Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***** /РД:

Хариуцагч: “*****” ХХК /РД:

Гэрээнээс татгалзаж, 24 019 920 /хорин дөрвөн сая арван есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “*****” ХХК-тай ***** орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр ***** орон сууцны Б блок, ***** орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, тус орон сууцыг давхардуулан өөр этгээдтэй гэрээ байгуулснаар маргаан үүсч шүүхэд хандахад хүрээд байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 7 удаагийн төлөлтөөр нийт 25 120 000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч компани гэрээний дагуу орон сууцны гүйцэтгэл болон ашиглалтад орох хугацаа хэт удаашралтай явж байгаагаас шалтгаалан гэрээг цуцлах тухай санал тавьж 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5 270 000 төгрөг буцаан авсан. Үүний дараа ***** нь 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хариуцагч компанийн захирал *****тай харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн гэрээг үргэлжлүүлэхээр тохиролцсон ч хариуцагч компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, мөн иргэн *****тэй давхардуулан гэрээ хийж, 64 000 000 төгрөг авсан байх тул гэрээнээс татгалзаж төлбөрийн үлдэгдэл 19 850 000 төгрөг, гэрээний 4.1 дэх хэсэгт заасан алданги /166 хоног, хоногийн 0,1 хувь/ 4 169 920 төгрөг, нийт 24 019 920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч “*****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ***** нь ***** орон сууцыг захиалж 25 120 000 төгрөг төлсөн, мөн  5 270 000 төгрөгийг буцаан авсан талаар маргахгүй байна.

*****” ХХК-ийг  удирдаж байсан ***** нар нь захиалагч нартай давхардуулан гэрээ хийж, тэдний мөнгийг завшсан гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс 2***** тоот Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор шинжээч томилон түдгэлзүүлсэн.

Хэргийг эрүүгийн журмаар шалгаж дуусах хүртэл хэргийг хянан шийдэврлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч “*****” ХХК-тай ***** орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 000 000 төгрөг, нийт 64 650 00 төгрөгөөр авах, үнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу захиалагч талаас 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 13 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 14-ны өдөр 920 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 900 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  2 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 3 800 000 төгрөг, 2014 оны 9дүгээр сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2 500 000 төгрөг, нийт 25 120 000 төгрөгийг төлсөн, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5 270 000 төгрөгийг хариуцагч компаниас буцаан авсан болох нь Хас банк болон Голомт банкны орлогын мэдүүлэг, хариуцагч компанийн кассын орлого, зарлагын ордер, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид гэрээ байгуулсан, гүйцэтгэгч талаас санаачлан гэрээг цуцласан боловч мөнгийг бүрэн буцаан өгч чадаагүйгээс гэрээг үргэлжлүүлэхээр талууд тохиролцсон, үндсэн гэрээгээр орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад өгөх байсан,   одоогоор барилгын  ажил зогссон, ашиглалтад ороогүй талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсэгт заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгох ёстой гэж тайлбарлаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “*****” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ***** нарт захиалагч нартай давхардуулан гэрээ хийж, тэдний мөнгийг завшсан гэх үндэслэлээр ***** тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор шинжээч томилон түдгэлзүүлсэн нь баримтаар тогтоогдож байгаа болно.

Хэдийгээр хариуцагч компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, өөр этгээдтэй гэрээ байгуулан төлбөрийг бүрэн авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан шаардсан нэхэмжлэл, эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарахгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 225 дугаар 225.1, 226  дугаар зүйлийн  226.1.1 дэх хэсгүүдэд “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж,  үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзахдаа “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй” гэж  тус тус заасан байх бөгөөд хариуцагч компанийн үүргийн зөрчлийг ялимгүй, мөн ямар нэгэн үр дүн гарна гэж үзэх  боломжгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн  гэрээний  дагуу төлсөн 25 120 000 төгрөгийн үлдэгдэл 19 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Гэрээний үүрэг зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан ба тухайн тохиолдолд Иргэний хуулийн 2019 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргийг бус харин учирсан хохирлоо шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох  4 169 920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд хариуцагч “*****” ХХК-иас 19 850 000 /арван есөн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 169 920 /дөрвөн сая нэг зуун жаран есөн мянга есөн зуун хорь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “*****” ХХК-иас 19 850 000 /арван есөн сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б*****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 169 920 /дөрвөн сая нэг зуун жаран есөн мянга есөн зуун хорь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАТСҮХ