Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1292

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компани

Хариуцагч: ***** /РД:

Эрчим хүчний төлбөрт 984 365 /есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** бүртгэлийн дугаартай хэрэглэгч ***** нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2014 оны 700 909 төгрөг, 2015 оны 227 719 төгрөг, 2016 оны 55 737 төгрөг, нийт 984 365 төгрөгийг төлөхгүй, нэхэмжлэгч байгууллагатай баййгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Эрчим хүчээр хангагч байгууллагаас эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг 2015 онд 4 дуаа, 2016 онд нэг удаа шаардсан бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нь түр түдгэлзүүлж, таслалт хийж байсан. Иймд ***** бүртгэлийн дугаартай хэрэглэгч *****оос эрчим хүч хэрэглэсэний төлбөрт 984 365 төгрөг гаргуулж өгнө үү.***** нь гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан бөгөөд түүний эцэг ***** нь 2013 онд нас барснаас хойш тухайн хаягт амьдарч, уг гэрээний дагуу цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа, мөн бидэнд хандан амьдралын нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй байгаа талаар өргөдөл гаргаж байсан болно. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч ***** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие ***** ам бүл тавуулаа амьдардаг.  Миний бие ажилгүй жирэмсний  6 сартай, мөн 2 настай хүүгээ харан гэртээ байдаг. Ээж маань сонсголын бэрхшээлтэй, мөн гэмтлийн улмаас одоо явж чадахгүй хэвтэрт, мөн дүү маань сургалтын төлбөрөө ч төлөөгүй байгаа. Нөхөр маань хувийн компанид ажилладаг боловч захиалга байхгүй үед хэд хоногоор гэртээ ажилгүй суудаг, ганц тэр хүний олдог орлого хаанаа ч хүрдэггүй, эрүүл мэндийн даатгал төлөөгүйн улмаас үзлэг шинжилгээндээ ч орж чадаагүй байгаа тул миний энэ гачигдалтай байдлыг харгалзан үзнэ үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*****” нь хариуцагч ***** холбогдуулан хэрэглэсэн эрчим хүчний төлбөрт 984 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн тухайд болон гэрээний дагуу эрчим хүч хэрэглэсэн тухайд маргахгүй, харин амьдралын гачигдлын улмаас төлөх боломжгүй байгаа гэж тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбар, хариуцагчаас гаргаж өгсөн ***** тодохойлолтоос үзэхэд ***** нь нэхэмжлэлд дурдсан хаягт, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд  ээж, нөхөр, дүү, хүүгийн хамт амьдарч байгаа, эцэг ***** нь 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдөр нас барсан, мөн цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээг анх *****ын нэр дээр байгуулсан, хэрэглэгчийн дансанд түүний нэрээр бүртгэгдсэн нь нотлогдоно.  

Талуудын хооронд байгуулсан хэрэглэгчийн ***** кодтой, “*****”-ны дагуу хариуцагч нь 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 9 дүгээр сарын 15-ныг  өдрийг хүртэл хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болох 984 365 төгрөгийг төлөөгүй тул цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсаны эцэст шүүхэд ханджээ.  

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дах хэсэгт зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч ***** хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч *****-гоос 984 365 /есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун жаран тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр хариуцагчийн эрчим хүчний хангамж хэрэглээг удаа дараа түдгэлзүүлж байсан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийин 100.3 дах хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *****-гоос 984 365  /есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун жаран тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “***** олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 174  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг, шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ