| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0685/Э |
| Дугаар | 712 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 712
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогч Ц.Б,
шүүгдэгч А.Ж
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ж-д холбогдох эрүүгийн ...................дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, ...........тоотод түр оршин суудаг гэх, урд ял шийтгэлгүй,
А.Ж /РД..................../
2. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, дахин төлөвлөлтийн барилгад мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ................ тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,
Б.О /РД:..................../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” гэх караокены гадаа иргэн Б.Б-тэй “...ах нарыгаа хүндэлсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, гар хэсэгт нь гар, хөлөөрөө цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- шүүгдэгч А.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” гэх караокены гадаа иргэн Б.Б-тэй “...ах нарыгаа хүндэлсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, хөл, цээжин тус газрууд нь хөл, гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол,
Мөн А.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн Од” караоке дотор иргэн М.Н-тэй “найзтай маргалдлаа” гэсэн шалтгааны улмаас түүний толгойн тус газар нь гараараа болон пивоны шилээр цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж, А.Ж нь хоёр хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ц.Б-гийн мэдүүлгийг газар/, дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх113-114/, хохирогч Б.Б-гийн мэдүүлэг /хх26-27/, хохирогч Ц.Б-гийн мэдүүлэг /хх31-32/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх34/, гэрч Н.С-ын мэдүүлэг /хх40/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10849 дугаартай дүгнэлт /хх51/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1090 дугаартай дүгнэлт /хх67-68/, шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /хх69-70/, Б.О-гийн мэдүүлэг /хх92-93/, А.Ж-гийн мэдүүлэг /хх101-102/, хохирогч М.Н-н мэдүүлэг /хх163-165, 166-167/, гэрч С.А-гийн мэдүүлэг /хх170-172/, гэрч Б-гийн мэдүүлэг /хх173-174/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5338 дугаартай дүгнэлт /хх176/, А.Ж-гийн мэдүүлэг /хх188-191/, шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх115/, Б.О-гийн гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх122/, Б.О-гийн цагдаагийн асап сангийн бүртгэлийн лавлагаа /хх126-128/, эвлэрлийн гэрээ /хх145-146/, шүүгдэгч А.Ж-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх129/, оршин суугаа хаягийн засаг даргын тодорхойлолт /хх132/, А.Ж-гийн цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /142-144/, зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Мөн хохирогч Ц.Б-гийн хавтаст хэргийн 32 дугаар талд байх мэдүүлэгт хохирогч болон мөрдөгч-ахлах дэслэгч М.Алтангэрэл нар нь гарын үсэг зураагүй байх бөгөөд хохирогч Ц.Б өөрөө шүүх хуралдаанд оролцож, өмнө өгсөн мэдүүлэг мөн болохоо илэрхийл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хохирогч Ц.Б-гийн урьд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтэй тохирч байх тул нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Нэг. Шүүгдэгч А.Ж-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ц.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх113-114/
2. Хохирогч Ц.Б-гийн “...2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад караоке хаах болоод тухайн караокенаас гарсан. Тэгээд Б, Б бид гурав тухайн караокенаас гараад зам хөндлөн гараад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй караокены урдуур явсан бөгөөд яг тухайн караокены урд талд Б, Б бид хоёроос нэг алхмаар урд алхаж байсан бөгөөд Б-гийн урд цэнхэр цамцтай О гэх залуу замыг нь хааж мөргөлдөх шахам тулж зогсоод харин хойноос нь 2 залуу ирсэн юм. Тэгээд тэр Б-гийн урд зам хааж зогссон О гэх залуу нь Б-тэй маргалдсан бөгөөд харин намайг цаанаас нь ирсэн гэх цагаан цамцтай Ж гэх залуу нь над руу ирээд шууд шанаа руу цохиод газар унагаасан. Би босоод тэр залуугаас зугтаасан бөгөөд тэр залуу намайг барьж авах гэж хойноос хөөгөөд байсан, Ж гэх залуу эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх31-33/
3. Хохирогч Б.Б-гийн “...2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрөөгөөд тухайн караокенаас гараад зам хөндлөн гараад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй караокены урд талд нь явж байтал үл таних О гэх залуу бид нартай тулаад зам хааж зогсоод та нар ах нарыгаа хүндэлсэнгүй гээд бид нар хоорондоо хальт маргалдсан бөгөөд цаанаас Ж гэх үл таних залуу нь шууд манай найз Б-г барьж аваад газар унагаагаад дээрээс нүүрлүү цохисон...” гэх мэдүүлэг /хх26-27/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1090 дугаартай дүгнэлтээр: “...Ц.Б-гийн биед баруун 5-р хавирганы урд төгсгөл хэсгийн далд хугарал, баруун сарвууны 3-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх67-68/,
5. Шинжээч эмч Ц.Бадралын “...Нэмэлтээр хийгдсэн 1090 дугаартай...хэргийн материалын шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Ц.Б нь цээжний компьютер томографын шинжилгээгээр баруун 5-р хавирганы урд төгсгөл хэсгийн хугаралтай нь тогтоогдсон. Иймд дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дангаараа түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Харин 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10850 дугаартай дүгнэлт гаргахад дээрх томографын зураг авахуулж хийлгээгүй тул гэмтлийн зэргийн дүгнэлтэд тусгах боломжгүй байсан...Хохирогч Ц.Б-гийн биед учирсан гэх баруун 5-р хавирганы урд төгсгөл хэсгийн далд хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг...хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх69-70/,
6. А.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Ц.Б-гийн биед би эхлээд шанаа хэсэг рүү нь цохиод газар унагаагаад цохиж байхдаа баруун 5-р хавирганы урд төгсгөл хэсгийн далд хугарал үүсгэсэн. Би Б-г газар унагаагаад цохиж байхад Б гараараа нүүрээ хаачихсан байсан ба би хөлөөрөө цохиж байхдаа баруун сарвууны 3-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүдийг гар болон хөлөөрөө цохиж үүсгэсэн юм...” гэх мэдүүлэг /хх101-102/,
7. Хохирогч М.Н-н “...Би 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой би найз Учралбаяр, Дагвасүмбэрэл нартай хамт Билгүүн Од караокед орж үйлчлүүлсэн бөгөөд бид нар нэлээн хэдэн шил пиво хувааж ууцгасан юм. Тухайн үед би согтсон байсан тэгээд тооцоогоо хийх гээд текэн дээр очоод зогсож байтал үл таних эрэгтэй хүн миний толгой руу пивоны шилээр цохичихсон тэгээд би толгойдоо 6 оёдол тавиулсан...2019 оны 4 дүгээр сарын 26-оос 27-нд шилжих шөнө би Ж гэх хүнтэй ямар нэгэн маргаан гаргаагүй байх гэж бодож байна. Би тухайн үед их согтсон байсан учраас зарим зүйлээ санахгүй байна...А.Ж гэх хүн миний толгой руу нэг удаа пивоны шилээр цохисон мөн миний нүүр лүү гараараа цохих шиг болсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх163-165,166-167/,
8. Гэрч С.А-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 4 цагийн орчим байх караокегаа хаах гэж Э надаас “ахиад пиво өгөө гээд гуйхаар нь би одоо өгөхгүй гэж хэлсэн” тэгээд байж байтал Ж-д зодуулдаг залуу бас миний хажууд ирээд ахиад пиво өгөөч гэж хэлэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн тэгтэл хажуугаас Э “би бас гуйгаад барахгүй байж байна” гэж хэлээд Э тэр залуутай юм яриад байж байтал Ж цаанаас ууж байсан пивоо барьж босож ирээд тэр залууг “чи миний найзтай маргалдаад байгаа юм уу? гэж хэлээд шууд барьж байсан пивоны шилээрээ тэр залуугийн толгой руу цохисон” тэгтэл пивоны шил хагарсан тэгээд Ж тэр залуутай зууралдаад авсан тэгээд би бас тэнд байсан хэдэн хүмүүс салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...М.Н гэх хүний толгой руу цохисон пивоны шил хагарсан ба тэрний нь би цэвэрлээд хогийн саванд хийсэн. Савтай хогоо манайх маргааш өглөө нь ачуулаад явуулсан учраас одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх170-172/,
9. Гэрч Б-гийн /цагдаагийн эргүүлийн офицер/ “...2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн орчим байх гэж бодож байна...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Билгүүн Од караокед хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад хоёр согтуу залуу хоорондоо маргалдсан байсан ба нэг залуугийнх нь толгойноос цус гарсан байдалтай нөгөө цохисон гэх залуу нь нилээн согтуу сууж байсан, тэгээд би ороод цохисон гэж залууг М-д өгч гаргаад, би үлдэж нөгөө залууд түргэн дуудаж өг гэж караокены зөөгчид хэлчхээд нөгөө цохисон гэх залууг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хх173-174/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5338 дугаартай дүгнэлтээр: “...М.Н-н биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйх, зүүн хацар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх176/
11. А.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. М.Н-н биед учирсан гэмтлийг би гараараа болон пивоны шилээр цохиж учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх188-191/
Хоёр. Шүүгдэгч Б.О-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Б-гийн “...Тэгээд караокенаас 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 04-нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрөөгөөд тухайн караокенаас гараад зам хөндлөн гараад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарьд нэртэй караокены урд талд нь явж байтал үл таних О гэх залуу бид нартай тулаад зам хааж зогсоод та нар ах нарыгаа хүндэлсэнгүй гээд бид нар хоорондоо хальт маргалдсан бөгөөд цаанаас Ж гэх үл таних залуу нь шууд манай найз Б-г барьж аваад газар унагаагаад дээрээс нүүрлүү цохисон бөгөөд надтай маргалдаж байсан О гэх залуу нь шууд намайг барьж аваад миний нүүр лүү цохиод би газар манараад унаад өгсөн бөгөөд дээрээс тэр О гэх залуу нь намайг нэлээн олон удаа цохиж хөлөөрөө дэвссэн. Би тэгээд ухаан алдчихсан бөгөөд нэг ухаан ороход миний толгой болон хамарнаас цус гарчихсан бас цагдаа нар ирчихсэн байсан...намайг О гэх залуу нь шууд цохиж газар унагаагаад дээрээс дэвсэж зодсон...тэр О гэх залуу намайг газар унагаагаад өшиглөж байхад миний халаасанд байсан гар утасны дэлгэц нь хагарсан юм. Б.О нь хохирлын мөнгөн 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн одоо надад санал хүсэлт нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх26-27/,
2. Хохирогч Ц.Б-гийн Харин тухайн үед Б харагдахгүй байсан ба харин О нь манай найз Б-г шонд шахчихсан унагаачихсан цохиж байсан бөгөөд Б хөдлөхгүй хэвтэж байгаа харагдсан...миний биед Ж гэдэг залуу миний хавирга руу өшиглөж гэмтэл учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх31-32/,
3. Гэрч Б.Б-гийн “...Тэгээд караоке хаах цаг болсон гээд гараад тойргийн автобусны буудал руу алхаж байхад өөдөөс гурван залуу ирээд нэг өндөр залуу /О/ нь ах нартаа зам тавьж өгсөнгүй гээд Б-гийн нүүр лүү цохисон юм...Харин өндөр залуу /О/ нь манай найз Б-г шонгийн мод мөргүүлээд байхаар нь буцаж найзыгаа салгаж аваад зогсож байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх35/,
4. Гэрч Н.С-ын /цагдаагийн эргүүлийн офицер/ “...2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-ний шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Ачит-10-аас Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарьд караокены хажуу талд хүмүүс зодолдоод байна” гэх дуудлагын дагуу очиход Гарьд караокены хажуухан талд 4 залуу байсан. Тэгээд тухайн үед Б гэх залуугийн толгой хэсгээс цус гарчихсан байсан ба тэр 4 залуу дөрвүүлээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан...тухайн үед гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Гарьд караокены хажуу талд 00 цаг өнгөрч байхад болсон юм...” гэх мэдүүлэг /хх40/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10849 дугаартай дүгнэлтээр: “...Б-гийн биед баруун чамархайн хуйх, завьжинд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх51/,
6. Б.О-гийн яллагдагчаар өгсөн “...Би Б-г эхлээд гараараа шанаа болон нүд хэсэг рүү нь цохихдоо завьжинд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг үүсгэсэн. Харин газар унахад нь би Б-г хөлөөрөө дэвсэж байхдаа чамархайн хуйх, баруун тохойд зулгаралт, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэсэн юм...би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх92-93/
1. Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.Ж:
Шүүгдэгч шүүгдэгч А.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
-2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” гэх караокены гадаа иргэн Б.Б-тэй “...ах нарыгаа хүндэлсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, хөл, цээжин тус газрууд нь хөл, гараараа цохиж зодсон,
- 2019 оны 4 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Билгүүн Од” караоке дотор иргэн М.Нтэй “найзтай маргалдлаа” гэсэн шалтгааны улмаас түүний толгойн тус газар нь гараараа болон пивоны шилээр цохиж, зодсон болох нь хохирогч Ц.Б-гийн “...цагаан цамцтай Ж гэх залуу нь над руу ирээд шууд шанаа руу цохиод газар унагаасан. Би босоод тэр залуугаас зугтаасан бөгөөд тэр залуу намайг барьж авах гэж хойноос хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б-гийн “...цаанаас Ж гэх үл таних залуу нь шууд манай найз Б-г барьж аваад газар унагаагаад дээрээс нүүрлүү цохисон...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
мөн хохирогч М.Н-н “...үл таних эрэгтэй хүн миний толгой руу пивоны шилээр цохичихсон тэгээд би толгойдоо 6 оёдол тавиулсан...А.Ж гэх хүн миний толгой руу нэг удаа пивоны шилээр цохисон мөн миний нүүр лүү гараараа цохих шиг болсон өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, гэрч С.А-гийн “...Ж цаанаас ууж байсан пиво барьж босож ирээд тэр залууг “чи миний найзтай маргалдаад байгаа юм уу? гэж хэлээд шууд барьж байсан пивоны шилээрээ тэр залуугийн толгой руу цохисон”...М.Н гэх хүний толгой руу цохисон пивоны шил хагарсан...” гэх мэдүүлэг, гэрч Б-гийн “...хоёр согтуу залуу хоорондоо маргалдсан байсан ба нэг залуугийнх нь толгойноос цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ж-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд “...баруун 5-р хавирганы урд төгсгөл хэсгийн далд хугарал, баруун сарвууны 3-р хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1090 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
Хохирогч М.Н-н эрүүл мэндэд “...дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйх, зүүн хацар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5338 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ж-гийн үйлдэл нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн өөр өөр хугацаанд үйлдэгдсэн бие даасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч өмнөх үйлдэлдээ шалгагдаж байхдаа дахин хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд прокуророос шүүгдэгч А.Ж-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.О:
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” гэх караокены гадаа иргэн Б.Б-тэй “...ах нарыгаа хүндэлсэнгүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, гар хэсэгт нь гар, хөлөөрөө цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-гийн “...О гэх залуу нь шууд намайг барьж аваад миний нүүр лүү цохиод би газар манараад унаад өгсөн бөгөөд дээрээс тэр О гэх залуу нь намайг нэлээн олон удаа цохиж хөлөөрөө дэвссэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Б-гийн “...харин О нь манай найз Б-г шонд шахчихсан унагаачихсан цохиж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гийн “...нэг өндөр залуу /О/ нь ах нартаа зам тавьж өгсөнгүй гээд Б-гийн нүүр лүү цохисон юм...харин өндөр залуу /О/ нь манай найз Б-г шонгийн мод мөргүүлээд байхаар нь буцаж найзыгаа салгаж аваад зогсож байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.С-ын “...Б гэх залуугийн толгой хэсгээс цус гарчихсан байсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд “...баруун чамархайн хуйх, завьжинд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10849 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.О нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Б-д 500.000 төгрөг бэлнээр өгсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.О-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ж нь хохирогч Ц.Б-д 500.000 төгрөг бэлнээр өгсөн, хохирогч Ц.Б нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч А.Ж-г хохирогч Ц.Б-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй,
Харин хохирогч М.Н нь эрүүл мэндэд учирсан хохиролд толгойны рентген зураг, тархины рентген зураг авхуулсаны төлбөрт нийт 260.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч холбогдох “баримтыг гээсэн” гэсэн мэдүүлэг өгчээ.
Хохиролтой холбоотой нэхэмжлэлийг баримтад үндэслэн шийдвэрлэх шаардлагатай боловч энэ тохиолдолд шүүхээс хохирогчид холбогдох зардлыг гаргуулан олгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч А.Ж-гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Н нь толгойн дагз хэсэгт 6 оёдол тавиулсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтэд дурдсан байх тул дээрх рентген зураг авахуулсан зардал нь хохирогчоос бодитоор гарсан зардал гэж үзэж шүүгдэгчээр гаргуулах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Ж-гээс 260.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Н-д олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Ж-д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.О-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Иймд шүүгдэгч А.Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн шалгагдаж байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч Б.О-гийн хувьд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал болон гэм буруугийн талаар маргаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-д 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Ж-гээс 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг гаргуулах хохирогч М.Нд олгуулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР