| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0678/Э |
| Дугаар | 681 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 681
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-гийн М-д холбогдох эрүүгийн 19100 2051 0718 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Л.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлгийн лабораторийн эрхлэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-гийн - /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.М нь 2019 оны 8 сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим хххх тоотод Д.Г-ыг “байр худалдан авсан төлбөрөө төлөөгүй” гэх шалтгаанаар цохих, түлхэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун бугалга, цээж, баруун эгэм, хүзүү, баруун тавхай, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн Ц.Д-гийн эрүүл мэндэд баруун бугалга, цээж, баруун эгэм, хүзүү, баруун тавхай, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлж тайлбар гаргасан. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би 2019 оны 8 сарын 22-ны өдөр Гын гэрт эхнэр, охиныхоо хамтаар очсон ба архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Би санаатайгаар хүн цохиж зодсон асуудал байгаагүй. Би зарсан байрныхаа үлдэгдэл мөнгийг авах гэж очиход “гэрээс гар” гэж хөөхөөр нь “мөнгөө авч байж явна, үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэснээс болж маргаан үүсч ийм асуудал болсон.
Би өөрөө шинээр байр авсан ба төлбөрөө төлөх шаардлагатай байсан учир урьд зарсан байрныхаа үлдэгдэл төлбөрийг авахаар очсон юм. Намайг очиход Г, Д нар байсан, тэр хоёр хоорондоо маргалдсан зүйл ажиглагдаагүй. Мөн манай эхнэр, охинтой маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Би гэрт ороод суусан байсан учир “бос, гар” гэхэд нь гарахгүй байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, буруу үйлдэл гаргасан гэдгээ ойлгосон.
Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлгийн лабораторийн эрхлэгч ажилтай, сарын 1.0 сая орчим төгрөгийн цалин орлоготой. Манай хүүхдүүд 4-18 настай.
Би хохирогч нарт 241.0 сая төгрөгөөр байраа зараад, нийт 136.0 сая төгрөг авсан, ба үлдэх төлбөрөө нэхэмжлээд очсон. Миний байрыг бол Г, Д нарын хүү болон Ц гэдэг залуу авсан. Худалдах, худалдан авах гэрээн дээр үнийн дүн өөр байгаа, учир нь бид танилууд байсан, хохирогч нар “гэрээн дээр мөнгөн дүнг багаар бичиж өгөөч ээ, татвар төлөхөд багаар тусна” гэж гуйж байсан юм .” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2051 0718 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г-ын хохирогчор өгсөн:
“...2019 оны 8 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө би өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд хотхоны 1-4 тоот гэртээ эхнэр Ц.Д-гийн хамтаар байж байхад гэрийн хаалга маш хүчтэй цохиж балбахаар нь би “айлын хаалга андуурсан юм болов уу” гэж бодоод очоод цонхоор харахад үл таних 2 эмэгтэй зогсож байсан.
Би хаалга онгойлгосон чинь Тулга гэх залуу ”чамайг ална” гээд намайг цохисон. Би хаалга түшээд зогссон. “Чамайг ална, чи байр суллаж өг, мөнгө өг” гээд дайраад байхаар нь Тулгад “айлд орж ирээд чи юу болж байна вэ, би чамаас олон ах, юу болоод байна” гэхэд эхнэр, охин хоёр нь орж ирсэн.
Би “Тулга, дотогш ороод хоорондоо ярилцъя” гэж хэлэхэд “чамайг ална” гээд миний цээж, тархи толгой руу цохиод байсан. Тухайн үед эхнэр Д салгах гэтэл манай эхнэрийг бас цохиод байсан ба Тулгын эхнэр нь гэх эмэгтэй манай эхнэрийг барьж аваад ойртуулахгүй байсан юм. Энэ үйл явдал нэг цаг хэртэй болсон, индүүний тавиур дээр байсан индүүг барьж аваад намайг цохих гээд дайраад байхад нь Тулгын эхнэр, охин хоёр нь салгаад аваад явсан.
Би том хүү Сэр-Од руу залгаад болсон асуудлын талаар хэлэхэд хүрээд ирсэн ба цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд, бид цагдаа нартай хамт Тулгын гэр болох Хүннү-2222 хороололд очиход гэрийнхээ хаалгыг тайлаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж өгсөн.
Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тулга бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй. Тулга гэх хүнээс би том хүүдээ байр худалдаж авч өгөхөөр болоод Тулгатай уулзахад тэр байр нь банк бус санхүүгийн байгууллагад 80.0 сая төгрөгийн барьцаанд байсан. Би банк бус санхүүгийн байгууллагаас уг байрыг чөлөөлж аваад, Тулгын дансруу 50.0 сая төгрөг шилжүүлсэн.
Одоо үлдэгдэл 90.0 сая төгрөгийг Тулгад өгөх ёстой. Анх Тулгатай уулзаад ярилцахдаа “байрыг 8 хувийн ипотекийн зээлд тавьж байгаад, банкнаас мөнгө авна” гээд ярилцсан боловч хуучин байр гээд 8 хувийн зээл бүтээгүй. Уг байр нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумгранд хотхонд байдаг. Бид уг байрыг 2018 оны зун худалдан авсан ба Худалдах, худалдан авах гэрээ нь манай том хүүд байгаа.
Хэрэг болдог өдөр Тулга, эхнэртэйгээ архи хэрэглэсэн байсан, охин нь гэх хүүхэд эрүүл байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, гэртээ амрах гээд сууж байсан юм.
Би хаалга тайлж өгөхөд Тулга миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэгээд миний өмсөж гэрийн халааднаас заамдаад цохих гэж байхад нь би гараараа хаагаад байсан. Том өрөөнд байхад цээж рүү гараараа олон удаа цохисон ба би буйдан дээр унаад босоод ирэхэд дахиад цохисон. Тэр үед манай эхнэр салгах гэтэл эхнэрийг бас цохиод байсан. Би Тулгын биед гар хүрсэн зүйл байхгүй. Би Шүүх эмнэлгийн 1 давхарт байрлах “Натур” эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийг нэхэмжилнэ. “Толгой хөдөлсөн байна” гээд бариачаар З удаа бариулсан, гэхдээ баримт байхгүй байгаа. Би гомдолтой байна, гэрт орж ирээд амгалан тайван байдал алдагдуулсан тул гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-14х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д-гийн хохирогчор өгсөн:
“...2019 оны 8 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө би нөхөр Д.Г-ын хамтаар өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах Андууд хотхоны 1-4 тоот гэртээ байж байхад хаалга хүн тогшоод балбаад байсан. Манай нөхөр Д.Г- очоод хаалга тайлсан чинь Мөнхтулга манай нөхрийн нүүрэн тус газар цохиод, гэрт орж ирээд агсраад байсан. Манай нөхрийг цохиод, буйдан руу унагаахаар нь би тэр хоёрыг салгах гээд очиход миний цээжин тус газар цохисон. Тэр үед Мөнхтулгын эхнэр, охин хоёр нь салгах гээд дийлэхгүй байсан. 1 цаг гаран бид хоёрыг дээрэлхсэн. Тэгэхэд Мөнхтулгын эхнэр нь “та хаалгаа хаагаад, дотроос нь цоожлоорой” гэж хэлээд гараад явсаны дараа би том хүү Сэр-Од руу залгаад болсон явдлын талаар хэлэхэд “цагдаа дууд” гэж хэлээд, удалгүй хүү ирсэн.
Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Мөнхтулга бид нарт байраа зарсан ба тэр үед Мөнхтулгатай ярилцаад “уг байрыг 8 хувийн зээлд оруулна” гэхэд “тэгье” гэж тохирсон боловч хуучин байрыг 8 хувийн зээлд хамруулахгүй болохоор нь энэ талаар хэлэхэд “байраа буцаж авна” гэсэн. Бид “өгсөн мөнгөө авна” гэсэн учир маргаан үүсээд манайд ирсэн байх гэж бодож байна. Хэрэг болдог өдөр Мөнхтулга болон эхнэр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Гэрт маань ирж агсам тавьж, зодож байгаад явсанд нь гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Даваалхамын гэрчээр өгсөн:
“...2019 оны 8 сарын 22-ны 22:00 цагийн үед байх би нөхөр, охин 2-ын хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд хотхоны 1-4 тоотод байх Ц.Д- Д.Г- нарын гэрт нь очсон. Очих болсон шалтгаан нь 2018 оны 8 сард манай байр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бумгранд хотхоны 32-12 тоотыг Д.Г-, Ц.Д- нарын хүү Сэр-Од худалдах, худалдан авах гэрээ хийгээд зарсан. Тэгээд үлдэгдэл 105.800.000 төгрөгөө авахаар очоод, хаалгыг нь 30 орчим минут тогшиход Д.Г- хаалга тайлсан. Тэгээд бид гэрт нь ороод, манай нөхөр “мөнгө авмаар байна, та нар утсаа авахгүй зугтаагаад байна” гэхэд “танай байрыг авахаа болилоо, мөнгөгүй хүнээс юуг нь авдаг юм” гээд уурлаад байсан. Д.Г-, Ц.Д- нар “гэрээс гар” гээд хөөхөд нь манай нөхөр Д.Г-тай зууралдаад байсан. Тэр үед Ц.Д- хажуунаас бас зуураад байхаар нь манай нөхөр түлхсэн. Ц.Д- намайг бас “гар, зайл” гээд зулгаагаад, чанга татаад байхаар нь “надад битгий хүрээд бай” гэж орилсон. Би “та нараас болоод тухтай амьдарч чадахгүй байна, амьдрал хэцүү байна” гээд маргалдаж байхад нөхөр Д.Г-тай зууралдаад байхаар нь би нөхрөө татаад гэрээс нь гарч явсан. Тэгээд би машинаа бариад, нөхөр хүүхдүүдийн хамтаар лагерь луу явсан.
Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр сахарын өвчтэй учраас архи согтууруулах ундаанаас хол байдаг. Манай нөхөр өндөр, том биетэй учраас Гтай ноцолдоод зууралдах үед гэмтэл учруулсан байх. Өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Болсон явдлыг манай охин Анужин харж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Анужингийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 8 сарын 22-ны 23:00 цагийн үед би аав Мөнхтулга, ээж Даваалхам, 3 дүү нарын хамтаар зуслангаас хотруу орж ирсэн. Тэр үед аав, ээж “дүү нарыг усанд оруулна” гээд хотруу орж ирсэн байсан юм. Тэгээд буцах замдаа аав, ээж хоёр “хамаатны хүнээс мөнгө авах ёстой” гээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд хотхоны 1-4 тоотод очсон юм. Бидний очсон айл хаалгаа тайлахгүй байсан ба бид хаалга тогшоод нилээн удахад үл таних ах, эгч 2 хаалга тайлж өгсөн. Тэгээд аав, ээж бид 3 тэр айлд ороод, аав “өрөө авмаар байна” гэхэд үл таних эмэгтэй “бид нарт мөнгө байхгүй, мөнгөгүй хүнийг та нар яах юм” гээд уурлаад “чаддаг юм бол намайг алаад ав” гээд байсан. Аавыг гэрийн эзэн гэх хүн гэрээсээ хөөгөөд, түлхээд байсан ба аав “гарахгүй” гээд бие биенийгээ түлхэлцээд байсан. Би үүдний хэсэгт зогсож байсан болохоор сайн хараагүй. Гадаа машинд дүү нар байсан болохоор бид нар тэр айлаас гараад зуслангийнхаа гэрлүүгээ явцгаасан.
Манай аав архи уугаагүй, эрүүл байсан. Манай аавыг Д.Г- гэх хүн “гар” гээд түлхээд байсан, өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10212 дугаартай:
1. Д.Г-ын биед хүзүү, зүүн бугалга, цээж, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 35х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10211 дугаартай:
1. Ц.Д-гийн биед баруун бугалга, цээж, баруун эгэм, баруун тавхай, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 36х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.М-ын яллагдагчаар өгсөн:
“...Би 2018 оны 9 сард өөрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Бумба Гранд хотхоны 32 дугаар байрны 12 тоотыг Д.Г-ын хүү Г.Сэр-Одод худалдах, худалдан авах гэрээ хийгээд, миний байрыг авсан. Тэгээд Д.Г-аас үлдэгдэл 150.800.000 төгрөгийг авахаар Д.Г-, Ц.Д- нарын утас руу олон удаа залгасан боловч утсаа авахгүй байхаар нь би эхнэр Даваалхам, охин Анужин нарын хамт гэрт нь очоод, маргаан үүссэн. Надад гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, намайг гэрт нь ороод “мөнгөө авмаар байна” гэхэд гэрээсээ хөөгөөд байсан. Би тэр үед “мөнгөө авч байж явна” гээд гараагүй, тэгэхэд намайг түлхээд байхаар нь би зөрүүлээд түлхэж, гар хүрсэнээс болж гэмтэл учруулсан гэж ойлгож байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Д.Г-ын нэхэмжилж байгаа 120.000 төгрөгийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 51х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/, гэрлэсний гэрчилгээ /хэргийн 54х/, Мөнхтулгын Анужин, Мөнхтулгын Анударь, Мөнхтулгын Мөнхзаяа, Мөнхтулгын Мөнхтөгөлдөр нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 55-58х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 61х/, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн тодорхойлолт /хэргийн 62х/, суурь боловсролын болон бакалаврын дипломын хуулбар баримтууд /хэргийн 63-66х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.М нь 2019 оны 8 сарын 22-ны өдрийн 23 цагийн орчим Хххх тоот дахь Д.Г-ын гэрт “байр худалдан авсан төлбөрийн үлдэгдэл мөнгийг шаардаж” маргаснаар тэдгээрийн хооронд хувийн сэдэлт бүхий таарамжгүй харилцаа үүссэн, улмаар түлхэх, цохих зэргээр зодож,
- Д.Г-ын эрүүл мэндэд “...хүзүү, зүүн бугалга, цээж, зүүн талын завьжинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,
- түүний эхнэр Ц.Д-гийн эрүүл мэндэд “...баруун бугалга, цээж, баруун эгэм, хүзүү, баруун тавхай, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч хоёр иргэний эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.М нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Д.Г-, Ц.Д- нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “хоёр, түүнээс олон” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчлагдсан.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Л.М-ыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Д.Г-, Ц.Д- нарын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч Д.Г- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэргийн материалтай танилцахдаа “...эмчилгээний төлбөрийн 120.000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэдгээ илэрхийлэн /хэргийн 77-78х/ хохирол төлбөр нэхэмжлэхээс татгалзсан байна.
Мөн хэргийн хохирогч Ц.Д- нь тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Л.Мас гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 52х/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх, шүүгдэгч Л.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Д-, Д.Г- нар нь эмчилгээний зардал төлбөрт хэрэгт авагдсан баримтаар тогтоосон 120.000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авахаас татгалзсан /хэргийн 77х, 78х/ болохыг тус тус шийтгэх тогтоол дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Л-ийн М-ыг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.М-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Л.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Д-, Д.Г- нар нь эмчилгээний зардал төлбөрийн 120.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД