Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2026/ХШТ/50

 

Ш.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, хохирогч Б.Э /цахим/, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр /цахим/, Ц.Мөнх-Эрдэнэ /цахим/, хохирогч Э.Э /цахим/, иргэний хариуцагч Л.А-н өмгөөлөгч Б.Зулбаяр, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар магадлалтай, Ш.д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг иргэний хариуцагч Л.А-, хохирогч Б.Э болон түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, Б овогт Ш-ын О-;

Шүүгдэгч Ш.О- нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд:

- Шүүгдэгч Б овогт Ш-ын О-ыг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Орхон аймгаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-аас 29,319,410 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А-гаас 19,546,270 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,323,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.О-аас 496,939 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А-гаас 331,293 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Э.Э-д, шүүгдэгч Ш.О-аас 4,037,978 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А-гаас 2,691,989 төгрөгийг тус тус гаргуулж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож,

- хохирогч Б.Э, Э.Э нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар, иргэний хариуцагч Л.А- нь учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч Л.А-, хохирогч Б.Э-н өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг: “Шүүгдэгч Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаанд оршин суугаа газраасаа явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх ял оногдуулсугай” гэж,

3 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 02 жилийн хугацаанд оршин суугаа газраасаа явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялын хэмжээ хүрээг түүний оршин суух газар болох Орхон аймгаар тогтоосугай” гэж,

5 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Орхон аймгаар тогтоож, тухайн бүсчлэлээс гарахыг хориглож шийдвэрлэхдээ шүүгдэгч хувийн байдлын хувьд насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгодог тул тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулж шийдвэрлэв гэж дүгнэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа хандаж буй хандлагад тохирохгүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн мөчөөс өдийг хүртэл Ш.О- нь өөрийн сайн дураар надад тусламж үзүүлээгүй бөгөөд гуйлгаж байж уурлаж уцаарлан “...надад чамд өгөх мөнгө байхгүй, санхүүгийн хувьд хэцүү байна...чи наад гомдлоо буцаачих...гомдлоо буцаавал наадмын өмнө 5 саяыг өгөөд, наадмын дараа 15 саяыг өгье хоёулаа ингэж тохиролцъё...” гэж хэлж бага хэмжээний мөнгө өгсөн. Ш.О- нь гомдлоо буцаавал мөнгөтэй болох гээд байгаа мэт, гомдлоо буцаахгүй бол мөнгөгүй байх гээд байгаа мэт зүйл хэлж байсан бөгөөд энэ үгэндээ хүрч шүүх хуралдаан болсон цагаас энэхүү гомдлыг гаргах хүртэл ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа хэрхэн хандаж байгааг харуулж байна. Эрүүгийн хариуцлагын зорилгыг Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

Энэхүү эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг хангасан шүүхийн шийдвэр гарсангүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно”, 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж тус тус заасан. Энэ нь Ш.О-д шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний төрлөөс гэмт хэргийн хор уршгийг арилгах талаарх арга хэмжээг бус оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх арга хэмжээг тогтоолдоо тусгасан нь өөрөө албадлагын арга хэмжээг буруу сонгон хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Энэ талаар шийтгэх тогтоолын 17 дахь талд доороосоо 2 дахь догол мөрөнд “Шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов” гэж тусгасан байна. Нөгөө талаас шүүхийн шийтгэх тогтоолын дээрх 17 дахь талд байгаа “зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов” гэсэн хэсэг нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь зорчих эрхийг хязгаарлах ял нь хуульд зааснаар хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг агуулсан байх ба хуулийн 5.5 дугаар зүйлд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих”, “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих" гэж тус тус хуульчилж өгчээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд нэрлэн зааж тодорхойлсон хэд хэдэн хориглолт, хязгаарлалтын төрлүүдээс алийг нь оногдуулж байгаа, эсхүл давхардуулан оногдуулж байгаа эсэх нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэг нь тогтоох хэсгийн эрүүгийн хариуцлагын оногдуулсан хэсэгтэйгээ яв цав таарч тохирч байж шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх хуулийн шаардлагад нийцнэ. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Орхон аймгаар тогтоож тухайн бүсчлэлээс гарахыг хориглосугай” гэсэн боловч тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов” гэсэн нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг төлөөгүй нь хохирогчид хохиролтой байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог ойлгохоор, 6 дугаар зүйлийн 6.1-д “Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн” гэж заажээ. Үүнээс үзвэл аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж бөгөөд шүүх Орхон аймгийн нутаг дэвсгэрийг зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсээр тогтоосон нь хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр тогтоосон гэж үзэж байна. Хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр тогтоосон нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

Ш.О- нь оршин суугаа газраа өөрчилж Улаанбаатар хот руу шилжлээ гэхэд түүний хязгаарлалтын бүсийг аймгаар тогтоосон тул дүүргээр хязгаарлалтын бүсийг тогтоох эсхүл Улаанбаатар хотоор буюу нийслэлээр тогтоох эсэх дээр эргэлзээ гарч улмаар тэрээр Улаанбаатар хотоор хязгаарлалтын бүсийг тогтоолгох боломж нь бүрдэхээр шийдвэр гарсан.

Ийнхүү ял шударга ёсны зарчимд нийцээгүй, эрүүгийн хариуцлагын зорилго хангахааргүй шийдвэр гарсан байтал давж заалдах шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг хэт өргөн эсхүл хэт явцуу хүрээнд тогтоох нь тухайн шийдвэрийг биелүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй байгаа тул зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Э-н өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Гомдлын үндэслэлээ дэмжиж байна. Хохирол барагдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байтал хэрэглээгүй нь хохирогчийн эрх ашгийг зөрчиж байгааг харж үзээсэй гэж хүсэж байна гэв.

Иргэний хариуцагч Л.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1...анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан...” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хэрэгт хохирогчоор, гэрчээр мэдүүлэг өгсөн оролцогчдын мэдүүлгүүдээр тодорхой хөлс тохирч шүүгдэгч Ш.О-ыг автомашинаа жолоодуулахаар тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл уг тохиролцоо хүчин төгөлдөр болсноор Ш.О- миний автомашиныг бодитойгоор эзэмшилдээ авсан. Иймд намайг жолоодох эрхгүй эсхүл согтуурсан мансуурсан хүнд жолоо шилжүүлсэн хүнтэй адилтгаж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн шүүх дүгнэлтдээ гэм хорын хохирлын 40 хувийг иргэний хариуцагч гаргуулах агуулга бүхий дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалт нь бусдад учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол байхаар тодорхойлсон байхад гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг надаар төлүүлж байгаад гомдолтой.

2.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ надад учирсан хохирлыг шийдвэрлээгүй намайг зөвхөн иргэний хариуцагч мэтээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна Хэрэгт **** УНЧ дугаартай миний эзэмшлийн автомашинд учирсан хохирлыг тогтоосон үнэлгээний баримт авагдсан байхад энэ хохирлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй орхисон нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь миний хохирлыг барагдуулахтай холбоотой өөр ямар нэгэн зөрчлийн хэрэг байхгүй бөгөөд энэ талаар миний хохирлыг хэрхэн хэн барагдуулах нь тодорхойгүй үлдсэн.

3.Давж заалдах шатны шүүх магадлалдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд уг хуулийн зүйл заалтыг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн, шүүгдэгч болох иргэний хариуцагчид хохирлын хувь хэмжээг 60/40 хувийн харьцаатайгаар хуваарилан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй үндэслэл бүхий болсон гэжээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан заалтад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн гэдэгт шүүгдэгчийн шууд гэм буруутай үйлдлээр учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг оруулж надад нялзааж байгаа нь тухайн Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Иргэний хариуцагч Л.А-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдийг дурдаж, тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, дээрх хуулийн заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ашиглагддаг, гэм буруутай этгээд гэм хорыг хариуцан арилгах боломжгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон тохиолдолд хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор бичигдсэн заалт. Түүнээс биш ямар нэгэн байдлаар эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргээс үүссэн үр дагаврыг арилгахаас чөлөөлөгдөнө гэсэн эрүүгийн хэрэгт хэрэглэгдэх заалт биш гэж үзэж байна. Хоёрдугаарт, иргэний нэхэмжлэлтэй холбоотой буюу иргэний хариуцагчаар тогтоосон атлаа иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлүүлнэ.

Иргэний хэргийн шүүхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэх эрх нь энэ шийтгэх тогтоолын улмаас хаагдаж байна. Эрүүгийн шүүхээр хэргийг шийдвэрлэх явцад тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэм хорыг хариуцан арилгах, нөхөн төлөх үүрэгтэй болохыг хуульчилсан байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдээс Л.А- мөнгө нэхэмжлэх боломжгүй болсон байгааг шүүх анхаарч үзнэ үү. Гуравдугаарт, давж заалдах шатны шүүх “иргэний хариуцагчийг нийт хохирлын 40 хувийг хариуцахаар шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй” гэсэн нь алдаатай шийдвэр болсон. Сэтгэл санааны гэм хорын асуудал нь гэм буруутай шууд холбоотой буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн шууд үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар олон улсын өвчний ангилалд тодорхойлогдсон зүйл заалтын дагуу сэтгэцийн эмгэгийг тодорхойлж, түүний улмаас учирсан хохирлыг эрүүл мэндэд учирсан хохирол гэж үзнэ. Түүнээс сэтгэл санааны хохирол гэж яригддаг сэтгэцийн хор уршгийг иргэний хариуцагч хариуцан арилгах үүрэггүй юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай буюу гэм хор учруулсан этгээд хариуцах ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт эрүүл мэндэд учирсан хохирол, эсхүл эд хөрөнгө устаж, гэмтсэн бол гэж тодорхой заагдсан байхад сэтгэцийн хор уршиг гэж томьёолсон зүйлийг оруулж 40 хувийг хариуцуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.О-д холбогдох хэргийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх хүрээ хязгаарыг буруу тогтоосон учраас шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах саналтай байна. Нэгдүгээрт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг тухайн гэм хор учруулсан этгээд хариуцахаар заасан байна.

Тийм учраас иргэний хариуцагчаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн 40 хувийг гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүгдэгч Ш.О-аас дээрх хохирлыг 100 хувь гаргуулахаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Хоёрдугаарт, шүүгдэгч Ш.О- нь албан ёсны бүртгэлтэй оршин суух хаягийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын 2б-35б тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон. Харин шүүхээс шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдарч байгаа” гэсэн мэдүүлэгт үндэслэж зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумаар тогтоох өөрчлөлтийг оруулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан зохих өөрчлөлтүүдийг оруулах хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Ш.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад учруулахаар ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч Ш.О- нь 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос Орхон аймаг буюу Дархан-Уул аймгаас Орхон аймгийн асфальтан замын 105-106 дахь километрт Тоёота приус 20 маркийн ** ** УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ш.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 06 сарын хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

3.1.Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох эсхүл шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгож буй боловч нөгөө талаас үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Энэ ялд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, суралцах, хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих зэрэг нийгмийн гишүүний хувьд зайлшгүй эдлэх эрхүүдийг хязгаарлах, гэр бүлээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зорилго үгүй тул тодорхой үндэслэл, шаардлагыг харгалзан үзэлгүйгээр хязгаарлалтын бүсийг хэт тэлэх, эсхүл хумих нь энэхүү ялын хэрэгжилт, үр нөлөөг сулруулах, улмаар өөр хэрэг, зөрчилд өдөөх сөрөг нөлөө үзүүлж болно.

Шүүхээс ялтны чөлөөтэй зорчихыг зөвшөөрөх нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалтын бүсийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, зайлшгүй амин чухал хэрэгцээ, шаардлагыг харгалзан хүний эрхийг дээдлэх зарчим болон эрүүгийн ял шийтгэлийн цээрлүүлэх үр нөлөөний тэнцвэрт байдалд нийцүүлнэ.

3.2.Үүнээс гадна уг ялыг оногдуулахдаа гарцаагүй харгалзан үзэх шалгуур бол ялыг эдлүүлэхээр зааж буй нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, нийгмийн үйлчилгээний хангамжийн түвшин, засаг захиргааны удирдлагын жигд тархалт байх ёстой бөгөөд зөвхөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нийтлэг хуваарилалтаар адилтган үзэж Монгол Улсын хязгаарлалтын бүсийн хилийг тогтоох нь ялын зорилгод үл нийцэн эрх зүйн эрх тэгш байдлын зарчим зөрчигдөхөд хүргэж болзошгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нийтлэгээр аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо гэсэн нэгжүүдэд хуваагдах боловч тэдгээрийн хувьд дээрх нөхцөл байдал харилцан адилгүйг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын зорилгод нийцүүлэн сум, дүүрэг, баг, хорооны аль тохирох нэг, эсхүл хэд, хэдэн нэгжээр сонгон тогтоох нь хууль зөрчихгүй.

3.3.“Аймаг, сум байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол[1]-оор хуучнаар Эрдэнэт хотын хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сум бүхий нэгжтэйгээр байгуулагдсан Орхон аймагт оршин сууж буй Ш.О-д оногдуулсан ялын зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг Орхон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, гэр бүл, үр хүүхдээ асран тэтгэх, тэдгээрийн сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг хангасан, ялын зорилгод нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын энэ талаар гаргасан гомдол болон прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгтТээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.

4.1.Иргэний хариуцагч Л.А- нь гэмт хэрэг үйлдээгүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч Ш.О-ын жолоодож явсан ** ** УНЧ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болохын хувьд түүнийг иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчих нь богино зуурт осол гаргаж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд таах боломжгүй хохирол, хор уршиг учруулдагт энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул оршдог.

Иргэний хариуцагч Л.А- нь шүүгдэгч Ш.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөнд аюул, саад учирсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох, самбаачлах чадвар, туршлагын талаар мэдээлэлгүй атлаа жолоочоос туйлын анхаарал, болгоомж шаардах хот хоорондын, халтиргаа гулгаатай замд өөрийн тээврийн хэрэгслийг шилжүүлснээр урьд жолоодож дадаагүй тээврийн хэрэгслээр орон нутгийн замд, шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцож, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах нөхцөл үүсгэсэн байдал тогтоогдсон байх тул иргэний хариуцагч Л.А- нь тээврийн хэрэгсэл ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Ийнхүү иргэний хариуцагч Л.А-г учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд хэмээн шүүх үндэслэлтэй дүгнэж, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлын төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас 60:40 гэсэн харьцаагаар оновчтой зөв хуваарилан гаргуулсан байх тул иргэний хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “...тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх агуулга няцаагдана.

4.2.Харин шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх хохирогчийн биед учирсан гэмтлийн байдал, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,353,400 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх боловч эдийн бус гэм хорыг мөнгөөр арилгуулах шаардах эрхийг баталгаажуулахдаа гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн хариуцвал зохих гэм хорын хохирлын тодорхой хэсгийг иргэний хариуцагчаас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Учир нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахтай холбоотойгоор Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулан, салаа утгагүйгээр хуульчлан тогтоосон болно.

Иймд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 30,353,400 төгрөгийн 40 хувь болох 12,141,360 төгрөгийг иргэний хариуцагч Л.А-гаас бус шүүгдэгч Ш.О-аас бүхэлд нь гаргуулахаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэлээ.

5.Иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын “...анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ надад учирсан хохирлыг шийдвэрлээгүй намайг зөвхөн иргэний хариуцагч мэтээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой ...иргэний хариуцагчаар тогтоосон хэрнээ иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь гэмт хэрэг үйлдсэн этгээдээс Л.А- мөнгө нэхэмжлэх боломжгүй болсон...” гэх хэсгийн хувьд иргэний хариуцагч Л.А-г эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь тэрээр өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд саад болохгүй гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

6 дахь заалтад “...шүүгдэгч Ш.О-аас 29,319,410 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А-гаас 19,546,270 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Э-д олгож,” гэснийг

шүүгдэгч Ш.О-аас нийт 41,460,770 төгрөгийг, иргэний хариуцагч Л.А-гаас 7,404,910 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Э-д олгож” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалт болон түүнд өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, иргэний хариуцагч Л.А-гийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                      Б.АМАРБАЯСГАЛАН

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ

Ч.ХОСБАЯР

 

[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=5799