| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0700/Э |
| Дугаар | 702 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 702
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Ч-ийн М-д холбогдох эрүүгийн 19100 2219 0802 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/, шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1950 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Шинэ дүр төрх СӨХ-ны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Ч-ийн М /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 9 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 78 дугаар байрны урд талын талбай дээр байсан хохирогч С.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Альфард маркийн автомашины 4 дугуй, хохирогч А.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Форд Експлорер маркийн машины зүүн талын 2 дугуйг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.М”гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би гэртээ байсан шөвгөөр машинуудын дугуйг хагалсан. Би хохирогч нарт “хүүхдийн тоглоомын талбай дээр машинаа тавьж болохгүй” гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй учраас би тэдгээр машинуудын дугуйг хагалсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2219 0802 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын 78 дугаар байрны гадна талд байх машинуудын дугуйг хагалсан гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-08х, 09-13х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 9 сарын 15-ны 22 цаг 30 минутын үед өөрийн цагаан өнгийн Тоёота Алфард маркийн хххх улсын дугаартай автомашинаа 78 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд байрлуулсан. Тэгээд маргааш өглөө буюу 2019 оны 9 сарын 16-ны 07 цаг өнгөрч байхад 99056775 дугаарын утаснаас утасдаад “таны машины 4 дугуйг хагалсан байна, миний машины дугуйг бас хагалжээ” гэхээр нь би гарч ирээд цагдаад дуудлага өгөөд, машинаа үзэж байхад 78 дугаар байрнаас 1 залуу хүүхдээ тэвэрч гарч ирээд надаас миний утасны дугаарыг авсан.
10 орчим минутын дараа тэр залуу залгаад “таны машины дугуйг хагалсан хүнийг би мэдэж байна, манай СӨХ-ны М гэж хүн хагалсан, би шөнө 00 цаг өнгөрөөд тамхи татаад цонхон дээрээ зогсож байхад хагалж байсан ба намайг битгий хэлээрэй гэж хэлсэн” гэж хэлсэн. Тухайн хүн над руу 88112704 дугаараас ярьсан бөгөөд тус 78 дугаар байранд амьдардаг.
Миний 2005 оны 2017 онд орж ирсэн Тоёота Алфард маркийн автомашины 16-тай, 70-215 хэмжээтэй өвлийн 4 дугуйг хагалж гэмтээсэн, зүүн талын хоёрыг нь хутгаар хагалсан байх шиг байсан. Харин нөгөө баруун талын дугуйг шөвгөөр хагалсан юм шиг байна лээ. Энэ дугуйнуудыг 2019 оны 6 сард нэгийг 95.000 төгрөгөөр, нийт 380.000 төгрөгөөр Өгөөмөр захаас авч байсан. Уг дугуйнуудаа авсан үнээрээ 380.000 төгрөгөөр үнэлж байна, үүнийг гаргуулан авах хүсэлттэй байна.
Шөнө орой болоод зогсоол олдохгүй байсан юм, тэгээд аргаа бараад тухайн газарт машинаа байрлуулсан. Тухайн орчимд ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Ерөнхийдөө тухайн газарт машин байрлуулсан нь миний буруу, гэхдээ эд хөрөнгөд халдаж байгаад гомдолтой байна. ...Би өөрийн машины 4 дугуйг хагалуулсан хохиролд 380.000 төгрөг хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х, 17х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 9 сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн хххх улсын дугаартай хүрэн өнгийн Форд эксплорер маркийн автомашинаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэлмэг хотхоны 78 дугаар байрны урд талд явган хүний зам дээр машинаа байрлуулаад маргааш нь буюу 2019 оны 9 сарын 16-ны өдөр 07 цагийн үед гарч ирэхэд миний машины зүүн талын хоёр дугуй хагарсан байсан.
Миний машины хажууд мөн Альфард машины 4 дугуйг, Лексус-570 маркийн машины зүүн талын 2 дугуйг хагалсан байсан. Машиныхаа дугуйг хагалуулсан Альфард жолооч “энэ байрны СӨХ-ны дарга машины дугуй хагалсан юм шиг байна” гэж байсан.
Машинаа явган хүний зам дээр тавьсан учраас СӨХ-ны дарга нь машины дугуйг хагалсан гэж бодож байна. Би 2019 оны 3 сард машины 4 дугуйг нийтэд нь 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Нэг бүрийн үнэ нь 300.000 төгрөг юм. Уг дугуй 2019 оны 3 сараас хойш ашиглагдсан 4 улирлын 255х70х18 хэмжээтэй. Би нэг дугуйгаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. 2 дугуйгаа хагалуулсан болохоор 600.000 төгрөгийн хохирол учирсан.
Миний машины зүүн ард талын дугуйг шөвөгдсөн байсан, урд талынх нь дугуйнд шөвөг болон хутганы мөр байсан. Тэгэхээр шөвөг, хутга хэрэглэсэн байна гэж бодсон. Би явган хүний зам дээр машин тавьсан буруугаа хүлээж байна, гэхдээ 2 дугуйны үнийг төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Тэмүүлэнгийн гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Шинэ дүр төрх” хотхоны 78 дугаар байранд оршин суудаг. Өчигдөр орой 24 цагийн үед гэртээ байж байхад гадна гэнэт пүс, пас хийх дуу гарахаар нь цонхоор харахад манай байрны СӨХ-ны дарга М гартаа хутга юмуу гэмээр зүйл барьж, машинуудын дугуй хагалаад явж байхаар нь би утсаа гараад зураг авах гэхэд цаашаа яваад өгсөн.
Манай СӨХ-ны дарга угаасаа хэн ч харсан танихаар өндөр, бөгтгөр хүн байдаг юм. Мөн манай орцны үүд гэрэлтүүлэгтэй учир би М даргыг шууд хараад танисан. Гадаа явган хүний зам дээр гаргаад тавьсан байсан саарал өнгийн Ланд машин, мөн цагаан өнгийн Альфард машин, мөн урьд нь байсан жижиг тэргүүдийг тойроод хагалж байсныг харсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,
5. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ1-19-57 дугаартай:
“...Toyota Alphard маркийн 16-тай 70-215 хэмжээтэй өвлийн 2019 оны 6 сард Өгөөмөр захаас худалдан авсан автомашины дугуйг цоолж гэмтээсэн гэх эд зүйлс, хохирлын үнэлгээг ...2019 оны 9 сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтооход нийт хохирлын дүн нь 360.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-38х/,
6. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ1-19-58 дугаартай:
“...Ford explorer маркийн автомашины 255x70x18 хэмжээтэф 4 улирлын дугуйг цоолж гэмтээсэн гэх эд зүйлс, хохирлын үнэлгээг ...2019 оны 9 сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтооход нийт хохирлын дүн нь 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг...” гэж дугуйны 4 нэгжээр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хэргийн 40-41х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Мгийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 9 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө манай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Орчлон хотхоны 78 дугаар байны урд явган хүний зам дээр, мөн хүүхдийн талбай дээр байсан Альфард маркийн цагаан өнгийн автомашины 4 дугуй, хүрэн өнгийн Форд эксплорер машины зүүн талын дугуйг хагалсан.
Би тус орон сууны СӨХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн машинуудыг явган хүни зам болон хүүхдийн талбай дээр байрлуулсан учраас ингэж болохгүй гэдэг үүднээс дугуйг нь хагалчихсан юм. Би одоо СӨХ-ны дарга байхаа больсон. Манайд байсан нэг шөвгөөр хагалсан бөгөөд уг шөвгийг хаячихсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 68х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 43х/, шүүгдэгч Ч.Мгөөс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 76х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж дүгнэсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ч.М нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.Б-, А.Б- нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлж яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус бичгээр /хэргийн 73-74х, 76х/ гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 214 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ч.Мд хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх саналыг танилцуулсан, прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулж тэдгээр нь хүлээн зөвшөөрснөөр Ч.Мд холбогдох эрүүгийн 19100 2219 0802 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арвандолдугаар бүлэг” дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Мгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 9 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 78 дугаар байрны урд талын талбай дээр байсан хохирогч С.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Альфард маркийн автомашины 4 дугуй, хохирогч А.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Форд Експлорер маркийн машины зүүн талын 2 дугуйг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 680.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн
- хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын 78 дугаар байрны гадна талд байх машинуудын дугуйг хагалсан гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-08х, 09-13х/,
- хохирогч С.Б-ийн: “...Би 2019 оны 9 сарын 15-ны 22 цаг 30 минутын үед өөрийн цагаан өнгийн Тоёота Алфард маркийн хххх улсын дугаартай автомашинаа 78 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд байрлуулсан. Тэгээд маргааш өглөө буюу 2019 оны 9 сарын 16-ны 07 цаг өнгөрч байхад 99056775 дугаарын утаснаас утасдаад “таны машины 4 дугуйг хагалсан байна, миний машины дугуйг бас хагалжээ” гэхээр нь би гарч ирээд цагдаад дуудлага өгөөд, машинаа үзэж байхад 78 дугаар байрнаас 1 залуу хүүхдээ тэвэрч гарч ирээд надаас миний утасны дугаарыг авсан. 10 орчим минутын дараа тэр залуу залгаад “таны машины дугуйг хагалсан хүнийг би мэдэж байна, манай СӨХ-ны М гэж хүн хагалсан. Би шөнө 00 цаг өнгөрөөд тамхи татаад цонхон дээрээ зогсож байхад хагалж байсан ба намайг битгий хэлээрэй гэж хэлсэн” гэсэн. Тухайн хүн над руу 88112704 дугаараас ярьсан бөгөөд тус 78 дугаар байранд амьдардаг. Миний 2005 оны 2017 онд орж ирсэн Тоёота Алфард маркийн автомашины 16-тай, 70-215 хэмжээтэй өвлийн 4 дугуйг хагалж гэмтээсэн, зүүн талын хоёрыг нь хутгаар хагалсан байх шиг байсан.
Харин нөгөө баруун талын дугуйг шөвгөөр хагалсан юм шиг байна лээ. Энэ дугуйнуудыг 2019 оны 6 сард нэгийг 95.000 төгрөгөөр, нийт 380.000 төгрөгөөр Өгөөмөр захаас авч байсан. Уг дугуйнуудаа авсан үнээрээ 380.000 төгрөгөөр үнэлж байна, үүнийг гаргуулан авах хүсэлттэй байна.
...Би өөрийн машины 4 дугуйг хагалуулсан хохиролд 380.000 төгрөг хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х, 17х/,
- хохирогч А.Б-ийн: “...Би 2019 оны 9 сарын 15-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн хххх улсын дугаартай хүрэн өнгийн Форд эксплорер маркийн автомашинаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэлмэг хотхоны 78 дугаар байрны урд талд явган хүний зам дээр машинаа байрлуулаад маргааш нь буюу 2019 оны 9 сарын 16-ны өдөр 07 цагийн үед гарч ирэхэд миний машины зүүн талын хоёр дугуй хагарсан байсан. Миний машины хажууд мөн Альфард машины 4 дугуйг, Лексус-570 маркийн машины зүүн талын 2 дугуйг хагалсан байсан. Машиныхаа дугуйг хагалуулсан Альфард жолооч “энэ байрны СӨХ-ны дарга машины дугуй хагалсан юм шиг байна” гэж байсан.
Машинаа явган хүний зам дээр тавьсан учраас СӨХ-ны дарга нь машины дугуйг хагалсан гэж бодож байна. Би 2019 оны 3 сард машины 4 дугуйг нийтэд нь 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Нэг бүрийн үнэ нь 300.000 төгрөг юм. Уг дугуй 2019 оны 3 сараас хойш ашиглагдсан 4 улирлын 255х70х18 хэмжээтэй. Би нэг дугуйгаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. 2 дугуйгаа хагалуулсан болохоор 600.000 төгрөгийн хохирол учирсан.
Миний машины зүүн ард талын дугуйг шөвөгдсөн байсан, урд талынх нь дугуйнд шөвөг болон хутганы мөр байсан. Тэгэхээр шөвөг, хутга хэрэглэсэн байна гэж бодсон. Би явган хүний зам дээр машин тавьсан буруугаа хүлээж байна, гэхдээ 2 дугуйны үнийг төлүүлж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,
- гэрч О.Тэмүүлэнгийн: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Шинэ дүр төрх” хотхоны 78 дугаар байранд оршин суудаг. Өчигдөр орой 24 цагийн үед гэртээ байж байхад гадна гэнэт пүс, пас хийх дуу гарахаар нь цонхоор харахад манай байрны СӨХ-ны дарга М гартаа хутга юмуу гэмээр зүйл барьж, машинуудын дугуй хагалаад явж байхаар нь би утсаа гараад зураг авах гэхэд цаашаа яваад өгсөн.
Манай СӨХ-ны дарга угаасаа хэн ч харсан танихаар өндөр, бөгтгөр хүн байдаг юм. Мөн манай орцны үүд гэрэлтүүлэгтэй учир би М даргыг шууд хараад танисан. Гадаа явган хүний зам дээр гаргаад тавьсан байсан саарал өнгийн Ланд машин, мөн цагаан өнгийн Альфард машин, мөн урьд нь байсан жижиг тэргүүдийг тойроод хагалж байсныг харсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27х/,
- Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ1-19-57 дугаартай:
“...Toyota Alphard маркийн 16-тай 70-215 хэмжээтэй өвлийн 2019 оны 6 сард Өгөөмөр захаас худалдан авсан автомашины дугуйг цоолж гэмтээсэн гэх эд зүйлс, хохирлын үнэлгээг ...2019 оны 9 сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтооход нийт хохирлын дүн нь 360.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-38х/,
- Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХУ1-19-58 дугаартай:
“...Ford explorer маркийн автомашины 255x70x18 хэмжээтэф 4 улирлын дугуйг цоолж гэмтээсэн гэх эд зүйлс, хохирлын үнэлгээг ...2019 оны 9 сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтооход нийт хохирлын дүн нь 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг...” гэж дугуйны 4 нэгжээр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хэргийн 40-41х/ болон шүүгдэгч Ч.Мгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх болоцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 9 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 78 дугаар байрны урд талын талбай дээр байсан хохирогч С.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Альфард маркийн автомашины 4 дугуй, хохирогч А.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Форд Експлорер маркийн машины зүүн талын 2 дугуйг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээн, нийт бусдад 680.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Ч.Мгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Альфард маркийн автомашины 4 дугуйг хагалж, автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 380.000 төгрөг гэж, хохирогч А.Б-ийн эзэмшлийн хххх улсын дугаартай Форд Експлорер маркийн машины зүүн талын 2 дугуйг хагалж, уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг нийт 300.000 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинжээчийн дүгнэлтэд хэргийн оролцогч талуудаас маргаагүй байна.
Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон “680.000” төгрөг гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.Мг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Ч.М нь гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-, А.Б- нарын эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан нь нэр бүхий хохирогч нарын: “...хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 69х, 70х/ баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Ч.Мг гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 43х/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Ч.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Ч.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Б-, А.Б- нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц овогт Ч-ийн М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 680.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 04 /дөрөв/ сарын дотор хэсэгчилэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ч.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Б-, С.Б- нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД