Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрхий мэргэн овогт Амгалангийн Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Эрхий мэргэн овогт Амгалангийн У.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 16-659 тоотод найз Э.Жтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа Э.Жы биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У мэдүүлэхдээ:

“...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр найзтайгаа маргалдсандаа гэмшиж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Угийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Мгийн гэрт байж байгаад найз Жыг Мгийн гэрт дуудсан юм. Өдөр 11 цаг өнгөрч байхад Ж халамцуу ирсэн. Бид хоёр урд нь хамт ажиллаж байсан М/99314633/ ахыг дуудсан. Манай дүүгийн гэрт тал шил ерөөл архи байсныг Ж бид хоёр хувааж уусан. Удалгүй М ах манай дүүгийн гэрт нэг шил 0,5 литрийн Улаанбаатар архи барьцан ирсэн М ахын барьж ирсэн архийг нь бид гурав хувааж уугаад сууж байтал миний машиныг Сэлэнгэ аймаг руу авч явахаар П ирсэн боловч явахаа болилоо гээд цуг архи ууцгаасан. Улаанбаатар архи дууссаны дараа хэн нь архи авсан нь мэдэхгүй дахиад нэг 0,75 литрийн архи авсан тэрийг бас уусан. Орой 19 цагийн үед Ж бид хоёр ажил ярьж байгаад хоорондоо маргалдаад Жы нүүрлүү нь 2 удаа цохисон чинь хажууд байсан манай дүү М, П салгасан. Жы хамраас цус гараад байсныг нь би гадаа гаргаад угааж өгсөн. Цусыг нь угааж өгчөөд буцаж манай дүүгийнд орж ирэхэд М,П хоёр явлаа гээд явсан. Би тэгэхээр нь дэлгүүр орж 0,5 литрийн хэмжээтэй ерөөл архи авч ирж Жтай хамт уучихаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод дахиад нэг шил 0,5 литрийн ерөөл архи хувааж уучаад салсан ийм асуудал болсон. Нүүрэн хэсэгт учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бүсэлхий хэсэгт учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 39-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Жы өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 30 минутын үед багын найз У надруу залгаад Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-р гудамжны 659 тоотод хүргэн Мгийн гэрт байна хүрээд ирэх үү миний машиныг бариад Сэлэнгийн Цагаан нуур суманд хүргээд өгөөч гэхээр нь 13 цагийн үед яваад очтол ганцаараа 0,5 литрийн Ерөөл архийг талд нь ортол уучихсан сууж байсан. Бид 2 нийлж уг архийг ууж дуусаад би гарч дэлгүүр ороод дахиад 0,75 литрийн Экс нэртэй нэг шил архи авчираад уух гэж байхад Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын танил П гэх залуу ирж 3-лаа архиа хувааж ууж байхдаа У бид 2 хуучин хамт ажиллаж байсан М ахыг дуудсан. 15 цаг 40 минутын үед М ах ирэхдээ 0,5 литрийн Улаанбаатр нэртэй архи авчирсаныг 4-лээ хувааж уусан. У архинаас нээх их уухгүй алгасаж уугаад байсан. Орой 19 цагийн үед сүүлийн архиа уугаад дуусч байхад М ажлаа тараад гэртээ ирэхэд нь бүгдээрээ гадагшаа гаръя гэж байхдаа ажлын туршлагын талаар ярьтал У намайг чи муу ямар овоо зэвүүн гөлөг вэ гээд заамдаж аваад баруун гараараа зүүн талын нүд болон хамар орчимд цохисон. Би ухаан алдаад унасан. Нэг сэргэхэд би цустайгаа холилдсон үүдний хэсэгт газар хэвтэж байсан. Босох гэхээр бөгсөн биеэ даахгүй зүүн талын бөөр хөндүүрлэж өвдөөд босч чадахгүй байсан учир утсаа гаргаж ирээд тусламж дуудах гэтэл У утас булааж аваад яах гээд байгаан гээд байсан. Би арай гэж нааш цааш хөдөлж байгаад босоод зогстол өвчин намдаах эм гэж гаргаж ирж өгөхөөр би эмийг нь уусан. Тэгтэл хаанаас ч юм 0,75 литрийн Хараа нэртэй тал архи гаргаад ирчихсэн уу гээд шахаад байсан. Уг архийг У бид 2 хувааж уусан. Намайг сэргэхэд П, М 2 явчихсан байсан. Би тэр өдрөө Угийн гэрт хоноод маргааш өглөө нь босох гэтэл бие өвдөөд байхаар нь утсаараа дахиж тусламж дуудах гэтэл яах гээд байгаа юм гээд утас булааж авчихаад өгөхгүй байсан. П гаднаас ирсэн. Би бие өвдөөд хэцүү байна гэж Угаас гуйж байгаад П У 2 намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд 2-лаа алга болчихсон.

Баримтаар 770.997 төгрөгийн хохирол учирсан. Баримтаар учирсан хохирлоо Угаар нөхөн төлүүлсэн. Одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-15, 58-59/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мын өгсөн:

“...Би тухайн өдөр Хэра ХХК-д ажилд орох анкет өгчөөд тухайн компаний байрнаас гарж яваад хуурай дүү Жлуу залгатал Утай хамт Уртаагийн дүүгийн гэрт байна гэсэн уулзалдхуу ахаа гэхээр нь би 14 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлгийн ард байрлах Уртаагийн дүүгийн гэрт нь нэг шил 0,5 литрийн Улаанбаатар архи аваад очтол У.Ж хоёр нэг шил архийг талаас нилээн доош нь ортол ууцан сууж байхаар нь ороод хамт уулцаад юм хум ярилцаад архи ууцгаасан. Архи уугаад юм яриад сууцгааж байтал Угийн найз Б гэж дууддаг залуу нэг шил 0,5 литрийн ерөөл архи барьсан орж ирсэн. Тэгээд 4-үүлээ болоод юм хум яриад архидацгаасан.18 цаг болж байхад Угийн хүргэн нь гэх залуу гэртээ ирсэн. 18 цаг өнгөрч У Ж хоёр ажил төрөл ярьж байгаад хоорондоо маргалдсан. У орон дээр сууж байснаа газар сууж байсан Жы нүүрлүү нь хоёр удаа цохичих шиг болсон тэгтэл дундуур нь Угийн хүргэн дүү нь болох залуу орж салгасан. Жы хамраас цус гоожиж байсныг У, Б болон Угийн хүргэн хоёр цусыг нь угаалгаж байхаар нь би хоорондоо маргалдаад байх юмаа ах нь явлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Пын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд У руу залгаад очиж машиныг нь авахаар болоод гэмтлийн эмнэлгээс хойшоо яваад байдаг гэр хороололд Угийн хүргэн дүүгийнх нь гэрт очсон. Намайг очиход У, Ж хоёр нэг шил 0,5 литрийн ерөөл архи тавьсан уугаад сууж байсан. Би очоод тэр хоёртой уулзаж байгаад тэр өдөртөө Угийн машиныг авч явахаа болиод цуг архи уусан. Нэг шил архи дуустал Ж дэлгүүр гарч нэг шил Ерөөл архи авчирсан тэрийг уугаад байж байтал орой 19 цаг билүү 20 цагийн үед У, Ж хоёр ажлынхаа талаар хоорондоо ярилцаж байгаад маргалдсан маргалдаж байгаад У Жы нүүрлүү нь 2 удаа цохисон. Нэг цохилт нь нүдрүү нь, нөгөө цохилт нь хамрыг нь оносон тэгээд Жы хамраас нь цус гоожсон хэсэг байж байгаад Жыг гэрээс нь авч гараад би дэлгүүр гүйж ус авчираад У бид хоёр цусыг нь угаасан. Ж, У хоёр тэр гэрлүү буцаж ороод би 21 цаг өнгөрч байхад гэмтэл рүү Оюундалай / 99576719 /гэж хүнтэй уулзах гээд явсан..” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Эгийн өгсөн:

“...Би ажлаа тараад орой 19 цагт гэртээ ирэхэд хадам ах У 3 найзынхаа хамт манай гэрт архи ууж байсан. Би юу болж байна яаж байна гэхэд хадам ах юм дуугарахгүй байсан би хадам ах болон хамт байгаа хүмүүст нь хандаж архи дарсаа гарч уу гэр орон ямар муухай болгосон юм бэ одоо та нар гэр гэрлүүгээ харьцгаа гэж хэлсэн. Удалгүй хохирогч Ж гэх залуу хадам ах У хоёр хоорондоо маргалдсан Ж гэх залуу хадам ахад танай дүү чинь яагаад байгаа юм бэ гээд бас өөр зүйл яриад хоорондоо маргалдаад хоорондоо барьцалдаад авсан. Тэгээд Ж надруу хараад чамтай юм ярьмаар байна гэхээр нь эрүүл саруулдаа ирээд ярьчих гэж хэлсэн тэгтэл хадам ах У Жы нүүрлүү 2 удаа цохисон, Ж зөрүүлээд 2 удаа цохиход Б гэх залуу дундуур нь орж салгасан тэгтэл хамраас цус гарахаар нь би гэрт битгий цусаа асгалдаа гэж хэлээд шалны алчуураар цусыг нь арчаад хүргэн ахыгаа гэрээс түлхэж гаргаад битгий гэрт зодоон хийгээд бай гэж хэлэхэд миний араас Б гэх залуу боогоод авахаар нь боолтыг нь тавиулаад гэрээсээ түлхэж гаргаад гэртээ хүн оруулахгүй хаалган дээрээ гараа алдлаад зогссон. Б гэх залуу хадам ах хоёр манайхаас орж хувцсаа авъя гэхээр нь би гэрлүүгээ тэр хоёрыг оруулсан тэр хоёр ороод Жг авч гараад гадаа үүдэнд юм яриад зогсоод байх шиг байсан энэ гурваас гадна бас нэг ах байсан юм тэр хэзээ нь мэдэхгүй яваад өгсөн байсан. Тэр хэд гадаа хэсэг байж У, Ж хоёр эргэж орж ирээд манай гэрт нилээн удаан юм ярьж сууж байснаа манай хадам ах У өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд тэр хоёр хувааж уусан архиа уучихаад манай гэрт унтсан. Шөнө унтаж байгаад Ж У ахад хандаж хөгшөөн нуруу жоохон өвдөөд байнаа гэж хэлэхэд У ах тэрийг нь ч сонсохгүй унтаад байхаар нь би Жд хандаж түргэн дуудаж үзүүлэх үү гэхэд нээрээ тэгдэг юм уу гэсэн би У, Ж хоёрыг архи ууж байхад Жгийн утсыг алга болчих болов уу гэж бодоод авсан байсан юм тэгээд Жд утсыг нь өгсөн. Тэгээд Ж утсаа асаагаад 103 дуудсан би гэрийнхээ хаягийг хэлж өгсөн дахиж хэсэг байж байгаад 1 цагийн дараа дахиад 103 дуудсан боловч 103 ирээгүй. Би бас утаснаасаа залгаж дуудлага өгөхөд 103 бас ирээгүй тэгээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн:

“...Э.Жы биед учирсан 2,3,4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй ташуу хугарал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд үүдэн баруун 1-р шүд зүүн 1-р шүд доод баруун 2-р шүдний үзүүрийн эмтрэл, тархи доргилт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-н 61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 1190 тоот: 

1.2. Э.Жы биед бүсэлхийн 2.3.4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй ташуу хугарал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүд, доод баруун 2-р шүдний үзүүрийн эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 27/,

 

- Хохирлын баримтууд /хх-н 36-38/,  

- Хохирогчийн хүсэлт /хх-н 60/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 16-659 тоотод найз Э.Жтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа Э.Жы биед халдаж эрүүл мэндэд нь биед бүсэлхийн 2.3.4-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй ташуу хугарал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн баруун 1-р шүд, зүүн 1-р шүд, доод баруун 2-р шүдний үзүүрийн эмтрэл, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Угийн “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны ... 19 цагийн үед Ж бид хоёр ажил ярьж байгаад хоорондоо маргалдаад Жы нүүрлүү нь 2 удаа цохисон чинь хажууд байсан манай дүү М, П салгасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Жы “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны ... 19 цагийн үед сүүлийн архиа уугаад дуусч байхад М ажлаа тараад гэртээ ирэхэд нь бүгдээрээ гадагшаа гаръя гэж байхдаа ажлын туршлагын талаар ярьтал У намайг чи муу ямар овоо зэвүүн гөлөг вэ гээд заамдаж аваад баруун гараараа зүүн талын нүд болон хамар орчимд цохисон. Би ухаан алдаад унасан. Нэг сэргэхэд би цустайгаа холилдсон үүдний хэсэгт газар хэвтэж байсан. Босох гэхээр бөгсөн биеэ даахгүй зүүн талын бөөр хөндүүрлэж өвдөөд босч чадахгүй байсан учир утсаа гаргаж ирээд тусламж дуудах гэтэл У утас булааж аваад яах гээд байгаа юм гээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Мын “...18 цаг өнгөрч байхад У Ж хоёр ажил төрөл ярьж байгаад хоорондоо маргалдсан. У орон дээр сууж байснаа газар сууж байсан Жы нүүрлүү нь хоёр удаа цохьчих шиг болсон тэгтэл дундуур нь Угийн хүргэн дүү нь болох залуу орж салгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Пын “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны ... 19 цаг билүү 20 цагийн үед У, Ж хоёр ажлынхаа талаар хоорондоо маргалдсан маргалдаж байгаад У Жы нүүрлүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Эгийн “...хохирогч Ж гэж залуу хадам ах У хоёр хоорондоо маргалдсан Ж гэх залуу хадам ахад танай дүү чинь яагаад байгаа юм бэ гээд бас өөр зүйл яриад хоорондоо маргалдаад хоорондоо барьцалдаад авсан тэгээд Ж надруу хараад чамтай юм ярьмаар байна гэхээр нь эрүүл саруулдаа ирээд ярьчих гэж хэлсэн тэгтэл хадам ах У Жы нүүрлүү 2 удаа цохисон, Ж зөрүүлээд 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 1190 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Уг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Э.Жы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь “...баримтаар учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн, одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-н 59, 60/ өгсөн байх тул  шүүгдэгч А.Уг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.Уд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан, хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Уд 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эрхий мэргэн овогт Амгалангийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Уг 2.000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Угийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                                                                

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ