Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 050

 

А.Жангүлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух Найман-Баубек овогт Ануарбекийн Жангүлийн нэхэмжлэлтэй, Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин хөлсний зөрүү 1836541 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: А.Жангүл би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажилд томилох тухай 35 дугаар тушаалаар тус төвд эмийн санчаар томилогдсон. Уг албан тушаалд ажиллаж байгаад Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай" 15 дугаар тушаалаар ЭМТ-ийн үндсэн орон тооны ажлаас чөлөөлж, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр томилогдсон. Гэтэл ажил олгогч маань 2016 оны 01 дүгээр сараас эхлэн миний 2015 онд авч байсан цалин хөлсийг дутуу өгөх, зарим сарын цалин хөлсийг өгөхгүй байх зэргээр хохироож байна. Миний бие 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 2016 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл 1,836,541 төгрөг дутуу авсан. Ажилтан миний цалин хөлсийг дутуу олгосон асуудлаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид хандахад дараа сард нөхөн олгоно гэсээр өдий хүрлээ. Эргэлтийн эмийн сангийн борлуулалтаас нэг ч төгрөгийн орлого ордоггүй. Хөнгөлөлттэй эм борлуулахад эмийн үнийг Нийгмийн даатгалын байгууллагад тушаадаг бөгөөд үүнээс би нэг ч төгрөгийг цалин хөлсөнд авдаггүй. Иймд Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх 1,836,541 /нэг сая найман зуун гучин зургаан мянга таван зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Урьд нь эмийн санч төсвөөс цалинждаг байсан. Төсөв хүрэлцэхгүй байгаатай уялдуулан аймгийн Эрүүл мэндийн газраас эмийн санч нарыг борлуулсан эмийн орлогоор цалинжуулах тушаал гаргасан байсан тул энэ оны 1-р сараас энэхүү журмыг баримталж ирсэн. Сүүлд уг тушаал хүчингүй болсон тул сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч А.Жангүлийн нэхэмжилсэн цалингийн зөрүү 1836541 төгрөгөөс 1136741 төгрөгийг бид олгосон. Одоо үлдэж байгаа 699800 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 1009882 /нэг сая есөн мянга найман зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Найман-Баубек овогт Ануарбекийн Жангүлд олгож, нэхэмжлэгчийн 2016 оны 01, 02, 03 дугаар саруудын дутуу олгосон гэх цалин 826659 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Жангүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгээс 28787 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жангүлд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А.Жангүлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Х.Руза хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалингийн зөрүү 1835541 төгрөгөөс 1136741 төгрөгийг олгосон, үлдсэн 699800 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн талаар тайлбар ирүүлсэн байсан. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нэхэмжлэгчид 1836541 төгрөгийг хэзээ, ямар санхүүгийн баримтыг үндэслэн олгосон гэдгээ нотлоогүйг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Жангүлийн нэхэмжлэлийн шаардлагаас 826659 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.Жангүл нь 2016 оны 3 дугаар сард 454571 төгрөгийн цалин хөлс авсан нь цалингийн тооцооны санхүүгийн баримт, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсныг нотлох ажлын цагийн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдсэн 826659 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А.Жангүл нь манай батлагдсан төсвийн орон тоон дээр байхгүй. 2016 оны 01 дүгээр сараас төсвөөс бүр хасагдсан болохыг урьд шүүхэд гаргасан тайлбартаа тусгасан. Эмийн санч А.Жангүл нь зөвхөн эргэлтийн эмийн сангийн борлуулалтын орлогоос цалинжих учиртай. Манай эргэлтийн эмийн сангийн борлуулалтын орлогод тийм мөнгө байхгүй тул А.Жангүлийн нэхэмжилсэн мөнгийг олгох ямар ч боломж байхгүй. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Зохигчийн тайлбар, Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 1-5 дугаар сарын ажлын цагийн тодорхойлолт, мөн саруудын цалин олголтын хүснэгт (цалингийн тооцоо), 0194223 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, ажилтны шүүхэд гаргаж өгсөн 2016 оны цалингийн товчоо зэрэг бичмэл баримтуудыг харьцуулан судлавал, А.Жангүл нь 2016 оны 01, 4 дүгээр сард цалин аваагүй, 02 дугаар сард 200184 төгрөг, 3 дугаар сард 552557 төгрөг, 5 дугаар сард 192000 төгрөгийн цалин авч байжээ. Ажилтны Нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бичилтэд 1 дүгээр сард 192000, 2 дугаар сард 200184, 3 дугаар сард 552557, 4 дүгээр сард 192000, 5 дугаар сард 192000 гэж тэмдэглэгдсэн боловч ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг санхүүгийн анхан шатны баримт болох цалин олголтын хүснэгтийг үндэслэн дээрх байдлаар тодорхойлов.

Ажилтан А.Жангүлийн нэг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого буюу цалин хөлсний хэмжээ 600941 төгрөг болох нь түүний 0194223 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 2015 оны бичилтээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар болон түүний 2016 оны 1-5 дугаар сард авч байсан цалингийн хэмжээний талаар хариуцагч маргаагүй байна. Харин хариуцагчаас...эмийн санч А.Жангүлийн нэхэмжилсэн цалингийн зөрүү 1836541 төгрөгнөөс 1136741 төгрөгийг бид олгосон, үлдсэн 699800 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хариуцагчийн хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...1100000 төгрөгийг А.Жангүлд өгсөн гэж шүүхэд худлаа тайлбар өгсөн, Эрүүл мэндийн төвөөс ... ямар ч мөнгө аваагүй гэж шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул анхан шатны шүүх уг маргааныг хялбаршуулан журмаар шийдвэрлээгүй, ердийн журмаар хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх үндэслэлгүй.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 15 дугаар тушаалаар А.Жангүлийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус Эрүүл мэндийн төвийн үндсэн орон тооноос чөлөөлж, эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр томилсон ба эмийн эргэлтийн сангийн борлуулалтаас цалинжуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3.-т заасан агуулгад нийцээгүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-т заасан ажилтны цалин хөлс авах эрхийг зөрчсөн байна. Ажил олгогчийн дээрх шийдвэрээр ажилтны ажил албан тушаалыг өөрчилсөн (энэ талаар ажилтан маргаагүй) атлаа түүний үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг ажилтантай тохирч, тодорхой тусгаагүй ба Эрүүл мэндийн төвийн ажлын цагийн тодорхойлолтоор А.Жангүлийг дээрх хугацаанд ажлын цагаар нь бүрэн ажиллуулсан байх тул түүний цалин хөлс хасагдах, хорогдох үндэслэлгүй тул ажилтан 2016 оны 1-5 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т ...талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй. гэж, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., 76.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заажээ.

Хариуцагч Эрүүл мэндийн төвийн 2016 оны 1-5 дугаар сарын ажлын цагийн тодорхойлолт, цалин олголтын хүснэгт, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн й-д ...цалинг сар бүрийн 15, 30-ны дотор олгоно. гэж заасныг үндэслэн, ажилтан А.Жангүл нь цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн талаар сар бүрийн сүүлээр мэдэх ёстой байсан гэж дүгнэж, түүний 2016 оны 01, 02 дугаар сарын цалингийн зөрүүг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан зохицуулалтад нийцсэн байна. Тэрээр энэ хугацааны цалингийн зөрүүг нэхэмжлэхдээ хуульд заасан гурван сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж шүүхэд хандсан ба хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүд тогтоогдоогүй.

А.Жангүл нь шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан учраас тэрээр 2016 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй. Түүний нийт авбал зохих цалингийн хэмжээ 1802823 (3 сар х 600941) төгрөгөөс 3 дугаар сард авсан 552557 төгрөг, 5 дугаар сард авсан 192000 төгрөгийг хасаж тооцон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1058266 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 778275 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн 2016 оны 3 дугаар сарын цалин хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хүлээж авах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1009882 /нэг сая есөн мянга найман зуун наян хоёр/ төгрөг гэснийг 1058266 төгрөг гэж, нэхэмжлэгчийн 2016 оны 01, 02, 03 дугаар саруудын дутуу олгосон гэх цалин 826659 төгрөгийг гэснийг нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 1, 2 дугаар сарын цалингийн зөрүү 778275 төгрөг гаргуулах тухай хэсгийг гэж, 2 дахь заалтын 28787 төгрөг гэснийг 29948 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28787 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч А.Жангүлд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н. ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК