Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 699

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  нарыг оролцуулан Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б  ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, *****  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Б ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Ананд нэртэй газарт орших 2306.33 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *****  дугаар тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан билээ. Тусгай зөвшөөрлийг 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаагаар олгосон. Манай компани тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2014 оны 12 дугаар сард хандсан боловч Аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн тул компанийн үйл ажиллагаанд аудитын дүгнэлт гаргуулсан /дүгнэлт 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гарсан/. Ийнхүү дүгнэлт гаргуулсаны дараа бид 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа 2016 оны 6 дугаар сарын  28-ны өдрийн 6/4114 дүгээр албан бичгээр мэдэгдсэн болно.

Гэтэл дээрх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэр гарахаас өмнө Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 2015 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2016 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг, 2014 оны хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус тус баталгаажуулж тамга дарсан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь дээрх 467 дугаар шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн 2015 оны хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг тус тус баталгаажуулж тамга дарсан. 

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь холбогдох материалыг бүрдүүлээд ирсэний дээр сунгаж болно хэмээн бидний хүргүүлсэн материалыг баталгаажуулж байх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай *****  дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, ЕХ-007486 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг бүртгэлээс хасаж, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь төрийн байгууллагын буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон Геологийн албаны үйл ажиллагаа нь хоорондоо нягт уялдаатай байх ёстой. Гэтэл Геологийн алба нь холбогдох баримт бичгүүдийг баталгаажуулж хүлээн зөвшөөрч байхад Кадастрын хэлтэс Геологийн албанаас мэдээлэл авалгүйгээгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг бүртгэхээс татгалзаж, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдсан байна. Дээрх асуудалтай холбоотойгоор буюу тусгай зөвшөөрлөө сунгуулах асуудлаар бид дараах албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандасны дагуу дор дурдсан хариу албан бичгүүдээр сунгах боломжгүй тухай мэдэгдэж байсан.

 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/77 дугаартай хариуг гардан авсан, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7/1666 дугаартай хариуг гардан авсан, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бичгээр хүсэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/1678 дугаар хариуг гардан авсан.

 Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дээрх хууль бус үйлдлийн улмаас манай компанид дараах хохирол учрах нөхцөл байдал хүрээд байна. Тусгай зөвшөөрлийн хугацаанд буюу 2013 он хүртэлх хайгуулын ажил хийсэн зардал болон тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр, 2014, 2015 онуудын хайгуулын ажлын зардал болон 2014, 2015, 2016 онуудын тусгай зөвшөөрлийн төлбөр зэрэг хохирол болно. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн албанаас шаардсаны дагуу холбогдох баримт бичиг, материал бүрэн байхад Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа үйлдэл нь хууль бус байна.

Иймд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, *****  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсье” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийг зөв хэрэглээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байна.

 Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь илт хууль бус акт биш гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлага үүсэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу захиргааны хэргийн шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ.

 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, *****  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэж өөрчилж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын  хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл нь Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хангаагүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзсан байна. 467 дугаар шийдвэр гарснаас хойш Б  ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын газрын даргад хэдэн хүсэлтүүдийг гаргаж байсан. Б  ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийг хүлээж аваад “Кадастрын хэлтэс *****  тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хянах явцад “танай компаниас тухайн талбайг 2014, 2015 онуудад хийсэн хайгуулын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” тухай Ашигт малтмал, геологийн газрын тодорхойлолтыг хавсарган тайлбарыг хүргүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг бүртгэлээс хасч, дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

2014 оны буюу 5 дахь жилийн хайгуулын ажлын тайланг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Геологийн албаны мэргэжилтэн хянаж, хүлээн авсан гарын үсэг зурсан. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологийн албаны мэргэжилтэн хянаж, гарын үсэг зуран тэмдэг дарсан. 2015 оны буюу 6 дахь жилийн хайгуулын ажлын тайлан 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи судалгааны албаны мэргэжилтэн хянаж хүлээн авсан гэж гарын үсэг зурж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дахин гарын үсэг зурж тэмдэг дарсан. Дээрхээс үзвэл тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор дараах байгууллагын зардлыг нэхэмжлэгч гаргасан гэж тайлбартаа бичсэн байдаг. 2014 онд гаргасан 5 дахь жилийн зардал нь 280.204.900 төгрөг, га талбайн зардал нь 121.493.080 төгрөг, 2015 оны хайгуулын ажлын нийт зардал нь 465.000 төгрөг, га талбай нь 2.300 төгрөг гаргасан байна. Зардлын доод хэмжээний талаар маргасан зүйл байхгүй. Гэхдээ 2014 оны хайгуулын ажлын зардал хуулиар тогтоосон доод хэмжээнээс хэд дахин их байгаа. 2015 оны хайгуулын ажлын зардалд зардлын доод хэмжээг хангалттай хангасан байдаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн 8 дугаар сарын 29-ний өдрийн 9/6225 албан бичиг болон түүнд хавсаргасан *****  тоот тусгай зөвшөөрлийн жилийн төлөвлөгөө, тайлан, зардлын доод хэмжээг баталгаажуулсан тухай, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн хайгуулын хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтоос үзвэл 2014 оны хайгуулын ажлын тайлан 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны хайгуулын ажлын тайланг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус тус баталгаажуулсан байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг гарахаас өмнө Б  ХХК-ийн ирүүлсэн материалд тулгуурлан Ашигт малтмал, газрын тосны газар нь 2014, 2015 оны хайгуулын ажлын тайлан, зардлыг баталгаажуулсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан. Уг заалтын дагуу Кадастрын хэлтэс нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн өргөдлийг ажлын 10 хоног буюу 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хянан үзэж шийдвэр гаргах ёстой байтал 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хугацаа хэтрүүлэн шийдвэр гарган хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Нэгэнт хянан үзэн шийдвэрлэх хугацаа хэтэрсэн байхад Кадастрын хэлтэс хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл байхгүй байхад халдаж байна гэж үзэж байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэн захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн тодорхойлолтоор 2014, 2015 оны хайгуулын ажлын тайланг баталгаажуулсныг хүлээн зөвшөөрсөн байгаа. Хайгуулын ажлыг тайланг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Ашигт малтмалын газарт хүргүүлэх ёстой. Ашигт малтмалын тухай хуульд заасан уг шаардлагын хүрээнд нэхэмжлэгч талаас хүргүүлсэн. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 1 хоногийн өмнө өгсөн асуудал байдаг. Тухайн үед өгсөн тусгай зөвшөөрлийг сунгуулахаар өгсөн бичиг баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэж зардлын доод хэмжээг баталгаажуулсан. Өөр нэмэлт материалыг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хүргүүлээгүй.

Хоёрдугаарт маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар тайлбарлая. Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа тухайн жил хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн. Хайгуулын ажлын зорилго нь ашигт малтмалыг хайж, тогтоосны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч тухайн ашигт малтмалыг олборлох зорилготой. Харин их хэмжээний зардал гаргаж удаан хугацаанд хайгуул хийж, хоосон үлдэж байгаа илт хохирол учирч байна. Нэхэмжлэгчийн хувьд хайгуулын ажлаа бүрэн хийж гүйцэтгэж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлж байсныг анхаарахыг хүсч байна. Хэрэв нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр тусгай зөвшөөрлийг сунгахгүй орхисон тохиолдолд нэхэмжлэгчийн хайгуулын ажилд зарцуулсан 662.756.923 төгрөгийн хохирол учрах юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу хайгуулын ажлын аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхийнхээ хүрээнд эдлэх эрхийг эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Хариуцагч хариу тайлбартаа “хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэх тайлбараас гадна хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг ирүүлээгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. Маргаан бүхий 467 дугаар шийдвэрт “хайгуулын ажлын зардлын доод  хэмжээг баталгаажуулаагүй” гэсэн үндэслэлийг дурдсан байх тул тухайн маргаан бүхий актын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй. 

Мөн хариу тайлбартаа “нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж удаа дараа дурдсан байгаа нь нэхэмжлэгч компани 467 дугаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд болон дээд шатны байгууллага, албан тушаалтанд тайлбар, гомдлоо гаргасаар ирсэн. Шүүхэд хугацаа сэргээх хүсэлт гаргасны үндсэн дээр шүүгчийн захирамжаар шүүхэд хандах хугацааг сэргээсэн тул нэхэмжлэл гаргах хугацааны хувьд эцэслэн шийдвэрлэгдсэн. Байгаль орчинд хохирол учирсан, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдсан ноцтой зөрчил гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн хайгуулын ажлын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчид илтэд хохиролтой байна. 

Иймд захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хуулийн этгээдийн зөрчигдсөн ашиг сонирхол, үндсэн зорилгынхоо хүрээнд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна.  

Хайгуулын ажлын тайлан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор өгөх ёстой. 2014 оны тайлангаа 2015 оны 2 дугаар сарын 15-нд өгсөн. 2015 оны тайланг 2016 оны 2 дугаар сарын 15-нд өгөх ёстой. Мэргэжлийн хяналтын байцаагчийн гарын үсэг дутуу, хариуцсан байцаагч байхгүй нөхцөл байдал үүссэн байгаа.  

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдлийг хүлээн авч ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Гэтэл уг хугацаанд шийдвэрлээгүй. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий актыг гаргахдаа шинээр материал авалгүй өмнө нь өгч байсан материалыг үндэслэсэн. Зардлын доод хэмжээг 2016 оны 6, 7 дугаар сард баталгаажуулсан байдаг” гэв. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Ананд нэртэй 2307.64 талбайд ашигт малтмалын хайгуулын XV-15562 тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 4 дүгээр сарын 01-ний 388 дугаар шийдвэрээр Б  ХХК-д олгосон байна. Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. 

Б  ХХК нь ашигт малтмалын хайгуулын *****  тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан байна. Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22 дугаар зүйлийн 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг гаргуулахын тулд Геологийн хэлтсээс тайлан төлөвлөгөө ирүүлсэн байдал болон геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажсан тухай тодорхойлолт ирүүлдэг ба Б  ХХК нь 2015 онд төлөвлөгөө ирүүлээгүй, 2014-2015 онд тайлан ирүүлээгүй, 2014-2015 онд хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “хайгуулын  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд хуульд заасан хэмжээнээс багагүй зардал бүхий ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи, хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж тус тус заасан байна.

Б  ХХК нь хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө ирүүлээгүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хуульд заасан хэмжээгээр баталгаажуулаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын *****  тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Дээрх Кадастрын хэлтсийн даргын татгалзсан шийдвэр гарснаар ашигт малтмалын хайгуулын *****  тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан ба Б  ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусаж Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/1678 тоотоор гомдлын хариуг хүргүүлсэн байхад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд Б  ХХК-иас гаргаж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, ашигт малтмалын хайгуулын *****  тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Б  ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, *****  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Ананд нэртэй газарт 2307.64 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *****  дугаар тусгай зөвшөөрлийг Б  ХХК-д олгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ. 

Б  ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрхийн дагуу хайгуулын *****  дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдлийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг баримтлан “мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцлийг хангаагүй” гэсэн үндэслэлээр Б  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын *****  дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6/4114 дүгээр албан бичгээр энэ тухай мэдэгдэл хүргүүлж, тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэжээ. 

Хариуцагч дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан үндэслэлээ “Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангаагүй” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь дээрх 467 дугаар шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн 2015 оны хайгуулын ажлын тайлан болон хайгуулын зардлын доод хэмжээг тус тус баталгаажуулж тамга дарсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн алба нь холбогдох материалыг бүрдүүлээд ирэхээр сунгаж болно хэмээн бидний хүргүүлсэн материалыг баталгаажуулж байх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай *****  дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, ЕХ-007486 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг бүртгэлээс хасаж, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг буюу “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь тогтоосон хэмжээгээр төлөх”, “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажил жил бүр хийж баталгаажуулах” шаардлагыг хангаж ажиллаагүй бол мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох”-оор заажээ. 

Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой зохицуулалт болох Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, 22.4-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлдөө тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргах”-аар зааж, “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг хуулийн 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэх”-ээр хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэж хайгуулын ажилд жил бүр зарцуулсан байвал зохих зардлын доод хэмжээг ойлгох бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна”, 48 дугаар зүйлийн 48.1.2-т ““Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ” гэж зааснаар хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт бүхий хайгуулын ажлын тухайн жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор Ашигт малтмалын газарт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлж, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулахаар байна.

Гэтэл Б  ХХК нь 2014 оны хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын газрын Геологийн албанд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирүүлснийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус алба, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай, хайгуулын хэлтсийн улсын байцаагч хянаж баталгаажуулсан, 2015 оны хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын газрын Геологийн албанд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлснийг, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр  Геологийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхай, хайгуулын хэлтсийн улсын байцаагч тус тус хянаж баталгаажуулсан болох нь хэрэгт нэхэмжлэгчээс нотариатаар гэрчлүүлэн өгсөн болон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн баримтын төв архиваас “хуулбар үнэн” тэмдэг дарж ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Ананд нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын *****  дугаар тусгай зөвшөөрлийн дагуу Б  ХХК-ийн 2014 онд буюу 5 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, 2015 онд буюу 6 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, мөн энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

Ийнхүү Б  ХХК нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2014 оны хайгуулын ажлын тайланг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирүүлж, 2016 оны 6 дугаар сарын 8, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр баталгаажуулж, 2015 оны хайгуулын ажлын тайланг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлж, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталгаажуулсан нь өөрөөр хэлбэл 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлөө тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний хайгуулын ажил гүйцэтгэсэн талаарх баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хавсаргаж ирүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болж байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг буюу “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажил жил бүр хийж баталгаажуулах” шаардлагыг хангаж ажиллаагүй” үндэслэлээр мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б  ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, *****  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ч Б  ХХК нь ашигт малтмалын хайгуулын *****  дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хэдий ч хариуцагч энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаагүй болно.

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэгт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.2-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 467 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, *****  дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий Б  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Д.ХАЛИУНА