Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч А.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, А.У.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.У нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Батмон” ХХК-ийн ажлын байранд иргэн Г.Эийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Уын өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Батмон ХХК-ны ажлын байран дээрээ ээлжийн ажилтай хоносон. Тухайн өдөр би хонох ёсгүй байсан бөгөөд ажлын найз Э гарах ёстой байтал төрсөн өдөр тэмдэглэж байгаа нэрийдлээр ажилдаа ирээгүй би гарсан байсан юм. Тухайн өдөр Э ажилдаа хоцорч 09:15 цагт орж ирсэн. Урд өдөр уусан архи нь ч гараагүй согтуу байсан. Би жаахан уурлаад чи өчигдөр яасан юм бэ гэхэд би хүний төрсөн өдөрт яваад ирлээ шүү дээ гэж хэлэхээр нь би чи ээлжтэй гарах ёстой байсан биздээ чиний өмнөөс би чиний ажлыг хийлээ гээд өөдөөс нь дөхөж очоод түлхтэл миний суган доогуур гараад хоёр хөлнөөс давхар хамаад намайг газар унагасан. Бид хоёр газар унаад ноцолдож байх үед манай ажлынхан ирээд салгасан. Салсны дара бид хоёр дахин хэрэлдээд Э намайг чи яасан сүртэй пизда вэ гэхэд нь би чиний хийх ёстой ажлыг хийгээд 24 цаг хонолоо ядарч байна шүү дээ гэж хэлэхэд чи тэгвэл намайг уучилчихаач дээ гэж намайг даапаалсан маягтай хариулсан. Би хувцсаа солиод гарах үед Э гадаах хаалганы хажууд зогсож байхаар нь гарахдаа Э-ийн эрүү хэсэг рүү нь нэг удаа алгадчихаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20, 33-34/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Эийн өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 18-нд 09 цагийн үед Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Батмон ХХК-нд ажилладаг ажил дээрээ ирчихээд хувцас солих өрөөнд байж байхад У орж ирэнгүүтээ шууд чи өдцөн пиздаа вэ гээд цохиод авсан би тэгэхээр нь тэврээд авсан бид хоёр газар унаад ноцолдсон. У түрүүлж босож ирээд намайг нүүрлүү нэг удаа өшиглөсөн ахиад өшиглөх гэхэд нь би гараараа хаасан би босож ирээд гараад явсан араас хүрч ирээд цохисон тэгээд би газар унасан тэгээд өшиглөж эхэлсэн гэдэс рүү нэгээс хоёр удаа өшиглөчихөөд У яваад хувцас солих өрөө орсон би араас нь хувцас солих өрөө орсон чинь хэнээр оролдсоноо мэдэж байна уу гээд ахиад цохисон тэр үед уруулны дотор тал язарсан голоор манай ажлын М орж ирж салгасан. Тэгээд би 00 орж цусаа угаагаад өрөөрүү буцаад орсон чинь У байхгүй байсан би хувцсаа солиод ажил руу орсон ороод ажлаа хийж байхад толгойруу хатгасан тэгээд би захирал Мд хэлээд толгойгоо бариулахаар явсан. Толгойгоо бариулчихаад гэмтэл орж үзүүлсэн тэгээд шууд БГД-н цагдаагийн 2-р хэлтэс орж өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1054 тоот:

               1.Г.Эийн биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

               4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 15/,

 

               - Хохирлын баримтууд /хх-н 17-18/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 24/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.У нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Батмон” ХХК-ийн ажлын байранд иргэн Г.Эийг зодож, биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Уын “...Тухайн өдөр Э ажилдаа хоцорч 09:15 цагт орж ирсэн. Урд өдөр уусан архи нь ч гараагүй согтуу байсан. Би жаахан уурлаад чи өчигдөр яасан юм бэ гэхэд би хүний төрсөн өдөрт яваад ирлээ шүү дээ гэж хэлэхээр нь би чи ээлжтэй гарах ёстой байсан биздээ чиний өмнөөс би чиний ажлыг хийлээ гээд өөдөөс нь дөхөж очоод түлхтэл миний суган доогуур гараад хоёр хөлнөөс давхар хамаад намайг газар унагасан. Бид хоёр газар унаад ноцолдож байх үед манай ажлынхан ирээд салгасан. ... Би хувцсаа солиод гарах үед Э гадаах хаалганы хажууд зогсож байхаар нь гарахдаа Э-ийн эрүү хэсэг рүү нь нэг удаа алгадчихаад гараад явсан...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Г.Эийн “...хувцас солих өрөөнд байж байхад У орж ирэнгүүтээ шууд чи өдцөн пиздаа вэ гээд цохиод авсан би тэгэхээр нь тэврээд авсан бид хоёр газар унаад ноцолдсон. У түрүүлж босож ирээд намайг нүүрлүү нэг удаа өшиглөсөн ахиад өшиглөх гэхэд нь би гараараа хаасан би босож ирээд гараад явсан араас хүрч ирээд цохисон тэгээд би газар унасан тэгээд өшиглөж эхэлсэн гэдэс рүү нэгээс хоёр удаа өшиглөчихөөд У яваад хувцас солих өрөө орсон би араас нь хувцас солих өрөө орсон чинь хэнээр оролдсоноо мэдэж байна уу гээд ахиад цохисон тэр үед уруулны дотор тал язарсан голоор манай ажлын М орж ирж салгасан. Тэгээд би 00 орж цусаа угаагаад өрөөрүү буцаад орсон чинь У байхгүй байсан би хувцсаа солиод ажил руу орсон ороод ажлаа хийж байхад толгойруу хатгасан тэгээд би захирал Мд хэлээд толгойгоо бариулахаар явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1054 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хавтаст хэрэгт хохирогч эмчилгээтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.Ут 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч А.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ