Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2026/ХШТ/55

 

Б.Ба, Б.Би, Б.О, С.Ша, Х.А,

Ю.У, П.Д, Г.Б, Б.М, Ж.Р (Z.R)  

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

хохирогч Н.А, Ж.В (Z.W) нарын өмгөөлөгч Д.Дарханбаатар,

шүүгдэгч Ж.Р (Z.R)-ийн өмгөөлөгч Б.Лхагвадорж, Н.Мандах,

шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Б.Соёл-Эрдэнэ, Б.Агар-Эрдэнэ,

шүүгдэгч Ю.У-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2273 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар магадлалтай Б.Б, Б.Б, Б.О, С.Ш, Х.А, Ю.У, П.Д, Г.Б, Б.М, Ж.Р (Z.R) нарт холбогдох 2105 02307 0243 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч Ж.В (Z.W)-ийн өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан гомдлоор 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.С овгийн Б-ийн Ба, 1979 оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., -ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, (РД: ...),

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 7 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 124а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж байсан.

 

2.Б овгийн П-ын Д, 1985 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Н” ХХК-д ажилладаг гэх, ам бүл ... , ...-ийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... хотхоны ... тоотод оршин суух, (РД: ... ),

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.

 

3.Б овгийн Б-ийн  Би, 1993 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл ..., ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, (РД: ... ),

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялын тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

4.Б овгийн Ю-ийн У, 1990 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, (РД: ... ),

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

5.Г овгийн Г-ийн Б, 1992 оны ...дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эдийн засаг-санхүү мэргэжилтэй, ...-д инженер ажилтай, ам бүл ... , -ийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, (РД: ... ).

 

6.Л овгийн Б-ын О, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., -ийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод орших суух бүртгэлтэй, (РД: ... ),

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх заалтад зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 03 хоногийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг эдлээгүй.

 

7.Б овгийн Х-ын А, 1986 оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ..., ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, (РД: ...),

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1907 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж,  уг ялаас 2 сар 4 хоногийн ялыг эдлээгүй.

 

8.Б овгийн Б-ийн М, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “И” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ... Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, “С” хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, (РД: ... ),

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дүгээр захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 23 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, суллагдсан.

 

9.Ж овгийн С-ийн Ша, 1991 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... нарын хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух, (РД: ... ),

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

10.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж.Р (Z.R), 1985 оны ... дүгээр сарын ... -ны өдөр БНХАУ-ын Лиаонин мужид төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй гэх, “З” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал ажилтай, ам бүл ... , ...-ийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, (Гадаад пасспортын дугаар ..., Монгол Улсад оршин суух үнэмлэхийн дугаар ...).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

1.Шүүгдэгч Б.Ба, П.Д, Б.Би, Ю.У нар нь бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө, мөн сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн ... тоот зочид буудал, караоке, ресторан, паб, найман нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах “Таац” төв болон “Royal” зочид буудлын гаднах талбайд буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд,

2.Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө тус дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчинлэн хийдийн төв хаалганы урд хэсэгт буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд тус тус нийтийн хэв журмыг зөрчиж, хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

3.БНХАУ-ын иргэн Ж.Р (Z.R) нь Б.Б-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэрэг үйлдүүлэхээр Б.Ба-г хөлсөлж, Б.Б нь Ж.Р (Z.R)-ийн захиалгаар 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, ... дүгээр байрны ... дүгээр орцны цахилгаан шат дотор БНХАУ-ын иргэн Ж.В (Z.W)-ийн биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд баруун талын 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы далд хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, эрүү, баруун тохойд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу захиалгаар үйлдсэн,

4.Мөн Б.Ба нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ цахилгаан шатны гадна талд хохирогч Н.А-ийн биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

5.Шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Ши-ыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Э.А-аас зээлсэн 250 сая төгрөгийг буцаан авах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Tom N Toms” кофе шопийн орчмоос өөрийнхөө автомашинд суулган авч явж, Баянзүрх дүүрэг, Их тэнгэрийн ам орчимд Б.О-ийн эзэмшлийн “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэлд шилжүүлэн суулган өөрөө үлдэж,

шүүгдэгч Б.О, Ю.У, Х.А нар нь хохирогч С.Ши-ыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт авч яван мөн өдрийн 19 цагаас 5 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 03-04 цаг хүртэлх хугацаанд “Э.А-аас зээлсэн мөнгөө буцаан өг” гэж С.Ши-т зэвсэг буюу хутга тулгах, биед нь халдаж цохих, нүцгэлэх, эд эрхтнийг нь гаргах, бэлэг эрхтнээ нүүрэн тус газар нь хүргэх зэргээр тохуурхан доромжилж, хүчиндэнэ гэж заналхийлсэн,

6.Шүүгдэгч Б.О, С.Ша, Ю.У, Х.А нар нь бүлэглэн шүүгдэгч Г.Б-ий хатгаснаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-9 цагийн турш хохирогч С.Ши-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгосон,

7.Дээрх гэмт хэргийг үйлдэх явцад шүүгдэгч Б.О, Х.А, Ю.У, Б.М нар нь бүлэглэн хохирогч С.Ши-ын биед халдаж эрүүл мэндэд нь хүзүү, эрүү, баруун, зүүн чихний дэлбэн, баруун алга, бэлэг эрхтэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, хүзүү, уруул, зүүн шуу, зүүн бугалга, цээж, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт, зүүн бугалга, баруун шилбэ, баруун төмсөг, баруун, зүүн завж, залгиурт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг бүлэглэж, бусдад эдийн ашигтай байдал бий болох зорилгоор санаатай учруулсан,

8.Шүүгдэгч Ю.У нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Хөх хулганын орон” тоглоомын газрын замын эсрэг талд утсаар ярьж явсан хохирогч Э.Г-ийг “дуугүй байгаач” гэж үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар толгойн тус газар нь чулуу шидэх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

9.Шүүгдэгч Б.О нь Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот гэртээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрөлгүй 25 хуудас, 880 ширхэг хуурамч архины онцгой албан татварын тэмдэгтүүдийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалж, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэсэн, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Нийслэлийн прокурорын газраас:

 

1.Б.Ба-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

2.Ж.Р (Z.R)-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

 

3.П.Д-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

4.Б.Би-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

5.Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

6.Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

7.С.Ша-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

8.Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

9.Ю.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

10.Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2273 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б.Ба-г олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу захиалгаар үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялуудыг нэмж нэгтгэн түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоон, 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр тогтоож, хорих ялаас тусад нь эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 365 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож,

 

шүүгдэгч Ж.Р (Z.R)-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 210 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон дээрх ялаас хасаж, торгох ялын хэмжээг 6.850.000 төгрөгөөр тогтоон, уг ялыг 90 хоногийн хугацаагаад биелүүлэхээр,

 

шүүгдэгч П.Д-г олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 360 хоногийг уг ялаас хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,

 

шүүгдэгч Б.Би-г олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 213 хоногийг уг ялаас хасаж тооцохоор, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,

 

шүүгдэгч Ю.У-ыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, заналхийлэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн, хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, бүлэглэж, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

уг ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 11 сарын хугацаагаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, түүний цагдан хоригдсон 390 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцоохоор,

 

шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 116 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож,

 

шүүгдэгч Х.А-ыг заналхийлэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн, хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 11 сарын хугацаагаар тогтоон, энэхүү ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 2 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 2 жил 1 сар 4 хоногийн хугацаагаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 405 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор,

 

шүүгдэгч Б.О-ийг заналхийлэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн, хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах буюу онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 11 сарын хугацаагаар тогтоон, энэхүү ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

түүний цагдан хоригдсон 405 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор,

 

шүүгдэгч С.Ша-г хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас түүний цагдан хоригдсон 64 хоногийг хасаж тооцон, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,

 

шүүгдэгч Г.Б-ийг заналхийлэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон, хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллага эдлүүлэхээр, түүний цагдан хоригдсон 119 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

 

шүүгдэгч Б.Б хохирогч Ж.В (Z.W)-ийн хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч Ж.В (Z.W) нь шүүгдэгч Ж.Р (Z.R)-д гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р (Z.R)-ээс орчуулагчийн орчуулгын зардалд 1.440.000 төгрөгийг гаргуулж Түвшинтөгсийн Өлзиймаад олгохоор,

 

шүүгдэгч Б.О, Х.А нарт урьд өмнө “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж, шүүгдэгч Ю.У, Г.Б нарт урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.О, Х.А, Ю.У, Г.Б нарын хорих ял эдлэх хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор,

 

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 880 ширхэг архины акцууд, А4 цаасны хэмжээтэй 24 ширхэг, тал цаасны хэмжээтэй 1 ширхэг, архины шил 1 ширхэг, эвхдэг хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

“И” ХХК-ийн ... дугаартай тэмдэг 1 ширхэг, “С” ... дугаартай тэмдэг 1 ширхэг тус тус шүүгдэгч Б.О-т,

шүүгдэгч Б.О-ийн “Samsung Galaxy S 50+5G” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч С.Ш-ийн “Samsung Galaxy S7 Edge” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч Х.А-ын “Samsung Galaxy Gen2” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч Ю.У-ын “Samsung Galaxy On7” загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч Г.Б-ий “Iphone 13” загварын гар утас 1 ширхэг зэргийг тэдгээрт буцаан олгохоор,

хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 7 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэр бүхий шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 28 дугаар магадлалаар:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Р (Z.R)-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Р (Z.R)-г цагаатгаж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Шүүгдэгч Б.Ба-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу захиалгаар үйлдсэн гэм буруутайд ...” гэснийг “... Шүүгдэгч Б.Ба-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд ...” гэж өөрчлөн,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Ж.Р (Z.R)-д холбогдох хэсэг, 7, 8 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.О, Г.Б, Х.А, Ю.У нарын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Нямдорж, Г.Баясгалан, Г.Ган-Эрдэнэ нар хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “… Магадлалыг хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, магадлалыг эс зөвшөөрч байна.

Тодруулбал шүүхийн магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “... шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

Хохирогч БНХАУ-ын иргэн Ж.В (Z.W)-ийн мэдүүлэг (3хх 203-204), дахин өгсөн мэдүүлэг (3хх 211-214), хохирогч Н.А-ийн мэдүүлэг (3хх 218-219), гэрч Б.М-ийн мэдүүлэг (3хх 229-232), дахин өгсөн мэдүүлэг (9хх 225-226) зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэй няцаан үгүйсгэж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хохирогч Ж.В (Z.W)-ийн өмгөөлөгч Д.Дарханбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Давж заалдах шатны шүүх “Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн. Уг гэмт хэргийн субъектив шинж буюу Ж.Р (Z.R)-ийн гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ж.В (Z.W)-д хандаж “Чамайг үгэнд орохгүй болно зодно шүү” гэж заналхийлж байснаар тогтоогдож байна. Ж.Р (Z.R) нь энэхүү гэмт хэрэг үйлдэх санаа, сэдлээ хэрэгжүүлэх арга боломж, нөхцөл, хохирогч Ж.В (Z.W)-г урьдаас судалж, сайтар тооцсоны эцэст гэмт санаагаа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Ба-ээр гүйцэтгүүлж, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутай болох нь хохирогч Ж.В (Z.W)-ийн мэдүүлэг (3хх 203-204, 211-214), гэрч Б.М-ийн мэдүүлэг (3хх 229-235, 9хх 225-226), Б овогтой Ба-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (3хх 43), шинжээч эмч Б.Долгормаагийн мэдүүлэг (9хх 224), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6525 дугаартай дүгнэлт (3хх 244-246), хохирогч Н.А-ийн мэдүүлэг (3хх 218-219, 223-225)-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүй “Ийнхүү Ж.Р (Z.R)-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь хэсэгт заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй” болгосон байна. Ийнхүү илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлд хамаарч байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ю.У-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Хяналтын журмаар гомдол гаргаагүй боловч дараах тайлбарыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч нийт 4 төрлийн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр ял шийтгүүлсэн. Уг үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй холбоотой хууль хэрэглээний зөрүүтэй байдал бий болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О, С.Ша, Х.А нартай бүлэглэн хохирогч С.Ши-ыг хууль бусаар хорьсон гэсэн үйл баримт яригддаг. Налайх дүүргээс Баянзүрх дүүрэг рүү тээврийн хэрэгслээр шилжүүлэн явах үедээ заналхийлэх үйлдэл хийгдсэн гэж үзсэн. Нэг үйлдэлд 2 өөр төрлийн гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл хийсэн гэж шүүх дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд ноцтой зөрүү гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй юм. Эдгээр шүүгдэгч нар нь бүлэглэж хүнийг алга болгох гэмт хэргийг үйлдээгүй гэдэг нь хэргийн бодит байдалд тогтоогдсон. Хоёрдугаарт, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг Б.Ба, Б.Би, П.Д нартай бүлэглэж “Таац” төв болон “Royal” зочид буудлын гаднах талбайд буюу олон нийтийн эзэмшлийн зам талбайд 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд, мөн сарын 07-оос 08-нд шилжих шөнө тус тус үйлдсэн гэж прокурор дүгнэсэн. Гэтэл тухайн өдрүүдэд 2 өөр субъект буюу У гэж хүний нэр яригддаг. Анхан болон давж заалдах шатны шүүх 2 төрлийн гэмт хэргийг хууль хэрэглээний хувьд зөрүүтэй, бодит байдалд тохирсон байдлаар зүйлчилж чадаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд миний үйлчлүүлэгчийн оролцоо байгаагүй талаар гэрчүүдийн өгсөн мэдүүлэг байдаг тул холбогдох зүйл, заалтуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Миний үйлчлүүлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул гомдлын шинжгүй дараах тайлбарыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар, нийт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасан хохирогчийн буруутай үйл ажиллагаа, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй. Г.Б нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан буюу хохирогч С.Ши-ыг алга болгох, заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хуурай ахдаа “миний эхнэрээс 230.000.000 төгрөг залилж авсан, мөнгөө яаж авах вэ” гэж хэлж, санаачилга гарган хүнийг алга болгох гэмт хэргийн үйлдлийн шинжийг хангасан. Энэ үйлдэлдээ миний үйлчлүүлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурийг анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн үйлдлийн хор уршиг, хохирогчийн үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах нөхцөл байдал, анхдагч санаа сэдлийг бий болгож байгаа зүйлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй учраас эрүүгийн хариуцлагын хувьд тухайн зүйл ангийн хамгийн хүнд ял шийтгэлийг миний үйлчлүүлэгчид оногдуулсан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Улсын дээд шүүх хохирогчийн зүй бус үйлдэл, хуурамч баримтыг ашиглаад 230.000.000 төгрөгийн төлбөрийг буцааж эхнэрт чинь өгнө гэдэг агуулга нөхцөл байдалд нь тохируулаад зайлшгүй шаардлагаар гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэгт яагаад шүүх дүгнэлт хийхгүй байгаа юм бэ гэдэгт анхаарал хандуулж өгнө үү. Гүйцэтгэгчийн үйлдсэн ялаас багагүй ял шийтгэл оногдуулна гэсэн зарчмыг баримталж С.Ши гэдэг ганц хохирогчтой, миний үйлчлүүлэгчийн нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг агуулсан тохиолдолд анхан шатны шүүхээс хохирогч С.Ши тухайн үйлдэлд дүн шинжилгээ хийж, зүй бус үйлдлийг тогтоож, түүнтэй холбоотой эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөн ял шийтгэл оногдуулах боломжит хувилбар байсан гэдгийг хэлмээр байна” гэв.

 

Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хоёр шатны шүүх хянан хэлэлцээд гэм буруутайд тооцсон тул Г.Б-ий зүгээс “үнэн гэж байдаггүй юм байна, итгэл алдарч байгаа тул эртнээс ял шийтгэлээ эдэлсэн нь дээр юм байна” гэж үзсэн тул хяналтын журмаар гомдол гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж тусгасан. Өмгөөлөгч миний гаргасан цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох өмгөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг болон тэдгээрийг хэрхэн үнэлсэн болон үгүйсгэж няцаасан талаар дүгнэлт хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Уг гэмт хэргийн хуульчлагдсан байдлын хувьд хүнийг хууль бусаар хорьсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан. Хэн нэгний чөлөөтэй зорчих эрхийг нь хэсэг хугацаанд хязгаарласан нь шууд уг гэмт хэргийн шинжийг хангах уу, эсхүл Олон улсын гэрээ, Конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан хуульчлагдсан гэмт хэргийн нэршил өөрчлөгдсөн үү гэдгийг анхаарах шаардлагатай байна. Жишээлбэл, үйлчилгээний төлбөрөө төлөөгүй этгээдийг төлбөрийн чадваргүй бол явуулахгүй байх гэсэн үйлдэл нь хэн нэгэн этгээдийн зорчих эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа боловч хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг хангахгүй. Үүний адил энэхүү гэмт хэргийн хувьд түгээмэл биш, хууль хэрэглээний хувьд ойлголтын зөрүүг нарийвчлан тодорхойлоогүй тул гэмт хэргийн хуульчлагдсан бичвэрийг бус тухайн гэмт хэргийг хуульчлах болсон шалтгаан, нөхцөл, тухайн хэм хэмжээг зохицуулж, хамгаалж байгаа бусдын эрхтэй жиших байдлаар гэмт хэргийн шинжийг тодорхойлох нь зүйтэй байсан гэж үзэж байна. Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай Олон улсын Конвенцын 2 дугаар зүйлд “алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн хүнийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хохирогчийг нийгмээс тусгаарлаад, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарлахдаа хохирогчийн хувийн байдлыг нотолж тогтоосон баримт, мэдээллийг үгүй болгож, эсхүл хохирогчийн заяагдмал эрхээ цаашид хэрэгжүүлэх боломжгүй болгох зэрэг нь тус гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна. Энэхүү гэмт хэргийг үйлдэхэд төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдийн үйлдэл оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг талаар уг Конвенцод тодорхой дурдсан байдаг. Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн хүнийг хууль бусаар хорьсон гэх үйлдэл нь тухайн хохирогч этгээдийн хувийн байдал, хаана байгаа талаарх мэдээллийг устгах, алга болгох, хохирогчийн хуулийн хамгаалалт эдлэх боломжийг хязгаарлах, харьцангуй удаан хугацаагаар үргэлжлэх зэрэг шинжүүдээр тодорхойлогддог. Гэтэл хохирогч С.Ши-ыг хууль бусаар хорьсон хэргийн үйл баримтын хувьд хаана байгаа талаарх мэдээллийг устгасан, амьд болон үхсэн талаар бусдаас нуух, хуулийн хамгаалалт эдлэх боломжгүй болгох, хүчээр алга болгох субъектив санаа зорилго байгаагүй. “Худалдан борлуулах гэж байгаа виски чинь хуурамч юм биш үү, бусдаас авсан өр зээлээ төлөх ёстой, чамд мөнгөө өгөөд орох оронгүй хэцүү байдалд байна” гэж Б.О-ийн хэлснээс үүдэж маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон бусад хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Г.Б нь дээд боловсролтой, бага насны 2 хүүхэдтэй, урьд гэмт хэрэг, зөрчилд шалгагдаж байгаагүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Хохирогч С.Ши нь миний үйлчлүүлэгчийн эхнэрээр дамжуулан их хэмжээний мөнгийг залилж авсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг (5хх 170-184 дүгээр тал). Миний үйлчлүүлэгчийн хувьд захиалсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тайлбарын 5.1.6-д “хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх болон үүргийн нэгдмэл хэрэгжилт учир заавал хангах ба гэрчээс ялгаатай нь хэрэгт авагдсан нотлох баримтын талаар санал хэлэх эрхтэйгээс гадна хувийн сонирхолтой этгээд тул гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлэг өгч болзошгүйг анхаарвал зохино”, “тайлбарлах нь” хэсгийн 1.16-д “хохирогчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг жигшсэн байдал, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх сонирхол, эсхүл шүүгдэгч ийнхүү төлсөн байдал нь мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдгийг анхаарч, бусад нотлох баримтуудтай ямагт харьцуулан үнэлж байвал зохино” гэж тус тус тусгасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх ингэж харьцуулан дүгнээгүй, хохирогч С.Ши-ын мэдүүлэг бусад эх сурвалжаар нотлогдоогүй, дангаараа нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй байхад шүүхээс гэм буруутайд тооцсонд миний үйлчлүүлэгч гомдолтой байна. Шийтгэх тогтоолд “гэмт хэргийн шинжтэй дээрх үйл баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалган тогтоох явцад хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж тусгасан нь илтэд хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай Олон улсын Конвенцод хүнийг хүчээр алга болгох нь онц ноцтой, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж заасан байдаг. Тэгэхээр хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, хүнийг хүчээр алга болгох гэж заасан байдаг. Энэ нь ямар субъектэд хамааралтай юм бэ, жирийн иргэн Г.Б-д хамааралтай юм уу, тусгай субъектүүдэд хамааралтай юу гэдэг нь ойлгомжгүй байна. Г.Б-ий хувьд хохирогчийн буруутай үйлдлийн улмаас өөрөө давхар хохирсон. Австрали Улсын “Macquarie” их сургуулийн магистрын сургалтад тухайн улсын тэтгэлэгтэй суралцах эрх авсан байсан боловч өнөөдрийг хүртэл сургуульдаа явж чадахгүй байдалд хүрсэн. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг шүүх бүрэн дүүрэн нотлох ёстой. Гэтэл зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдсөн болох нь тодорхой байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйл, заалтыг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэв манай улсын хууль тогтоомж Олон улсын гэрээ, Конвенцыг дагах бол тухайн гэрээ Конвенцыг мөрдөх ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэхэд эргэлзээтэй байдал бий болж, Монгол Улсын Үндсэн хуульд бусдын хууль бусаар учруулсан хохирлыг авах эрхтэй гэж заасны дагуу Г.Б-ий дээрх эрх зөрчигдсөн. С.Ши гэж хохирогч хаана байгаа нь тодорхойгүй байна. Мөн Б.Агар-Эрдэнэ, Ц.Дэлгэрням өмгөөлөгч нарын саналыг дэмжиж оролцож байна” гэв.

 

Шүүгдэгч Ж.Р (Z.R)-ийн өмгөөлөгч Б.Лхагвадорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, тухайн нотлох баримтуудын харилцан хамаарал, уялдаа холбоо, баримт нэг бүрийг бусад баримтуудтай нягт нямбай харьцуулан судалсны үндсэн дээр дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг тогтоох ажиллагаа нотлох баримтын хүрээнд явагдах ёстой. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдагдсан хохирогч нарын мэдүүлэг нь зөвхөн сэжиглэж байна, таамаглаж байна гэж дурдсан байдаг. Энэ мэдүүлгийг өөр ямар нэгэн байдлаар давхар нотолсон баримт хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрэлцээ, харилцан хамаарал зэргийг дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин гэрч Б.М-ийн мэдүүлгийг үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц гэж үзэхгүй байна. Учир нь 2 удаа мэдүүлэг өгөхдөө Б.Ба-г танина, танихгүй гэж зөрүүтэй мэдүүлэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ж.Р (Z.R)-ийн өмгөөлөгч Н.Мандах хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Анхан шатны шүүх Ж.Р (Z.R)-г гэм буруутай гэж тооцсон боловч хэргийн оролцогчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хуульд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гомдол гаргасан болон эсэргүүцэл бичсэн агуулгаас үзэхэд илт үндэслэлгүйгээр цагаатгасан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр үнэлээгүй гэж дурдагдаж байна. Гэтэл дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, хохирогч Ж.В (Z.W) болон Н.А нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь дан ганц Б.Ба-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой юм уу, эсхүл Ж.Р (Z.R), Б.Б нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой юм уу гэдэгт давж заалдах шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Магадлалын 57, 58, 59 дүгээр талуудад энэ талаар маш тодорхой дүгнэгдсэн байдаг. Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтууд болох хохирогчийн өөрийн бодлыг хэлсэн мэдүүлэг, гэрч Б.М-ийн хоорондоо зөрүүтэй мэдүүлэг, шүүгдэгч Б.Ба-ийн мэдүүлэг зэргийг давж заалдах шатны шүүх харьцуулж үзэн дүгнэлт хийсэн. Гэрч Б.М худал мэдүүлэг өгсөн талаар хэрэгт авагдсан байдаг учраас худал мэдүүлгийг шалгаж тогтоох ажиллагааг орхигдуулснаас болж ямар байдлаар гэрчийн мэдүүлэг үнэлэгдэх эсэх, хохирогчийн мэдүүлэг хэрхэн яаж тодорхойлогдох эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгжих боломжгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн хувьд үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэгдсэн гэж үзэж байна. Иймд гомдол, эсэргүүцлийг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Б.Ба нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдсан гэж үзсэн. Шүүгдэгч нарын олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, хохирогчид хүч хэрэглэж чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, тодорхой хугацаанд шилжилт хөдөлгөөнийг нь хориглон хүчээр алга болгосон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж сүрдүүлсэн буюу зээлсэн мөнгөө эргүүлж төлөхийг шаардаж хүйтэн зэвсэг ашиглан сүрдүүлж, хүч хэрэглэн заналхийлсэн гэмт хэргүүд нь шүүхэд шинжлэн судлагдсан, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн. Мөн хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ж.В (Z.W), хохирогч Н.А, Б.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Р (Z.R) нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаас тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн, шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой, нэгнээ нөхсөн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Р (Z.R)-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон нь нотлогдон тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээтэй тохирсон, үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Р (Z.R)-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм буруугүй болохыг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үзсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Б.Ба, Ж.Р (Z.R) нарт холбогдох заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд Ж (Z)-ийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцож ялыг нэмж нэгтгэсэн байх тул зөвтгөж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ж.В (Z.W), Н.А нарын өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ба, Б.Би, Б.О, С.Ша, Х.А, Ю.У, П.Д, Г.Б, Б.М, Ж.Р (Z.R) нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн тухайд:

 

2.Магадлалыг эс зөвшөөрч “шүүгдэгч Ж.Р (Z.R)-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хэргийг хянахад давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв.

 

2.1.Шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, түүнд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс бодитой, үнэн зөв шийдвэр гаргах үндэс болно.

 

Нэг цогц байдлаар оршин буй нотлох баримтад бусад нотлох баримтын талаарх мэдээлэл агуулагддаг бөгөөд гол нотлох баримтад үндэслэн түүний эх сурвалжийг тогтоох замаар бие биетэйгээ нөхцөлдөн, үндсэн нотлох баримтыг бататган нотолж, болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоодог.

 

Хавсрах нотлох баримтуудын эх сурвалжийн уялдаа, логик холбоос, харилцан хамаарал бүхий байдал нь хэргийн үйл баримттай холбогдон тодорхойлсноор нэгдмэл шинжийг бүрдүүлж байвал болсон үйл явдлыг бүрэн дүүрэн илэрхийлэх шууд нотлох баримт шаардагдахгүй байж болно.

 

2.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл буюу мэдүүлэг авах үндэслэл, журам, мэдүүлгэн нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох, нотлох баримтаар тооцохгүй байх зэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоол тайлбарласан байдаг.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна.

 

Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино.

 

Ингэхдээ мэдүүлгийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон хувийн сонирхолгүй этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

 

Хохирогчоос дэвшүүлсэн сэжиг, таамаглал нь дангаар нотлох баримт болохгүй боловч нөхцөл байдлын уялдаа холбоог тусган илэрхийлсэн бусад нотлох баримт буюу харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолгүй гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байвал үнэн зөв, зөрүүгүй байдал хангагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч тэдгээрийн мэдүүлэгт хэргийг илрүүлэхгүй байх, хэргийн нөхцөл байдлыг эрх зүйн зөрчил болгон харагдуулахгүй байх, эсхүл ялимгүй зөрчил болгон харагдуулах гэсэн ашиг сонирхол илт давамгайлдаг тул сэдэлт зорилго, анх үүссэн гэмт санаа, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, тогтоогдсон нөхцөл байдал зэргийг цогцоор нь дүгнэж, дүн шинжилгээ хийх нь энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий шийдвэр гаргахад тавигдах зайлшгүй шаардлага юм.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг “шууд нотолж чадахгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэм буруугийн зарчимд харшлах үр дагаврыг бий болгож болзошгүйг анхаарвал зохино.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

 

2.3.Хохирогч Ж.В (Z.W) нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, ... дүгээр байрны ... дүгээр орцны цахилгаан шат дотор бусдад зодуулснаар тус хэргийг шалгах ажиллагаа эхэлсэн бөгөөд тэрээр өөрийг нь зодсон Б.Ба-г ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хуулийн этгээд болох “З” ХХК-ийн захирал Ж.Р (Z.R)-ийн удирдлага дор ажиллаж байснаар нь шууд таньж, Ж.Р (Z.R) өөрийг нь “зодно” хэмээн заналхийлж байсан учраас түүнийг сэжиглэн мэдүүлэг өгчээ.

 

Энэхүү мэдүүлгийн дагуу шалгах ажиллагааг явуулахад шүүгдэгч Б.Ба нь 00-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Ж.В (Z.W)-г дагаж явсан нь нотлогдсон бөгөөд Б.Б нь орчуулагч М гэгчээр дамжуулан хуулийн этгээдийн удирдлагаас “Т” ХХК-ийн эзэмшлийн авто машиныг ашиглах зөвшөөрөл авсныг жолооч, гэрч Б.М нотолсон байна.

 

Хохирогч Ж.В (Z.W)-ийн мэдүүлэг нь дангаар хийсвэр, таамаглалын шинжтэй боловч гэрч Б.М-ийн мэдүүлэг нь түүнийг нотлохын зэрэгцээ камерын бичлэгт үзлэг хийсэн, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, шүүгдэгч Б.Ба нь “З” ХХК-д ажиллаж байсан талаарх лавлагаа зэрэг баримтууд нь шүүгдэгч Ж.Р (Z.R)-ийн хатгаснаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.В (Z.W)-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

2.4.Гэтэл давж заалдах шатны шүүх үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж мэдүүлэг өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг өөр баримт нотлохгүй байна гэсэн явцуу дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.М-ийн өгсөн эхний мэдүүлэг нь дахин өгсөн мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй боловч тэрээр албан тушаалын хувьд эрхшээлдээ байгаа хүний ятгалгын улмаас худал мэдүүлэг өгсөн болохоо хүлээн зөвшөөрөн дараагийн өгсөн мэдүүлгээрээ зөрүүг арилгасан байх тул үнэлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

 

2.5.Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Р (Z.R)-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг захиалгаар үйлдсэн гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайг шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт үндэслэл бүхий дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтаар түүнийг тус гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжээр гэм буруутайд тооцсоныг зөвтгөн өөрчлөхөөр тогтов.

 

2.6.Шүүгдэгч Ж.Р (Z.R) нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баривчлагдаж, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг шүүх хангахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоол гарснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан гомдлыг хангаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилжээ.

 

Тэрээр нийт 208 хоног баривчлагдсан, цагдан хоригдсон байхад шүүх 210 хоног хэмээн тооцооллын алдаа гаргасан байх тул оногдуулсан торгох ялаас цагдан хоригдсон хоног хасаж тооцсон заалтыг зөвтгөж шийдвэрлэлээ.

 

2.7.Шүүгдэгч Б.О нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр магадлалыг гардан авсан боловч 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тул “хугацаа хэтэрсэн” үндэслэлээр түүний гомдлыг хэлэлцүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн тухайд:

 

3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ба, П.Д, Б.Би, Ю.У нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, шүүгдэгч Г.Б, Б.О, Ю.У, Х.А нарыг заналхийлэх, шүүгдэгч Г.Б, Б.О, Ю.У, Х.А, С.Ша нарыг хүнийг хүчээр алга болгох, шүүгдэгч Б.О, Б.М, Х.А, Ю.У, Б.Ба нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.О-ийг онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцон ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянаад дараах дүгнэлтийг хийв.

 

Ингэхдээ агуулгын хувьд ойлгомжтой, тодорхой, логик уялдааг хангасан байх шаардлагад нийцүүлэн хэргийн зүйлчлэл, түүнд хамаарах үйл баримт тус бүрээр бүлэглэн ангилж, эрх зүйн ойлголт, үндэслэлийг тусгалаа.

 

3.1.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн тухайд:

 

3.1.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан үйлдэл байх бөгөөд тус гэмт хэргийн объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бусдаас давуу болохоо харуулах гэж айлган сүрдүүлэх, дарамтлах, бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох, дээрэлхэх, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг.

 

Хэрэв дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын хувийн таарамжгүй харилцаа, зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодод нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр хэргийг зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Өөрөөр хэлбэл, илрэх хэлбэрийн хувьд өс хонзон, дайсагналын үүднээс олон нийтийн газарт зодолдсон, маргалдсан боловч олон нийтийн аюулгүй байдлын эсрэг чиглээгүй, нийтийн хэв журмыг зөрчөөгүй бол энэ гэмт хэргийн шинж хангагдахгүй бөгөөд ийнхүү маргалдсан, зодолдсоноор тухайн газар, орчинд байсан хүмүүст айдас түгшүүр бий болгосныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхгүй.

 

3.1.2.Шүүгдэгч Б.Ба, П.Д, Б.Би, Ю.У нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө, 07-оос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таац” төв, “Royal” зочид буудлын гаднах зам талбайд, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарт хүч хэрэглэж, тэдний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримтыг хоёр шатны шүүх зөрүүгүй тогтоосон байна.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг авч үзвэл шүүгдэгч, хохирогч нар нь “Таац” төв, “Royal” зочид буудлын орчимд согтууруулах ундаа дамлаж зарснаас үүдэлтэй маргалдаж, улмаар тухайн газар орчимд хохирогч нарын худалдаа эрхлэх үйл ажиллагааг бүрэн хориглож, өөрсдийн хувийн өмчийн газар мэт ашиглах, тухайн газар орчимд өөрсдийн ноёрхлыг тогтоон дамын худалдаа эрхлэх зорилгоор хохирогч нартай маргаан үүсгэн, тэдэнд хүч хэрэглэжээ.

 

Ингэхдээ хохирогч нарт өөрсдийн хүч чадалтай, давуу болохоо харуулахаар тэднийг бүлэглэн дарамталсан, догшин бүдүүлэг зан авир гаргаж, хүч хэрэглэн зодсон нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.

 

3.1.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Г-ийн “... Б сунадаг бороохойгоор дагз руу цохисон, У бейсболын цохиураар миний нурууны хэсэгт нэг удаа цохисон ...” (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал), хохирогч Л.М-ийн “… Хоёр залуу нь намайг цохиураар цохисон …” (1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал), хохирогч Б.О-ийн “... Б.Ба бейсболын цохиуртай байсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал), гэрч Г.З-ийн “… У бейсболын цохиураар Х.А-ын толгойн ар талаас цохисон …” (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал), гэрч Г.И-ийн “... Хэн зодсон, хэн машин эвдсэн юм бэ гэхэд “Д, Б хоёр бейсболын цохиураар цохиж эвдсэн” гэсэн ...” (1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал) гэсэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгслийн талаарх шууд болон шууд бус нотлох баримтууд цугларсан байна.

 

Шүүгдэгч П.Д-ы эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-39 дэх тал)-ээр хар өнгийн бейсболын цохиур хадгалагдаж байсныг хураан авсан ба энэ талаар П.Д “… Б.О дээрэлхээд байсан учраас Б.Ба-д хэлж байгаад авахуулсан. Бейсболын цохиурын ишинд гараас алдахгүй гэж бэхэлгээ, сагалдарга маягийн зүйл хийсэн ...” (2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал) гэж мэдүүлжээ.

 

А.Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр заасан байна.

 

Хууль тогтоогч уг ойлголтыг нэг мөр ойлгон хэрэглэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчилсан тайлбар хийжээ. Тодруулбал, “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэсэн аутентик тайлбарыг хийсэн.

 

Түүнчлэн бейсболын цохиур нь спортын зориулалттай хэрэгсэл боловч хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулахаар урьдчилан төлөвлөж, гараас алдахгүй байхаар тусгайлан гогцоо уяа хийж бэлтгэсэн, энэ нь гэм буруутай хүний санаа зорилго, сэтгэл зүйн хандлагад багтаж байсан үйл баримт нотлогдсон тохиолдолд зэвсэг хэрэглэсэн шинжид хамруулахаар хууль тогтоогч тогтоосон нь дээр дурдсан тайлбараас тодорхой байна.

 

Б.Хэргийн материалыг судлахад прокуророос шүүгдэгч Б.Ба, П.Д, Б.Би, Ю.У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч “... ямар нэгэн багаж хэрэгслийг зориулалтын дагуу ашигласан байдлыг тусгайлан бэлтгэсэн зүйл гэж үзэхгүй тул ялгамжтай авч үзэх нь зүйтэй ...” (8 дугаар хавтаст хэргийн 89, 103, 107 дахь тал), “... Б.Ба нь … зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх хангалттай үйл баримт тогтоогдоогүй …” (11 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал) гэсэн үндэслэлүүдээр хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, яллах дүгнэлт үйлджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бол мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй.

 

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг болон түүнд холбогдсон этгээдийн хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд түүнд дурдаагүй үйл баримт, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь шүүхийн шүүгдэгчийн эрхийг хамгаалсан зарчмын илрэл юм.

 

Шүүхийн шийдвэр нь хэргийн үйл баримт, хэрэглэх хууль тогтоомжийг бүхий л талаас нь дүгнэн шинжилж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтэд тулгуурлан гарсан байх ёстой бөгөөд үүний урьдач нөхцөл, хүрээ хязгаар нь прокурорын яллах дүгнэлтээр хязгаарлагддаг.

 

Нэгэнт прокуророос шүүгдэгч нарын дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж ирүүлсэн тул шүүх оролцвол зохих, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц бүхий л этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудад түшиглэн тус гэмт хэрэгт нь гэм буруутайг тогтоон, ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн, сэжигтэн, яллагдагч нь тодорхой хэргийн ач холбогдол бүхий нотлох баримтуудын нотлох чадвараа алдах хүртэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай дүйцэхүйц хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулан удаашруулсан нь прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурорын хяналтыг үр дүнтэй, бүрэн хэрэгжүүлэхтэй шууд холбоотой гэж дүгнэхээр байна.

 

Гэвч шүүх аливаа хэрэг маргааныг талуудын мэтгэлцээнийг үндэслэн хөндлөнгийн байр сууриас, хараат бусаар шийдвэрлэх үндсэн зарчим болоод шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр прокурорт буцаах нь хохирогч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нөгөө талаас цагдан хоригдсон шүүгдэгч нь холбогдсон хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх эрхэд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлийг харгалзан “энэ хэргийн хувьд” шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

3.1.4.Шүүгдэгч нар нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Б.О-ийн эзэмшлийн 00-00 УАС улсын дугаартай “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгслийн толь, шилийг гэмтээсний улмаас 700.000 төгрөгийн хохирол учирсан (1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал) байна.

 

Гэтэл шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн объектив шинжид хамаарах үйлдлүүдээс “эд хөрөнгө устгаж, гэмтээж” гэх шинжээр яллаагүй орхигдуулсныг дурдах нь зүйтэй.

 

3.1.5.Түүнчлэн хохирогч А.Г, Х.А, Л.М, Б.О нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учирсан (1 дүгээр хавтаст хэргийн 182, 192, 202, 212) байх ба тэд болсон үйл явдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд, үйлдлийн арга, учирсан хохирлын талаар тодорхой мэдүүлсээр байхад мөрдөн шалгах ажиллагааг шалтгаангүйгээр удаашруулсны улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд халдаж хохирол учирсан этгээдүүдийг хүний эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлагад татах боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ.

 

Гэмт хэргийг бүрэн дүүрэн, зөв зүйлчлэх нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн баталгаа болохын зэрэгцээ шударга, тохирсон ял оногдуулах, ял завшуулахгүй байх үндсэн нөхцөл болдог тул хэрэгт авагдсан нотлох баримтууд, эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч байх, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд нь тодорхой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулж байхыг үүгээр анхааруулан тэмдэглэж байна.

 

3.2.Хохирогч С.Ши-ыг заналхийлсэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:

 

Заналхийлэл нь бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, сэтгэл санааны дарамтад оруулах зэргээр өөрийнхөө санаа бодлыг тулгах, хүний хувийн эрх, эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх, нэр төр, А хүндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.

 

Заналхийлэх гэмт хэрэгт хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно. Тодруулбал, хохирогчийн бие махбодод халдах, эрүүл мэндэд нь хохирол учруулах, зорчих эрхийг хязгаарлах, хоол унд, нойргүй удаан хугацаагаар эрхшээлдээ байлгах, өөрийг нь болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана зэргээр айлган сүрдүүлсэн байж болно.

 

Заналхийлэл бодитой эсэх, тодорхой ямар үйлдэл хийхийг шаардсан, заналхийллийн агуулга, түүнийг нотлох баримт сэлт, мэдээллүүд нь нотлох баримтаар авагдсан байх учиртай.

 

3.2.1.Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан баримтуудаас үзэхэд хохирогч С.Ши нь шүүгдэгч Г.Б-ий эхнэр Э.А-аас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 100.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 150.000.000 төгрөг, нийт 250.000.000 төгрөг зээлэн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээ (5 дугаар хавтаст хэргийн 173-174) байгуулсан байна.

 

Тус гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буцаан төлөхөөр тусгасан бөгөөд С.Ши нь гэрээний хугацаанд үүргийг бүрэн биелүүлээгүй учир Э.А нь зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 310.100.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08750 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүн болох 310.100.000 төгрөгийн хэмжээгээр хариуцагч С.Ши-ын эд хөрөнгө, мөнгийг битүүмжлэх захирамж гарсан байжээ.

 

Ийнхүү иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Ши-тай холбогдож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзан автомашинтай явж, Баянзүрх дүүрэг, Их тэнгэрийн ам орчимд Б.О-ийн автомашинд С.Ши-ыг суулган өөрөө үлдсэн,

улмаар Г.Б-ий хатгаснаар Б.О, Ю.У, Х.А нар бүлэглэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт болон Х.А-ын гэрт хохирогч С.Ши-т “Э.А-аас зээлсэн мөнгөө буцаан өг” гэх шаардлага тавьж, хутга тулгах, зодох, нүцгэлэх, хүчиндэнэ гэж заналхийлсэн,

энэхүү гэмт хэргийг үйлдэх хугацаандаа шүүгдэгч Б.М-ийн хамт хохирогчийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг хоёр шатны шүүх тогтоожээ.

 

Шүүх шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.2.2.Шүүхээс шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрлүүдээс хорих ялыг сонгон хэрэглэж, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт оролцсон хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасанд нийцжээ. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.2.3.Харин шүүх шүүгдэгч нарын заналхийлэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн энэхүү хэсгийг засаж зөвтгөх шаардлагатай байна.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг.

 

Албадлагын арга хэмжээ нь шударгаар олсон өмч, хөрөнгийг хамгаалах, ялын зорилгыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хэрэглэгддэг эрүүгийн ялын бус хариуцлагын төрөл бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник,  хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.

 

Үл маргах журмаар албадан хурааж улсын орлого буюу төсөвт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх  албадлагын арга хэмжээг гэмт хэргийн хохирол буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан үр дагавар, хор уршгийг тодорхойлох, нөхөн төлүүлэхээс ялгамжтай байдлаар ойлгож хэрэглэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хохирол нөхөн төлөгдсөн эсэхээс үл хамаарч хураах, хэрвээ хохирол төлөгдөөгүй бол хохирлыг төлүүлэх, хохирол төлөгдсөн бол хураан авч, улсын төсөвт шилжүүлэх агуулга бүхий зохицуулалт юм.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хохирогч С.Ши-ыг Налайх дүүрэг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авч явж, чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлан заналхийлэх гэмт хэрэг үйлдэхдээ Б.О-ийн өмчлөл дэх автомашиныг зориуд гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгон ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэтэл шүүх  “... уг тээврийн хэрэгслийн үнэлгээг хохиролд тооцон гаргуулах нөхцөл байдал үүсээгүй ...” хэмээн тээврийн хэрэгслийг хураах, түүний үнийг гэмт хэрэг үйлдсэн хүний хөрөнгө, орлогоос гаргуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд хяналтын шатны шүүх шүүгдэгч Г.Б, Б.О, Х.А, Ю.У нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул Б.О-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хураах нь албадлагын арга хэмжээний зорилгод нийцэхгүйгээс гадна шударга ёсны зарчимд харшилна гэж дүгнэж, 00-00 УНН улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг хураахгүйгээр түүний үнэлгээ болох 7.000.000 төгрөг (9 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал)-ийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж, тэднээс тус бүр 1.750.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахгүйгээр шийдвэрлэхдээ шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын шийдвэрийг хэрхэх болохоо шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад бүрэн нийцэхгүй байх тул хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулан залруулахаар тогтов.

 

3.3.Хохирогч С.Ши-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, зорчин явах эрхийг нь хязгаарлаж, хүчээр алга болгосон гэх хэргийн тухайд:

 

3.3.1.Прокуророос шүүгдэгч Б.О, С.Ша, Ю.У, Х.А нарыг бүлэглэн шүүгдэгч Г.Б-ий хатгаснаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 8-9 цагийн турш хохирогч С.Ши-ыг хууль бусаар хорьж, халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, зорчин явах эрхийг хязгаарлаж Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрүүдийг дамжуулан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүнийг хүчээр алга болгосон гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ялласан байна.

 

3.3.2.Хяналтын шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд тус хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

А.Шүүх аливаа эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд хуулийг объектив болон субъектив хоёр өөр хандлагаар тайлбарлан хэрэглэдэг.

 

Субъектив тайлбар нь хууль тогтоогчийн хүсэл зоригийг тодруулахад илүү анхаардаг бол объектив тайлбарын хүрээнд хуулийн хэм хэмжээг хэрэглэх гэж буй цаг хугацааны онцлогтой уялдуулж, хуулийн зорилго, мөн чанарыг нээн илрүүлэх замаар тайлбар хийнэ.

 

Тодруулбал, субъектив тайлбар нь хуулийн заалтыг тайлбарлах хүрээнд хууль тогтоогчийн хүсэл зоригийг илрүүлэх, хуулийн үгийг хэрхэн олох, тухайлбал, уг хэм хэмжээ ямар утга, түүний хүсэл зоригийн дагуу агуулж байгаа гэдгийг илрүүлэх нь тайлбарлах үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч хуулийг хэлэлцэн батлахад яг ямар бодлого, зорилт тавьсан байсан бэ гэдгийг голчлон анхаардаг бөгөөд ингэхдээ хууль санаачлагчдын танилцуулга, үзэл баримтлал, хуулийн төслийн хэлэлцүүлгийн тэмдэглэл, тайлбар, протокол зэрэг баримтаас тодруулдаг.

 

Харин объектив тайлбар нь хууль төрөл бүрийн хувиран өөрчлөгдөж буй нийгмийн харилцааг зохицуулахаар хийгддэг. Хууль нь олон төрлийн, байнга өөрчлөгдөж байдаг нийгмийн харилцаанд, “ирээдүйн төлөө” бүтээгддэг учраас хууль тогтоогч тухайн хэм хэмжээг батлах үедээ ирээдүйд үүсэх нөхцөл байдал, гарч болох бүх өөрчлөлтийг урьдчилан тооцоолсон байдаггүй.

 

Гэтэл хууль зохицуулж буй харилцааны бүх асуултад хариулт өгөх ёстой тул объектив тайлбараар хууль нь хууль тогтоогч өөрөө асууж амжаагүй асуултад ч хариулт өгөх ёстойг чухалчилж, хуулийн заалтыг тайлбарлах цаг хугацаа буюу шүүх хэрэглэх үед түүнийг юу гэж ойлгож хэрэглэхэд анхаарч, хүчин төгөлдөр үйлчилж байгаагаар нь тайлбарлах ёстой гэж үздэг байна.

 

Нийгмийн үзэгдэл, харилцааны олон талт байдалд хууль тогтоогч ширхэгчлэн хэм хэмжээ тогтоох бололцоогүй учраас бүрдүүлбэр бүхий нэр томьёо, үг хэллэг ашиглах, багцлах, хамааруулах, адилтгах зэрэг олон аргыг хэрэглэж хуулийн зохицуулах чадвар хүрээг өргөтгөдөг.

 

Объектив тайлбар нь хуулийг тухайн үед нийгэмд оршин байгаа нөхцөл байдал, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хууль тогтоогчийн зорилгоос үл хамааран хуулийн үг хэллэг, бүтэц, логик дараалал, систем, эрх зүйн зарчим дээр тулгуурлан тайлбарлана.

 

Үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцох, түүнд хүлээлгэх ялын бодлого, эрүүгийн хариуцлагын онцлог, төрөл, хэмжээ нь бүхэлдээ хууль тогтоогчийн хүсэл зоригоор шийддэг тул Эрүүгийн хуулийн хэрэглээ, зарчим, агуулга нь голчлон субъектив тайлбарт тулгуурлана.

 

Хууль тогтоогчоос хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг нэгдэн орсон Олон улсын Конвенцын агуулгад нийцүүлэн хуульчилсан нь хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулган, Хууль зүйн байнгын хорооны тэмдэглэлүүдэд “Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын конвенцод нийцүүлэн хүнийг хууль бусаар хорих гэмт хэргийг хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг гэж томьёолсон” гэж тусгагдсанаас тодорхой илэрхийлэгдэж байх тул тус гэмт хэргийн шинжийг тайлбарлахад субъектив тайлбар хийх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад ... Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэх хууль ёсны зарчмыг удирдлага болгоно.

 

Б.Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн Конвенцын хорин зургаадугаар зүйлээр хүчин төгөлдөр гэрээг оролцогч улс заавал биелүүлэх үүргийг хүлээсэн ба ийнхүү биелүүлээгүй явдлыг дотоодын хууль тогтоомж дахь зохицуулалт зөвтгөх шалтгаан болохгүйг мөн Конвенцын хорин долоодугаар зүйлд заасан тул Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ нь дотоодын органик хууль тогтоомжоос давамгайлах хүчинтэй, түүний дээд эрэмбийн эрх зүйн акт болдог.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн нь pacta sunt servanda зарчмыг хүлээн зөвшөөрч буйгаа хамгийн дээд хүчин чадал бүхий баримт бичиг болох Үндсэн хуульдаа тунхаглаж, олон улсын харилцааны болон гэрээний бүрэн эрхт субъектийн хувьд биелүүлэхээ батлан илэрхийлсэн явдал юм.

 

Эрүүгийн эрх зүйгээс бусад эрх зүйн хамгаалалтын механизмаар таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөлд үйлдэл, эс үйлдлийг  Эрүүгийн хуулиар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо (ultima ratio) үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг зорилгоо болгосон байдаг ба Олон улсын гэрээг соёрхон баталснаар зарим төрлийн үйлдэл, эс үйлдлийг Олон улсын нийтийн эрх зүйн зарчмын дагуу үүсэх үүрэг, хариуцлагын хүрээнд гэрээний зорилгыг хангахын тулд үндэсний дотоодын хууль тогтоомжийг бий болгох, түүнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай.

 

Олон улсын эрх зүйг үндэсний хууль тогтоомжтой уялдуулахад эшлэл хийх, хувиргах, зэрэгцүүлэн хууль тогтоох, шилжүүлэх, хуулбарлах зарчмуудыг баримталдаг байна.

 

В.Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван гуравдугаар бүлэг буюу хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэгт хүн худалдаалах, хүн хулгайлах, хүн барьцаалах, хууль бусаар баривчлах, саатуулах зэрэг хүний зорчих эрхийг хязгаарлах замаар хүний халдашгүй байдалд халдсан гэмт үйлдлийн шинжтэй хэд хэдэн гэмт хэрэг хуульчлагджээ.

 

Үүнээс хууль тогтоогч Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт, түүний Нэмэлт Нэгдүгээр, Хоёрдугаар протокол, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц, түүний нэмэлт протокол, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдэн орсноос гадна 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Конвенцыг соёрхон батлах тухай” хуулиар Хүнийг хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай Олон улсын Конвенцыг соёрхон баталсантай холбогдуулан тус Конвенцоор хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргийн хүрээнд эшлэл хийх зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуульд анх удаа хүнийг хүчээр алга болгох үйлдлийг гэмт хэрэгт тооцон хуульчилсан байдаг.

 

Г.Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай Олон улсын Конвенцын 2 дугаар зүйлд “Хүчээр алга болгох” гэдгийг “алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн хүнийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” гэжээ.

 

Харин Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн (i) заалтад “хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох гэж төрийн болон улс төрийн байгууллага, эсхүл тэдгээрийн зөвшөөрлөөр буюу дэмжлэгтэйгээр хүмүүсийг баривчлах, албадан саатуулах буюу хулгайлах, цаашдаа эрх чөлөөг нь тийнхүү хассаныг хүлээн зөвшөөрөхгүй буюу урт удаан хугацааны туршид хуулийн зүгээс хамгаалалтгүй орхих зорилгоор эдгээр хүний хувь заяа, эсхүл байгаа газрын талаар мэдээлэхээс татгалзахыг хэлнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгээр тус үйлдлийг хүн төрөлхтний эсрэг  гэмт хэрэгт хамааруулсан.

 

Мөн НҮБ-ын Хүчээр алга болгохын эсрэг хорооноос 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр CED/C/MNG/CO/1 зөвлөмжөөр “... (16) одоогийн тодорхойлолтод эрх чөлөөг хязгаарлах бүх хэлбэрийг тусгаагүй, зөвхөн хууль бусаар хорих үйлдлийг хамруулсан байна. Хүчээр алга болгох гэмт хэргийг хүний эрх чөлөөг хууль ёсны дагуу хязгаарлаж эхлүүлээд дараа нь уг гэмт хэргийн бусад элемент, шинж давхар гарч ирснээр хууль бус болдог. ... (18) ... дотоодын хууль тогтоомжид хүчээр алга болгох түгээмэл дэлгэрсэн буюу тогтолцоо бүхий дадлыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцох ...”-ыг зөвлөмж болгосныг дурдах нь зүйтэй.

 

Олон улсын нийтийн эрх зүйн гэрээ нь ихэнх тохиолдолд ерөнхий бөгөөд тунхаг шинжтэй байдаг боловч дээрх гэрээ нь зорилго, агуулга, шинж чанарын хувьд “хүнийг хүчээр алга болгох” үйлдлийн хамрах хүрээ, шинж, онцлогийг тусгайлан нарийвчилсан байдлаар тайлбарласнаараа үндэсний хууль тогтоомжид шууд хэрэглэгдэх буюу өөрөө хэрэгжих бодит боломж бүхий эрх зүйн хүчин чадалтай гэж үзнэ.

 

Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын дээрх гэрээнүүдийн хамрах хүрээ, зохицуулалтын зүйл зэргийг уялдуулан тайлбарлавал хүчээр алга болгох нь төрийн албан тушаалтан болон төрөөс дэмжлэг авсан, зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаа явуулж буй бусад этгээд аливаа хүнийг эрх чөлөөгөө хасуулж, ийнхүү хасуулсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хохирогчийн хувь заяа, оршин байгаа газар, нөхцөл, цаг хугацааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, хуулийн хамгаалалт эдлэх боломжийг бүр мөсөн хязгаарласнаар илэрдэг байна.

 

Өөрөөр хэлбэл de facto detention буюу тухайн хүн албан ёсоор баривчлагдаагүй, яллагдаагүй, хоригдоогүй байсан ч бодит байдал дээр эрх чөлөөгөө хасуулсан, тухайн байршлаас өөрийн дураар зорчин явж чадахгүй, хуулийн хамгаалалт эдлэх боломжгүй нөхцөл байдалд байсныг хамруулахаас гадна аливаа заналхийлэл, хяналт, дарамт нь төрийн эрх мэдлийн эх сурвалжаас үүдэлтэй байх (ex auctoritate imperii)-аар хязгаарлагдана.

 

Д.Хэргийн тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Г.Б, Б.О, Х.А, С.Ша нарт холбогдох хэргийн хувьд хохирогч С.Ши-т “зээлсэн мөнгөө буцааж өгөх” шаардлагын хүрээнд эрх чөлөөнд халдаж зодсон, хувцсыг нь тайлуулж нүцгэлсэн, хүчиндэнэ гэж заналхийлсэн зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргийн аргад хамаарахын зэрэгцээ хүчээр алга болгох гэмт хэргийн Олон улсын гэрээн дэх тодорхойлолтод хамаарахгүй, үндсэн шинжийг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч нарын хувьд гагцхүү зээлдүүлсэн мөнгөө түргэн хугацаанд буцааж авах зорилгоор Налайх дүүргийн нутаг дэвсгэрт болон шүүгдэгч Х.А-ын гэрт хохирогч С.Ши-ын халдашгүй байдалд халдан хүч хэрэглэсэн, зодсон, хүчиндэнэ гэж заналхийлсэн үйлдэл нь Конвенцууд дахь тодорхойлолт ба НҮБ-ын Хүчээр алга болгохын эсрэг хорооны зөвлөмжид тусгагдсанаар “хүчээр алга болгох гэмт хэргийг хүний эрх чөлөөг хууль ёсны дагуу хязгаарлаж эхлүүлээд дараа нь уг гэмт хэргийн бусад элемент, шинж давхар гарч ирснээр хууль бус болдог” гэсэн шинж хангагдахгүй.

 

Мөн Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд хүнийг хүчээр сураггүй алга болгох гэмт хэрэг нь хуулийн зүгээс хамгаалалтгүй орхин сураггүй алга болгох үйлдэл нь урт хугацааны туршид үргэлжилсэн байхыг шалгуур болгосон байдаг.

 

Үүнд ихэвчлэн гэмт этгээдийн үйл ажиллагаанаас гадуур, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг таслан зогсоогдож, хохирогчийг ойр дотны хүн, хууль сахиулах байгууллага олж илрүүлэн хуулийн хамгаалалт эдлэх боломж, нөхцөл бүрдэж, хаана, ямар нөхцөл байдалд оршин байгаа нь тодорхой болсон байдлыг хамааруулдаг байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Ши-тай 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17:00 цагийн үед уулзан Б.О, Ю.У, Х.А нь үргэлжлүүлэн авч явсан, улмаар тухайн өдрийн 19:00 цагаас 05 дугаар сарын 23-ны өдрийн 03:00-аас 04:00 цаг хүртэлх хугацаанд 8-9 цагийн турш хохирогчийн эсрэг заналхийлэл, хүчирхийлэл үргэлжилсэн, улмаар С.Ша нь хохирогчийг гэрийнх нь ойролцоо хүргэж өгсөн нь Конвенцоор тогтоосон хугацааны шалгуурыг хангахгүйгээс гадна шүүгдэгч нарын үйлдэлд хохирогчийг бүр мөсөн алга болгох, хуулийн хамгаалалтгүй орхих гэсэн зорилго агуулагдаагүй гэж үзэв.

 

Тодруулбал, шүүгдэгч Г.Б-ий хувьд гагцхүү зээлсэн мөнгөө буцааж авах үүднээс хохирогчид хүч хэрэглэхээр Б.О, Ю.У, Х.А нарыг хатгасны үндсэн дээр түүнийг заналхийлсэн гэмт үйл ажиллагаа хэрэгжсэнээс бус түүнийг алга болгосон, хорьсон, улмаар гэр бүлийн, ойр дотны хүн, өмгөөлөгч, хууль сахиулагч нараас хохирогчийг эрэн хайхад мэдээллийг нь өгөхөөс татгалзсан үйлдэл тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Б, Б.О, Ю.У, Х.А, С.Ша холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан хүнийг хүчээр алга болгох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч С.Ша-ийн хувьд зөвхөн энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдсан тул цагаатгагдаж байна.

 

Е.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 11 сарын хугацаагаар тогтоон, энэхүү ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 4 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 2 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 2 жил 1 сар 4 хоногийн хугацаагаар тогтоон, түүний цагдан хоригдсон 405 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болсноор тэрээр эдэлбэл зохих ялыг эдэлсэн байх тул энэ өдөр суллахаар шийдвэрлэв.

 

3.4.Шүүгдэгч Б.Ба-д холбогдох хохирогч Н.А-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, … дүгээр байрны … дүгээр орцны цахилгаан шатанд хохирогч Ж.В (Z.W)-г зодож, гарч явах үедээ хохирогч Н.А-ийг цохисон нь хохирогч Н.А-ийн мэдүүлэг, цахилгаан шатны камерын бичлэгээр нотлогдсон байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хоёр шатны шүүхийн тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нийцэж байх бөгөөд Б.Ба-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

3.5.Шүүгдэгч Ю.У-т холбогдох хохирогч Э.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

 

Шүүгдэгч Ю.У нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.Г-ийг утсаар яриад явж байхад нь “утсаар чанга ярилаа” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт бүрэн нотлогдсон байна.

 

Болсон үйл явдлын талаар хохирогчоос гадна түүний эхнэр, гэрч Г.Э, гэрч Д.О нар зөрүүгүй мэдүүлснээс гадна шинжээчийн дүгнэлтээр Э.Г-ийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирчээ.

 

Шүүгдэгч Ю.У нь бусадтай бүлэглэж, эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч С.Ши-т хөнгөн хохирол учруулснаас гадна хохирогч Э.Г-т хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэд хэдэн хүндрүүлэх шинжийг хангаж байх тул мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, дээд хэмжээ буюу 720 цагийн хугацаагаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон гэж үзэв.

 

3.6.Шүүгдэгч Б.О-т холбогдох онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан гэмт хэргийн тухайд:

 

Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдахгүй, цахим өгөгдөл бүхий кодтой онцгой албан татварын тусгай тэмдэг олгох бөгөөд Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тус тэмдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн дагуу шалгарсан үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэн цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэдэг.

 

Хохирогч С.Ши-ыг заналхийлсэн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.О-ийн оршин суух Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоот орон байранд нэгжлэг хийхэд нийт 880 ширхэг хэвлэмэл акц буюу онцгой албан татварын тэмдэг хадгалагдаж байсныг хураан авчээ.

 

Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн албан бичгээр нэгжлэг хийж, хураан авсан онцгой албан татварын тэмдэг нь тус компанид үйлдвэрлэгдээгүй, хуурамч болохыг нотолсон байна.

 

Шүүгдэгч Б.О нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйлдвэрлээгүй, хуурамч онцгой албан татварын тэмдгийг хуурамч гэдгийг мэдсээр байж хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүх түүнд тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулсныг өөрчлөх, буруутгах үндэслэлгүй.

 

Нэгтгэн дүгнэвэл энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон бөгөөд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд хуулиар тогтоосон үндэслэл, журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг хянахад шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөхөөргүй боловч хуульд нийцэхгүй дараах алдаа, зөрчлүүд байгааг анхааруулж байна.

 

4.1.Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаас гадна Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагуудыг журамласан бөгөөд шат шатны шүүхүүд шийдвэрүүдээ үүнд нийцүүлэн гаргах үүрэгтэй.

 

Тус журам, аргачлалд зааснаар хэд хэдэн шүүгдэгч нар хамтарч үйлдсэн гэмт хэргийн хувьд хэргийн үйл баримтыг хамтран оролцооны хэлбэрээр тус тус ялгаж, нэг удаа бичиж болох боловч шүүгдэгч тус бүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт зааснаар тусад нь зүйлчилсэн, ял оногдуулснаа Эрүүгийн хуулийг тайлбарлах байдлаар тусгана.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар шийтгэх тогтоолд тусгахдаа “зарим шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зарим нь гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзав” хэмээн хэд хэдэн шүүгдэгч нарын хэн нь болох нь тодорхойгүй, ерөнхийлсөн байдлаар бичжээ.

 

Аливаа хуулийг хэрэглэх замаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд тулгуурласан үндэслэлээ зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээдэг бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн “шударга шүүхээр шүүлгэх” эрхийн баталгаа болохоос гадна хууль дээдлэх ёсны нэгэн хэсэг болно.

 

Шүүх нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, нөгөө талаас гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосноор халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг тул шүүхээс тогтоож буй үйл баримт, оногдуулж буй ял зэрэг нь бүхэлдээ нотлох баримт, хуульд үндэслэгдэх ёстой.

 

Ингэснээр шүүгдэгч өөрт холбогдох хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээс гадна оногдуулж буй ял үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх буюу ямар хэрэгт яллагдаж байгаа эрх хангагддаг болно.

 

4.2.Мөн шударга шүүхээр шүүлгэх эрх нь өөрийнх нь эрх, ашиг сонирхол хөндөгдөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, түүнтэй холбоотой баримт, нотолгоог гарган өгч, үндэслэлийг тайлбарлах буюу тайлбарлуулах эрхээр хангагдсан байх агуулгыг илэрхийлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа шийдвэр гаргахад, тэр тусмаа хүнийг дур зоргоор эрх чөлөөг нь хязгаарлахаас сэргийлж түүнийг өөрийг нь болон өмгөөлөгчийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх заавал оролцуулах ёстой.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарт цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийн товыг яллагдагч нар, эсхүл тэдний өмгөөлөгч нарт мэдэгдээгүй, тэднийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ[1]”, 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 4 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бол томилогдсон өмгөөлөгч оролцуулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

4.3.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 243 дугаар тэмдэглэлийн 17 дугаар талд шүүгдэгч Ю.У-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс “шүүгдэгч С.Ша-аас асууя, шүүгдэгч Х.А-аас асууя” гээд С.Ши хохирсон хэргийн үйл баримтын талаар асуусан 12 асуултад тус хэрэгт яллагдаагүй, огт хамааралгүй шүүгдэгч П.Д хариулсан байдлаар бичигдсэн, мөн тэмдэглэлийн 18 дугаар талд шүүгдэгч П.Д-ы өмгөөлөгч Д.Мөнх-Очир “шүүгдэгч Х.А-аас асууя” гээд асуусан асуултад шүүгдэгч Б.Ба хариулсан мэтээр бичигджээ.

 

4.4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн биеийн байцаалт, түүний бүрдэл хэсэг буюу урьд ял шийтгүүлж байсан байдлыг бүрэн гүйцэд, алдаагүй тусгах нь шийтгэх тогтоол, магадлалын хууль ёсны байдлын нэгэн хэсэг болдог.

 

Гэтэл шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч нарын урьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байсан шийдвэрүүдийн агуулга зөрүүтэй тусгагдсан, мөн хүчингүй болсон шийтгэх тогтоолыг бичсэн байна.

 

4.5.Хэргийн 9 дүгээр хавтасны 56-57 дугаар талд энэ хэргийн оролцогч биш, Б.Х, Н.А, Н.Б нарт холбогдох 2301 00014 0115 дугаартай хэргийн яллагдагч С-ын Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж хавсаргагджээ.

 

5.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэргийн хохирогч Л.М-ийн эхнэр О.Э-ээс цагдаагийн байгууллагад хандаж “5-6 хүн гэрт ирж, заналхийлсэн” гэх гомдлыг бичгээр гаргасан байна.

 

О.Э нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... 2021.11.07-08-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед манай гэрийн түгжээг мулт татаад 3-5 залуу орж ирээд манай бага охин М.Л (1 настай)-ыг надаас аваад хажуу талын буйдан дээр шидсэн. Манай хүүг багалзуурдаж өргөсөн. Би хүүхдээ авах гэхэд намайг орон дээр дарсан залуу халааснаасаа хутга гаргаж ирээд миний хоолойд тулгаад “Чамайг ална, танай нөхөр хаана байна, хэлэхгүй бол бид нар чамайг нэг нэгээрээ хүчиндэнэ” гэсэн. ...” гэж мэдүүлсэн.

 

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 1 настай М.Л-ын биед шинжилгээ хийлгэхэд духанд цус хуралт бүхий гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон, заналхийлсэн, бага насны хүүхдэд хүч хэрэглэн халдсан байж болзошгүй талаарх гэрч О.Э-ийн мэдүүлэгт дурдагдсан үйлдлийг илрүүлэх, шалган шийдвэрлэхэд энэхүү тогтоол хязгаарлалт болохгүйг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2273 дугаар шийтгэх тогтоолын:

 

2.1.Тогтоох хэсэгт:

 

- “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г-ийн Б, Б-ын О, Ю-ийн У, Х-ын А, С-ийн Ша нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С-ийн Ша-г цагаатгасугай”,

 

-  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Б.О, Ю.У, Х.А нараас тус бүр 1.750.000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай”,

 

- “Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 757 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

2.2.Тогтоох хэсгийн шүүгдэгч Г.Б, Б.О, Ю.У, Х.А, С.Ша нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

3.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2273 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтын “... Шүүгдэгч З.Р (Z.R)-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд” гэснийг “... Шүүгдэгч Ж.Р (Z.R)-г захиалгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд” гэж,

 

7 дахь заалтын “... 210 хоногийг ...” гэснийг “... 208 (хоёр зуун найм) хоногийг …” гэж, “… торгох ялын хэмжээг 6.850.000 төгрөгөөр тогтоосугай” гэснийг “... торгох ялын хэмжээг 6.880.000 (зургаан сая найман зуун наян мянга) төгрөгөөр тогтоосугай” гэж,

 

8 дахь заалтын “... 6.850.000 төгрөгөөр ...” гэснийг “... 6.880.000 төгрөгөөр ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгдэгч Х.А нь 1 жил 9 сар 10 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

4.Прокурор Н.Нямдорж, Г.Баясгалан, Г.Ган-Эрдэнэ нарын бичсэн эсэргүүцэл, хохирогч Н.А, Ж.В (Z.W) нарын өмгөөлөгч Д.Дарханбаатарын гаргасан гомдлыг хангасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

 

            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

 

  М.ПҮРЭВСҮРЭН

 

  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

  Б.ЦОГТ

 

[1] Шүүгчийн захирамж гарах үеийн буюу 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэлт орохоос өмнөх зохицуулалт