| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0655/Э |
| Дугаар | 686 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 686
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ё-гийн Г-т холбогдох эрүүгийн 19030 0627 0359 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогч Д.Б, хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбат, иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн, иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М, шүүгдэгч Ё.Г, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шинжээч эмч Т.Номинцэцэг, хөрөнгийн үнэлгээний шинжээч Д.Амгалан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Гэрэлт дөл транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ё-гийн Г /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ё.Г нь 2019 оны 6 сарын 05-ны өдөр 21 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Айцын давааны хойд замд “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Гийн өгсөн:
“...Би 2019 оны 6 сарын 05-ны өдөр Налайх дүүргээс “Говийн бараа” ХХК-ийн ачаа ачаад Төв аймгаар дайраад, Айцийн даваагаар 20-30 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд машиныхаа тоормосоо огцом гишгэтэл машины руль зөв тал руугаа гарч осол гарсан. Гэхдээ би машины эвдрэлээс болоод осол гаргасан.
Одоогийн байдлаар би хохирогч Д.Бт 2.324.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б “лизингийн мөнгөө төлмөөр байна” гэхээр нь би боломжоороо мөнгө өгдөг байсан. Төлбөр барагдуулах гэрээнд дурдсанаар 46.893.425 төгрөгийн хохирол учирсан гэдэг ба авто тээвэр “Тав” ХХК-ийн сул зогсолтын хохирол болох 36.306.959 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна.
Миний урд замд ямар нэгэн саад байгаагүй. Миний машины руль гацаж, хурдаа сааруулах гэтэл тоормос бариагүй, мөн зогсоох арга хэмжээ авсан боловч тухайн осол гарсан газар нь уруу газар байсан тул хурд саараагүй. Руль зөв тал руугаа гацчихсан. Би 17 тонн ачаа ачиж явсан ба ойролцоогоор 30 км цагийн хурдтай явж байсан. Замын хөдөлгөөний дүрэмд 60 км/цагийн хурдтай явах ёстой гэж заасан байдаг. Осол гарах үед цаг агаарын нөхцөл байдал хэвийн байсан.
Тээврийн хэрэгслийн гэрэл асаалттай байсан. Миний жолоодож явсан машины тоормос ажиллахгүй байгааг тогтоосон эсэхийг одоо мэдэхгүй байна. Би хурд хэтрүүлээгүй, миний урд ямар нэгэн саад байгаагүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй. Би гэм буруугийн тал дээр маргахгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бийн өгсөн:
“...2019 оны 6 сарын 05-ны өдөр Айцийн давааны орчимд осолд орсон. Тухайн өдөр оройн 22 цагийн үед ачаа ачаад явж байсан. Би шүүгдэгчийн жолоодож явсан машиныг нилээн хол зайнаас харсан. Би 20 гаруй жил тээврийн ажил хийсэн хүн. Би тухайн үед машиныхаа гэрлийг асаасан байсан, хажуугаар зөрчих байх гэж бодож байтал 20-30 км/цагийн хурдтай ирж миний машины зүүн талаас ирж мөргөсөн. Нэг сэрэхэд шороо бужигнаж байсан. Би тухайн үед машинаа зогсоох арга хэмжээ авсан.
Би 6 дугаар сараас хойш ажилгүй байна. Эмчилгээний зардал 2.700.000 төгрөг гарсан. Үүнээс шүүүгдэгч цувуулж мөнгө өгсөн байгаа. Шүүгдэгч нийт 1.724.000 төгрөг төлсөн. Би хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан. Би 6 дугаар сараас хойш ажилгүй байсан тул ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилж байна. Намайг олон ясны хугаралтай гэж 1 жилийн хугацаатай группт оруулсан. Иймээс цаашид 2020 оны 9 сар хүртэлх цалингаа нэхэмжлэх хүсэлттэй байна. Би авто тээврийн “Тав” ХХК-д жолооч ажилтай.
Манай байгууллагаас миний цалинг дунджаар 1.872.000 төгрөг гэж бодсон байсан. Миний үндсэн цалин 3.000.000 төгрөг, хэдэн рейс хийснээсээ шалтгаалаад цалин нэмэгддэг учир тооцоолоод нийт 15.045.835 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хохирол төлбөрийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасан журмын дагуу иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас нэхэмжилж байна.
Хохирлын задаргааг дурьдвал: эмчилгээний зардал 2.560.753 төгрөг гарсан. Үүнээс шүүгдэгч 1.724.000 төгрөг, 400.000 төгрөгөөр төлсөн тул нийт 2.124.000 төгрөгийг төлсөн. Олох ёстой байсан сарын цалин дунджаар 1.872.000 төгрөг байсан. 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сард группийн 310.000 төгрөг авах учир уг мөнгийг хасахад 9.601.000 төгрөг болж байна. 6 дугаар сарын 1.872.000 төгрөг, 7 дугаар сард 1.872.000 төгрөг, 8 дугаар сард листний 300.000 төгрөг орж ирсэн тул үүнийг хасаад 1.572.000 төгрөг, 9 дүгээр сард лист 500.000 төгрөг, 10 дугаар сард групп тогтоолгосон тул хоногоор тооцоолоод 211.000 төгрөг орж ирсэн ба нийт 711.000 төгрөгийн группийн мөнгө авсныг хасч тооцоход өвчтэй байсан хугацаанд авах ёстой байсан цалин орлогын зөрүү 1.161.000 төгрөг, мөн 10 дугаар сард 310.000 төгрөг орж ирсэн, үүнийг хасахаар 1.562.000 төгрөг тус тус болж байгаа юм. Иймд нийт 7 сарын цалин орлогын зөрүү 9.601.000 төгрөг нэхэмжлэх тооцоо гарч байна.
Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд зээлээр авсан гар утасны үнийн төлбөрийн үлдэгдэл 769.082 төгрөг, мөн “Тэтгэх наран” хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн төлбөрийн үлдэгдэл 2.839.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын зардалд төлсөн 1.000.000 төгрөг, баримттай гарсан эмчилгээний зардлаас үлдсэн 436.756 төгрөг тус тус нэхэмжилж байгаа. Нийт нэхэмжлэлийн дүн 14.645.835 төгрөг.” гэсэн мэдүүлэг,
3. Иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК-ийн төлөөлж Р.Даас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
“...Зам тээврийн осол хэргийн улмаас манай байгууллагад 46.893.425 төгрөгийн бодит хохирол учирсан. Үүнээс “Гэрэлт дөл транс” ХХК-иас 7.000.000 төгрөгт тооцон барилгын материал цемент авсан. Үлдсэн 36.688.500 төгрөгөөс 30.0 сая төгрөгт нь тооцон Хово машины чирэгч толгойг шилжүүлэн өгсөн ба манай байгууллага зам тээврийн ослын улмаас эвдэрсэн 42-71 УНЧ тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” компанид шилжүүлэн өгөх, мөн “Гэрэлт дөл транс” ХХК нь хохирлоос үлдсэн 6.183.425 төгрөгийг 2019 ондоо багтаан манай байгууллагад шилжүүлэн төлөхөөр тохирч хохирол төлбөр барагдуулах гэрээг хоёр байгууллагын удирдлага ярилцан байгуулсан байгаа.
Манайх хуучин машины 8.311.500 төгрөгийн арам, гэрчилгээ, мотор, хороп, урд тэнхлэг зэргийг “Гэрэлт дөл транс” ХХК-д хүлээлгэн өгөхөөр болсон. Авто тээврийн “Тав” ХХК нь Таван толгойд үйл ажиллагаа явуулдаг “Ти Ти Жи Ви Си Өү” компани болон “МТ Петролуим” компанийн ачаа барааны тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан ба 42-71 УНЧ тээврийн хэрэгсэл осолд орж эвдэрснээс тээвэрлэлтийн гүйцэтгэл сааталд орж хохирол хүлээсэн байгаа. Уг тээврийн хэсэгсэл нь сардаа 3-4 удаа рейс явж ачаа тээвэрлэдэг байсан тул 2016 оны 6 дугаар сараас 2019 оны 9 сарын хугацаан дахь сул зогсолтын 36.303.959 төгрөгийг, өмгөөлөгчийн зардлын 3.000.000 төгрөгийн хамт нэхэмжилж байгааг иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас гаргуулан өгч хохирлгүй болгож өгнө үү” гэсэн мэдүүлэг,
4. Иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК-ийг төлөөлж Б.Маас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
“...Авто тээврийн “Тав” ХХК-ийн нэхэмжлэлээс сул зогсолтын мөнгө гэж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бусад хохирлын хувьд хоёр байгууллагын удирдлагууд хохирол барагдуулах талаар удаа дараа уулзаж ярилцсны эцэст төлбөр барагдуулах хэлцэл гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тохирсон ёсоор манай компани хохирлоос үлдсэн 6.183.425 төгрөгийг 2019 ондоо багтаан тус байгууллагад төлнө.
Ер нь осолд орж эвдэрсэн 42-71 УНЧ тээврийн хэрэгслийн үнэлгээ бодитой тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй. Үнэлгээ харьцангуй өндөр байгаа. Манайх 6.000.000 төгрөгийн асуудлаа шийднэ. Тохиролцсон гэрээнийхээ дагуу хохирол төлнө. Уг мөнгөнөөс өмгөөлөгчийнхөө хөлсийг гаргах байх гэж бодож байна. Иргэний нэхэмлэгчийн зүгээс тавьсан бүх шаардлагыг манай тал хүлээж авсан байгаа тул нэмж мөнгө гаргаж өгөх боломжгүй...” гэсэн мэдүүлэг,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Номинцэцэгийн өгсөн:
“...Өвчний түүх дээр үндэслэн тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Өвчний түүх дэх 2019 оны 6 сарын 06-ны өдрийн томографийн шинжилгээний хариу дээр баруун гайморын хөндийн доод хана зөрүүгүй хугаралтай, бага хэмжээний цустай, тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай гэсэн өөрчлөлтүүд байсан байна.
Духны этмойд хөндийн салст зузаарсан, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай нь тархи доргилтын шинж. Онош дээр цээжний дарагдал, няцрал гэсэн нь 6 дугаар сегментийн хавчилт буюу цээжний хөндийн гэмтэл тул дүгнэлтэд энэ талаар тодорхой тусгасан байна. 6 дугаар сегментийн хавчилт гэдэг нь уушигны цулцангууд агааржилтгүй болно гэсэн үг. 6 дугаар сегмент нь цээжний хөндийн ард, урд байрладаг.
Цээжний дарагдал, няцрал гэдэг нь онош байгаа юм. 2019 оны 6 сарын 06-ны өдрийн томографийн шинжилгээн дээр бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн сэртэнгийн хугарал, баруун уушигны сегментэд субсегментний ателектазтай гэсэн байна. Үүнийг ерөнхий оношоор нь цээжний дарагдал, няцрал гэж хэлээд байгаа юм.
Шүүхийн шинжилгээний тухай хуульд эмнэлгийн бичиг баримт нь өөрөө шинжилгээний объект мөн гэж заасан байдаг. Хохирогчийг тухайн үед эмнэлэг дээр үзэх гээд очсон боловч эмнэлгээс гарсан байсан ба эмнэлгийн бичгүүд нь бүгд байсан учир дүгнэлтээ гаргасан.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комисс нь ажил хийх чадвар байна уу гэдгийг тогтооно. Манайх энгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Энгийн хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг нь өөрөө өөртөө үйлчлэхийг хэлж байгаа юм.
Хохирогчийн биед үүссэн баруун шилбэний гадна хавчаар ясны хугарал нь хүндэвтэр гэмтэл, бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь хүндэвтэр, гайморын хөндийн доод ханын хугарал нь хүндэвтэр, уушигны сегментийн хавчилт, тархи доргилт, нүүр гарын зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Эдгээр гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтыг ямар хувь хэмжээнд алдагдуулахыг би мэдэхгүй байна. Манайх энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтооно. Харин эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог юм.” гэсэн мэдүүлэг,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хөрөнгийн үнэлгээний шинжээч Д.Амгалангийн өгсөн:
“...Тухайн авто машиныг /42-71 УНЧ улсын дугаартай/ сэлбэгээр нь үнэлэхэд он хуучин машин байсан. Зах зээлийн үнээс хамаарч өндөр үнээр сэлбэг нь татагдаж, одоо байгаа зах зээлийн үнэлгээнээс их хэмжээний үнэлгээ гарах гээд байсан тул ямар үнэлгээний арга хэрэглэсэн бэ гэхээр тухайн хөрөнгийг эд ангиудаар хэсэгчлэн хуваагаад детальчлан хувьчилж авч үзэн үнэлгээг тогтоосон. Ингэхдээ хэдэн хувь нь эвдрэлтэй, цаашид ашиглах хувь нь хэд вэ гэдгийг тооцоолсон байгаа.
Тухайн машин нь бүхэлдээ эвдэрсэн байсан тул хойд хэсгийг нь үлдэх байдлаар авч үзээд бусад хэсэгт нь эвдрэл гэмтлийн хувийг тогтоож өгсөн. Үндсэн хэсгийн дүнд эд ангийн эзлэх хувь гэдэг нь тээврийн хэрэгслийн эд ангиудын эзлэх хувь хэд байхыг хэлэх ба үүнээс эвдэрсэн эд ангийн ямар хувь хэмжээг хамаарах гэдэг байдлаар үнэлгээний аргыг сонгож хэрэглэсэн. Тухайн эд хөрөнгийн эвдэрсэн эд ангийн үнэ нь эд хөрөнгийн өөрийн үнээс өндөр гарахаар байсан тул хувь үндсэн хэсгийн дүнд эд ангийн эзлэх хувиар эвдрэл тооцох хувийг гаргаж, энэ нь машины өөрийн үнэд эзлэх хувиар ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан шууд хохирлын хэмжээг тогтоосөн ба энэ үнэлгээний аргачлал нь хүлээн зөвшөөрөгдсөн арга юм. 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өөрийн өртгийг зах зэээлийн үнээр тооцоход 45.0 сая төгрөг гэж, ослоос үүссэн хохирлын хэмжээг тухайн тээврийн хэрэгслийн 81.53 хувь гэж тогтоосон байгаа.
2011 оны Хово машин зах зээл дээр ямар үнэлгээтэй байгаа вэ гэхээр зах зээл дээр байгаа үнэ хэлбэлзэлтэй тул дундаж үнийг барьж үнэлгээ гаргасан. Тухайн үед бодит хөрөнгөө хараад үнэ цэнээ тогтоосон. “North benz” маркийн машин тухайн үед 52.0 сая төгрөгийн үнэтэй байсан. Бид дундаж үнийг барьж үнэлгээ гаргасан байгаа. Тухайн хөрөнгийн харагдах байдал болон үзэгдэх байдлаас хамаараад янз бүрээр үнэлэгдэж байгааг бүгд мэдэж байгаа. Тухайн эд хөрөнгөөр нь үнэлгээ гаргах гэхээр зах зээлийн үнээс илүү гарах гээд байсан тул хэдэн төгрөгийн бодит үнэ үлдэж байна вэ гэдэг талаас нь дүгнэж үнэлгээг тогтоосон. Зах зээлийн үнэлгээнээс илүү гаргаж болохгүй тул деталь бүрээр нь авч үзсэн ба детальчлах аргыг хэрэглэсэн. Үнэлгээний энэ аргачлал нь олон улсын стандартад нийцсэн арга юм.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 0627 0359 дугаартай хэргээс:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 3-4х, 5-9х/,
2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 10х/,
3. Тээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтууд /хэргийн 1-р хавтас 12-13х, 106-107х, 116х, 119х/,
4. Жолоочийн лавлагаа мэдээлэл баримтууд /хэргийн 1-р хавтас 14-15х, 92х, 104х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...2019 оны 5 сарын 06-ны өдрийн 22 цагийн орчим албаны “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай том оврын машиныг жолоодон Өмнөговь аймгийн Цогтцэций сум орохоор пошкитой тос ачиж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Айцийн давааны хойд замд хойноос урд зүг чиглэлтэй явж байхад нэг “North benz” маркийн том оврын машин саад донсолгоо гаргаж байгаа байдалтай зүүн гар тийш дарж манай эгнээнд урсгал сөрөөд орж ирсэн.
Тэгэхээр нь би зугтан баруун тийш дарсан боловч машин тэр чигээрээ ирээд миний зүүн талаас мөргөж, замын хажуу руу унагаасан. Ингээд нэг ухаан ороход зүүн шанаа хэсгээс цус гарч байсан. Тэнд явж байсан хүмүүс “North benz” маркийн машины жолоочийг кабинаас нь гаргаад, газар хэвтүүлж байсан. Намайг бас хүмүүс гаргах гэж оролдоод гаргаж чадаагүй, онцгой байдлын ажилтнууд ирээд машины кабинаас гарган Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт тархи болон баруун хөлний зураг авахуулаад, улмаар хавсарсан гэмтлийн тасагт шилжин хэвтэж эмчлүүлэх болсон.
Тухайн үед би 30 орчим км цагийн хурдтай явж байсан. “North benz” маркийн машин бол их хурдтай явж байсан, 60-70 орчим км цагийн хурдтай явсан байх. Би уг машиныг 30-40 метрийн зайнаас харсан. Анх харах үед “North benz” маркийн машин хэвийн явж байснаа надтай ойртох үедээ гэнэт зүүн гар тийш дараад эсрэг урсгалд буюу манай эгнээнд ороод ирсэн.
Би осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчтэй танилцлаа. Миний тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн болон мөргүүлээд унасан газар цэг зөв байна, тохирч байна. Би тухайн үед ганцаараа явж байсан. Гадаа дөнгөж бүрий болж байсан. Үзэгдэх орчим чөлөөтэй, зам асфальтан, шулуун, бага зэрэг өгсүүр байсан. Машины хөдөлгөөн бага, ойр орчинд хяналтын камер байсан эсэхийг анзаараагүй.
Би тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй, В, С, D, Е ангилалтай. 1996 оноос хойш тээврийн хэрэгсэл жолоодож байна. ...Тэр машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Миний тархи доргисон, баруун хөлийн шилбэ хугарсан, барууун хавирга хугарсан, баруун нүд, нурууны сэртэн яс гэмтсэн гэмтлүүд учирсан. ...Эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлээд буруутай жолоочоос нэхэмжилнэ, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 19-20х, 23-24х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7584 дугаартай:
1. Д.Б-н биед баруун шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал, баруун уушигны 6-р сегментэд авчилт, баруун гайморын хөндийн доод ханын хугарал, тархи доргилт, нүүр, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 38х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 09шэ/148 дугаартай:
1. Ё.Гийн биед тархины доргилт, зулай, баруун гарын бугалга, зүүн гарын алга, баруун гарын сарвууны хэсгүүдэд оёдолны оромтой зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл, тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 42х/,
6. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3721 дугаартай:
1. Шинжилгээнд North Benz маркийн автомашин нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдал хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. 15-59 ГЧ улсын дугаартай чиргүүлийн урд тэнхлэг байхгүй байгаа нь ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй байсан байна гэж үзэх үндэслэлтэй.
2. Автомашинд үүссэн эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.
3. Автомашины бүхээг, тэвш, явах эд ангид гарсан гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь үүсээд удсан байх боломжтой.
5. Тоормосны хийн системтэй. Автомашинд гарсан гэмтлээс тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна.
6. Урд тэнхлэгийн тоормосны гуурсууд болон чиргүүлийн тоормосны гуурсууд тасарч салсан, хий хураах савнууд салж унжсан гэмтлүүдтэй байна.
7. Шинжилгээнд ирүүлсэн автомашин асаж явах боломжгүй тул зам дээр тоормос гишгэхэд тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй байна.
8. Автомашинд гарсан гэмтлээс автомашин явах боломжгүй тул спидометрийн ажиллагааг шалгах боломжгүй, жолооны хүчлүүрийн хөшүүрэг хөдөлж жолооны механизмын эд анги ажиллаж байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 49-70х/,
7. Хохирогч Д.Бийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 76-80х, 98-102х, 124-129х, хэргийн 2-р хавтас 36-43х, 69-112х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Дийн өгсөн:
“...2019 оны 6 сарын 05-ны өдрийн 21 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Айцийн давааны хойд замд “North benz” Маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч манай компанийн “Howo” Маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолоочийн эрүүл мэндэд хохирол учруулсан. Мөн тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээсэн байсан. “North benz” Маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж ирээд манай “Howo” Маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн гэсэн. Тухайн үед “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн. Тээврийн хэрэгслийн толгой бүхэлдээ салж унасан, урд хэсэг бүхэлдээ чихэгдэж хагарч бутарсан. Үндсэн рам хажуу тал руугаа ханарч гулзайсан, чиргүүл задарч хэлбэрээ алдсан, хохирлын хэмжээ 81.53 хувь гэж тогтоосон.
Уг тээврийн хэрэгсэл нь 2011 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, одоогийн зах зээлийн үнэ нь 45.0 сая төгрөгийн үнэтэй. Үүний 81.53 хувь нь эвдрэл гэмтэлтэй гэхээр 36.688.500 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Чиргүүлийн засварын хөлс 3.5 сая төгрөг болсон. Дээрх эд хөрөнгийг үнэлгээ хийлгүүлсний хөлс болох 120.000 төгрөгийг үнэлгээний байгууллагад төлсөн. Ослын газар дээрээс тээврийн хэрэгслээ ачуулах краны хөлсөнд 1.0 сая төгрөг, 5 хүн хөлсөлж ачааг өөр тээврийн хэрэгсэлд ачуулсаны хөлсөнд 250.000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд нийт 42.368.500 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг буруутай жолоочоор төлүүлж авмаар байна, гомдолтой байна.
Одоогоор ямар нэгэн хохирол төлөгдөөгүй, мөн уг тээврийн хэрэгсэл тухайн үед “Ти ти жи ви си өү” ХХК-ийн хангамжийн ачаа болох трансформатор, зэв, шил арчигчийн шингэн, тусламжийн хайрцаг, ажлын бээлий, үзлэгийн дэвтэр, ажлын хувцас зэрэг барааг Өмнөговь аймгийн Цогц-цэций суманд байрлах “Таван толгой” ХХК-ийн уурхайд хүргэж өгөхөөр авч явсан. Ослын үеэр 3.234.925 төгрөгийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн, хүлээж авахгүй гээд манай компанид 3.234.925 төгрөгийн барааг нэхэмжилсэн нэхэмжлэл ирээд байна. Үүнийг мөн төлүүлж авмаар байна.
Тухайн үед манай компанийн “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн байдлыг хангасан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн үйл ажиллагаатай байсан. Тоормос, жолооны хүрд, рычак зэрэг эд анги нь бүгд хэвийн ажиллагаатай байсан. Ер нь манай компани тээврийн хэрэгслийг ажилд гарахад нь тогтмол шалгаж гаргадаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25х, 27-28х/,
9. Бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 сарын 22-ны өдрийн 89 дугаартай:
“...Хятад улсад үйлдвэрлэгдсэн HOWO маркийн автомашины өнөөгийн зах зээлийн үнэ 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг, уг машины ослоос гарсан хохирлын хэмжээ 81.53 хувь буюу 36.688.500 /гучин зургаан сая зургаан зуун наян найман мянга таван зуу/ төгрөг, чиргүүлийн засвар 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, нийт шууд хохирлын дүн 40.188.500 /дөчин сая нэг зуун наян найман мянга таван зуу/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 75х, 83-86х, 171х/,
10. Иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК-ийн хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 82-89х, 173-198х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК-ийн төлөөлж Б.Мын өгсөн:
“...2019 оны 6 сарын 05-ны өдрийн 21 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Айцийн давааны хойд замд “North benz” Маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаагаа ойлгож мэдэж байгаа.
Иргэний хариуцагчаар оролцоход татгалзах зүйлгүй. Тухайн үед манай компанийн “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч “Тав” ХХК-ийн “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч болон тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан. Жолоочийн эрүүл мэндэд учирсан хохирлыг манай компанийн жолооч Ё.Г өөрөө хариуцаж төлнө гэсэн, харин тээврийн хэрэгслийн хохирлыг Иргэний хуульд заасны дагуу манай компани хариуцахаар болж “Тав” ХХК-ийн захирал Ганболд гэдэг хүнтэй уулзаад, 2007 оны “Howo” маркийн тээврийн хэрэгслийн чирэгч толгойг шилжүүлэн өгч, хохирлоо барагдуулъя гэсэн боловч “бэлэн мөнгө авна” гээд тохиролцоогүй тул шүүхийн шийдвэрийн дагуу асуудлыг шийдвэрлэх болно. Манай компанийн жолооч Ё.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, Е ангилалтай мэргэшсэн жолооч юм.
... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2019 оны 6 сарын 5-ны өдөр 78-81 ӨМӨ улсын дугаартай “Nortnbenz” маркийн тээврийн хэрэгслийг ажилд гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Батсайхан хариуцан шалгаж тээврийн хэрэгслийг ажилд гаргадаг. Тухайн үед уг ажилтан Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газарт байрлах кемп дээр байсан ба манай компанийн ихэнх тээврийн хэрэгсэл уг кемп дээр байрлаж Цагаан хаднаас Таван толгой чиглэлд тээвэр хийдэг. Зөвхөн 3 тээврийн хэрэгсэл нь Улаанбаатараас Өмнөговь аймгийн хооронд тээвэр хийдэг юм. Уг осолд орсон 78-81 ӨМӨ улсын дугаартай “Nortnbenz” маркийн тээврийн хэрэгсэл нь орон нутагт тээвэр хийдэг юм. Тээврийн хэрэгслийн 15-59 ГЧ улсын дугаартай чиргүүл бол 2 тэнхлэгтэй байсан. Стандарт чиргүүлүүд зарим нь 2 тэнхлэгтэй, зарим нь 3 тэнхлэгтэй байдаг. 2 тэнхлэгтэй байж болно. Хамгийн гол нь тухайн чиргүүлийн тэнхлэг дээр ноогдох даацыг хэтрүүлэхгүй байх ёстой. 78-81 ӨМӨ улсын дугаартай “Nortnbenz” маркийн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээг тогтмол хийдэг. Хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сард “Алшаа сүмбэр” ХХК-ийн засварын төвд бүтэн ээлж хийлгүүлсэн байримтууд нь байгаа. Манай компанийн жолооч Гандашийн жолоодон явсан 78-81 ӨМӨ улсын дугаартай “Nortnbenz” маркийн тээврийн хэрэгсэл нь осолд орох үедээ “Говийн бараа” ХХК-ийн 25.0 сая төгрөгийн 671 хайрцаг 13,4 тонн паркетэн шал тээвэрлэж явсан ба тухайн ослын үед тээвэрлэж явсан бараанаас үрэгдэж, гэмтсэн бараа байхгүй. Бүх баримтууд бүрэн байгаа.
“Тав” компанийн HOWO маркийн тээврийн хэсэгсэл ямар бараа ачиж явсныг мэдэхгүй байна. Ямарч байсан тус компаниас 2019 оны 8 сарын 2-ны өдөр машин болон чиргүүлийн засвар, ачааны хохирол 46.393.425 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээний төсөл ирүүлсэн. Гэрээний дагуу хохирлыг барагдуулах талаар HOWO чирэгч өгөх санал тавьсан хүлээж аваагүй. Тэгэхээр нь эвдэрч гэмтсэн тээврийн хэрэгслээ манай компанид бүрэн шилжүүлээд өгчихвөл цемент нийлүүлье гэсэн санал тавиад тохиролцоонд хүрээгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 33х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч С.Мөнхдалайг байцаасан тэмдэглэлд:
“...15-59 ТЧ дугаарын чиргүүл 3 тэнхлэгтэй байх ёстой байснаас 2 тэнхлэгтэй болгож, урд 1 тэнхлэг байхгүй. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №95, 98, 99-д тодорхой харуулсан байна. 1 тэнхлэг байхгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна гэж үзнэ. Тээврийн хэрэгслийн чиргүүл дээр ачсан ачаа нь жолоодлогыг хэвийн хийх ажиллагаанд нөлөөлөхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 168х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Батсайханы гэрчээр өгсөн:
“...Би “Гэрэлт дөл транс” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилладаг. 2018 оны 6 сараас эхлэн уг албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бол компанийн тээврийн үйл ажиллагаа, ажилчдын дотоод үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Манай компанийн тээврийн хэрэгсэл ажилд гарахад нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд би хяналт тавьж, шалгаж ажилд гаргадаг.
2019 оны 6 сарын 05-ны өдөр манай компанийн Ё.Г жолоочтой “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажилд гарахад нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг би шалгаагүй. Тухайн үед би Өмнөговь аймгийн Хан болгд сумын нутаг дэвсгэр “Цагаан хад” дахь тээврийн кемпэн дээр ажиллаж байсан. Ё.Г жолоочтой “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 6 сарын 05-ны өдөр Налайх дүүргээс паркет ачиж, Өмнөговь аймагт хүргэхээр ажилд гарсан. Энэ үед нь Налайх дүүрэгт зааварчилгаа өгөх, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах албан тушаалтан байгаагүй. Өмнөговь аймгийн Хан богд сумын “Цагаан хад” дахь тээврийн кемпээс ажилд гарсан бол зааварчилгаа өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгуулж ажилд гардаг. Уг тээврийн хэрэгсэл хамгийн сүүлд 2019 оны 5 сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Хан богд сумын “Цагаан хад” дахь тээврийн кемпээс ачаа тээвэрлэж гарах үед техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зааварчилгаа өгч ажилд гаргасан.
Тухайн өдөр тээврийн хэрэгслийн тоормос, араанууд хэвийн ажиллагаатай байсан эсэх, чиргүүл нь хэдэн тэнхлэгтэй байсан талаар би мэдэхгүй, жолооч өөрөө мэдэх байх. 2019 оны 5 сарын 27-ны өдөр ажилд гарахад жолоо, тоормос, араанууд нь хэвийн ажиллагаатай, чиргүүл нь 2 тэнхлэгтэй байсан. 2 тэнхлэгтэй чиргүүл өөрийн даацанд тохирсон ачааг тээвэрлэж болно. Орон нутгийн тээвэрт явж байсан учраас чиргүүл нь 2 тэнхлэгтэй байсан. 2 тэнхлэгтэй чиргүүл 40 тонн ачаа, 3 тэнхлэгтэй чиргүүл 60-80 тонн хүртэл ачаа тээвэрлэх зориулалттай.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 229х/,
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Цогзолмаагийн гэрчээр өгсөн:
“...Би “Тав” компанид ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. 2019 оны 6 сарын 05-ны өдөр манай компанийн жолооч Д.Б “HOWO” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар Өмнөговь чиглэлд ачаа тээвэрлэж явахад Айцийн давааны орчимд “Гэрэлт дөл транс” ХХК-ийн “Northbenz” маркийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орж ирэн мөргөж жолооч Батбилэгийн эрүүл мэндэд хохирол учруулсан. Тухайн үед манай компанийн машин “Ти ти жи ви ми өү” ХХК-ийн хангамжийн ачаа болох трансформатор, зэв, шил арчигч шингэн, тусламжийн хайрцаг, ажлын бээлий, үзлэгийн дэвтэр, ажлын хувцас, гидрийн шингэн, тосол зэрэг нийт 78.621.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээний дагуу тээвэрлэж явсан.
Энэ бараанаас 200л гидрийн шингэн, 51 зэв арилгагч, 14 ширхэг, шил арчигчийн шингэн, 2 хайрцаг анхны тусламжийн хайрцаг, 15 ширхэг ажлын хувцас, 185 ширхэг ажлын ажлын энгийн бээлий, 1 үзлэгийн дэвтэр зэрэг 3.324.925 төгрөгийн бараа гэмтэж эвдэрсэн байсан. 2019 оны 6 сарын 12-ны өдөр “Ти ти жи ви ми өү” ХХК-иас 3.324.925 төгрөгийн нэхэмжлэл ирж, нэхэмжлэлийн дагуу манай компани төлбөрийг барагдуулсан.
Мөн манай компанийн HOWO машины толгой хэсэг нь бүхэлдээ базагдаж салж унасан, урд хэсэг нь чихэгдэж хагарч бутарсан, үндсэн рам гулзайсан, чиргүүл нь задарч хэлбэрээ алдсан, ерөнхийдөө эргэж ашиглагдах боломжгүй болсон. Тухайн үед “Тэнцвэр эстимэйт” компаниар үнэлгээ хийлгэхэд 40 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байсан.
Хохирлын талаар энэ хэрэгт манай тээврийн менежер Р.Д төлөөлөн оролцож байгаа. Уг зам тээврийн ослын улмаас бодит 42.638.500 төгрөгийн хохирол учирсан ба “Ти ти жи ви ми өү” ХХК-ийн ачааны үнэ 3.324.925 төгрөгийн хохирлыг тус тус нэхэмжилнэ. Мөн уг HOWO маркийн тээврийн хэрэгсэл аваар осолд ороогүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан бол 2019 оны 6 сарын 05-наас 2019 оны 9 сарын 31-ны өдөр хүртэлхи сул зогсолтын хөлс 36.303.059 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Уг болсон зам тээврийн осол хэргийн талаар би өөрөө үзэж хараагүй тул мэдэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 167х/,
15. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 383 дугаартай:
1. “North Benz” маркийн 78-01 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ёндонгийн Гандаш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Дашнамжаагийн Батбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Шинжилгээний явцад уг зам тээврийн осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 сарын 05-ны өдрийн №3721 дугаартай шинжээчийн дүгнэлтэд зам тээврийн осол гарахад “North Benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдал нөлөөлсөн эсэхэд хариултыг тодорхой өгсөн байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 246-247х/,
16. “Гэрэлт Дөл Транс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн захирлын 2017 оны 9 сарын 05-ны өдрийн б/09 дугаартай Ёндонгийн Гандашийг тээврийн жолоочоор ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, амтомашины өмчлөл түр шилжүүлэн тээвэр хийх тухай гэрээ, Ё.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт зэрэг баримтууд /хэргийн 1-р хавтас 209-221х/,
17. “Гэрэлт Дөл Транс” ХХК-ийн орон нутагт тээвэр хийж байгаа гэрээт жолооч нарын урьдчилсан зааварчилгааны бүртгэл /хэргийн 1-р хавтас 232-233х/,
18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ё.Гийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 6 сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Улаанбаатар хот руу орох гээд албаны “North Benz” маркийн 78-01 ӨМӨ улсын дугаартай шланз машинтай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Айцийн давааны хойд замд урдаас хойд зүг чиглэлтэй явж байсан. Гэнэт машины жолоо зүүн тийш булааж, тоормос гишгэхэд тоормос барихгүй байхаар нь арааг нь хүндрүүлэх гээд 6 дугаар араанаас 5 дугаар араа руу хийх гэсэн боловч орохгүй, эсрэг урсгалд орж улаан өнгийн том оврын машины зүүн урд хэсгээр мөргөж, замын хажуу хэсэг рүү унасан.
Тэгээд машины бүхээгнээсээ гарах гэсэн боловч хөдөлж чадахгүй, тэнд явсан эрэгтэй хүмүүс машины урд цонхоор татаж гаргасан. Удалгүй түргэний эмч ирээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Нөгөө мөргүүлсэн машины жолооч ямар хүн байсан, яасан эсэхийг мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр эмчлэгдэж байх үед эмнэлэг дээр ирж байна гэж сонссон. Ингээд Гэмтлийн эмнэлэгт толгойн баруун дээд хэсэгт оёдол тавиулж, тархи, 2 гарын сарвууны томографийн зураг авахуулаад, харъяаллын гэмтлийн эмнэлгийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэ гэхээр нь дараа өдөр нь буюу 2019 оны 6 сарын 06-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэх болсон.
Тухайн үед жолоодож явсан “North Benz” маркийн 78-01 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол “Гэрэлт дөл транс” ХХК-ийн тээврийн хэрэгсэл. Би энэ компанид 2017 оны 12 сараас эхлэн жолоочоор ажиллах болсон. Манай компани ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ тээврийн хэрэгслийг ажилд гарах үед техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргаагүй, жолооч нар өөрсдөө янзлаад ажилд гардаг. Тухайн үед би тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Налайх дүүргээс хөдлөх үед машины жолоо, араа, тоормос хэвийн ажиллагаатай байсан.
Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл явсан. ...Зам тээврийн осол хэрэг гарсан газар дээрх хэмжилтийн бүдүүвч зурагтай танилцлаа. 2 тээврийн хэрэгслийг мөргөлдсөн газрыг “А” цэгээр, нөгөө машины унасан газрыг “Б” цэгээр тэмдэглэсэн нь зөв байна, тохирч байна.
...Зам орчины байдал үзэгдэх орчин чөлөөтэй, асфалтан шулуун тэгш уруу зам байсан. Машины хөдөлгөөн бага, ойр орчмнд хяналтын камер байсан эсэхийг анзаараагүй. Ослын улмаас миний толгойны баруун дээд 2 хэсэг газар, баруун хөмсөгний орчим язарсан. Мөн баруун гарын булчин, сарвууны хэсэгт язарсан гэмтлүүд учирсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35, 154-155х, 170х, 2-р хавтас 06-07х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 158х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 11х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн, техникийн шинжээчийн болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжилтэн, шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллаганы явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчийг хуульд заасан үндэсэл журмын дагуу тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь үндэслэл бүхий байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ё.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Айцын давааны хойд замд 2019 оны 6 сарын 05-ны өдөр 21 цаг 45 минутын үед “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан,
уг зам тээврийн осол хэргийн улмаас “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Бийн эрүүл мэндэд “...баруун шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал, баруун уушигны 6-р сегментэд авчилт, баруун гайморын хөндийн доод ханын хугарал, тархи доргилт, нүүр, зүүн гарт зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл, “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ё.Гийн эрүүл мэндэд “...тархины доргилт, зулай, баруун гарын бугалга, зүүн гарын алга, баруун гарын сарвууны хэсгүүдэд оёдолны оромтой зүсэгдсэн шарх...” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан,
мөн зам тээврийн осолд өртсөн жолооч Д.Бийн жолоодон явсан авто тээврийн “Тав” ХК-ийн эзэмшлийн “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн толгойн хэсэг бүхэлдээ базагдаж салж унасан, урд хэсэг нь бүхэлдээ чихэгдэж, хагарч бутарсан, үндсэн рам нь хажуу тал руугаа ханарч, гулзайсан, чиргүүл задарч хэлбэрээ алдсан эвдрэл гэмтэл үүсч, тээврийн хэрэгслийн 83.53 хувь эвдэрч, ашиглагдах боломжгүй болсноос “Тав” ХК-ийн эд хөрөнгөд нийт 40.188.500 төгрөгийн хохирол, мөн уг машинд тээвэрлэн явсан 3.324.925 төгрөгийн бараа бүтээгдэхүүн гэмтэж эвдэрсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурьдсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 3-4х, 5-9х/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 1-р хавтас 10х/, Тээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтууд /хэргийн 1-р хавтас 12-13х, 106-107х, 116х, 119х/, Жолоочийн лавлагаа мэдээлэл баримтууд /хэргийн 1-р хавтас 14-15х, 92х, 104х/, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бийн өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 19-20х, 23-24х/,
- хохирогч “Д.Б-н биед баруун шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд хугарал, баруун уушигны 6-р сегментэд авчилт, баруун гайморын хөндийн доод ханын хугарал, тархи доргилт, нүүр, зүүн гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7584 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 38х/,
- хохирогч Д.Бийн ГССҮТөвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 76-80х, 98-102х, 124-129х, хэргийн 2-р хавтас 36-43х, 69-112х/,
- шүүгдэгч Ё.Гийн эрүүл мэндэд “тархины доргилт, зулай, баруун гарын бугалга, зүүн гарын алга, баруун гарын сарвууны хэсгүүдэд оёдолны оромтой зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий гэмтэл хөнгөн хохирол учирсныг тогтоосон ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 09шэ/148 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 42х/,
- Бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний “...Хятад улсад үйлдвэрлэгдсэн HOWO маркийн автомашины өнөөгийн зах зээлийн үнэ 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг, уг машины ослоос гарсан хохирлын хэмжээ 81.53 хувь буюу 36.688.500 /гучин зургаан сая зургаан зуун наян найман мянга таван зуу/ төгрөг, чиргүүлийн засвар 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, нийт шууд хохирлын дүн 40.188.500 /дөчин сая нэг зуун наян найман мянга таван зуу/ төгрөг” гэж тогтоосон 2019 оны 6 сарын 22-ны өдрийн 89 дугаартай тайлан дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 75х, 83-86х, 171х/,
- иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д /хэргийн 1-р хавтас 25х, 27-28х/, иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК-ийн төлөөлж Б.М мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 33х/,
- иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК-ийн хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 1-р хавтас 82-89х, 173-198х/,
- “Гэрэлт Дөл Транс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн захирлын 2017 оны 9 сарын 05-ны өдрийн б/09 дугаартай Ёндонгийн Гандашийг тээврийн жолоочоор ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, автомашины өмчлөл түр шилжүүлэн тээвэр хийх тухай гэрээ, Ё.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт баримтууд /хэргийн 1-р хавтас 209-221х/ шүүгдэгч Ё.Гийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35, 154-155х, 170х, 2-р хавтас 06-07х/ зэрэг хэрэгт цуларсан бусад нотлох баримтаар тус тус нотлогдсон байна.
Зам тээврийн осол хэрэг гарсан тухайн цаг хугацаанд “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан “Гэрэлт дөл транс” ХХК-ийн жолооч Ё.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас авто тээврийн “Тав” ХК-ийн жолооч Д.Бийн жолоодон явсан “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гаргасан нь Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 246-247х/ баримтаар тогтоогдсон ба зам тээврийн осол хэрэг гарахад “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн болон зам, орчны нөхцөл байдал осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь “...жолоо зүүн тийш булааж, тоормос гишгэхэд тоормос барихгүй... арааг нь хүндрүүлэх гээд 6 дугаар араанаас 5 дугаар араа руу хийх гэсэн боловч орохгүй” байсан гэх агуулгатай буюу жолооны хүрд, тоормос, хүч дамжуулах анги гэмтэлтэй байсны улмаас эсрэг урсгалд орж тээврийн хэрэгслийг мөргөсөн осол гаргасан гэх боловч шүүгдэгчийн мэдүүлэгт дурьдагдаж буй дээрх нөхцөл байдал Автотехникийн лабораторийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 3721 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 49-70х/, мөн дүгнэлт гаргасан шинжээч С.Мөнхдалайгийн “...15-59 ТЧ дугаарын чиргүүл 3 тэнхлэгтэй байх ёстой байснаас 2 тэнхлэгтэй болгож, урд 1 тэнхлэг байхгүй. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №95, 98, 99-д тодорхой харуулсан байна. 1 тэнхлэг байхгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна гэж үзнэ. Тээврийн хэрэгслийн чиргүүл дээр ачсан ачаа нь жолоодлогыг хэвийн хийх ажиллагаанд нөлөөлөхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 168х/ баримтаар тус тус үгүйсгэгдсэн гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Ё.Г нь 2019 оны 6 сарын 05-ны өдөр 21 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Айцын давааны хойд замд “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
- 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”,
- мөн дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,
- мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтыг тус тус зөрчсөнөөс “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хэргийн шүүгдэгч Ё.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Тээврийн прокуророос шүүгдэгч Ё.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ё.Гийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 1-р хавтас 158х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Ё.Г нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан “North benz” маркийн 78-81 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэрэгт иргэний хариуцагчаар татагдан оролцож буй “Гэрэлт дөл транс” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, шүүгдэгч нь тус компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажилладаг, ажил үүргийн хуваарийн дагуу Улаанбаатар хотоос Өмнөговь аймагт бараа тээвэрлэн хүргэх ажил гүйцэтгэж, ажил олгогчийн даалгавар зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцсон нь иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК-ийн захирал Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэргийн 1-р хавтас 33х/, гэрч Д.Батсайханы мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 229х/, “Гэрэлт Дөл Транс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн захирлын 2017 оны 9 сарын 05-ны өдрийн б/09 дугаартай Ёндонгийн Гандашийг тээврийн жолоочоор ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, автомашины өмчлөл түр шилжүүлэн тээвэр хийх тухай гэрээ, Ё.Гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт баримтууд /хэргийн 1-р хавтас 209-221х/, “Гэрэлт Дөл Транс” ХХК-ийн орон нутагт тээвэр хийж байгаа гэрээт жолооч нарын урьдчилсан зааварчилгааны бүртгэл /хэргийн 1-р хавтас 232-233х/, Тээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтууд /хэргийн 1-р хавтас 12х, 106х-107х, 119х/ болон шүүгдэгч Ё.Гийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч “Гэрэлт дөл транс” ХХК-ийг /хэргийн 1-р хавтас 21х/ 2019 оны 7 сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтад нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” ба “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Түүнчлэн “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” болон “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус тодорхой зааж зохицуулсан.
Иймд дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ё.Гид шилжүүлэн өгсөн ажил олгогч “Гэрэлт дөл транс” ХХК хариуцан арилгах үүрэгтэй.
Зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Д.Б болон осол болох үед хохирогчийн жолоодон явсан “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч авто тээврийн “Тав” ХК нь /хэрэгт иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй оролцож байгаа хэргийн 1-р хавтас 25-26х/ тус тус Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5 дугаар зүйлд заасан журмын дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь болон эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах, гаргасан нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.
Хэрэг шүүхэд хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон эмчилгээ сувилгаа хийлгэсэн зардлаас төлөгдөөгүй үлдсэн зардал, цалин тэтгэмжийн зөрүү, өмгөөлөгчийн зардал, бусдаас авсан зээл тооцооны үүргийн биелэлт, лизингийн төлбөр болон бусад зардалд нийт 14.645.835 төгрөг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж, уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн /хэргийн 2-р хавтас 68-112х/ ба шүүх, хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлын хэмжээг тооцон үзэхэд бүгд 6.713.753 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэсэлтэй байна. Үндэслэл нь:
Хэргийн хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардал нэхэмжилж нийт 2.563.753 төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгснөөс шүүгдэгч С.Гандаш нь 2.324.753 төгрөгийг нөхөн төлсөн, эмчилгээний зардлаас үлдсэн 236.753 төгрөгийг нөхөн төлөөгүй үлдэгдэлтэй байна. /хэргийн 1-р хавтас 75-80х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Д.Б нь “Тав” ХК-д тээврийн жолоочоор ажиллаж, түүний сарын дундаж цалин 1.872.000 төгрөг болохыг тодорхойлсон авто тээврийн “Тав” ХК-ийн цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны баримт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримт /хэргийн 1-р хавтас 98-102х, 200-201х, хэргийн 2-р хавтас 70-76х/ тус тус хэрэгт авагдсан ба тэрээр өвчний учир эмнэлгийн магадлагаагаар 2019 оны 6 сараас 9 сарын хооронд тус тус ажлаас чөлөөлөгдөн өвчтэй байсан, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 2019 оны 8 сард 300.000 төгрөг, 9 сард 711.000 төгрөг тус тус нийгмийн даатгалын сангаас авсан талаар хэрэгт баримттай байх тул хохирогчийн өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин олговор, тэтгэмжийн зөрүүд 2019 оны 6, 7 сарын авах байсан цалинг 3.744.000 төгрөг, 8, 9 саруудын цалин тэтгэмжийн зөрүү 2.733.000 төгрөг, эмчилгээний зардлын үлдэгдэл 236.753 төгрөг, нийт 6.713.753 /зургаан сая долоон зуун арван гурван мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1.0 сая төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл шаардлагад хамаарахгүй тул өмгөөллийн зардал нэхэмжилсэн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Иймд хохирогч Д.Бийн нэхэмжлэлээс үлдэх өмгөөлөгчийн зардлын 1.000.000 төгрөг /хэргийн 2-р хавтас 70х/, “Тэтгэх наран” ХЗХ-ноос авсан гэх зээлийн төлбөрийн үлдэгдэл 2.839.000 төгрөг /хэргийн 2-р хавтас 107-11х/, лизингээр авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл 769.082 төгрөгийг тус тус гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн хохирогч Д.Б нь 2019 оны 9 сарын 16-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр S-82 оношоор ердийн өвчний жагсаалтын 10-18 заалтаар 2019 оны 9 сарын 10-наас 2020 оны 9 сарын 10 хүртэл нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн чадвар алдалтын 69 хувиар тогтоогдсон, хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас сард 310.000 төгрөгийн тэтгэмж авдаг шалтгаанаар энэ хугацаан дахь цалин тэтгэмжийн зөрүүг тооцон нэхэмжилсэн шаардлагыг шүүх эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Тодруулбал: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актад тэмдэглэгдсэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон өвчний S-82 онош, ердийн өвчний жагсаалтын 10-18 заалт гэх онош нь тухайн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл, бэртэлтэй хэрхэн хамааралтай эсэхийг шүүх дүгнэх боломжгүй, өвчний онош болон жагсаалтыг тайлбарласан үндэслэл бүхий баримт, нотолгоог хохирогчоос хэрэгт гаргаж өгөөгүй байна. /эмчлэгч эмчийн болон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт гэх зэрэг/
Иймд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосноор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул энэ хугацаан дахь цалин тэтгэмжийн зөрүүтэй холбоотой шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогч Д.Баттулгад тайлбарлах нь зүйтэй.
Шүүх дээр дурьдсан үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохироч Д.Баттулгын нэхэмжилсэн 14.645.835 төгрөгийн шаардлага нэхэмжлэлээс түүний өвчний учир ажилгүй байсан хугацааны цалин олговор, тэтгэмжийн зөрүүд 2019 оны 6, 7 сарын авах байсан цалинг 3.744.000 төгрөг, 8, 9 саруудын цалин тэтгэмжийн зөрүү 2.733.000 төгрөг, эмчилгээний зардлын үлдэгдэл 236.753 төгрөг, нийт 6.713.753 /зургаан сая долоон зуун арван гурван мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийн шаардлагыг ханган иргэний хариуцагч “Гэрэт дөл транс” ХХК-иар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж,
түүний нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардлын 1.000.000 төгрөг /хэргийн 2-р хавтас 70х/, “Тэтгэх наран” ХЗХ-ноос авсан гэх зээлийн төлбөрийн үлдэгдэл 2.839.000 төгрөг /хэргийн 2-р хавтас 107-11х/, лизингээр авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл 769.082 төгрөгийг тус тус гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс үлдэх цалин тэтгэмжийн зөрүүтэй холбоотой 3.324.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон авто тээврийн “Тав” ХК нь зам тээврийн осол хэргийн улмаас тус компанийн “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрч, гэмтсэн, уг тээврийн хэрэгсэлд ачиж явсан үйлчлүүлэгчийн зарим бараа бүтээгдэхүүн устаж гэмтсэн, мөн тухайн тээврийн хэрэгслээр гэрээний дагуу бараа тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж олох байсан ашиг орлого буюу 2019 оны 6 сарын 05-наас 2019 оны 9 сарын 31-ны өдөр хүртэлхи сул зогсолтын хөлс, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр зэргийг тооцон нийт 86.196.484 төгрөг /46.893.425 + 36.303.059 + 3.000.000/ нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК-ийн нэхэмжлэлээс бараа бүтээгдэхүүнээр, бэлэн мөнгөөр, эд хөрөнгө шилжүүлэх замаар нийт 40.710.075 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК нь нөхөн төлж барагдуулснаар тооцож, 6.183.425 төгрөгийг 2019 ондоо багтаан нөхөн төлөхөөр талууд “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулан хэлэлцэн тохирсон нь хуулиар хамгаалагдсан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК-иас “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 2019 ондоо багтаан төлөхөөр тохиролцсон 6.183.425 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Тав” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
“Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрээний дагуу бараа тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж олох байсан ашиг орлого буюу 2019 оны 6 сарын 05-наас 2019 оны 9 сарын 31-ны өдөр хүртэлхи сул зогсолтын хөлс гэх 36.303.059 төгрөгийн шаардлагын тухайд /хэргийн 1-р хавтас 177х/ авто тээврийн “Тав” ХК нь Таван толгойд үйл ажиллагаа явуулдаг “TTJVCO” ХХК болон “МТ Петролиум” ХХКомпаниудтай байгуулсан гэрэний дагуу байнгын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг гэх хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй, мөн тухайн цаг хугацаанд гэрээний дагуу “Howo” маркийн 42-71 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгүүлэх хуваарьтай байсан гэх нөхцөл байдлыг тодорхойлох шийдвэр баримтуудыг иргэний нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгөөгүй, мөн нэг удаагийн тээвэрлэлтийн үнэлгээ тариф, хугацааны талаархи мэдээлэл баримтгүй зэргээс тухайн байгууллагыг 36.303.059 төгрөгийн орлого олох байсан гэдгийг шүүх эрүүгийн хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тооцож тодорхойлох боломжгүй юм.
Иймд тээврийн хэрэгслээр гэрээний дагуу бараа тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж олох байсан ашиг орлого буюу 2019 оны 6 сарын 05-наас 2019 оны 9 сарын 31-ны өдөр хүртэлхи сул зогсолтын хөлс 36.303.059 төгрөгийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь уг шаардлагад хамаарах баримт, нотолгоог жич бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Мөн иргэний нэхэмжлэгчээс гаргасан өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх 3.0 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм. /өмгөөллийн зардлыг хангахүй орхих шийдвэрийн үндэслэл дээр тайлбарлагдсан/
Иргэний хариуцагч “Гэрэлт дөл транс” ХХК нь шаардлагатай гэж үзвэл гэм буруутай этгээд Ё.Гаас өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Ё.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 158 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн “хөнгөн” ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ё.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримтаар нэхэмжилсэн хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх үнэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Ё.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 233994 дугаартай эрхийн үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэж, энэ хэрэгт Ё.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Д овогт Ё-гийн Г-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Г-ид 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ё.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 08 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус заасныг гэм хорын хохиролд тооцон 6.713.753 /зургаан сая долоон зуун арван гурван мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг хохирогч хххх тоотод оршин суух, /РД: /, Б овгийн Д-н Д.Б-т, 6.183.425 /зургаан сая нэг зуун наян гурван мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг авто тээврийн “Тав” ХК-д тус тус нөхөн төлүүлэхээр иргэний хариуцагч “Гэрэлт Дөл Транс” ХХК-иас гаргуулж,
Д.Б-ийн нэхэмжлэлээс 4.608.082 /дөрвөн сая зургаан зуун найман мянга наян хоёр/ төгрөгийн, иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК-ийн нэхэмжлэлээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
хохирогч Д.Б-ийн нэхэмжлэлээс үлдэх цалин тэтгэмжийн зөрүүтэй холбоотой 3.324.000 төгрөгийн болон иргэний нэхэмжлэгчээс гаргасан сул зогсолтын хөлс 36.303.059 төгрөгийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь цалин тэтгэмжийн зөрүүтэй холбоотой, мөн иргэний нэхэмжлэгч авто тээврийн “Тав” ХК нь сул зогсолтын хөлс гэх 36.303.059 төгрөгийн шаардлагад холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Ё.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хххх дугаартай эрхийн үнэмлэх баримтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт Ё.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ё.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД