Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалан,

насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___дугаарын регистртэй, Б.Г.

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй хүүхэд болох Э.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

“...2018 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Э-гийн эх “миний охиныг авчирч өг” гээд залгасан. Би 2 хоног Э-г хайгаад байршилыг нь олоод Э-г авч явсан. Тухайн үед Э-гийн зан араншин өөрчлөгдсөн байсан. Би Э-г хүчээр машиндаа суулгасан. Э- “би гэртээ очмооргүй байна” гэж хэлээд машины хаалга онгойлгоод байсан. Би Э-тай ноцолдоод Э-г нэг удаа цохисон. Би өмнө цохиж байгаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн:

“...Би энэ хоёрыг үерхэж байсан хугацааг сайн санахгүй байна. Миний охин Гтэй үерхэж байх хугацаанд зан араншин нь өөрчлөгдөөд ихэвчлэн гэртээ шөнөөр ирдэг болсон. Миний охин 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эмийн аргаар хүүхдээ гаргаж байсан. Г тухайн үед “40.000 төгрөг өгөөд авхуулаарай” гэж хэлж байсан. Миний охин жирэмсэн болсон талаараа надад хэлээд эмнэлэг дээр очоод үзүүлээд цаашид тээх боломжгүй байна гэж хэлээд авхуулсан. Миний охин Гтэй хамт яваад олон хоног гэртээ ирэхгүй байхаар нь эх хүн учир санаа зовоод Г лүү залгаад олоод өг гэж хэлсэн. Г миний охинтой үерхдэг талаараа эцэг, эхдээ хэлж байгаагүй юм билээ. Э-гийн эцэг байхгүй болохоор Г дорд үзээд байх шиг санагддаг. Г мөнгө өгөх талаар өөрөө хэлж байсан. Би Гийг “хүн чанаргүй” гэж хэлмээр байна. Надаас хохирол төлбөртэй холбоотой зарим баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд аваагүй. Энэ хэргийг шийдвэрлэх талаар 1 жил гаран явж байна. Г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйсан зүйл байхгүй. Г миний охиныг авчирч өгөхдөө зодсон байсан. Би охиноосоо “Г чамайг зодсон уу” гэж асуухад доошоо хараад хэлэхгүй байсан. Тухайн үед миний уур хүрээд Гийг алгадсан. Би баримтаар өгсөн эмчилгээний зардал, өмгөөлөгчийн зардал зэргийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардлаа нэхэмжлээд Гийг уучлалт гуйхыг хүсэж байна...” гэх мэдүүлэг,

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Гийн өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед манай найз охин Э-гийн ээж надруу утсаар залгаад Э- чамтай уулзана гээд гараад 10-аад хоног олдохгүй байна чи олж ир, тэгэхгүй бол чамайг цагдаад өгнө нэр төрийг чинь унагааж, телевиз радиогоор цацна гэж хэлсэн. Би тухайн үед найзуудтайгаа зааланд тоглож байсан ба гарч ирээд орой 22 цагийн үед залгахад холбогдоод утсаа авснаа "Байна уу хайраа, хайртай шүү" гэж хэлээд уйлаад утсаа салгасан. Тэгээд би дахиад залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би найзуудтайгаа гадуур хайгаад явж байгаад урьд нь над руу залгаж байсан утасруу нь залгахад тэр дугаарыг эмэгтэй хүн авснаа би Ундрахын ээж байна манай охин Э-тай хамт гараад 4 хонож байна гэсэн. Тэгээд тэр охины эгч нь холбогдоод тэр 2 гадуур яваад байна чатад байна гэж хэлсэн. Бид нар Э-г хаа сайгүй хайгаад үүрийн 04 цаг хүртэл явж байгаад би гэрлүүгээ хариад амарч байгаад өглөө сэрээд утсаа хартал Э-гаас дуудлага ирсэн байсан. Тэгээд буцааж залгаад асуухад 5-н шарын Залуус хорооллын орцонд байна гэхээр нь өөрийн найз Шагайг дуудаад хамт явсан. Тэгэхэд Э-гийн найз Маралаа надруу залгаад Э-, П, У 3 нийлээд янз бүрийн юм хэрэглээд яваад байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд Залуус хорооллын гадаа очоод залгахад орцноос 3-лаа гарч ирсэн. Тэгээд тэр 3-г суулгаад 25-н автобусны буудал орчим явж байгаад Э-д хандаж чамайг ээжид чинь хүлээлгэж өгнө гэхэд явж байсан машинаас үсрэх гээд орилоод байхаар нь хамт явж байсан найзууд нь барьж аваад машин зогсоогоод тэгээд би бууж очоод арын хаалгаар очиход өөдөөс миний цээжрүү нүүрлүү өшиглөөд цохиод байсан. Тэгээд би тайвшруулах гэж барьж авч байгаад би Э-г хацарлуу нь 1 удаа алгадсан. Тэгээд хамт явж байсан П гэх залуутай муудалцаж маргалдсан. Тэгээд ээжрүү нь залгаад гэрийнх нь гадаа ирээд охиныг чинь олчихлоо та гарч ирээд хүүхдээ авчих гэхэд ээж нь гарч ирээд юу болсон талаар асуухад Э- ээждээ Г намайг зодчихлоо гэхэд ээж нь чи миний охиныг зоддог хэн бэ гээд 2,3 удаа миний нүүрлүү цохисон. Тэгээд хамт цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 48-49, 84-86, 106, 131-132/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 23-нд өөрийн найз П, У нарын хамт Пын хамаатны охины гэрт 5-н шарын Залуус хороололд очиж хоносон. Тэгээд өглөө 10 цагийн үед манай хуучин найз залуу Г залгаад ална шүү би чамайг гараад ир эвээр ярилцъя гээд байсан. Тэгэхээр нь би 2 найзын хамт байрны гадаа гараад очиход Г найзынхаа хамт хүлээгээд зогсож байсан. Тэгээд үгийн зөрүүгүй намайг шууд алгадаад, Пын нүүрлүү, толгойруу 2, 3 удаа гараараа цохисон. Тэгээд бид 3-г машиндаа чирч суулгаад найз нь машин бариад Г урд суудал дээр сууж байгаад хөдлөөд явж байгаад замдаа зогсоод Уийг урд суулгаад, өөрөө миний хажууд суугаад хөдөлгөөн дунд машин дотор нүүр, толгой руу гараараа хөлрүү өшиглөөд байсан. Тэгээд миний баруун гар урьд нь хугарч байсныг Г мэдэж байсан хэрнээ миний баруун гарны хугарсан хэсэгрүү гараараа цохиод байсан. Энэ үйл явдал нь 10-р хорооллоос ТБД-Андууд орох зам дагуу болсон. Тэгээд ТБД-Андуудын Сод-Монгол ШТС-н гадаа ирж зогсоод Г ээжрүү утсаар залгаж дуудсан. Тэгээд ээж гарч ирэхээс өмнө миний доод уруулнаас цус гарч байхад наадахаа арч гөлөг минь одоо ээж чинь гарч ирнэ гээд байсан. Тэгээд удалгүй ээж гарч ирээд машинаас бид нар бууж ирээд би нүүрээ ээжид харуулахгүй гээд доошоо харсан байхад ээж хараад хэн зодсоныг асуухад би Г гэхэд ээж Гтэй яагаад хүүхэд зодож байгаа юм гээд муудалцсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд бид нар хамт Баянголын цагдаа дээр ирсэн.

Г өмнө нь 2018 оны 2 сарын сүүлээр гэртээ байхдаа намайг дуудаад би очсон. Тухайн үед би 2 сартай жирэмсэн байсан энэ талаараа хэлэхэд наад хүүхэд чинь надад хэрэггүй гээд миний хэвлий хэсэгрүү өшиглөж гараараа цохисон. Мөн 2017 оны 10 дугаар сард Г согтуурсан байхдаа манай гэрт орж ирээд миний хоолойг боож багалзуурдаад алнаа чамайг гэж зодож байсан. Би тухайн үед цагдаад хандаж байгаагүй. Би жирэмсэн болсон өвдөөд байна гэж ээжид хэлээд Нэгдүгээр төрөхөд 2018 оны 02 дугаар сарын 20-нд эмчид үзүүлж, хүүхдээ эмийн аргаар унагааж байсан. Би тухайн үед ээжид хэлэхдээ Гийн ар гэрийнхэн нь   дургүйцээд байгаа хүүхдээ авхуулая гэж хэлж байсан. Мөн зодуулсан талаараа хэлж байгаагүй. Миний бие Гт зодуулсны улмаас 2017 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 2-р хороо Петровисын колонкийн орчимд байршилтай дотрын хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Үүнээс гадна өмгөөлөгчийн зардал 1,0 сая төгрөгийг Гээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-15, 80-81, 99/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Хын өгсөн:

“...Г 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Э-г барьж аваад машин дотор зодоод ТБД андуудын зүүн талд байршилтай Сод монгол  клонк дээр очсон байхдаа миний 99986636 дугаарт залгаад гарч ирж охиноо ав гэж надад хэлэхээр нь би гэрээсээ гүйгээд очтол Приус загварын машинд Э-г суулгачихсан, Э-г машинаас гаргахад Э-гийн уруул язраад цус гарсан, баруун хацар нь хавдсан байхаар нь би миний охиныг зодохгүйгээр аваад ирэхгүй яасан юм гээд Гийг алгадаад бүгдийг нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс рүү авчирсан, тухайн үед Г сая төгрөг өгчихвөл болно биз дээ, эвлэрье гэснээ дараа нь та нар хуулиараа яваад юу олж долоохыг чинь харна гэж хэлээд салсан, би ч өргөдлөө өгч шалгуулсан. Үүнээс хойш би Э-г Гтэй харьцуулаагүй, Э-гийн бие өвдөөд Баянгол дүүрэгт байршилтай "Өнө увидас" нэртэй дотрын хувийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх болсон шалтгаан гэвэл үр хөндүүлээд нялх биетэй байхад нь Г зодсноос болж Э- сэтгэл зүйн дарамтанд орсон тул уг дарамтаас гаргахын тулд эмчилгээ хийлгэсэн, тэр үеэс Г Э-г янхан мэтээр бусдад ойлгуулах, үг хэлээр доромжлох зэрэг үйлдлүүдийг танихгүй хүмүүсээр  дамжуулж хийлгээд байсан, тухайлбал дэлгүүр орох замд нь танихгүй залуучууд  Э-г янхан, өөрөөсөө болчихоод гэх зэргээр хэлсэн байдаг, энэ талаар Гт хэлэхээр үгүй гээд няцаагаад хүлээн зөвшөөрдөггүй юм...” гэх мэдүүлэг /хх-н 100-101/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Пын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Э- над руу утаснаасаа чат бичээд би Гтэй үерхэж байгаад жирэмсэн болоод ээждээ хэлсэн чинь ээж эм уулгасан, намайг гэртээ бай гээд гаргахгүй байхаар нь би гэрээсээ зугатаад Сэлэнгэ аймагт ирчихсэн найзындаа байна, маргааш хот орно уулзъя гэхээр нь Э-д туслая гэж хэлсэн. Тэгээд би 03 сарын 22-ны үүрээр 05 цагийн орчим Э-тай Улсын их дэлгүүрийн урд уулзаад  хоёулаа  21-р  хороололд  найз  У рүү очиж уулзаад гурвуулаа хамт хорооллоор явж байгаад орой нь  21-р хороолол 5 шард байдаг манай хамаатны Уранчимэгийн гэрт очиж хоносон. Гэтэл маргааш өглөө нь буюу 2018 оны 03 сарын 24-ний өглөө 09 цагийн орчим Г нэг найзтайгаа хамт байрны гадаа приус маркийн сааралдуу өнгийн машинтай ирчихсэн Э-г дуудаад бид нар хамт гарахад Г шууд над руу уурлаад миний баруун хөлийн шилбэ рүү 3 удаа өшиглөсөн, намайг гараараа түлхсэнээс гадна Г нь Э-г 1 удаа хүчтэй алгадсан, дараа нь Э-, У бид гурвыг машиндаа суулгаад хөдөлсөн. Г машины урд суудалд жолоо барьж явсан найзынхаа хажууд суучихсан байхдаа эргэж хараад Э-г гараараа толгой гуя руу нь хэд хэдэн удаа цохиж аваад байхаар нь Э- машины явуут дунд машинаас буух гээд хаалга онгойлгоход машин гэнэт зогсоод Г машинаас бууж ирээд Уийг урд суудал руу суулгаад өөрөө хойд талын суудалд Э- бид хоёртой зэрэгцэж сууснаа гараараа Э-г энд тэндгүй  цохиж авахад Э- өөдөөс нь гараараа эсэргүүцэж байсан, өөрөөр машин дотор айхтар сүртэй зодоон цохион болоогүй. Тэгээд Баянгол дүүрэгт байрлах ТБД андуудын тэндэх "Сод Монгол"-ын колонкын тэнд машинтайгаа зогсоод Г утсаараа Э-гийн ээжийг дуудаад охиныг чинь аваад ирлээ гэж хэлсэн, удалгүй Э-гийн ээж цаанаас зам хөндлөн гараад ирэхэд Э- ээжийгээ харчихаад зугатах гэхэд Г барьж авсан чинь Э-гийн ээж ирээд Э-г харангуутаа миний охиныг зодсон байна гээд Гийг гараараа цохиж авсан. Энэ үед колонк дээр зогсож байсан 2 цагдаа ирээд Э-гийн ээж өргөдөл өгөхөөр болсон, тухайн үед би бас Гт цохиулсан гээд тогтоол авч шүүх эмнэлэгт үзүүлсэн юм. "Сод Монгол" колонкын гадаа бол Г Э-г цохиж зодоогүй. Э-гийн ээж нь манай охиныг олоод ир гэж Гт хэлсэн юм байна лээ. Тэгээд Г Э-г хайж олоод Э-г эрэгтэй хүүхэдтэй байхаар нь уурлаад зодсон гэж Г өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 141-142/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Уийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Э- хөдөө яваад ирсэн гээд над руу залгаад уулзая гэхээр нь СХД-н 21-р хороололд Э-, П нартай уулзаад гурвуулаа хорооллоор хамт явж байгаад орой нь “Залуус” хороололд Пын хамаатны нэг охины гэрт очиж хоносон. Тэр оройжин Г нь Э- руу залгаад хаана байна гэж асуугаад Э-г хайж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргааш өдөр нь Г "Залуус" хорооллын гадаа нэг найзтайгаа хамт приус 20 маркийн /дугаарыг анзаараагүй/ хар тень наасан машинтай ирээд Э- руу залгаад гараад ир гэхээр нь Э- П бид хоёрыг дагуулаад гарахад Г Э-г алгадсан. Мөн Пын хөл рүү цохисон санагдаж байна. Тэгээд машиндаа бид гурвыг хүчээр шахуу оруулаад Э-г ээжид нь хүргэж өгөхөөр явсан. Би машины арын суудалд сууж байхад Г намайг урд суудал руу оруулж Г өөрөө арын суудалд суугаад дуу нь чангараад Э-г цохиж аваад байгаа бололтой Э- орилоод байхаар нь би айгаад хойшоо харж чадаагүй. Э-г ээжид нь аваачиж өгнө гэхэд Э- ээж рүүгээ очихгүй гээд машин явуут дунд машины хаалга онгойлгоод үсрэх гэхэд Г бас л уурлаад Э-г толгой, нүүр рүү нь цохиж авч байгаа харагдсан. Тэгээд бид нар машинтайгаа ТБД андуудын урд талын "Сод Монгол"-ын колонкийн гадаа очиж зогсоход Г утсаараа яриад хэсэг хугацааны дараа Э-гийн ээж нь ирээд Э-г харчихаад манай охиныг хэн зодсон юм гэж асуухад Г би зодсон гэхэд Э-гийн ээж нь Гийг 2 цохиж аваад дараа нь Гийг цагдаад өгчихсөн юм. Тухайн үед Г архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-н 143/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 4070 тоот: 

1. Э.Эгийн биед хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад язралт, бугалга, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 34/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 54, 56/

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 72/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.6-д зааснаар “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно гэж заасан.

 

Гэрлэлтээ бүрдүүлэх боломжтой хүмүүс гэдэг нь 18 насанд хүрсэн хүмүүс байх ёстой учир энэ тохиолдолд 18 насанд хүрээгүй хохирогч байх тул гэр бүлээ бүртгүүлэх хууль зүйн боломжгүй түүнчлэн хохирогч, шүүгдэгч нар нь хамтран амьдарч байсан гэх хууль зүйн үндэслэлгүй байх ба шударга ёсны зарчимд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхэд болох Э.Эг зодож биед хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын салстад язралт, бугалга, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Гийн “...Э-д хандах чамайг ээжид чинь хүлээлгэж өгнө гэхэд явж байсан машинаас үсрэх гээд орилоод байхаар нь хамт явж байсан найзууд нь барьж аваад машин зогсоогоод тэгээд би бууж очоод арын хаалгаар очиход өөдөөс миний цээжрүү нүүрлүү өшиглөөд цохиод байсан. Тэгээд би тайвшруулах гэж барьж авч байгаад би Э-г хацарлуу нь 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн “...ТБД-Андуудын Сод-Монгол ШТС-н гадаа ирж зогсоод Г ээжрүү утсаар залгаж дуудсан. Тэгээд ээж гарч ирэхээс өмнө миний доод уруулнаас цус гарч байхад наадахаа арч гөлөг минь одоо ээж чинь гарч ирнэ гээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Хын “...Г 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Э-г барьж аваад машин дотор зодоод ТБД-ын андуудын зүүн талд байршилтай Сод Монгол  клонк дээр очсон байхдаа миний 99986636 дугаарт залгаад гарч ирж охиноо ав гэж надад хэлэхээр нь би гэрээсээ гүйгээд очтол Приус загварын машинд Э-г суулгачихсан, Э-г машинаас гаргахад Э-гийн уруул язраад цус гарсан, баруун хацар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч А.Пын “...2018 оны 03 сарын 24-ний өглөө 09 цагийн орчим Г нэг найзтайгаа хамт байрны гадаа приус маркийн сааралдуу өнгийн машинтай ирчихсэн Э-г дуудаад бид нар хамт гарахад Г нь Э-г 1 удаа хүчтэй алгадсан, дараа нь Э-, У бид гурвыг машиндаа суулгаад хөдөлсөн. Г машины урд суудалд жолоо барьж явсан найзынхаа хажууд суучихсан байхдаа эргэж хараад Э-г гараараа толгой гуя руу нь хэд хэдэн удаа цохиж аваад байхаар нь Э- машины явуут дунд машинаас буух гээд хаалга онгойлгоход машин гэнэт зогсоод Г машинаас бууж ирээд Уийг урд суудал руу суулгаад өөрөө хойд талын суудалд Э- бид хоёртой зэрэгцэж сууснаа гараараа Э-г энд тэндгүй цохиж авахад Э- өөдөөс нь гараараа эсэргүүцэж байсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Б.Уийн “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Э- хөдөө яваад ирсэн гээд над руу залгаад уулзая гэхээр нь СХД-н 21-р хороололд Э-, П нартай уулзаад гурвуулаа хорооллоор хамт явж байгаад орой нь “Залуус” хороололд Пын хамаатны нэг охины гэрт очиж хоносон. Тэр оройжин Г нь Э- руу залгаад хаана байна гэж асуугаад Э-г хайж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд маргааш өдөр нь Г "Залуус" хорооллын гадаа нэг найзтайгаа хамт приус 20 маркийн /дугаарыг анзаараагүй/ хар тень наасан машинтай ирээд Э- руу залгаад гараад ир гэхээр нь Э- П бид хоёрыг дагуулаад гарахад Г Э-г алгадсан. Тэгээд машиндаа бид гурвыг хүчээр шахуу оруулаад Э-г ээжид нь хүргэж өгөхөөр явсан. Би машины арын суудалд сууж байхад Г намайг урд суудал руу оруулж Г өөрөө арын суудалд суугаад дуу нь чангараад Э-г цохиж аваад байгаа бололтой Э- орилоод байхаар нь би айгаад хойшоо харж чадаагүй. Э-г ээжид нь аваачиж өгнө гэхэд Э- ээж рүүгээ очихгүй гээд машин явуут дунд машины хаалга онгойлгоод үсрэх гэхэд Г бас л уурлаад Э-г толгой, нүүр лүү нь цохиж авч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 4070 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 990.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хд оногдуулж, насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн хууль ёсны төлөөлөгч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу оюутан, өөрийн гэсэн орлогогүй зэрэг байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                                                                

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гээс 990.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хд оногдуулж, насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн хууль ёсны төлөөлөгч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ