Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/шш2016/01085

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 18 өдөр

       Дугаар 182/ШШ2016/01085

 

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.Б-д холбогдох

 

Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, В.Бын нэр дээр шилжүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, өөрөө авагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, хариуцагч В.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, гэрч А.Э, орчуулагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.  

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. В.Б нь “Х” ХХК-иас улсын дугаартай авто машиныг 6000 ам.доллар буюу 12 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийг В.Бын нэр дээр шилжүүлэх тухай албан бичгийг хийж өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Х” ХХК, В.Бтай тээврийн хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, машины үнэ 12 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Одоог хүртэл  төлөхгүй, арга саам хэрэглэн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

В.Бямбажмц нь үүргээ биелүүлэхгүй байж, машиныг барьцаанд тавьж, өөрөө оргон зугтсан. В.Баас худалдан авсан авто машины үнийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч, мөнгө төлөхгүй байсан учраас гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж, авто машиныг буцаан авсан. Гэтэл В.Б нь машины төлбөрийг төлөөгүй байж, машиныг ХБны барьцаанд тавьсан байсныг сүүлд мэдсэн. Иймд В.Бтай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл, худалдаж, худалдан авах гэрээг цуцалж, В.Бын нэр дээр шилжүүлсэн 00637634 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, “Х” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 12 дугаар сард “Х” ХХК-иас автомашин худалдах, худалдан авахаар тохиролцсон. Автомашин худалдан авах саналыг би эхэлж гаргаагүй. “Х” ХХК нь Ниссан Титан маркийн автомашиныг авч, өөрийн жоншны уурхайдаа ашиглах уу, эсвэл зээл олгодог банк болон банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж мөнгө олоод, мөнгийг өгөөрэй гэж хэлсэн.

Би 7 хоног орчим хугацаанд гадуур явсан. “Х” ХХК-ийн менежер, А.Эрдэнэ, Н.Пүрэвдорж нар надад уг авто машиныг хүлээлгэж өгсөн. Бид хамт явж, машин засварын газар очсон. Би 400 000 төгрөг, нөгөө хоёр 200 000 төгрөг тус тус гаргаж, машинд засвар хийлгэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 04, 05-ны үед “ХБ” ХХК-иас зээл авахаар болсон. “ХБ” ХХК нь авто машиныг миний нэр дээр байхыг шаардсан тул “Х” ХХК-иас албан бичиг авсан.

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч, улмаар  2016 оны 01 дүгээр сарын 08-нд “ХБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд эхнэрийн нэр дээрх хашаа, байшин болон авто машиныг барьцаалсан. “ХБ” ХХК-иас 10 000 000 төгрөгийн зээл авсан. Мөнгөө авсан өдрийн орой нь “мөнгөө өгөхөөр”  Н.Пүрэвдоржийн гар утас руу нь залгасан боловч утсаа аваагүй. Би тус компанийн ажилтан А.Эрдэнэд 12 000 000 төгрөгийг өгсөн. н.Алимаагаас 2 000 000 төгрөг зээлж авч, нийт 12 000 000 төгрөг болгож, А.Эрдэнэд өгсөн.

2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.Эрдэнэ, Н.Пүрэвдорж нар ирж,  “даргадаа үзүүлэх гэсэн юм” гэж хэлж, “гэрээнд  надаар гарын үсэг зуруулж авч явсан. Гэрээн дээр миний нэрийг В.Бямбажав гэж бичсэн байсан боловч Н.Пүрэвдорж тэр хамаагүй гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан. ... Автомашин эвдэрсэн тул автомашины эд ангийг солиулах гэж, машиныг өгсөн. Автомашины түлхүүрийг хүлээлгэж өгөх гээд нэг цаг гаруй хүлээсэн ба нэг цагийн дараа Н.П ирж, автомашины түлхүүрийг авсан. Үүнээс хойш 7 хоногийн дараа юу болсон талаар асуухад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн. Тэд машиныг нуугаад өөр газар тавьсан байсан. Би авто машины үнийг төлсөн учраас машинаа буцаан авмаар байна ... гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлөх эрхгүй этгээд байна. “Х” ХХК-ийн гэрчилгээ болон ерөнхий захиралын тушаал зэргээс үзвэл “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь “В” ХК гэсэн нэг хувьцаа эзэмшигчтэй юм байна. 100 хувь Хятад улсын хөрөнгө оруулалттай компани. Улсын бүртгэлийн гэрчилгээний ард талд гүйцэтгэх захирал хэн болох талаар тэмдэглэгээ хийгдсэн эсэх нь тодорхой бус мөртлөө компанийн дүрмээс үзэхэд   гэдэг хүн гүйцэтгэх удирдлага нь гэж заасан байдаг.

Компанийн дүрмээс үзэхэд   нь тус компанийг шүүхэд төлөөлөх этгээдийг томилох эрхгүй этгээд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байдаг. Иймд “Х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 улсын дугаартай  маркын машин нь ХБны  барьцаа хөрөнгө юм. Иргэн В.Б 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцон, барьцаат зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаа болгож   тоотод байрлах хувийн сууц, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт, мөн бага оврын ачааны машин буюу   маркийн машиныг барьцаалсан байдаг.

Авто тээврийн үндэсний төвд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Х” ХХК нь өөрийн өмчлөлийн автомашиныг В.Бад шилжүүлэх тухай албан тоот болон авто машины эзэмших эрхийн гэрчилгээний хамт хүргүүлсэн байна. Ийнхүү 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 07-35 УНТ улсын дугаартай Ниссан Титан маркийн авто машины эзэмшигчээр В.Быг бүртгэж, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгосон. В.Б “ХБ” ХХК-д хүсэлт гаргаж, авто машиныг барьцаалан 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авсан. ХБ болон В.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, талуудын хооронд хууль ёсны хэлцэл хийгдсэн.

 Энэхүү барьцаат зээлийн гэрээг “ХБ” ХХК нь тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчтэй нь байгуулсан тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээнээс татгалзсан байна. Талууд 2015 оны 12 сард автомашин худалдах, худалдах авах тохиролцоог аман байдлаар хийсэн мөртлөө 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нөхөж гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Гэрээг нөхөж хийсэн учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Худалдах, худалдан авах гэрээгээр авто машины төлбөрийг 6 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон мөртлөө шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ автомашин нь ХБны барьцаа хөрөнгө тул манай эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Одоогийн байдлаар уг авто машин манай зээлдэгч В.Бын эзэмшилд байхгүй байна. Иймд барьцаалагчийн эрх, ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч В.Бад холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, В.Бын нэр дээр шилжүүлсэн  дугаартай  тээврийн хэрэгслийн гэрчилгээ,   тоот авто тээврийн болон өөрөө авагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг  хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэлийн  агуулгыг тодорхойлбол худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт бус, харин гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг шаардсан гэж үзэхээр байна. /х.х-ийн 1-2, 29 тал/

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, “Х” ХХК нь өөрийн эзэмшлийн  маркийн авто машиныг В.Бад 6000 ам.доллар буюу 12 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 37, 74 тал/

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь маркийн автомашиныг В.Бын өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээж, хариуцагч В.Б нь авто машины үнэ 12 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх ба тухайн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулиар тогтооосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч, худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр В.Бын эзэмшилд тухайн авто машиныг, өмчлөх эрхийн хамт шилжүүлж өгсөн болох нь зохигчдын тайлбар, “Х” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 140 тоот албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэрэг бусад нотлох  баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 55-57, 71-76 тал/

 

Хариуцагч В.Б нь дээрх тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, тухайн авто машиныг барьцаалж, ХБнаас зээл авсан тухайгаа үгүйсгэхгүй байна. /х.х-ийн 38-42 тал/

 

Гэрээний зүйл болох авто машины өмчлөх эрхийг В.Бад шилжүүлж  өгсний дараа талууд амаар хийсэн хэлцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. /х.х-ийн 6, 73-75 тал/

 

Хариуцагч В.Б нь гэрээгээр тохирсон төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүрэг нь худалдан авсан авто машины үнийг бүрэн төлөх ба, тэрээр тогтоосон хугацаанд авто машины үнийг төлөөгүйгээс, “Х” ХХК нь  гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдэж, улмаар худалдсан авто машиныг буцаан авсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч В.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... худалдаж авсан авто машины үнэ болох 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн менежер А.Эрдэнэд өгсөн” гэх боловч, үүнийгээ   баримтаар нотлоогүй, шүүх хуралдаанд гэрч А.Эрдэнийн “... В.Баас  машины үнэ 12 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэх” мэдүүлгийг, хариуцагч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ өөрсдөө биелүүлэх ёстой.

 

Иймд хариуцагч В.Б нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүйгээс нэхэмжлэгч “Х” ХХК гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 204 дугаар зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь худалдсан авто машиныг В.Баас буцаан авсан боловч, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.-2-т “Өмчлөх эрх олж байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй ...” гэж заажээ.

 

“Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2016 оны 01 дүгээр   сарын 05-ны өдөр авто машины өмчлөх эрхээ В.Бад шилжүүлсэн өгсөн, харин В.Б нь гэрээнд заасан хугацаанд машины үнэ болох 12 000 000 төгрөгийг төлөөгүй, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ХБинд барьцаалж, гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П нь    шүүх хуралдаанд “худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад холбогдох бичиг баримтыг гаргуулах”-ыг шаардаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэж, “гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх” нь зүйтэй гэж үзлээ.

 

 Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “ХБ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  татан оролцуулж байгаа болно. /х.х-ийн 48 тал/

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХБны итгэмжлэгдсэн  төлөөлөгч О.Э нь шүүх хуралдаанд ... “Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд, нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох, ... авто машин нь ХБны барьцаа хөрөнгө тул барьцаалагчийн эрх, ашгийг хамгаалж,  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болно.

 

“Х” ХХК-ийн захирал нь   нь байх ба тус компанийн захирлаар  томилсныг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

Тус компанийн захирал   нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар  -г тус компанийн үйлдвэрлэл худалдаа, үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилж, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхийг олгосон болох нь нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, захирлын тушаал зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд “Х” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. /х.х-ийн 89-94 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар хариуцагч В.Бад “аншашир 07-35 УНТ улсын дугаартай Ниссан Титан маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн   гэрчилгээг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг   даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч В.Баас 206 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.