Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0579

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор А.А нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. А.А 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр:

“Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.А нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ховд аймгийн Булган Сонгуулийн хорооны дарга Ш.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.8-т “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” нь нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичигт хамаардаг. А.А нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн материалд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаанд түүнийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-т заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн, уг хугацаа дуусгавар болоогүй талаар тодорхойлсон байсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-т “Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно” гэжээ. Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хороо нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагаанд дурдагдсан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг тус шүүхийн Тамгын газраас гаргуулан авч танилцсан. Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол зэргээр А.А нь гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн, уг хугацаа дуусгавар болоогүй нь нотлогдсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж заасны дагуу сумын Сонгуулийн хороо нь А.А нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, зөвхөн хуулийг л хэрэгжүүлсэн.

А.А нь Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагааг эс зөвшөөрч гомдол гаргаагүй атлаа уг лавлагаа, шийтгэх тогтоолд үндэслэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь учир дутагдалтай байна.

Учир нь анхан шатны шүүхээс А.А Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувийг Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хороонд гардуулсан. Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооноос хариу тайлбар гаргасан.

Харин А.Алтанбаганы шүүх хуралдаан гаргасан Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, хариу тайлбар гаргах боломж олголгүйгээр нэг талыг баримталсан шийдвэр гаргажээ. Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооноос А.А нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан /ямар нэр шийдвэр гаргаагүй/ бус нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс А.А нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан нь Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооны хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдаж байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.Алтанбаганын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгох”-оор, 28 дугаар зүйлийн 28.7-д “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч А.Алтанбаганын тухайд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, уг хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолд заасан тэнсэнгийн хугацаа дуусаагүй байх тул түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 3 дугаар тойргийн 6 дугаар хэсэгт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ял нь ялын нэг төрөл бөгөөд харин 7.1 дүгээр зүйлийн 1-д “…гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох”-оор зааснаас үзэхэд тэнссэн хугацаанд сонгуульд нэр дэвшиж болохгүй, өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ял эдэлж байгаа” гэдэгт тэнсэх байдлаар шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаа дуусаагүй байгааг мөн адил ойлгох нь зүйтэй.

Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдож, гэмт үйлдэлд нь оногдуулсан эрүүгийн хариуцлага дуусгавар болоогүй байхад “тэнсэх нь ялын төрөлд хамаарахгүй, эсхүл тэнссэн хугацааг ял эдэлж байгаа гэж үзэхгүй” гэх зэргээр А.Алтанбаганыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгах нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-т заасан хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд тухайлбал уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хорих ял эдэлж байгаа иргэн сонгогдох нь байтугай сонгуульд оролцох эрх эдлэхгүй байхад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хүнд тухайн хугацаа дуусгавар болоогүй байхад сонгуульд нэр дэвших эрх олгох нь хуулийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчимтай зөрчилдөнө.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан, гэтэл дээрх шийтгэх тогтоолоор А.Алтанбаганад тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэх хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж, мөн оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, иймд тэнссэн хугацаанд ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй байх эсэх нь бүрэн шийдвэрлэгдээгүй гэж үзнэ.

Харин уг хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу тэнссэн хугацаа дуусгавар болсоны дараа сонгогдох эрх нь нээлттэй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 28 дугаар зүйлийн 28.7, 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасныг баримтлан А.Алтанбаганын Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хороонд холбогдуулж гаргасан “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хороог төлөөлж, дарга Ш.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН