Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 652

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,

Гуравдагч этгээд: Э /регистрийн дугаар: ********/,

Гуравдагч этгээд: Д.С /регистрийн дугаар: ********/,

Гуравдагч этгээд: “А” банк бус санхүүгийн байгууллага,

Нэхэмжлэлийн шаардлага: “Э, Д.С нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0******* гэрчилгээг хүчингүй болгож, Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д-г бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д-н нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Э нь миний өмчлөлийн Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот хашаанд 2003 оны 12 дугаар сарын 11-нд 40 м.кв талбайд сэндвичин байшин барьж гурван жилийн хугацаатайгаар газрыг түрээслэн сарын 40.000 төгрөгийг төлөх гэрээ байгуулсан. Сэндвичэн байшингаа гэрээний хугацаа дуусахаар буулгаад авна гэсэн. Байшингаа барьчихаад ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн мөнгөө төлөхгүй байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргахад “мөнгийг төлнө” гэсэн учир Х******* дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 19-ний 42 дугаар захирамжаар эвлэрлийг баталсан. Гэвч мөнгөө төлөөгүй тул “түрээсийн гэрээг цуцлуулах, газар чөлөөлүүлэхээр” мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Э хаягтаа байхгүй, олдохгүй байсан тул Х******* дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 02-ны 678 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. 

Э 2006 оны 08  дугаар сарын 02-нд “төрсөн дүү Э.M-д дэлгүүрийн байшинг Д-д худалдах, мөнгийг захиран зарцуулахыг зөвшөөрөв” гэсэн "Баталгаа”, иргэний үнэмлэхээ хуулбарлан ноториатаар гэрчлүүлэн өгсөн. Энэ баталгааг үндэслэн Э.М-тай “уг байшинг 1.500.000 төгрөгөөр худалдаж авахаар, шүүхийн шийдвэрээр Э-с авах 380.000 төгрөгийг суутган 1.100.000 төгрөгийг Э.М хүлээн авахаар” тохиролцон гэрээг бичгээр хийж Э.М мөнгөө бэлнээр нь авч мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн. Би энэ байшинг худалдаж авсан учраас улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх эрхтэй. 

Д миний бие уг байшиндаа гэрчилгээ гаргуулахаар 2008 онд дүүргийн улсын бүртгэлийн газар очиход “гэрчилгээ гаргуулсан байна” гэсэн, хэн болохыг хэлж өгөөгүй, хэд хэдэн удаа очиж гуйсан боловч хэн болохыг хэлж өгөөгүй,  “гэрчилгээг олоод ир” гэх мэтчилэн буцаадаг. Би өөрийн өмчлөлийн газар дээрээ түр хугацаагаар сэндвичин байшин барихыг зөвшөөрсөн, тэгээд тэр байшинг өөрөө худалдаад авчихсан болохоор өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х******* дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны 111 дүгээр шийдвэрээр “харьяаллын бус” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулсан байсан бөгөөд лавлагаа нь Э, Д.С нар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан аваад “А” ББСБ-д барьцаанд тавьсан байсныг мэдсэн. “А ББСБ”-г эрж хайж байгаад олсон. Гэтэл “Э, Д.С нар нь ирэхгүй, олдохгүй байгаа” гэж хэлсэн. Д миний бие Хан Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст уг гэрчилгээг хүчингүй болгож өгөхийг хүсч өргөдөл гаргахад авахгүй байсаар 2014 оны 12 дугаар сарын 01-нд дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгсөн. Уг лавлагаанд “эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005619 дугаартай Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д-н зөвшөөрөл 84 дугаартай нотариатчийн гэрчилснээр 2004 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өмчлөх эрхийн 0******* тоот гэрчилгээг Э, Д.С нарт олгосон байна. Уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу авсан. 84 дугаартай нотариатч С-н нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар 2014 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 102/ШШ2016/0000881 шийдвэрээр Д-н гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатч С-н нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. С-н давж заалдсанаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны 888 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хяналтын шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2016/00933 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж С-н гомдлыг хангахгүй орхисон болно. Д миний бие Х******* дүүргийн бүртгэлийн хэлтэс, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Э, Д.С нарт олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ олгох”-ыг хүсэж өргөдөл бичсэн боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас оны эцэст уг үл хөдлөх хөрөнгөнд хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлэхээр 2012, 2013, 2014 онуудад Х******* дүүргийн бүртгэлийн хэлтэст албан бичиг ирүүлж түдгэлзүүлсэн байгаа юм байна. Гэвч эдгээр түдгэлзүүлсэн шийдвэр нь уг байшинг барьцаалсан “А” ББСБ –тай хамааралгүй байсан. Миний 40 м.кв талбай бүхий байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь “А” ББСБ-т байгаа бөгөөд Э, Д.С нар төлбөрөө төлсөн эсэхийг захирал Д.Х /утас:********/ гэх эмэгтэйгээс саяхан асуухад “эрэн сурвалжлуулсан” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны эцэст сураглахад шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийсэн гэх үндэслэлээр Х******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа гэсэн. Уг байгууллагатай харьцахад прокурорт материал нь хянагдаж байгаа гэсэн. Э нь Х******* дүүргийн * дугаар хороо С гудамж 4-20* тоот хаягтай /утас:********/ болохыг Х******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс мэдэж авсан. Улсын бүртгэлийн газар нь Э-н бүрдүүлсэн баримтыг нотариатч үнэн зөвийг гэрчилсэн баримтад үндэслэн олгосон гэж надад мэдэгдсэн. Гэтэл нотариатч нь гарын үсгийг үнэн зөв гэрчлээгүйгээс Д би хохирч байхад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар ийм хариу өгч байгаа учир шүүхэд хандаж байна.

2008 онд өмчлөлдөө бүртгүүлэхээр анх мэдүүлэг гаргахад өөр хүний нэр дээр бүртгэлтэй байна гэсэн хариу өгөөд бусдын нэр дээр бүртгэлтэй байгаа учир бүртгэлийг хүчингүй болгосны дараа энэ асуудлыг шийднэ гээд мэдүүлгийг хүлээж аваагүй. 2016 оны 12 дугаар сарын 12-нд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасан, өргөдлийн доор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр бүртгэж өгнө үү гэж бичсэн, түүнээс биш дахин мэдүүлэг гаргаагүй. 

Иймд Э, Д.С нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаар бүртгэгдсэн бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д-г бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д-н нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Э, Д.С нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-2206005619 дугаартай бүртгэлийг хийсэн. Дээрх бүртгэлийг хийхэд үндэслэсэн “зөвшөөрлийн гарын үсэг” Д-н гарын үсэг биш гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод, Иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр нотариатын үйлдлийг хүчингүй болгуулсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ү-9222005619 дугаартай улсын бүртгэл, 000096375 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй.  

Улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж үзээд Д 2006 онд тэр байшинг худалдаж авсан. Өмнө нь бүртгэгдсэн байсныг мэдээгүй. Түүнчлэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, Улсын Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан Д-н үйлдэл нь тогтоогдож байна” гэж, өөрөөр хэлбэл Д-г өмчлөгчөөр тогтоогдсон гэж дүгнэсэн байгаа. Шүүхээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргах шаардлагагүй. Иргэний хэргийн шүүхээр тогтоогдсон зүйл болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тухайн байшинг Д-н нэр дээр бүртгэх нь үндэслэлтэй. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүхэд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д-н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь хариу тайлбарыг гаргаж байна. 

Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот үйлчилгээний зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Э-н бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, түрээсийн гэрээ, газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэн Д-н зөвшөөрөл, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэрэг холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005619 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000096375 тоот гэрчилгээ олгосон байна. Дээрхи үл хөдлөх хөрөнгөнд 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “А” ББСБ болон Э, Д.С нарын хооронд байгуулсан 10 тоот зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Х******* дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3793 дугаартай Д-н нэхэмжлэлтэй шүүх хуралдааныг хойшлуулсан тухай шүүгчийн захирамж, 2011 оны 12 дугаар сарын 14-ний 111  дугаартай “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж нотлох баримтанд байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005619 дугаарт хөрөнгө нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 2/8709 тоот, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн г/12709 тоот, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/12768 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” хэмээн заасан байдаг. 

Тухайн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно”, 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” хэмээн заасан байдаг. 

Э, Д.С нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан “А” ББСБ-аас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй банйа. Иймд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. Иргэн Д-н шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

 

Гуравдагч этгээд Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Э би ХУД-ийн * дугаар хороо С гудамж 4-20* тоотод оршин суудаг ба 2016 оны 7-р сард ээж минь тархины харвалтын улмаас хүнд өвчтэй хэвтэрт байгаа тул ээжийгээ асран халамжилж байгаа. Анх 2003 онд Д эгчтэй харилцан тохиролцож хашаанд нь дэлгүүрийн чиглэлээр барилга барьж ажиллуулъя, сар бүр түрээс 40000 төгрөг өгч байя гэсэн. Тухайн үед түрээсийн мөнгө 120000 төгрөг өгсөн боловч цаашид мөнгө өгч чадаагүй дэлгүүрийг ажиллуулж чадаагүй. Учир нь мөнгөний асуудлаар шүүх цагдаа гэж яваад ажиллуулах боломж олдоогүй. Харин Д эгч дэлгүүрийг барилгын материалын чиглэлээр хүнд сарын 300000 төгрөгөөр түрээслэж ажиллуулж байгааг түрээслэгч нь надад хэлж байсан. Д эгч энэ дэлгүүрээс болж огт хохирол амсаагүй, харин хүнд түрээслэж мөнгө олж байгаа. Би өөрт нь заавал шүүх гэж явж байхаар боломжтой бол ажиллуулаад мөнгийг нь хэрэглэж бай л гэж хэлдэг. Дэлгүүрийг Д.С зээлийн хоршоонд барьцаанд тавьсан. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй зээл авахад нь гарын үсэг л зурсан. Дэлгүүрийг анх барихад 7-8 сая төгрөг орсон ба энд миний мөнгө бас орсон. Хэрэв Д эгч дэлгүүрийг өөрийн нэр дээр шилжүүлэн цаашид ашиглаж ажиллуулна гэвэл би өөрийн оруулсан мөнгийг нэхэмжилнэ. Өөртөө ашиглахгүй нурааж өөрийн хэрэгцээнд байшин барилга барина гэвэл татгалзах зүйл байхгүй. Бусад зүйлийг Д.С гэдэг хүн мэдэж байгаа. Д эгчтэй маргаад байх зүйл байхгүй. 

Би ээжийгээ асран халамжилдаг болохоор намайг шүүх хурлаас чөлөөлж өгнө үү...” гэжээ. 

Гуравдагч этгээд Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч гэх Д нь хуулийг өөртөө “Хэрхэн, Яаж” хэрэглээд луйвар хийгээд байгааг ойлгох арга алга. 

Улсын бүртгэлийн Ү-220600Б619 дугаартай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.С нь өөрийн хөрөнгөөр 2003 оны 12 дугаар сард барьж дуусгаад огт ашиглаж чадахгүй байсаар цагдан хоригдоод шоронд ял эдэлсэн. Д.С нь өөрийн  үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулж авсан бөгөөд “А” ББСБ-д 6.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Энэ хөрөнгө маань хуулийн дагуу хийсэн гэрээний биелэлт хангагдаагүй учраас “А” ББСБ-ын хууль ёсны өмч юм. 

Энэ дэлгүүрийг маань түрээслэн, мөн дэлгүүрийн зориулалтаар ашиглан “Хууль бус”-аар орлого олж байгаа хүн бол Д юм. Д нь “А” ББСБ-д миний авсан зээлийг төлөх юм уу, “А” ББСБ-аас худалдаж авсан үед л “өмчлөгч” нь болох болов уу? Намайг ял эдэлж байх үед Д нь маш их орлогыг энэ дэлгүүрийг ажиллуулан олж байсан. Одоо бүүр шунаад ямар ч мөнгө төлөхгүйгээр “Дэлгүүрийн барилга”-ыг луйвардах гээд байгааг юу гэж ойлгох вэ? Энэ Ү-220600Б619 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.С нь өөрийн хөрөнгөөр босгосон, Д-н “Нэг ширхэг хадаас” ч энэ байшинд байхгүй.

Ийм учраас Д-н нэхэмжлэл нь “Луйвар”, ямар ч эрх зүйн үндэслэлгүй... учир нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Д.С нь шүүх хуралд орж чадахгүй байж магадгүй тул миний гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрлэнэ үү? ...” гэжээ.

 

Гуравдагч этгээд “А” ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д-с гаргасан нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Барьцаалсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд руу шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байхад ийнхүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар нь “бүртгэл нь үнэн зөв, бодитой” байдаг тул уг өмчийг барьцаалан зээл олгосон. 

Хэрэв барьцааны эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусад руу шилжүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болж, санхүүгийн хувьд хохирол хүлээх болно. 

Манайд 8 сая төгрөгөөр барьцаалсан эд хөрөнгийг Д нь 1.5 сая төгрөгөөр худалдан авах нь хууль бус бөгөөд бусадтай хуйвалдан манайхыг хохироох гэж байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь “Э, Д.С нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0******* гэрчилгээг хүчингүй болгож, Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д-г бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д-н нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай шаардлага гаргажээ. 

Хуульд заасан журмын дагуу цуглуулж, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараас дараах үйл баримт тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Д нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г-2206000690 дугаарт бүртгэгдсэн Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн газраас тодорхой хэсэгт “9х7 м хэмжээтэй дэлгүүрийн зориулалттай байр түр хугацаатай бариулахаар” иргэн Э-тай тохиролцон 3 жилийн хугацаатай, 1 сарын 40.000 төгрөг, жилийн 480.000 төгрөгөөр газар түрээслэх гэрээ байгуулж, 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нотариатаар гэрчлүүлжээ. 

Э нь түүний өмчлөлийн газарт дэлгүүрийн байр барьсан хэдий ч түрээсийн төлбөрөө төлөөгүйгээс Д нь “газар чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 300.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргаж, Х******* дүүргийн шүүхийн шүүгчийн 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 42 дугаар захирамжаар “Э 380.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн”-ийг баталсан боловч шүүхийн дээрх шийдвэрээр төлөхөөр тогтоосон төлбөр болон үүнээс хойших хугацааны түрээсийн төлбөрөө мөн төлөөгүйгээс Д нь “түрээсийн гэрээг цуцалж, газар чөлөөлүүлэх” нэхэмжлэл гаргаж, Х******* дүүргийн шүүхийн  2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 678 дугаар шийдвэрээр “хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс Э-г эрэн сурвалжлах”-аар шийдвэрлэсэн байдаг. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй Э, Д.С нараас олгосон итгэмжлэл, зөвшөөрлөөр тодруулбал Э-н “... дэлгүүрийн барилгыг Д-д худалдахыг зөвшөөрөв. Мөнгийг захиран зарцуулахыг дүү Э.М-д зөвшөөрөв” гэсэн Э, Э.М нарын иргэний үнэмлэх, лавлагаа бүхий 09 дугаартай нотариатчаар 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрчлүүлсэн баталгаа, мөн 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “...миний бие өөрийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийг Д-н хашаанд барьсан ... түрээсийн мөнгийг өгч чадаагүй ... дэлгүүрийг Д-д худалдахыг ... зөвшөөрсөн ... 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 461 дүгээр ангид нотариатч ирж итгэмжлэл хийлгэсэн ... “ гэх тодорхойлолт, Д.С-н 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “ ... дэлгүүр зарах эрхийг эхнэр Э-н дүү Э.М-д зөвшөөрөв” гэх зөвшөөрлөөр Э.М, Д нар нь 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “дэлгүүрийн 9х6 м хэмжээтэй сэндвичэн барилгыг 1.440.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, шүүхийн шийдвэрээр Э-с Д-д төлөх 340.000 төгрөгийг суутган тооцож 1.100.000 төгрөгийг төлөхөөр гэрээ” хийж, мөнгө хүлээлцсэн баримт үйлджээ.     

Ийнхүү дэлгүүрийн байрыг худалдан авсан гэх дээрх баримтуудыг хавсарган Д нь 2008 онд улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад “уг байр нь улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн” хэмээн мэдүүлгийг хүлээн аваагүй байдаг.

Д “ ... бүртгэлийг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгохоор” нэхэмжлэл гаргасныг Х******* дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр захирамжаар “...өмчлөгчөөр Э, Д.С нар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. ... бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг харьяалан шийдвэрлэхгүй. ... мөн урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан “өмчлөлийн газар дээрх барилгыг улсын бүртгэлд бүртгэхийг зөвшөөрсөн гэх “зөвшөөрөл”-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар Д нэхэмжлэл гаргаснаар Баянгол, Х*******, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 00881 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 888 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны  9 дүгээр сарын 20-ны өдрийн 00933 дугаар тогтоолоор “... “... “зөвшөөрөл”-ийг бичсэн гар бичмэлийн хэв, “зөвшөөрөл”-д зурагдсан гарын үсэг нь Д-нх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... ” гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж “2004 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн “Зөвшөөрөл”-д зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцжээ. 

Дээрх үйл баримтуудыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас “Э, Д.С нарын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0******* гэрчилгээг хүчингүй болгуулах”  шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэн Э-с улсын бүртгэлийн байгууллагад 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө Д-н хамт бүртгүүлэх мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, түрээсийн гэрээ, газар өмчлүүлсэн шийдвэр, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар өмчлөгч Д-н иргэний үнэмлэхний хуулбар, өмчлөлийн газар дээрээ баригдсан барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай түүний “зөвшөөрөл”, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэрэг холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005619 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000096375 тоот гэрчилгээ олгож, 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э, Д.С нарын “А” ББСБ-тай хийсэн зээлийн барьцааны гэрээг бүртгэжээ. 

Ийнхүү Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед мэдүүлэг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох баримтуудыг үндэслэн Э, Д.С нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн байх хэдий ч уг бүртгэлийн үндэслэл болсон тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрын өмчлөгчийн зөвшөөрөл хуурамч байсан болох нь хожим буюу 2016 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул бүртгэлийг хүчингүй болгох нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцнэ. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд бүртгэлийн үндэслэл болсон нотлох баримт үнэн зөв байх агуулга хамаарах тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасан “хуурамч баримт бичигт үндэслэж хийсэн” бүртгэлийг 7.7-д зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна.   

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2012 оны 2/8709, 2013 оны 2/12709 тоот албан бичгээр Д.С, Э нарын өмчлөлийн Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн байх хэдий ч эдгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болсон гүйцэтгэх хуудас бичигдсэн шүүхийн шийдвэрүүдээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураагаагүй тул энэ бүртгэлийг хүчингүй болгосноор шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүрэхгүй, шүүхийн шийдвэрээр төлбөр авагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдахгүй.

Нэгэнт өмчлөх эрхийн улсын бүртгэлийг шүүхээс хүчингүй болгосноор уг бүртгэлийг дагаж хийгдсэн барьцааны гэрээний бүртгэл мөн хүчингүй болно. Энэ нь “А” ББСБ-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ шаардах эрхийг хязгаарлахгүй.

Улсын бүртгэл үндэслэсэн баримт бичиг болох газар өмчлөгчийн “Зөвшөөрөл”-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсоноос хойш  Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр харьяалах бүртгэлийн байгууллагад буюу Х******* дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар мэдүүлэг гаргаагүй байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д-г бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын хууль бус гэж үзэх үйлдэл үгүй байна. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар гаргасан өргөдлийг өмчлөх эрхийн шилжилтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасны дагуу гаргасан мэдүүлэг гэж үзэхгүй бөгөөд уг өргөдөлд тус байгууллагын 2017 оны 2 дугаар сарын 06-ны 7/1032 тоотоор өгсөн “бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй” гэх хариуг бүртгэхээс татгалзсан үйлдэл гэж үзэхгүй.

Түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн Э, Д.С нарын зөвшөөрлөөр Э.М-тай хийсэн худалдах худалдан авах гэрээ нь дангаараа Д-г уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж шууд үзэх баримт болохгүй. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болохыг хуульчилсан. 

Мөн Баянгол, Х*******, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 00881 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “... сендвичэн барилгыг худалдсан үйл баримт тогтоогдож байна.” гэж дүгнэснийг Д-г Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гэж үзэхгүй. 

Иймд “Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д-г бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д-н нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.   

Шүүхийн энэ шийдвэр Д-г Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандахыг, өмчлөгчөөр бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахыг хязгаарлахгүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосны эцэст, эсхүл өмчлөгч болохоо баттай нотлож өмчлөгчөөр бүртгүүлэх боломжтой.

Дээр дүгнэснээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2004 онд Э, Д.С нарын өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, бүртгэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй, бүртгэлийн байгууллагын бүртгэсэн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл байгаагүй, хожим шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр бүртгэлийг үндэслэсэн “зөвшөөрөл” хуурамч болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл бүртгэлийн байгууллагын буруутай ажиллагаа үгүй тул хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг бүртгэлийн байгууллагаас гаргуулахгүй. 

Түүнчлэн гуравдагч этгээд Э, Д.С болон “А” ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй талаараа тайлбар, хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй, шүүх хурал хойшлуулах хүсэлт, баримт ирүүлээгүй тул тэдгээрийн урьд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э, Д.С нарыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0******* гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас “Х******* дүүргийн * дугаар хороо Ж гудамж 5-11* тоотод байрлах 40 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д-г бүртгэж гэрчилгээ олгохоос татгалзсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д-н нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА