ашиглаж үйлдсэн ангилалд хамаарч байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч (C)-ийн “... 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Голомт банк дээр интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд миний зөвшөөрлөөр манайд түр ажилтнаар орсон Ц.Б-г бүх бичиг, гэрээнд оролцуулж, хувийн мэдээллээ бичүүлж, надад байхгүй и-мэйл хаягийг Ц.Б-ийн хаягаар хийж байсан ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал), шүүгдэгч Ц.Б-ийн “... Ч (C)-тэй хамт компанийн түр дансыг үндсэн данс болгох гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Г банкны нэг салбар ороод интернэт (цахим) банкны гэрээ байгуулж байхдаа гэрээнд компанийн и-мэйл хаягийг оруулж бүртгүүлж байсан юм. Компанийн интернэт (цахим) дансны код болон мэдээллийг би мэддэг байсан ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хохирогч БНХАУ-ын иргэн Ч (C) нь Г банк дахь “А” ХХК-ийн эзэмшлийн данстай холбосон интернэт банкны аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг хүлээн авах и-мэйл хаяг зэрэг мэдээллийг зөвшөөрөл өгч, сайн дурын үндсэн дээр шүүгдэгч Ц.Б-д шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ.

 

Улмаар шүүгдэгч Ц.Б нь данс эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу олж авсан нэвтрэх мэдээллийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь хулгайлах гэмт хэргийг интернэт сүлжээ, цахим технологи ашиглаж үйлдсэн гэж үзнэ.

 

Тодруулбал, шүүгдэгч Ц.Б нь “А” ХХК-д ажиллахаар харилцан тохиролцож, тус хуулийн этгээдийн эзэмшлийн дансанд интернэт банкны эрх үүсгэх гэрээнд шаардагдах мэдээллийг хохирогчийн зөвшөөрлөөр олж авсны дараа шунахайн сэдэлтээр тухайн мэдээллийг ашиглан тус интернэт банкны дансанд байршуулсан мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлджээ.

 

Шүүгдэгчийн интернэт банк буюу цахим мэдээллийн системд байршсан мэдээлэлд түүний эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хандан нэвтэрсэн үйлдэл нь тус системд холбогдсон цахим данснаас мөнгө хулгайлах санаа зорилгоо хэрэгжүүлэх үйлдлийн ердийн үр дагавар буюу мөнгийг нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэлтэй харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн шинжтэй байх тул хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжид багтсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хяналтын шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.

 

4.Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б “... “А” ХХК-д ... 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар авч хэлэлцсэн бол миний хэргийн зүйлчлэлийн хувьд өөрчлөгдөх боломжтой байсан ...” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5708 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дахь тал)-ээс үзэхэд өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг хуулбар баримтыг шүүхэд гарган өгсөн байх бөгөөд шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй тул хүлээн авч, хавтаст хэрэгт тусгахаас татгалзсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлан тогтоосон ба шүүх аливаа хэргийг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүн таслах ажиллагаа явуулна.

 

Мөн хуулийн 16.10 дугаар зүйлд хохирогч, гэрч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг өөрийн санаачилгаар гаргаж өгөх, эсхүл хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхийг хуульчлан баталгаажуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг хуулбар баримт бичгүүдийг нотлох баримтыг шаардлага хангахгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б-ийн өгсөн “... Надад тухайн дансыг ямар нэгэн захиран зарцуулах эрх байхгүй бөгөөд Ч (C)-тэй хамт компани түр дансыг үндсэн данс болгох гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Г банкны нэг салбар ороод интернэт (цахим) банкны гэрээ байгуулж байхдаа гэрээнд компанийн и-мэйл хаягийг оруулж бүртгүүлж байсан юм. Компанийн интернэт (цахим) дансны код болон мэдээллийг би мэддэг байсан. ... Надад ямар нэгэн зөвшөөрөл өгч байгаагүй ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал), хохирогч Ч (C)-ийн “... Надаас өөр миний интернэт банкийг хамтран эзэмшдэг, ашигладаг хүн байхгүй ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь “А” ХХК-д түр ажилтнаар орсон гэх боловч тухайн хуулийн этгээдийн интернэт банк, цахим дансанд нэвтэрч гүйлгээ хийх бүрэн эрх олгогдсон, итгэмжлэн хариуцуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

5.Шүүгдэгч Ц.Б нь Г банкны интернэт банк дахь “А” ХХК-ийн эзэмшлийн данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, нийт 60 удаагийн үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний буюу 297.800.000 төгрөгийг шилжүүлэн авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоож, энэхүү үйлдэл нь Эрүүгийн хууль тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна гэмт хэрэг үйлдэж учруулсан 297.800.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал) байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 

6.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

7.Харин шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх сэргэсэн буюу “А” ХХК-д учирсан хохирол бүрэн төлөгдсөн байхад шийтгэх тогтоолд “хохирогч нь өөрт учирсан болон цаашид учрах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нээлттэй” хэмээн дурдсан нь буруу байх тул зөвтгөн өөрчлөв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өрийн 2376 дугаар шийтгэх тогтоолын:

 

1.1.тогтоох хэсэгт “Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

1.2.тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтыг “Шүүгдэгч Б овгийн Ц-ын Б-г бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

 

7 дахь заалтыг “Шүүгдэгч Ц.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж,

 

3, 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан гомдлыг хангасугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                       Ч.ХОСБАЯР

 

Б.ЦОГТ

 

[1] Бичгээр гаргасан гомдолд засвар, өөрчлөлт оруулаагүй болно.