Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 701

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт М-ы Д-д холбогдох эрүүгийн 19100 1420 0739 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч М.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Н.Зулаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Южинтек Өү Юү Жи” ХХК-д үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ы Д /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Д нь 2019 оны 6 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” кино театрт хохирогч С.С-ы гээгдүүлсэн “Хуавей пи-20” маркийн гар утсыг авч завшин бага хэмжээнээс дээш буюу 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Д нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад одоо нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй байна. Би тухайн утсыг олох үед ажлаа хийж байсан юм. Утас нь унтарч байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй.

Би “Теди” худалдааны төв дээр очиж гар утасны кодыг тайлуулсан. Урьд нь найз Дгээс мөнгө зээлсэн байсан болохоор уг утсыг өрөндөө өгчихсөн. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгон ухаарч байна. Би хохирогчид утсыг нь буцаан өгч, хохирлыг барагдуулсан. Би тухайн үед бусдын хаясан эд зүйлийг авч болохгүй, энэ үйлдэл хууль бус гэдгийг мэдээгүй. Одоо ойлгож мэдсэн, дахин ийм асуудал гаргахгүй. Миний сарын цалин 700.000 төгрөг, үүнээс шимтгэл төлөөд гар дээр 500.000 төгрөг авдаг. Манай эхнэр ажил эрхэлдэг.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1420 0739 дугаартай хэргээс:

 

1. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.С-ы хохирогчоор өгсөн:

“...2019 оны 6 сарын 03-ны 20:30 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хилл худалдааны төвийн кино театрт дүү Ц-гийн хамт кино үзсэн. Тэгээд гарахдаа утсаа анзаараагүй. Машинд очоод гэрлүүгээ хөдлөөд, Төв шуудангийн уулзвар орчим ирээд утсаа хайгаад олоогүй. Буцаад кино театрт дүү Ц-гийн хамт ирээд миний сууж байсан суудал дээр байсан эмэгтэйгээс асуухад “байхгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаж гараад киног нь дуусахыг хүлээж байгаад, тарахаар нь ороод сууж байсан газрын ойр орчимоор хайгаад олоогүй. Зайсан Хилл худалдааны төвийн кино театрын хяналтын камерийг шүүх гэхэд шүүж өгөөгүй.

...Миний утас Хуавей пи 20 маркийн, хар хөх өнгийн 128 GB багтаамжтай 2019 оны 5 сард Юнител ХХК-аас 2.2 сая төгрөгөөр авч айсан. IMEI дугаар нь 8670...9821, 8670...9837 гэсэн байгаа. Гадуураа өнгөгүй гэртэй, ямар нэгэн зураас байхгүй. Одоо утсаа авсан үнээрээ 2.2 сая төгрөгөөр үнэлж байна.

...Би 2019 оны 9 сарын 27-ны өдөр өөрийн 2019 оны 6 сарын 03-ны өдөр алдсан 8670...9821, 8670...9837 дугаартай ягаан өнгийн Хуавей Пи-20 маркийн гар утсаа хүлээн авсан. Гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зүгээр байх шиг байсан. Өөрчлөлт гараагүй байна. Одоо надад хохирол төлбөр, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 20х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Дгийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 7 сарын 11-ний өдөр Наадмын баярын өмнө Зайсангийн Прайм сини пликс кино театрт хамт ажиллаж байсан М.Д гэх найзаасаа Хуавей пи-20 маркийн гар утсыг авсан. Үүнийг би 500.000 төгрөгийн өрөндөө авсан юм. М.Д энэ утсыг барьж байхаар нь би зарчих гээд өрөндөө тооцоод авсан. Харин М.Д энэ утсыг олсон гэдгийг нь мэдээгүй, би асуугаагүй. Зүгээр өгчих гээд л авсан. Утас эвдэрсэн зүйл байхгүй, би задлуулаагүй. Шилэн наалт л наалгасан, өөр зүйл хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

 

4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Х-519 дугаартай:

“...Хуавей Пи-20 гар утас зах зээлийн дундаж үнэ 990.000 /есөн зуун ерөн мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 36-38х/,

 

5. “8670....21 имей кодтой утсанд 80...93 дугаарыг 2019 оны 6 сарын 12-ны өдрөөс, 88...77 дугаарыг 7 сарын 28-ны өдрөөс 8 сарын 07-ны өдрүүдэд тус тус хийж ашигласан байна. 80...93, 88...77 дугаарын эзэмшигч нь Н.Д, РД, оршин суух хаяг...” гэсэн  “Unitel” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 05-01р/5202 дугаартай албан бичиг /хэргийн 46х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Д-гийн яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 6 сарын 03-ны өдөр би өөрийн ажилладаг Зайсан хилл цогцолборын 2 давхарт ажлаа хийгээд зогсож байхад хүлээлгийн заалны урд талын сандал дээр нэг ширхэг утас байхаар нь аваад хажууд нь сууж байсан хүмүүсээс “та нарын утас мөн үү” гэж асуухад “үгүй, биш” гэсэн. Тэгээд уг гар утсыг аваад, өөрийнхөө хувцасны шүүгээнд 7-10 хоног хадгалсан. Хүн нь ирж магадгүй гэж бодсон юм. Тэгээд хүн ирэхгүй болохоор нь утасны кодыг нь гаргуулж, өөрөө ашиглаж байгаад манай найз Д зарах уу гэхээр нь би Дд өртэй байсан учир уг гар утсыг өгчихсөн. Тухайн үед Д олсон утас гэдгийг мэдээгүй, би хэлээгүй юм. Тэгээд уг утсыг ашиглаж байгаад цагдаад хураалгасан байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн үед би гэмт хэрэг хийж байна гэдгээ ойлгоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43х/ мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 60х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 62х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 63х/, “Южинтек өү юу жи” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 65х/, шүүгдэгч М.Д-гээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 104х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, эд хөрөнгийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, эрх бүхий мэргэшсэн хөрөнгийн үнэлгээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд алдагдсан гар утсыг биет байдлаар нь хүлээн авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн баримттай, шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 104х/ 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 215 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба прокуророос түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон, зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Д-гийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Д нь 2019 оны 6 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” кино театрт хохирогч С.С-ы гээгдүүлсэн “Хуавей пи-20” маркийн гар утсыг авч завшин бага хэмжээнээс дээш буюу 990.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13х/,

- хохирогч С.С-ы: “...2019 оны 6 сарын 03-ны 20:30 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хилл худалдааны төвийн кино театрт дүү Ц-гийн хамт кино үзсэн. Тэгээд гарахдаа утсаа анзаараагүй. Машинд очоод гэрлүүгээ хөдлөөд, Төв шуудангийн уулзвар орчим ирээд утсаа хайгаад олоогүй. Буцаад кино театрт дүү Ц-гийн хамт ирээд миний сууж байсан суудал дээр байсан эмэгтэйгээс асуухад “байхгүй байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаж гараад киног нь дуусахыг хүлээж байгаад, тарахаар нь ороод сууж байсан газрын ойр орчимоор хайгаад олоогүй. Зайсан Хилл худалдааны төвийн кино театрын хяналтын камерийг шүүх гэхэд шүүж өгөөгүй.

...Миний утас Хуавей пи 20 маркийн, хар хөх өнгийн 128 GB багтаамжтай 2019 оны 5 сард Юнител ХХК-аас 2.2 сая төгрөгөөр авч айсан. IMEI дугаар нь 8670...9821, 8670...9837 гэсэн байгаа. Гадуураа өнгөгүй гэртэй, ямар нэгэн зураас байхгүй. Одоо утсаа авсан үнээрээ 2.2 сая төгрөгөөр үнэлж байна.

...Би 2019 оны 9 сарын 27-ны өдөр өөрийн 2019 оны 6 сарын 03-ны өдөр алдсан 8670...9821, 8670...9837 дугаартай ягаан өнгийн Хуавей Пи-20 маркийн гар утсаа хүлээн авсан. Гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зүггэр байх шиг байсан. өөрчлөлт гараагүй байна. Одоо надад хохирол төлбөр, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 20х/,

- гэрч Н.Д-гийн: “...2019 оны 7 сарын 11-ний өдөр Наадмын баярын өмнө Зайсангийн Прайм сини пликс кино театрт хамт ажиллаж байсан М.Д гэх найзаасаа Хуавей пи-20 маркийн гар утсыг авсан. Үүнийг би 500.000 төгрөгийн өрөндөө авсан юм. М.Д энэ утсыг барьж байхаар нь би зарчих гээд өрөндөө тооцоод авсан. Харин М.Д энэ утсыг олсон гэдгийг нь мэдээгүй, би асуугаагүй. Зүгээр өгчих гээд л авсан. Утас эвдэрсэн зүйл байхгүй, би задлуулаагүй. Шилэн наалт л наалгасан, өөр зүйл хийгээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Х-519 дугаартай:

“...Хуавей Пи-20 гар утас зах зээлийн дундаж үнэ 990.000 /есөн зуун ерөн мянга/ төгрөг” гэж тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 36-38х/,

- “8670....21 имей кодтой утсанд 80...93 дугаарыг 2019 оны 6 сарын 12-ны өдрөөс, 88...77 дугаарыг 7 сарын 28-ны өдрөөс 8 сарын 07-ны өдрүүдэд тус тус хийж ашигласан байна. 80...93, 88...77 дугаарын эзэмшигч нь Н.Д, РД, оршин суух хаяг...” гэсэн  “Unitel” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 05-01р/5202 дугаартай албан бичиг /хэргийн 46х/,

- шүүгдэгч М.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 43х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн шүүгдэгч М.Д нь С.С-ы гээгдүүлсэн 990.000 төгрөгөөр үнэ бүхий Хуавей Пи-20 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, өөрийн сим картыг хийж тодорхой хугацаанд ашиглан, улмаар бусдад өрөнд өгч захиран зарцуулсан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

 

Хэргийн шүүгдэгч М.Д нь 2019 оны 6 сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан хилл” кино театрт хохирогч С.С-ы гээгдүүлсэн “Хуавей пи-20” маркийн гар утсыг гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 990.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан хэргийн 36-38 дугаар талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтэд заасан хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 990.000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий байх ба энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.   

 

Хэргийн шүүгдэгч М.Д нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 990.000 /есөн зуун ерөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 990.000 /есөн зуун ерөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч М.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 990.000 /есөн зуун ерөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.      

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн шүүгдэгч М.Д нь хохирогч С.С-ы гээгдүүлсэн 990.000 төгрөгийн үнэ бүхий Хуавей Пи-20 маркийн гар утсыг нь биет байдлаар хүлээлгэн өгч, хохирлыг нөхөн төлсөн нь:

- хохирогч С.С-ы: “...өөрийн гар утсыг буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжилж зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

-  эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч М.Дгээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч М.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 60х/ зэрэг тогтоогдож байна.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт М.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч С.С- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ы Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д-д 450 /дөвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт М.Д нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.С нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД