Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2016/00052

 

Б.Аы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ө 10 дугаар багт оршин суух С овогт Бы Аы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 тоот захирамжийн ...аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Ө 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Аыг томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай... гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Б.А миний бие аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Б.Аыг томилох тухай" Б/354 тоот захирамжаар Баян-Өлгий аймгийн Ө 1-р бага сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй тогтвортой сайн ажиллаж ирсэн. 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасны дагуу ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ хуулийн хугацаанд ажил олгогчид гаргасан ба аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Ажлаас түр чөлөөлөх тухай" тухай Б/277 тоот захирамжаар үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 дугаартай захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдсон. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга А.Г нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжаар намайг урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон Б/387 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгосон тул уг Б/440 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасныг тус тус үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд;

1. Аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамжид Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь: Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 18 дахь хэсэгт .....Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй. гэж тодорхой заасан байх бөгөөд миний бие Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Журам батлах тухай 60 дугаар тогтоолд зааснаар төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн хуулийн дагуу томилогдон ажиллаж байна. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн намайг ажилд эгүүлэн томилсон Б/387 дугаартай захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын Б/440 тоот захирамж нь хуульд нийцээгүй байна.

2. Аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталсан байна. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасан ёсоор ажил олгогч буюу аймгийн Засаг даргад намайг тус сургуулийн захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасныг үндэслэн түр чөлөөлснөөр миний бие нэр дэвшүүлэгчээр бүртгүүлсэн өдрөөс хойш сонгуулийн үр дүн гарах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Харин миний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасны дагуу хэвээр хадгалагдсан ба сонгуулийн үр дүн гарсны дараа ажил олгогч намайг урьдах ажилд буцаан томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно." 37.1.4 "хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан" гэж тус тус хуульчилж өгсөн байна. Гэтэл Аймгийн Засаг даргын "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасныг үндэслэж миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ойлгомжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямар байгууллага хэзээ, хэрхэн шаардлага хүргүүлсэн нь тодорхой бус байна. Мөн сургуулийн захирлаар ажиллаж байгаа Б.А би тухайн үед гадаадад томилолтоор ажиллаж байгаа боловч үүнийг харгалзан үзээгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг ноцтой зөрчиж илт хууль бус захирамж гаргасан байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 дугаартай захирамжийн "аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Ө 1-р бага сургуулийн захирал Б.Аыг томилсон Б/387 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Ө 1 дүгээр бага сургуулийн захирал Б.А нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн байна. Б.А нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" гэж заасан ба сонгуульд нэр дэвшсэн бол ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтад "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" гэж заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байсан. Б.Аыг захирлын ажилд эгүүлэн томилоход хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дүгээр шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бы Аы Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжийн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Ө Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирал Б.Аыг томилсон Б/387 дугаар захирамжийн хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээгүй, зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Учир нь: Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн бүх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй байна. Тодруулбал: аймгийн Засаг дарга Захирамж хүчингүй болгох тухай Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг баримталж, хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад Сонгуулийн хорооны шаардлагын дагуу түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх ёстой гэж тайлбарлаж байсан. Харин хариуцагч тал үүнийг нотлох ямар ч баримт гаргаж өгөөгүй.

2. Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуульд түр чөлөө олгох заалт огт байхгүй. Ажил олгогч ажилтны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэхээр болж ажлаас чөлөөлөх тухай гаргасан хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх ба баримталсан хуулийн зохицуулалт нь тохирч байх ёстой бөгөөд уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай. гэжээ. Чөлөө олгох гэдэг нь тухайн ажилтныг түр ажлаас чөлөөлсөн гэх утга агуулгыг илэрхийлдэг ба захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар хэвээр хадгалагдана. Харин ажилтанд чөлөө олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд тодорхой хуульчилсан байх бөгөөд шүүх аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгох тухай Б/440 дугаартай захирамжид баримталсан хуулийн зохицуулалт, уг захирамж нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг судалж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Б.А нь сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга түүнийг Б/277 тоот захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг тус тус үндэслэн ажлаас түр чөлөөлсөн ба уг захирамж нь зөвхөн нотлох баримтын хувьд хавтаст хэрэгт авагдсан, одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Б.Аыг ажлаас чөлөөлсөн Б/277 дугаар захирамж хуульд нийцээгүй бол аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар тухайн захирамжийг хүчингүй болгох шаардлагатай бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамжийг талууд шаардлага гаргаагүй байхад шүүх үүнийг үгүйсгэж, шийдвэрлэвэл зохих маргаан бүхий аймгийн Засаг даргын Б/440 дүгээр захирамжид хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т заасны дагуу дээрх албан тушаалтнууд сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил олгогчид тухайн үндэслэлээр хүсэлт гаргаж, нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сонгуулийн дүн гарах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй байх нь чухал. Б.А нь өөр ажил, албан тушаалд ажиллахаар биш сонгуульд нэр дэвшихээр болж хүсэлт гаргасан учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 76 дугаар зүйлийн 76.3-т зааснаас үзэхэд хуулийн дээрх заалт төрийн ажил, албан тушаал эрхэлдэг бүх нэр дэвшигч нарт хамаарах нь гарцаагүй бөгөөд уг хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан үндэслэлүүдээр Б.Аы ажлын байр нь хэвээр хадгалагдах нь тодорхой байна. Ажил олгогч ажлын байр нь хэвээр хадгалагдсан ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-д зааснаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүрэгтэй. Б.Аыг анх сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ө 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилсон захирамж одоо хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас дахин сонгон шалгаруулах журмаар ажилд эгүүлэн томилох шаардлагагүй. Эдгээр байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн 544 дүгээр шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт: ...Б.Аыг ажлаас түр чөлөөлөх аймгийн Засаг даргын Б/277 дугаар захирамжид үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуульд түр чөлөө олгох заалт огт байхгүй ба мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан ба хэдий хугацааны чөлөө олгох тухай тодорхой заагаагүй байна. Б.Аыг захирлын ажилдаа эгүүлэн томилогдоход Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заасан тул уг заалт нь сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Ажилтан, ажил олгогчийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2014 оны Б/354 дүгээр захирамжаар Ө 1 дүгээр бага сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан Б.А нь тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан түүнийг аймгийн Засаг даргын 2016 оны Б/277 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т заасныг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгджээ.

Б.А нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн болох нь Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар, тус аймгийн Улаанхус сумаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 12, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

Орон нутгийн хурлын сонгуулийн дараа аймгийн Засаг даргын 2016 оны Б/387 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3.-т зааснаар Б.Аы түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг Ө Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалд томилжээ. Харин аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар аймгийн Засаг даргын 2016 оны Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан түүний 2016 оны Б/440 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ө 1 дүгээр бага сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Б.Аыг сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/387 дугаар захирамж хуульд нийцээгүй тул хүчингүй болгосон гэжээ.

Зохигчид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т заасан зохицуулалтын агуулга, зорилго, үзэл баримтлалын талаар буюу ажил олгогчоос тус заалтыг хэрэглэж ажилтныг ажлаас түр чөлөөлсөн, орон нутгийн хурлын сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа ажилтныг түр чөлөөтэй байсан хугацаа дууссан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилд томилсон, дараа нь уг шийдвэрийг ажил олгогчоос хүчингүй болгосон зэрэг үйл баримт хуульд нийцсэн эсэх талаар маргасан байна.

Б.Аы анхан шатны шүүхэд гаргасан гомдол нь түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй харилцааг дуусгавар болгоход чиглэгдсэн аймгийн Засаг даргын 2016 оны Б/440 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай тул шүүх уг маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Баян-Өлгий аймгийн Ө Ерөнхий боловсролын 0 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2.-т заасан улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал мөн бөгөөд тус албан тушаалд ажиллаж байгаа иргэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т заасан шаардлагыг хангасан байхаар хуульчилжээ.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ... орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол ... ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино. гэж заасныг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлдэг төрийн (үйлчилгээний) албан хаагч сонгуульд нэр дэвших бол хуульд зааснаар, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдсан байх, ажилтан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байхыг ойлгоно. Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн суурь харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах журмыг тусгасан боловч Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хуульд заасан тохиолдолд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан.

Төрийн жинхэнэ албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т тусгайлан зохицуулсан ба Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.5, 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.3.6.-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлдэг иргэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол түүнд төрийн жинхэнэ албан хаагчтай нэгэн адил ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг хуульчилжээ.

Энэ нь төрийн мэргэшсэн албан хаагч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлж буй чиг үүргийг нь харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэгдсэн байна. Түүнчлэн, хууль тогтоогч төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгуульд нэр дэвших бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байх, ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх талаар заасан байна.

Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч Б.Аыг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/277 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт нийцээгүй бөгөөд ажилтан Б.А нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэнээр Ө Ерөнхий боловсролын 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалаас хуульд зааснаар, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд ажилтны хүсэлтээр ажил олгогчоос чөлөө олгох хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бөгөөд ажилтныг ажлаас түр чөлөөлөх талаар зохицуулаагүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлж байгаад хуульд зааснаар, өөрийн санаачилгаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэнд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.3.-т Нэр дэвшигчийг бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн дүн гарах хүртэл хугацаанд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно. гэж заасан ерөнхий зохицуулалт хамааралгүй юм. Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааны баталгааг тогтоосон уг зохицуулалт нь тухайлбал, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.-д заасан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэн төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралтай байна. Түүнчлэн, нэхэмжлэгч талын ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу сонгууль дуустал түр чөлөөлөгдсөн, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т үүрэгт ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх тухай заагаагүй, харин сонгууль явагдах хугацаанд ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх нь чухал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т зааснаар захиргааны чөлөөтэй байгаа учир ажил, албан тушаал хэвээр хадгалагдана, ажил олгогч мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3.-т заасан үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авсан гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хуульд зааснаар, ажилтан өөрийн санаачилгаар ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, улмаар орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшсэн байхад түүнийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/277 дугаар захирамж, уг захирамж гарсантай холбогдуулан Б.Аы түр чөлөөтэй байсан хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнийг Ө 1 дүгээр бага сургуулийн захирлын албан тушаалд томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/387 дугаар захирамж нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийг зөрчсөн илт хууль бус байх тул аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/387 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/440 дүгээр захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж заасныг баримталсан нь үндэслэлгүй боловч уг захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4.-т заасныг зөв хэрэглэж, ажил олгогчийн урьд гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон тул Б.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй ба Засаг даргын 2016 оны Б/440 дүгээр захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т заасныг баримталсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н. ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК