Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 051

 

Х.Ашимийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух Ботахара-едил овогт Хадырын Ашимийннэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ардабек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашимийг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Х.Ашим миний бие 2005 оны аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын дунд сургууль /Одоогийн Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль/-ийн захирлаар томилогдон 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тогтвортой сайн ажиллаж ирсэн. 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд ажил олгогч буюу аймгийн Засаг даргад гаргасан ба аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн "Х.Ашимийг ажлаас түр чөлөөлөх тухай" Б/275 тоот захирамжаар үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн "Х.Ашимийг эгүүлэн томилох тухай" Б/386 дугаартай захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжаар намайг урьдах ажилд эгүүлэн томилсон Б/386 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг нэг тал /захиргаа/-ын санаачилгаар дуусгавар болгосон тул уг Б/440 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг тус тус үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталсан байна. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан ёсоор ажил олгогч буюу аймгийн Засаг дарга намайг тус сургуулийн захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасныг үндэслэн түр чөлөөлсөн ба миний бие нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш сонгуулийн үр дүн гарах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Харин миний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасны дагуу хэвээр хадгалагдсан ба сонгуулийн үр дүн гарсны дараа ажил олгогч уг хуулийн дээрх заалтыг баримтлан намайг урдах ажилд буцаан томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно." 37.1.4 "хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан" гэж тус тус хуульчилж өгсөн байна. Гэтэл Аймгийн Засаг дарга "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасныг үндэслэж миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ойлгомжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямар байгууллага хэзээ, хэрхэн шаардлага хүргүүлсэн нь тодорхой бус байна. Мөн аймгийн Засаг дарга захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах, захирамж хүчингүй болгох талаар надад мэдэгдээгүй болно.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжийн "аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашимийг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашим нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдсөн байна. Х.Ашим нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" гэж заасан ба сонгуульд нэр дэвшсэн бол ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" гэж заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байсан. Х.Ашимийг захирлын ажилд эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хадирийн Ашимийн Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашимийг томилсон Б/386 дугаар захирамжийн хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х.Ашимийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ардабек би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.Үүнд:

1. Анхан шатны шүүх тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй, зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Учир нь: Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн бүх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй байна.

2. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуульд түр чөлөө олгох заалт огт байхгүй. Ажил олгогч ажилтны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болж ажлаас чөлөөлөх тухай гаргасан хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх ба баримталсан хуулийн зохицуулалт нь тохирч байх ёстой бөгөөд уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай. гэжээ.

Чөлөө олгох гэдэг нь тухайн ажилтныг түр ажлаас чөлөөлсөн гэх утга агуулгыг илэрхийлдэг ба захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар хэвээр хадгалагдана. Харин ажилтанд чөлөө олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд тодорхой хуульчилсан байх бөгөөд шүүх аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжид баримталсан хуулийн зохицуулалт, уг захирамж нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг судалж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Х.Ашим нь сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга түүнийг Б/275 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг тус тус үндэслэн ажлаас түр чөлөөлсөн ба уг захирамж нь зөвхөн нотлох баримтын хувьд хавтаст хэрэгт авагдсан, одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.

Х.Ашимийг ажлаас чөлөөлсөн Б/275 дугаар захирамж хуульд нийцээгүй бол аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар тухайн захирамжийг хүчингүй болгох шаардлагатай бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамжийг талууд шаардлага гаргаагүй байхад шүүх үүнийг үгүйсгэж, шийдвэрлэвэл зохих маргаан бүхий аймгийн Засаг даргын Б/440 дүгээр захирамжид хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу дээрх албан тушаалтнууд сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил олгогчид тухайн үндэслэлээр хүсэлт гаргаж, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сонгуулийн дүн гарах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй байх нь чухал. Х.Ашим нь өөр ажил, албан тушаалд ажиллахаар биш сонгуульд нэр дэвшихээр болж хүсэлт гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 76 дугаар зүйлийн 76.3-т зааснаас үзэхэд хуулийн дээрх заалт төрийн ажил, албан тушаал эрхэлдэг бүх нэр дэвшигч нарт хамаарах нь гарцаагүй бөгөөд уг хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан үндэслэлүүдээр Х.Ашимийн ажлын байр нь хэвээр хадгалагдах нь тодорхой байна. Ажил олгогч ажлын байр нь хэвээр хадгалагдсан ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-д зааснаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүрэгтэй.

Х.Ашимийг анх сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Толбо сумын 10 жилийн сургуулийн захирлаар томилсон захирамж одоо хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас дахин сонгон шалгаруулах журмаар ажилд эгүүлэн томилох шаардлагагүй.

Эдгээр байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн 545 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт: Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-т заасныг тус тус баримтлан Х.Ашимийг бүр мөсөн чөлөөлөх ёстой байсан боловч хууль зөрчиж эгүүлэн томилж буруу шийдвэр гаргасан байна.

Сонгуульд нэр дэвшихэд заавал ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар эрх бүхий байгууллага шаардсанаар гэсэн заалттай. Х.Ашимийг ажилд эгүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Сонгуульд нэр дэвшихэд бүр, түр чөлөөлнө гэсэн заалтгүй тул нэр дэвшсэн тохиолдолд ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байсан.

Учир нь Х.Ашимийн Сонгуульд нэр дэвшихээр өөрөө хүсэлт гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ИТХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж, бүртгүүлсэн болох нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар нотлогдож байна. Мөн Х.Ашимийг ажлаас түр чөлөөлөх аймгийн Засаг даргын Б/275 дугаар захирамжид үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуульд түр чөлөө олгох заалт огт байхгүй ба мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан ба хэдий хугацааны чөлөө олгох тухай тодорхой заагаагүй байна.

Х.Ашимийг захирлын ажилдаа эгүүлэн томилогдоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заасан тул уг заалт нь сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Ашим нь тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/275 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгджээ. Х.Ашим нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нь Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар тогтоогдсон байна.

Сонгуулийн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа аймгийн Засаг даргын 2016 оны Б/386 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3.-т зааснаар Х.Ашимийн түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилжээ. Харин аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар аймгийн Засаг даргын 2016 оны Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Х.Ашим нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан түүний 2016 оны Б/440 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу сонгууль дуустал түр чөлөөлөгдсөн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т үүрэгт ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх тухай заагаагүй, харин сонгууль явагдах хугацаанд ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх нь чухал бөгөөд энэ хугацаанд ажил, албан үүргээ гүйцэтгээгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3.-т зааснаар захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглосон, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т зааснаар захиргааны чөлөөтэй байгаа учир ажил, албан тушаал хэвээр хадгалагдана, ажил олгогч мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3.-т заасан үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авсан ба хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар ажилд эгүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна гэж тайлбарлажээ. Харин хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Х.Ашимийг сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/386 дугаар захирамж хуульд нийцээгүй учир хүчингүй болгосон талаар шүүхэд хариу тайлбар ирүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2.-т зааснаас үзвэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаал нь улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал мөн бөгөөд тус албан тушаалд ажиллаж байгаа иргэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т заасан шаардлагыг хангасан байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ... орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол ... ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино. гэж заасныг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлдэг төрийн (үйлчилгээний) албан хаагч сонгуульд нэр дэвших бол хуульд зааснаар, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдах буюу ажилтан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байхыг ойлгоно.

Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн суурь харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах журмыг тусгасан боловч Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хуульд заасан тохиолдолд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үндэслэлийг нарийвчлан зохицуулжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.5, 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.3.6.-д заасан агуулгаас үзвэл, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлдэг иргэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол түүнд төрийн жинхэнэ албан хаагчтай нэгэн адил ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг хуульчилжээ. Энэ нь төрийн мэргэшсэн албан хаагчийг ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлж буй чиг үүргийг нь харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэгдсэн байна. Түүнчлэн, хууль тогтоогч төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвших бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байх, ажлаасаа чөлөөлөгдсөн байх талаар хуульчилжээ.

Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч, Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Ашимийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/275 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т нийцээгүй бөгөөд ажилтан Х.Ашим нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэнээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас хуульд зааснаар, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд ажилтны хүсэлтээр ажил олгогчоос чөлөө олгох хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бөгөөд ажилтныг ажлаас түр чөлөөлөх талаар зохицуулаагүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймээс нэхэмжлэгч Х.Ашимийн ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу сонгууль дуустал түр чөлөөлөгдсөн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т үүрэгт ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх тухай заагаагүй, харин сонгууль явагдах хугацаанд ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх нь чухал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т зааснаар захиргааны чөлөөтэй байгаа учир ажил, албан тушаал хэвээр хадгалагдана, ажил олгогч мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3.-т заасан үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авсан гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байгаад хуульд зааснаар, өөрийн санаачилгаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэнд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3.-т Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно. гэж заасан ерөнхий зохицуулалт хамааралгүй юм. Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааны баталгааг тогтоосон энэхүү зохицуулалт нь тухайлбал, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.-д заасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэн төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралтай.

Хуульд зааснаар, ажилтан өөрийн санаачилгаар ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, улмаар орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэн байхад түүнийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/275 дугаар захирамж, уг захирамж гарсантай холбогдуулан Х.Ашимийн түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг Толбо сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/386 дугаар захирамж нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг зөрчсөн илт хууль бус байх тул аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/386 дугаар Х.Ашимийг ажилд эгүүлэн томилох тухай тушаалыг хүчингүй болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж заасныг баримталсан нь үндэслэлгүй боловч уг захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т заасныг зөв хэрэглэж ажил олгогчийн урьд гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн үндэслэлээр Х.Ашимийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй ба Засаг даргын 2016 оны Б/440 дүгээр захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т заасныг баримталсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н. ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК