Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1244

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ***** /РД:

Хариуцагч:  ***** /

Хариуцагч: “***** /РД:

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, иргэдийн төлөөлөгч *****, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр ***** чигэлэлийн автобусанд Наран хотхоны урд талын буудлаас тус автобусанд суухад хөдлөх үедээ огцом тормозлоход арагшаагаа унаж хуруугаа гэмтээсэн. ***** Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан бөгөөд тус дүүргийн Прокурорын газрын прокурорын  2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаар тогтоолоор эрүүгийн хэрэгүүсгэхээс татгалзсан юм. Уг тогтоол гэмтлийн зэрэг хүндэвтэр гэж гарсан ба иргэний журмаар шүүхэд хандан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй тухай дурдсан. Миний бие уг автобусны жолоочийн үйлдлээс болж гэмтэл авч 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр  Гэмтэл согог судлалын үндэсний төвд /balloon kyphoplasty/ буюу нурууны хагалгаанд орж 3 500 000 төгрөгийн зардал гаргаад байна. Үүнд: компьютер томографийн зураг авахуулахад 80 000 төгрөг, хагалгаанд ороход шаардлагатай 2 530 000 төгрөгийн хэрэгслийг “*****” ХХК-иас, “*****” эмийн сангаас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 36 000 төгрөгийн ультрос нэртэй тариа, “*****” фарм эмийн сангаас 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 63 500 төгрөгний нурууны хамгаалалтын бүс, “*****” ТӨХК-ийн сувилалд 318 600 төгрөг төлснөөс 116 281 төгрөг, бусад зардал 674 200 төгрөг зэрэг болно. Иймд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд ажил олгогч “*****нараас 3 500 000 төгрөг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү.

Хариуацагч *****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие З***** жолоочоор ажилладаг ба 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ***** чиглэлийн шугамд үйлчилгээнд явж байхад гэнэт миний барьж явсан автобусны урдуур жижиг тэрэг орж ирэхэд тормоз гишгиж зогсоох арга хэмжээ авсан. Тухайн үед автобусанд зорчиж явсан ***** гэгч эмэгтэй унаж би эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд тэр цагаас хойш надтай уулзаагүй, утсаар ч яриагүй бөгөөд уг асуудлыг шалгасан байцаагч хэрэг болвол дуудна гэсэн боловч дахиж дуудаагүй. ***** гуайг гэмтэл авсан эсэхийг мэдээгүй, гэмтэл авч нуруу хугарахаар асуудал болоогүй, хэрэг болсны дараагаар зүгээр алхаад явж байсан, нуруу хугарсан гэхэд итгэхгүй байна. Хэрэв үнэхээр хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бол эрүүгийн хэрэг үүсэх байсан, гэтэл прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Миний бие Замын хөдөлгөөний дүрэмд “урьдчилан сэргийлэх үүднээс газар дээр нь зогсох арга хэмжээ авах” гэж заасны дагуу тормозлон зогсоход автобусны зааланд явсан иргэн ***** унасан байсан. Тухайн үед автобус цөөхөн хүнтэй, суудалтай, автобусны бариул бүгд бүрэн байсан. Нийтийн тээврээр зорчигч нар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж явах ёстой. Тэр үүргээ өөрөө яагаад биелүүлээгүй байж надаас нэхэж буйг ойлгохгүй байна. Тухайн үед гэмтлийн эмнэлэг ороод үзүүлж, авах ёстой арга хэмжээгээ авсан. Миний ажил үүрэгт авто осол гэмтэл гаргахгүйгээр гүйцэтгэх ёстой бөгөөд автобусны зааланд байгаа зорчигчдыг тэр бүр хараад яваад байх боломж надад үнэндээ байдаггүй. Суудалдаа суухыг бариулаас барьж явахыг анхааруулаад явдаг. Прокурорын тогтоолд болгоомжгүй үйлдлийн улмаас хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон гэж дурдсан бөгөөд энэ нь зорчигчийн болгоомжгүй үйлдэл гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч  ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч байсан. Тухайн осолтой холбогдуулан Цагдаагийн байгууллагаар шалгагдаад *****т эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн *****дугаартай прокурорын тогтоол гаргасан, энэ тухайгаа 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  ***** прокурорын газраас нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Манай байгууллага үйлчилгээнд явж байгаа автобусаа өдөр бүр шалгаж гаргадаг, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5 цаг 59 минутанд жолооч ***** автобусаа шалгах механикаар шалгуулж гарын үсэг зуралцсан баримт байгаа. Жолооч замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасны дагуу зогсоох арга хэмжээ авах үед зорчигч унасан. MNS 5012/2011 стандартаар аюулгүй байдлаа хангах үүднээс зорчигчид тавигдах  шаардлага гэж байдаг, бид суудалдаа  сууж, суудалгүй үед бариулаас барьж явахыг сануулсан анхааруулгыг автобус бүрд тавьсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Шүүх  зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** болон “*****т холбогдуулан өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын төлбөрт  3 500 000 /гурван сая таван зуун мянга/  төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгч ***** нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тус бүрээр тодорхойлоогүй бөгөөд хариуцагч *****нь “*****т хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочоор ажилладаг тул ажил олгогч, осол гаргасан жолооч нар учирсан хохирлыг хамтран хариуцах ёстой, хариуцагчийн гэм буруутэй үйлдлийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нар “автобусны жолооч осол гаргахгүйн тулд Замын хөдөлгөөний дүрэмд заасан арга хэмжээг авч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан, нэхэмжлэгч өөрийн хэт болгоомжгүй үйлдлийн улмаас унаж, хүндэвтэр гэмтэл авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй,  маргаж байна.

Зохигчид 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр *****ийн жолоодож***** чиглэлд үйлчилгээнд явж байсан “*****-ын өмчлөлийн автобусанд хариуцагч ***** унаж хүндэвтэр зэргийн гэмтэл авсан тухайд маргахгүй, харин гэм буруугийн талаар харилцан өөр байр суурьтай байгаа болно. 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу *****Цагдаагийн 1 дүгээр  хэлтэс шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлснийг  тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хянаад 2016 оны 3 дугаар сарын 15-ны 633 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийг удирдлага болгон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Хариуцагч ***** тухайн үйл явдал болох үед *****автобусны жолоочоор ажиллаж байсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан байгууллагыг хамтран хариуцагчаар татсан байна.  

Хэдийгээр хариуцагч нар осол гаргахгүйн тулд хийсэн үйлдлээс шалтгаалсан буюу автобус гэнэт тормозлон зогссоноос зорчигч унаж гэмтсэн гэх тайлбарыг өгч байгаа боловч түүнийг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын болон бусад баримт байхгүй, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч *****н биед хүндэвтэр гэмтэл учирсан нь зохигчийн тайлбар,***** Прокурорын газрын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 15-ны 633 дугаар тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 17-ны 5/156 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”, Шүүх эмнэлгийн 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2084 дугаар дүгнэлт, нэхэмжлэгчийн Гэмтэл согог судлалын үндсэний төвд эмчлүүлсэн тухай 15226 дугаартай өвчний түүх зэрэг баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагч *****нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэлээ.  

Эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч *****ын хохирлоо тооцон нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтуудыг үнэлэн учирсан хохирлын хэмжээг тогтоов.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд компьтер томографын зураг авахуулсан тухай 2016 оны 2 дугаар сарын 8-ны 80 000 000 төгрөгийн баримт, “*****” ХХК-иас нурууны хагалгааны хэрэгсэл авсан 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2 530 000 төгрөгийн баримт, “*****” эмийн сангаас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 36 000 төгрөгийн ультрос нэртэй тариа авсан баримт, “*****” фарм эмийн сангаас 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 63 500 төгрөгөөр нурууны хамгаалалтын бүс/корсит/ авсан тухай баримтаар нийт 2 709 500 төгрөгийн хохирол нэхэмжлэгч *****т учирсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. /хх-ийн 9-14/

Харин ослын улмаас “*****”-д сувилуулах зайлшгүй шаардлагатай эсэхийг, мөн бусад зардал хэмээн нэхэмжилсэн 674 200 төгрөгийн шаардлагыг нотлох баримт байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйгээс эдгээр зардал нь осол гэмтлийн улмаас үүссэн өвчлөлтэй хамааралтай болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болохоор зохиуцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь нийтийн тээврийн автобусаар зорчиж байхдаа Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS  5012 - 2011  стандартын 9.4, 9.10.3 дах хэсгүүдэд заасан тээврийн хэрэгслийг бүрэн зогссоны дараа буух, хөдөлгөөн эхэлсний дараа суухгүй байх зэрэг шаардлагуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Учир нь тухайн үед автобусанд цөөхөн зорчигчтой, сул суудал олон байсан, мөн цас орж байсан талаар зохигчид мэдүүлдэг, нэхэмжлэгч автобусны арын хэсгээс гоожиж байсан тосон дээр халтирч унасан гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн  “автобусны өдөр бүрийн шалгалтын хуудас” гэх баримтаас үзэхэд тухайн тээврийн  хэрэгсэлд эвдрэл байгаагүй нь нотлогдоно.  

Иймд баримтаар нотлогдсон хохирол болох 2 709 500 төгрөгийн тал хувь болох 1 354 750 төгрөгийг хариуцагч*****аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 145 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр  499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус баримтлан хариуцагч ***** нараас 1 354 750 /нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 145 250 /хоёр сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 36 023 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

    

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТСҮХ

                                            ШҮҮГЧИД                                       Ж.ЛХАГВАСҮРЭН

                                                                                                       Ч.НЯМСҮРЭН