Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/313

 

 

 

 

 

 

 

 

2019       12          02                                2019/ШЦТ/313

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт Гид холбогдох 1921000000330 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........................төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ий Газрын тосны 21 дүгээр талбайд хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..............овогт Г. /РД: ........./

 

Шүүгдэгч Г нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг “Хайчийн ам” гэх газраас иргэн А-ын эзэмшлийн 2 тооны үхрийг “Бонго-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2600000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дүүгийндээ хөрзөн татаж өгөхөөр Матад сум руу явсан. Зээл төлөх хэрэгтэй байсан болохоор мөнгө асуусан боловч мөнгө байгаагүй. Дүү маань алдсан морио сураглана гээд миний машиныг унаад явсан. Дүүгийнхээ машиныг бариад аймгийн төв орохоор явахад замд хэдэн үхэр таарсан. Тэгээд би 2-ыг нь ачиж аваад замдаа ажилласан“ гэв.

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийнхөө мал дээр очиход манай малыг түр харж байсан хөрш залуу Сүрэнхорол надад хандан танай үхэр дотор нэг тугал мөөрөөд байна, араас нь дагаад явсан чинь мал ачсан бололтой машины мөр байсан гэж хэлэхээр нь орой гэртээ ирсэн байсан учир шууд унтаж амраад өглөө нь мөрөөр нь явж очиж харахад ертөнцийн зүгээр зүүн хойшоо явсан машины мөр байхаар нь араас нь дагаад явсан бөгөөд манай гэрээс 10 орчим км зайд хонхор газарт манай хоёр үхрийг махлаад сэвс гэдсийг үлдээгээд явсан байсан. Тэгэхээр нь сумын төлөөлөгчид мэдэгдсэн. Миний 2 тооны үхэр сементал үүлдрийн үхэр байгаа юм. ...Би 2 үхрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7, 8-9/

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 11/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-20/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21, 23/

-Гэрч Ч.Сүрэнхоролын мэдүүлэг /хх-ийн 29/

-Гэрч Х.Баатарын мэдүүлэг /хх-ийн 30-31/

-Шүүгдэгч Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 1 дүгээр багийн нутаг “Хайчийн ам” гэх газраас хохирогч А-ын эзэмшлийн 2 тооны үхрийг “Бонго-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Х.Ариунболд, гэрч Ч.Сүрэнхорол нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Гид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Гийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Гид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А-д 2600000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Bongo-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Гантулгын өмч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул, шүүгдэгч Гоос тээврийн хэрэгслийн үнэ болох 3500.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Толтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лантуу 1 ширхэгийг устгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Bongo-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/73 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Гантулгад буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гийн ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...............овогт Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Bongo-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/73 тоот прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Гантулгад буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лантуу 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гийн ........................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Бонго-3” маркийн 85-89 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Гоос гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ