Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0500

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагч Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга Г.Г нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Б.Н гаргасан давж заалдах гомдлоор, тус компанийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Б.Нг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Завхан аймгийн Ургамал сумын нутагт орших “Н” ХХК-ийн эзэмшиж байгаа “Д” нэртэй талбайн ............ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ““Д” нэртэй талбайн ...... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал сумын Засаг даргаын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Б.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн ......... тоот тусгай зөвшөөрлийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах хууль зүйн үндэслэлгүй байх тул Ургамал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй. ...Учир нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгосон .......... тоот тусгай зөвшөөрлийн 1 дэх 3 жилийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгагдах хуулийн зохицуулалттай байна” гэжээ.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэсэн байна. Шүүх эдгээр хуулийн зүйл, заалтыг үндэслэл болгохдоо буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Хугацаа сунгуулах өргөдөлд дараах бичиг баримтыг хавсаргана”, 22.1.3-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүх дээрх заалтуудыг үндэслэн Засаг дарга “БОМТ-2020”-ыг батлах хууль зүйн үндэслэлгүй тул “Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Харин эсрэгээрээ Засаг дарга “БОМТ-2020”-ыг батлахгүй байх хууль зүйн үндэслэл дээрх заалтуудад байхгүй байгаа юм.

2.Манай компанийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сард 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар сумын Засаг даргад хуулийн дагуу хүргүүлсэн боловч баталж өгөөгүйн улмаас шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, “БОМТ-2018”-ыг батлахыг шүүхээс даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл Засаг дарга мөн л шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хугацаа алдаж 2019 оны 11 дүгээр сард баталж өгсөн. 2018 оноос хойш 2 жил шахам Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүйн улмаас тусгай зөвшөөрлийн хугацаанд сунгалт хийгээгүй, тусгай зөвшөөрөл сунгагдаагүйн улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй хүлээлтийн байдалтай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг харж байсан.

Шүүхийн шийдвэр гарсан боловч батлагдсан төлөвлөгөө ирэхгүй байсаар 2019 оны 11 дүгээр сар болсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “хуулийн дагуу” гэж шинэчлэн боловсруулж батлуулсан төлөвлөгөөг шаардсан. 2018 оноос тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэж үзсэн.

3.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийг тусгаж өгдөг, ирээдүйд буюу ирэх жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан байгаль хамгаалах арга хэмжээг заавал хэрэгжүүлэх баталгаа болгож төлөвлөгөөнд тусгасан хөрөнгийн 50 хувийг урьдчилан тухайн сумын Засаг даргын заасан дансанд байршуулдаг зохицуулалттай.

Шүүхийн зүгээс “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 3 жилийн хугацаанд хэрэгждэг тул жил болгон шинэчлэн боловсруулж батлуулахгүй. ...Иймд ...2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэгчийн шаардлага хуульд заасан журамд нийцэхгүй байна...” гэж үзсэн нь үндэслэлгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг заавал 3 жилээр батлуулж хэрэгжүүлнэ, бусад үед батлахгүй гэсэн заалт хаана ч байхгүй, тэр тусмаа сумын Засаг дарга бүр сайн мэдэж байгаа.

Тийм учраас 2019 оны төлөвлөгөөг батлуулахгүйгээр 2020 оны төлөвлөгөөг илрүүлж байгаа нь ойлгомжгүй байна гэж тайлбартаа дурдсан байгаа.

Гэтэл бид 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээж авсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг он бүрээр \БОМТ-2018, БОМТ-2020\ яагаад заагаад байгаа бэ гэхээр тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, уг арга хэмжээндээ зарцуулах хөрөнгийг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгадаг учиртай.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллөөс сэргийлэх, байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгийг сумын дансанд байршуулах гэх мэтээр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхээр тодорхой ямар арга хэмжээ авах, хөрөнгө зарцуулах талаар тусган хөрөнгө байршуулдаг төлөвлөгөөг Засаг дарга удаа дараа санаатайгаар батлахаас татгалзаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “тусгай зөвшөөрөл эзэмших, тусгай зөвшөөрлөө сунгуулах, тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах” хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйлдэл гарсаар байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д “...сум дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн төгрөгийг шилжүүлэх” гэж заасныг шүүх анхаараагүй ба энэ заалтад зардлыг жил бүрээр төлөвлөж 50 хувийг сумын Засаг даргын нээсэн тусгай дансанд шилжүүлдэг дараалал тодорхой заагдсан. 2018 оны төлөвлөгөөг баталж өгөлгүй шүүхээр явсан, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй жил шахам болсон зэрэг Засаг даргын буруутай үйлдэл байсаар байтал шүүх үл харгалзсан.

Шүүх харин “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль ёсны..., 2021 онд төлөвлөгөөг батлуулахаар Засаг даргад хүргүүлэх ба жил бүр төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахгүй” гэж үзсэн нь “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн” гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Дээрх үндэслэлээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу “Н” ХХК-иас ........... тоот хайгуулын тусгай зөвшөөрлөө эхний удаа буюу 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 2 сарын 26-ныг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулахаар Завхан аймгийн Ургамал болон Дөрвөлжин сумын Засаг даргад тус тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хуульд заасан хугацаанд хандсан төдийгүй тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр уг төлөвлөгөөг батлахыг хариуцагч нарт даалгасан нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагыг Ургамал сумын Засаг даргад холбогдуулан дахин гаргах болсон үндэслэлээ “...дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2019 оны сүүл хүртэл үргэлжилсэний дараа батлуулсан, гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 он дуусч байх тул 2020 оны төлөвлөгөөг батлуулж ирсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана гэсний дагуу 2020 оны төлөвлөгөөг батлуулахаар 2019 оны 12 сард нэр бүхий сумдын Засаг дарга нарт хандсан...” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “энэхүү нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ...байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр бодитойгоор, мөн заавал биелэгдэх үр дагавартай байх ёстой.

Нэхэмжлэгчээс 2018 оны 2 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хуульд заасан хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Засаг даргад хандсан, мөн уг төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, батлахыг даалгасан дээрх шүүхийн шийдвэр 2019 оны сүүлээр биелэгдсэн талаар дээр дүгнэсэн.

Гэвч энэхүү шийдвэрийн үр дагаврыг зөвхөн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулснаар дуусгавар болсон гэж ойлгож болохгүй.

Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг эхний удаа буюу 2018 оноос 3 жилээр сунгуулахын тулд Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг холбогдох Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас хангаж чадахгүй байснаа дээрх байдлаар шүүхийн журмаар шийдвэрлүүлсэн, гэвч шүүхийн шийдвэр хэзээ биелэгдсэнээс хамаарч 2020 оны төлөвлөгөөг дахин батлуулах шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авч шийдвэрлэх нь цаашид ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Тухайлбал одоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд тухайн шийдвэр хэзээ бүрэн биелэгдэх нь мөн л цаг хугацааны хувьд тодорхойгүй, иймд нэхэмжлэлд дурдсанчилан 2020 он дуусч байгаатай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны төлөвлөгөөг батлуул гэсэн шаардлага тавих, Засаг дарга энэ байдлаар батлахаас татгалзвал 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагыг шүүх дахин хүлээн авч шийдвэрлэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгогдсон өдрөөс тооцоход 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаа дуусгавар болох бөгөөд хэрэв Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хугацааг эхний удаа сунгах тохиолдолд 3 жилийн хугацааг дуусгавар болох үеэс тооцох бөгөөд энэ нь хуулийн шаардлага.

Өөрөөр хэлбэл 2018 онд сунгуулах өргөдөлд тавигдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт нь өмнөх шүүхийн шийдвэр биелэгдсэнээр хангагдсан гэж үзнэ.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад тавигдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эсэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн дээрх шийдвэр нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн одоогийн нэхэмжлэлийн үндэслэл болох тусгай зөвшөөрлийн эхний удаагийн сунгалтад хамаарч байх тул уг шүүхийн шийдвэр хэзээ, хэрхэн биелэгдсэнээс хамаарч дараа дараагийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг шаардсан гэх үндэслэлээр гаргаж буй нэхэмжлэлээр Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь буруу.

Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 7 дугаар шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэр, холбогдох баримтуудын талаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлээр Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “тус компанийн “Д” нэртэй талбайн .......... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ургамал сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “Н” ХХК-ийн захирал Б.Н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН