| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0680/Э |
| Дугаар | 682 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 682
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Ц-ийн М-т холбогдох эрүүгийн 19100 1892 0731 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Ц-ийн М /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.М нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2019 оны 8 сарын 01-ний өдөр өөрийн эхнэр Н.Бийн дүү Н.Н-тэй газрын үлдэгдэл төлбөр тооцооноос болж маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 27 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа багш хүн. Хүүхдэд үнэнч шударга байхыг зааж сургадаг. Би өнөөдөр шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөхөөс илүүтэйгээр болсон асуудлыг үнэн зөвөөр ярьмаар байна.
2019 оны 8 сарын 01-ний өдөр би гэртээ унтаж байхад “манай гэрийн хаалгыг хүн өшиглөөд байна” гэж хүүхдүүд хэлсэн. Тэгээд хаалгаа тайлахад манай хадам ээж, эхнэрийн охин дүү, эрэгтэй дүү нар орж ирсэн. Үүдэнд байсан гутлыг өшиглөөд ороод ирэхээр нь “гутлаа тайлдаггүй юм уу” гэхэд “юу яриад байгаа юм бэ, Б хаана байгаа юм бэ” гэсэн.
Би “Б Хан-Уул дүүрэгт ажлаар явж байгаа, наад мөнгө төгрөгний асуудлаа өөрсдөө шийд” гэхэд “Б олдохгүй байна, чи бас хамаатай биз дээ” гээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би эхнэрийн эрэгтэй дүүд “эгчийгээ ав” гээд сандал дээр түлхээд суулгахад ширээн дээр байсан шилээр миний толгой дээр цохиж хагалсан.
Тэгэхээр нь би хүүхэддээ “ийшээ явж болохгүй шүү” гэж хэлж байх хойгуур хадам ээж шилний хагархайг түүж цэвэрлэж байсан. Би Нийг сандал дээр суулгахдаа нүүр рүү нь цохиж суулгасан. Би тухайн үед толгойдоо цохиулаад манарсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би өөрийгөө аргагүй хамгаалалт хийсэн гэж боддог.
Гэхдээ би Нийг цохиж гэмтэл учруулсан үйлдэлдээ маргахгүй, би учруулсан нь үнэн. Миний гэр бол миний цайз гэдэг. Хүний гэрт орж ирээд, бусдыг ийм хэрэгт холбогдуулсанд нь гомдолтой байдаг. Өнөөдөр шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр ирж үнэнийг мэдүүлэхгүй байгаад нь харамсаж байна.
Баянхошуунд байсан манай хадам ээжийн хашааг 43.0 сая төгрөгөөр зарсан байдаг. Энэ хашаанд манайх амьдарч байсан. Дараагаар нь нөхөн олговорт 8.0 сая төгрөг өгнө, үүнийг байр түрээслэсний төлбөрт аваарай гэж хэлсэн байдаг. Тэгэхэд манай эхнэр “энэ мөнгөөр ядаж ээжийнхээ тэтгэврийн зээлийг чөлөөлж өгье” гэж хэлсэн байсан. Үүнийг би мэдээгүй, энэ асуудлаас эхнэрийн дүү нар гэрт ирж, хэрүүл маргаан үүсгэсэн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1892 0731 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Н-ийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 8 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын товгор дэлгүүрийн ард манай ах Мын гэрт би ээж, дүүгийн хамтаар очсон ба Мын гэрт очиж эгч Бтэй уулзах гэж очсон боловч байгаагүй. Тухайн үед өмнөх газарт орсон газрынхаа талаар ярилцсан, газрын үлдэгдэл мөнгө болох 8.0 сая төгрөгийг Б эгч, М ах хоёр өөрсдийнхөө данс руу авахаар болсон байсан учир очиж ярилцахад “бид хоёр авах ёстой” гэж М нь маргаан үүсгэж, миний уруул тус газар хоёр удаа цохиж гэмтээсэн ба намайг үсдэж доош нь дарсан, би болиулах гэж толгой руу нь нэг удаа цохисон.
Мын эхнэр манай эгч болохоор эгчтэй уулзаж, газрын мөнгөний талаар болон гэрээний талаар ярилцах гэж очсон юм. М “мөнгө өгөхгүй” гэснээс болж уурлаж, миний хацар тус газарт хоёр удаа цохисон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тунгалагийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 8 сарын 01-ний өдөр охин, хүү хоёрын хамт том охин Бийн гэрт очиход Б гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрт нь орж Бийг хүлээж байхад түүний нөхөр М, манай охин Н хоёр миний Баянхошуунд байдаг газарт орсон газраас болж маргалдаж эхэлсэн ба сүүлд орсон 8.0 сая төгрөг Бийн данс руу орсон байсан. Тэгээд Бийн нөхөр М Нтэй энэ мөнгөний асуудлаас болж маргалдаж байснаа Нийг үсдэж дараад, мөн хоёр удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхэд Н ширээн дээр нь байсан цайтай шилэн саваар Мын толгой тус газарт нь нэг удаа цохисон. Би тэр хоёрын хажууд байсан боловч салгах гэхээр айгаад салгаж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9408 дугаартай:
1. Н.Н--н биед доод уралд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18х, 26х/,
4. Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимет”ХХК-ийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн Х-548 дугаартай:
“...хэрэглэж байсан хуучин ус хийж тавьдаг шилэн цорго 1ш 14.000 төгрөг, гал тогооны өрөөний вакум цонхны дотор шил /хуучин/ 60.000 төгрөг, ажлын хөлс 12.000 төгрөг, нийт дүн 86.000 төгрөг /наян зургаан мянган төгрөг/ гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 41-43х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 8 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын товгор дэлгүүрийн хажууд байрлах 3 давхар улаан байранд буюу гэртээ байж байхад гаднаас манай эхнэрийн дүү Н болон хадам ээж, мөн эхнэрийн дүү гурвуулаа орж ирсэн. Орж ирээд эхнэрийн дүү Н “эхнэр чинь хаана байна, тэр газрын гэрээг яах гэж хийсэн юм” гээд орилоод байсан. Би тухайн үед “шүүхээрээ яв, надад хамаагүй” гэж хэлээд ширээн дээр байсан шилэн савтай цайнаас цай хийж өгөх гээд 2 аяга аваад, эргээд харахад тухайн шилэн саваар намайг толгойн тус газар цохихоор нь би буцаагаад нэг удаа нүүрэн тус газар нь цохисон.
Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 52х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 28х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 30х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 31х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 33х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Мын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгч Ц.Мын гэрт 2019 оны 8 сарын 01-ний өдөр хадам дүү Н.Н, мөн хадам эх Б.Тунгалаг нар газрын нөхөн төлбөрийн асуудлаар түүний эхнэр Н.Бтэй уулзахаар ирсэн үед нь шүүгдэгч Ц.М болон хохирогч Н.Н- нар тухайн асуудлаар маргалдан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргааны явцад шүүгдэгч нь Н.Н-ийн нүүр тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “доод уруулд шарх” бүхий хөнгөн хохирол, хохирогч Н.Н- нь ширээн дээр байсан усны саваар Ц.Мын толгой тус газар цохиж, усны сав болон гал тогооны өрөөний вакум цонхны дотор шилийг хагалж эд хөрөнгөд нь 86.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч Н.Н-ийн: “...2019 оны 8 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын товгор дэлгүүрийн ард манай ах Мын гэрт би ээж, дүүгийн хамтаар очсон ба Мын гэрт очиж эгч Бтэй уулзах гэж очсон боловч байгаагүй. Тухайн үед өмнөх газарт орсон газрынхаа талаар ярилцсан, газрын үлдэгдэл мөнгө болох 8.0 сая төгрөгийг Б эгч, М ах хоёр өөрсдийнхөө данс руу авахаар болсон байсан учир очиж ярилцахад “бид хоёр авах ёстой” гэж М маргаан үүсгэж, миний уруул тус газар хоёр удаа цохиж гэмтээсэн ба намайг үсдэж доош нь дарсан, би болиулах гэж толгой руу нь нэг удаа цохисон.
Мын эхнэр манай эгч болохоор эгчтэй уулзаж, газрын мөнгөний талаар болон гэрээний талаар ярилцах гэж очсон юм. М “мөнгө өгөхгүй” гэснээс болж уурлаж, миний хацар тус газарт хоёр удаа цохисон. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11х/,
- гэрч Б.Тунгалагийн: “...Би 2019 оны 8 сарын 01-ний өдөр охин, хүү хоёрын хамт том охин Бийн гэрт очиход Б гэртээ байхгүй байсан. Тэгээд гэрт нь орж Бийг хүлээж байхад түүний нөхөр М, манай охин Н хоёр миний Баянхошуунд байдаг газарт орсон газраас болж маргалдаж эхэлсэн ба сүүлд орсон 8.0 сая төгрөг Бийн данс руу орсон байсан. Тэгээд Бийн нөхөр М Нтэй энэ мөнгөний асуудлаас болж маргалдаж байснаа Нийг үсдэж дараад, мөн хоёр удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэгэхэд Н ширээн дээр нь байсан цайтай шилэн саваар Мын толгой тус газарт нь нэг удаа цохисон. Би тэр хоёрын хажууд байсан боловч салгах гэхээр айгаад салгаж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 9408 дугаартай:
1. Н.Н--н биед доод уралд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 18х, 26х/,
- Үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимет”ХХК-ийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн Х-548 дугаартай:
“...хэрэглэж байсан хуучин ус хийж тавьдаг шилэн цорго 1ш 14.000 төгрөг, гал тогооны өрөөний вакум цонхны дотор шил /хуучин/ 60.000 төгрөг, ажлын хөлс 12.000 төгрөг, нийт дүн 86.000 төгрөг /наян зургаан мянган төгрөг/ гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 41-43х/,
- шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 52х/ нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Шүүгдэгч Ц.Мын гэрт 2019 оны 8 сарын 01-ний өдөр болсон газрын нөхөн төлбөрийн талаарх үүссэн маргааны явцад хувийн сэдэлттэй таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч нь Н.Н-ийн нүүр тус газарт нь гараараа цохисны улмаас хэргийн хохирогч Н.Н-ийн биед шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...доод уралд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Ц.Мын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч Ц.М нь хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд маргаагүй болохыг тэмдэглэв.
Түүнчлэн хувийн сэдэлттэй, ахуйн хүрээнд гарсан тодорхой маргааныг эвийн журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой атал, хохирогч, шүүгдэгч нар нь хүч хэрэглэх, эд хөрөнгө авч шидлэх зэргээр үүссэн нөхцөлд асуудлыг хурцатгаж зүй бус авирласан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон ба хохирогч Н.Н-ийн ширээн дээр байсан усны саваар Ц.Мын толгой тус газар цохих, усны сав болон гал тогооны өрөөний вакум цонхны дотор шилийг хагалж гэмтээн эд хөрөнгөд нь 86.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагаа явуулж байгаа талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тайлбарласан. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэж шийдвэрлэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.Н-ийн биед учирсан “...доод уралд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Н.Н- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгч Ц.Мын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 28х/ байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Ц.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Ингэхдээ шүүх, Ц.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Н- нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бовогт Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-ыг 450.000 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ц.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Н- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД