Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/317

 

 

 

 

 

 

 

 

 

 2019         12           06                                                  2019/ШЦТ/317

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд

Хохирогч Б

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Бд холбогдох 1921005140331 дугаартай хэргийг 2019 оны 11  дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................................ Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнын баян булаг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, .........................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... овогт Б. /РД: .........................../ 

Шүүгдэгч Б нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчимд Тоёота Ланд Круйзер – 200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Хэрлэн сумаас зүүн урагш 55 км зайд буюу Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед гурван хятад иргэнийг эмчийн үзлэгт хамруулахаар аймгийн төвд ирсэн. Аймагт ирээд эмчийн үзлэгт хамрагдаж, улаан загалмайн сургалтанд суусан. Тэгээд 18 цагийн үед аймгийн төвөөс гарсан. Тухайн үед 3 хоног үргэлжилсэн бороо орж, зам хальтиргаатай болсон байсан. Аймгийн төвөөс 55 км зайтай явж байхад машин шарваад дугуй нүх рүү орж онхолдсон. Хохирогч Баярцэцэгээс бусад зорчигчид суудлын бүсээ зүүсэн байсан. Машин онхолдсоноос болж Б-ээс өөр гэмтсэн хүн байгаагүй...” гэв.

 

Хохирогч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өрмийн гурвын төсөл хариуцсан Зао Хин Хуа дарга орчуулагч Мөнхцэцэг жирэмсэн гээд “Ви Эс Эм” ХХК-ийн ажилчид сургалттай сайн орчуулга хийх хэрэгтэй гээд намайг авч явна гэсэн. Би “Ви Эс Эм” ХХК-д ажиллаж байсан болохоор хятад дарга нарын хэлснийг гүйцэтгэх ёстой. Тухайн үед намайг 58-78 дугаартай машины жолооч авч явахаар болсон байсан. Тэгээд 6 цагийн үед аймгийн төв рүү гарсан. Хятад даргын сууж явсан 64-64 дугаартай машин эвдэрсэн болохоор над руу залгаж “68-68 дугаартай машины жолоочийг дууд” гэсэн. Тэгээд би Б ахыг дуудсан. Б ах “машин нь түлшгүй, өмнө нь хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Зандармаа даргатай хамт очоод түлш хийсэн гэсэн. Би 58-78 дугаартай машинд сууж явсан болохоор утасны цаанаас орчуулга хийсэн. Аймагт ирээд эмнэлэгээр явж, сургалтанд сууж орчуулга хийсэн. Би буцаж явахдаа 58-78 дугаартай машинд сууж байсан боловч тухайн машины жолооч Володя “Цагаан нуур” засварын газраар орох ажилтай гэсэн. Хятад дарга карго орж хот руу юм явуулах учраас орчуулагч хэрэгтэй гээд намайг Б ахын барьж явсан машинд суулгасан. Карго орж орчуулга хийчихээд хөдөлсөн. Аймгийн төвөөс 50 гаран км яваад осол болсон. Осол болсны дараа би өөрөө машинаас бууж чадаагүй. Хүмүүс намайг дамнаж буулгасан. Тухайн үед миний хүзүү хөдлөхгүй, толгой маш ихээр өвдөж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хүзүүний хугарал, C4, C5 үе мултарсан гэж оношилсон. Би хотод очиж мэс засалд орсон. Эмч намайг машин унаанд сууж, хөдөлгөөнд оролцож болохгүй. Мөн 1 жилийн хугацаанд ажил хийж болохгүй гэсэн. Тиймээс би ажилгүй хугацааныхаа цалингийн зөрүүг нэхэмжилж байна. ... Би “Ви Эс Эм” ХХК-тай гэрээгээр ажиллаж байгаад осолд орсон болохоор тус компаниас нэхэмжилнэ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 68-68 ДОА улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн албан ёсны эзэмшигч юм. Тухайн тээврийн хэрэгслээ би Петро Чайна ХХК-ий өрмийн-3 нэртэй салбар компанид түрээслэдэг юм. Гэхдээ ямар нэгэн бичгэн болон аман гэрээ байгуулаагүй. ...Тэгээд Хэрлэн сумаас зүүн урагш 55 км зайд буюу Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт Бгийн унаж явсан миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл осолдсон талаар 19 цагийн орчимд мэдсэн. Тэгээд тухайн осол болсон гэх газарт яваад очтол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл явсан чиглэлийн эсрэг тал руу буюу баруун хойд зүг рүү хойш эргэж, тэнхлэгээрээ дээш харсан байдалтай, зөв талын урд талын дугуй хийгүй болсон, машины ихэнхи хэсэгт том жижиг эвдрэл үүссэн байсан. ... Надад огт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 36-37/

 

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтэд: 

1.Т.Ланд круйзер-200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна. 

2.Т.Ланд круйзер-200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээс тухайн хэргийн газрын үзлэг, схем зураглалд тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хөдөлгөөний хурдыг тогтоох боломжгүй. 

3. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /УВ 63072711/ регистрийн дугаартай Дарьбазар овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “B,C,D” ангилалын 40253 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна. 

4. Т.Ланд круйзер-200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байсан байна. 

5.Ослын шалтгаан нь Т.Ланд круйзер-200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасан байна. 

6. Т.Ланд круйзер-200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хэрэг ослын газарт очсон ЗЦТасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.Улзын үзлэг дүгнэлтээс харахад нь замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байна гэж үзлээ гэжээ. /хх-ийн 39-40/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 576 дугаартай дүгнэлтэд: 

1.Б-ийн биед хүзүүний С4-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 

3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх-ийн 50/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/

-Зам тээврийн ослын нөхөн үзлэгийн схем зураглал /хх-ийн 13/

-Зам тээврийн осолд холбогдсон Ланд-200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14, 16-18/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 96/

-Гэрч Zhao Xinhua- ийн мэдүүлэг /хх-ийн 28/

-Гэрч Fan Si Yang –ийн мэдүүлэг /хх-ийн 30/

-Гэрч Tan Xiao Feng-ийн мэдүүлэг /хх-ийн 32/

-Гэрч О.Володягийн мэдүүлэг /хх-ийн 35/

-Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 97-112, задгай 11 ширхэг баримт/

-Хохирогч Б-ийн хөдөлмөрийн гэрээ /хх-114-116/

-Хохирогч Б-ийн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр /хх-ийн 117/

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /задгай 2 хуудас/

-Иргэний хариуцагч “Ви эс эм” /VSM/ ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбар, хавсралт нотлох баримтууд /задгай 5 хуудас/

 

Шүүгдэгч Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчимд Тоёота Ланд Круйзер – 200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорнод аймгийн Хэрлэн сумаас зүүн урагш 55 км зайд буюу Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс онхолдож улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ  хүлээсэн “...Аймгийн төвөөс 55 км зайтай явж байхад машин шарваад дугуй нүх рүү орж онхолдсон. Хохирогч Баярцэцэгээс бусад зорчигчид суудлын бүсээ зүүсэн байсан. Машин онхолдсоноос болж Б-ээс өөр гэмтсэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, 

хохирогч Б-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Осол болсны дараа би өөрөө машинаас бууж чадаагүй. Хүмүүс намайг дамнаж буулгасан. Тухайн үед миний хүзүү хөдлөхгүй, толгой маш ихээр өвдөж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хүзүүний хугарал, C4, C5 үе мултарсан гэж оношилсон...” гэх мэдүүлэг, гэрч Zhao Xinhua, Fan Si Yang, Tan Xiao Feng, О.Володя, иргэний нэхэмжлэгч Д.Батбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын нөхөн үзлэгийн схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон Ланд-200 маркийн 68-68 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

   

Шүүгдэгч Бд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.   

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

 

Хохирогч Б нь шүүх хуралдаанд эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа “Ви Эс Эм” ХХК-иас нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч хохирогч нь “Сондор нүдэн” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хятад хэлний орчуулагчаар, мөн “Ви Эс Эм” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хятад хэлний орчуулагчаар тус тус давхар ажилладаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Сондор нүдэн” ХХК-ны үндсэн ажилтан болох нь тогтоогдож байна.

 Хохирогч Б нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр буюу осол гарах үед аль компаниас өгсөн томилолт, зааварчилгаагаар аль компаний ажил үүргийг гүйцэтгэж явсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул  энэ шүүх хуралдаанаар хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хохирогч Б-ийн нэхэмжилж буй 9816.066 төгрөг /эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалин/-ийн хохирлыг энэ шүүх хуралдаанаар эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй юм.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 4000.000 төгрөг төлсөн тул шүүгдэгч Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Бгийн .......................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /шүүгдэгч нь хохирогчид 4000.000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бгийн ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

 

5. Хохирогч нь бусад зардлаа /эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалин/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.БАТЖАРГАЛ