| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2302008120472 |
| Дугаар | 2026/ХШТ/68 |
| Огноо | 2026-06-19 |
| Зүйл хэсэг | 22.4.2., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2026/ХШТ/68
Я.Б, Э.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар, Б.Лхагвадорж, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ДШМ/374 дүгээр магадлалтай, Я.Б, Э.Г нарт холбогдох 2302008120472 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Я.Б, 1976 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, захиргааны эрх зүйч, хуульч мэргэжилтэй, ***-ын *** дарга ажилтай, ам бүл 2, охины хамт *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, (РД: ***),
2.Э.Г, 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсолтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, (РД: ***),
Шүүгдэгч Я.Б нь ***-ын Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг “ийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэг “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэснийг тус тус зөрчиж,
хахууль өгөгч Э.Г-ийн “түүний төрсөн ах Э.Ч-ын “***” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны 27 дугаар байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргуулах” ашиг сонирхлын үүднээс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “***” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.Г-аас “***” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 216,500,000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, 476 байрны 503 тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р-ийн нэр дээр 1 м.кв үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, 105,643,000 төгрөгийн хахууль авсан,
мөн Э.Г-ийн Хаан банк дахь *** тоот данснаас өөрийн төрсөн хүүхэд болох Э.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг “fondond” гэсэн утгаар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг “nom” гэсэн утгаар, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “g” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг “gan” гэсэн утгаар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Puuznii mongo” гэсэн утгаар, Хаан банк дахь *** тоот данснаас өөрийн төрсөн хүүхэд болох Э.Б-ийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,666,000 төгрөгийн “gan” гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 7,466,000 төгрөгийн буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 113,109,000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Э.Г нь өөрийн төрсөн ах Э.Ч-ын “***” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны 27 дугаар байрыг буулган дахин төлөвлөн баталгаажуулах ажлын хүрээнд орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн актыг гаргуулж, өөртөө болон төрсөн ах Э.Ч-ын “***” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор *** хуулийн хэлтсийн дарга Я.Б-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Я.Б-т 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “***” ХХК-ийн гурван талт гэрээг дүгнэсэн актад гарын үсэг зурж баталгаажуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлснийх нь хариуд “***” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 216,500,000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, 476 байрны 503 тоот орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн төрсөн эх Д.Р-ийн нэр дээр 1 м.кв үнийг 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 110,857,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/12 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, 105,643,000 төгрөгийн хахууль өгсөн,
мөн өөрийн Хаан банк дахь *** тоот данснаас Я.Б-ын төрсөн хүүхэд Э.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийг “fondond” гэсэн утгаар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөгийг “nom” гэсэн утгаар 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөгийг “g” гэсэн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөгийг “gan” гэсэн утгаар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Puuznii mongo” гэсэн утгаар, Хаан банк дахь *** тоот данснаас Э.Б-ийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,666,000 төгрөгийн “gan” гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 7,466,000 төгрөгийн буюу үргэлжилсэн үйлдлээр нийт 113,109,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Я.Б-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авах, шүүгдэгч Э.Г-г өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Я.Б-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 113,109,000 төгрөгийг шүүгдэгч Я.Б-оос гаргуулан улсын орлогод оруулж, шүүгдэгч Я.Б-оос эд мөрийн баримтаар хураан авсан 250,000 төгрөг, 32,886 ам.доллар зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох албадлагын арга хэмжээний биелэлтэд тооцохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Я.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай....” гэж,
2 дахь заалтыг “...Шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ын цагдан хоригдсон 74 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 74x15000=1,110,000 төгрөгийг эдлэх ялаас хасч, түүний торгох ялын хэмжээг 18,890,000 төгрөгөөр тогтоосугай. ...” гэсэн,
6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-т оногдуулсан 18,890,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.Б-т сануулсугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулж,
7 дахь заалтаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн. ...” гэж,
8 дахь заалтаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 47,343,000 төгрөгийг шүүгдэгч Я.Боос гаргуулан улсын орлогод оруулсугай. ...” гэж,
9 дэх заалтаас “...шүүгдэгч Я.Б-оос эд мөрийн баримтаар хураан авсан 250,000 төгрөг, 32,886 ам.доллараас гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогыг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх хэсгийг шүүдэгч Я.Б-т буцаан олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчлөн шийдвэрлэсэн байна.
Прокурор У.Дэндэвдорж хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдээгүй, түүнд тусгавал зохих зүйлийг тусгаагүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлд тус тус хамаарч байна.
Давж заалдах шатны шүүх нь 7,466,000 төгрөгийн хахууль авсан, өгсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн шүүгдэгч нарын өөрсдийн агуулгын хувьд зөрүүтэй хэд хэдэн удаагийн мэдүүлгүүд болон тэдгээрийн яллагдагчаар татагдахаас өмнө гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн 16.3, 16.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын 1.4-т “Яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцохдоо шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулж үнэлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотлох ямар нэгэн баримтыг дурдаагүй, прокурорын яллаж буй нотлох баримтыг няцаан үгүйсгээгүй байна.Тухайлбал, шүүгдэгч Я.Б, Э.Г нар нь найз нөхдийн харилцаатай тул хоорондоо мөнгө өгч, авсан, энэ үйлдлүүд зээлийн харилцаа байсан талаар мэдүүлсэн боловч яллагдагч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Я.Б, Э.Г нар нь урьд найз нөхдийн харилцаа хамаарал байхгүй, тухайн “***” ХХК-ийн гүйцэтгэж буй Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтын орон сууцны 27 дугаар байрыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд хоорондоо танилцсан болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Я.Б нь хувийн байдлын хувьд 300,000-2,000,000 төгрөгийн хэмжээтэй зээлийг бусдаас авах зайлшгүй амьдралын хэрэгцээ шаардлага байсан эсэх нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Харин хахууль өгөх, авах гэмт хэргийг санаа зорилго нь шүүгдэгч Я.Б нь Э.Г-аас мөнгө шилжүүлэн авахдаа бусдын дансыг буюу хүүхдийнхээ дансыг ашиглаж байсан үйлдлээр илрэн гардаг. Мөн шүүхээс шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсаны дараа мөнгийг буцаан өгсөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4,000,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа байна гэж бусад нотлох баримттай харьцуулж, үнэлээгүй гэж үзэж байна. Я.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эхэлж, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төгссөн, тодорхой цаг хугацаанд үргэлжилсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг юм.
Тодруулбал, Я.Б-ын үйлдсэн “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан сонгох санкцтай, хорих ялын дээд, доод хэмжээ бага байх үед үйлдэгдэж эхэлсэн хэдий ч 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр буюу сонгох санкцгүй, хорих ялын доод, дээд хэмжээ нэмэгдэж, эрүүгийн хариуцлагыг чангатгасан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш төгссөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэж дууссан цаг хугацаагаар буюу нэмэлт, өөрчлөлт орсон одоогийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна. Магадлалын тодорхойлох хэсэгт “…шүүгдэгч Э.Г, Я.Б нар 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд нийт 7,466,000 төгрөгийн хахууль өгсөн, авсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй…” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт ямар хуулийн зүйл, заалт хэрэглэж, ямар үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, орхигдуулсныг дурдах нь зүйтэй.
Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Б.Бямбадагва шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Я.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу хот байгуулалт, хөгжлийн газрын хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлсэн “***” ХХК-ийн гэрээ дүгнэсэн актыг баталгаажуулах, албаны чиг үүргийг хэрэгжүүлсний хариуд Э.Г-аас тус хуулийн этгээдийн барьж ашиглалтад оруулсан 3 өрөө орон сууцыг төрсөн эхийнхээ нэр дээр 110,857,000 төгрөгийн үнээр буюу тухайн үеийн зах зээлийн ханшаас 47,343,000 төгрөгөөр хямдруулан худалдан авсан. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хүүхдийн дансаар 7,466,000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр авч нийт 54,809,000 төгрөгийн буюу их хэмжээний хахууль авах гэмт хэрэг үйлдсэн.
Шүүгдэгч Э.Г нь “***” ХХК-ийн гэрээ дүгнэсэн актыг баталгаажуулж, гарын үсэг зуруулах ашиг сонирхлын үүднээс шүүгдэгч Я.Б-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хямдралтай үнээр орон сууц худалдах, нэхсэн мөнгийг хэлсэн данс руу нь шилжүүлж өгөх зэргээр хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж дүгнэхдээ Я.Б-ын Э.Г-аас нэхэж, хүүхдийнхээ дансаар шилжүүлэн авсан 7,466,000 төгрөгийг зээл байсан гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өгсөн, авсан хахуулийн хэмжээний талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Я.Б-ын өмгөөлөгч Э.Баярбаатар хяналтын шатны шүүхэд танилцуулсан саналдаа: “Прокурорын эсэргүүцлийн үндсэн агуулга нь яллагдагчаар татагдсан хугацаанаас хойш зээлийг эргүүлэн төлсөн нь өөрөө зээлийн гэрээний харилцаа биш гэж дүгнэсэн. Өнөөдрийг хүртэл гэм буруугийн асуудал нь нэг мөр эцэслэн шийдвэрлэгдэх гэж байна. Шүүхээс гэм буруутайд тогтоогдоогүй бол гэм буруугүй гэсэн зарчмын хүрээнд яллагдагчаар татагдана гэдэг нь гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй. Яллагдагчаар татагдсан байгаа тохиолдолд авлига, албан тушаалын, залилах гэмт хэргийн хувьд яллагдагчаар татагдсанаас хойш энэ мөнгийг бусдаас зээлж авсан бол буцаагаад өгч болохгүй гэсэн хууль хэрэглээний ойлголт байхгүй. Э.Г-аас Я.Б-т мөнгө шилжүүлээд, түүнийг нь Я.Б-оос ямар нэгэн цаг хугацааны дараа эргүүлэн төлж байгаа үйл баримт нь зээлийн гэрээний харилцаа биш гэдгийг хөдөлбөргүй тогтоогоод, шууд нотлох баримт байхгүй. Я.Б нь зээлийн гэрээний харилцаа байсан гэдгийг мэдүүлж байсан. Гэтэл Я.Б-ын энэхүү мэдүүлэг нь түүний мөнгөө буцаагаад шилжүүлж төлөөд байгаа үйл баримтаар давхар нотлогдож байна. Харин Э.Г-ийн өгсөн мэдүүлэг ямар баримтаар шалгагдсан талаар прокурор эсэргүүцэлдээ дурдсангүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэг нь эргүүлж авах нөхцөлөөр бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлдэг, буцаагаад тохирсон хугацаанд нь эргүүлэн төлдөг ийм л нөхцөл байдал байсан. Тэгвэл Я.Б-оос Э.Г-д буцааж шилжүүлсэн энэ цаг хугацааг эс тохирсон байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй. Тэгэхээр иргэд хоорондын зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байсан гэдгийг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй. Иймд яллагдагчид ашигтайгаар шийдсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна” гэв.
Шүүгдэгч Я.Б-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж хяналтын шатны шүүхэд танилцуулсан саналдаа: “Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын харилцан хамаарал, уялдаа холбоо зэргийг бусад баримтуудтай харьцуулан дүгнэсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний харилцаа байсан талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт магадлалын 21-27 дугаар хуудаст авагдсан байдаг. Миний үйлчлүүлэгч зээлийн төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төлсөн. Мөрдөн шалгах ажиллагаа эхлээд Я.Б-ыг анх 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар татаж, 20 хоног цагдан хорьсон. Мөрдөн шалгах ажиллагаанаас 10 хоногийн өмнө зээлийн төлбөрийг төлсөн баримт хэрэгт авагдсан /4хх-11/. Зээлийн гэрээний харилцаа явагдаж байсан гэдгийг шүүгдэгч нарын зүгээс тогтвортой мэдүүлсээр ирсэн. Дээрх баримтуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний харилцаа байсан гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй гэдэг боловч давж заалдах шатны шүүх тодорхой заасан байсан. Тогтоох хэсгийн 1.1 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх үйлдэл байсан учраас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2 агуулгаар өөрчлөлт оруулсан байдаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 216,500,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй, 158,200,00 төгрөг байна гэж өөрчилсөн. Тухайн гэрээ байгуулсан цаг хугацаа нь 2020 оны 04 дүгээр сар байсан, үнэлгээний газраас 2020 оны 04 дүгээр сарын байдлаар 158,200,000 төгрөгөөр үнэлсэн ба үүнээс миний үйлчлүүлэгч 97,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор прокурор эсэргүүцэл бичээгүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар шударга ёсны зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийг “***” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж байгаа боловч “***” ХХК-ийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгаагүй. Иргэн Э.Г гэдэг хүний гэм буруугаа хүлээсэн дан ганц мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн, шүүх гэм буруутайд тооцсон. Хэрэв иргэн Э.Г “***” ХХК-д ажилладаг бол Иргэний хуулийн 62 дугаар зүйл болон Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм уу, хэрэв төлөөлөх эрхгүй бол тэр эрхийг нь аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар оролцох ёстой байсан боловч оролцоогүй. “***” ХХК-д давуу байдал олгосон гэх боловч тухайн хуулийн этгээдийг оролцуулахгүйгээр иргэн Э.Г-ийн өгсөн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Я.Б хяналтын шатны шүүхэд танилцуулсан саналдаа: “Барилгыг барьсан “***” ХХК-иас орон сууц худалдаж авсан гэж би боддоггүй. Иргэн Э.Г “***” ХХК-д зуурмаг нийлүүлээд ажил хийсэн хөлсөнд бартераар авсан 16 байрныхаа нэгийг надад худалдан борлуулсан. Иргэн Э.Г-ийн аав манай аавтай гэр бүлийн найзууд байсан тул энэ орон сууцыг худалдаж авах тухай яриа энэ гэр бүлийн найзуудын харилцаанаас үүдэлтэй. Миний хувьд дахин төлөвлөлтийн байр байна гэж бодсон ч гэсэн худалдаж авсан ёс зүйн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулгаж, буцаад барилга барихад хамгийн сайн хийгдсэн төсөл байсан. Бусдын хэл ам гараагүй, гэрээний үүргийн биелэлтийг манай хэлтэс хянаад шаардлага хангахгүй, болохгүй барилгыг хүлээж ав гэсэн дүгнэлтийг гаргасан бол тэр миний буруу болно. Тухайн барилга заасан хугацааныхаа дагуу чанарын түвшинд баригдсан барилга. Гэрээ дүгнэсэн протокол тухайн нийтийн зориулалттай орон сууцанд анх оршин сууж байсан 27 иргэнд ашигтай байсан. Гэрээ дүгнэх протоколд гарын үсэг зурна гэдэг нь өмнө байсан гэрчилгээг нь устгалд оруулж, шинээр дахин гэрчилгээ олгох процесс юм. “***” ХХК-д дахин эрх болон зөвшөөрөл олгосон асуудал биш. Тэгэхээр 27 иргэний буцаад өмчөө сайжруулаад авах асуудал л яригдаж байсан” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Я.Б, Э.Г нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хянав.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх нь гомдол, эсэргүүцлийн хүрээгээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрхтэй ч, анхан шатны шүүхээр шинжлэн судлагдаагүй нотлох баримт, тогтоогдоогүй нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргахгүй байх процессын хязгаарлалтад захирагдана.
Энэхүү эрх хэмжээний хүрээнд шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэр тогтоогдсон үйл баримт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнчлэн материаллаг хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулийг ноцтой зөрчсөн эсэхэд дүгнэлт хийдэг.
Улмаар уг дүгнэлтэд үндэслэн алдааг залруулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, ялыг хүндрүүлэхгүй байх зарчмыг баримталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Материаллаг болон процессын хуулийн хэрэглээний алдааг залруулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг баталгаажуулах замаар хэрэгт холбогдсон этгээдийг хэлмэгдүүлэх, ял завшуулахаас урьдчилан сэргийлж, шударгаар шүүлгэх эрхийг хангах нь давж заалдах шатны шүүхийн хяналтын мөн чанар, эрх хэмжээний үндсэн зорилт болно.
3.Анхан шатны шүүх шүүгдэгч Я.Б-ыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авах”, шүүгдэгч Э.Г-г “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Я.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Г-д мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, Э.Баярбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянаад прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үйлдлээс шүүгдэгч нарын 7,466,000 төгрөгийн хахууль авсан, өгсөн үйлдэл нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа байна гэж үзэж, уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлт хийж, шүүгдэгч Я.Б-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлон түүнд 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
4.Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, 65.21 м.кв хэмжээтэй, 476 байрны 503 тоот орон сууцны үнэлгээтэй холбоотой “***” ХХК, Д.Р нарын хооронд байгуулсан гэрээнд 110,857,000 төгрөг, “Файн эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №Р/2025014 дугаар дүгнэлтээр 2020 захиалгын үнэ 158,200,000 төгрөг, 2021 оны ашиглалтад орсон үнэ 216,500,000 төгрөг гэсэн 3 өөр үнэ баримтаар хэрэгт авагдсан байна.
Анхан шатны шүүх уг орон сууцыг 216,500,000 төгрөгөөр үнэлж, зөрүү 105,643,000 төгрөгийг хахууль гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “Файн эстимэйт үнэлгээ” ХХК-ийн гаргасан 2020 оны захиалгын үнэ 158,200,000 төгрөгийн үнэлгээг илүү бодитой гэж үзжээ.
Давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгт орон сууцыг 158,200,000 төгрөгийн үнэлгээг бодитой гэж дүгнэсэн атлаа, шүүгдэгч Я.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болон иргэний эрх зүйн харилцааг зааглан тогтоохдоо уг үнэлгээг бус 110,857,000 төгрөгийг суурь болгон тооцож, үлдэх 18,857,000 төгрөгийг иргэний гэрээний шаардах эрх хэмээн гэмт хэргийн орлогоос хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй дүгнэлт болсон байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх харилцан зөрүүтэй үнэлгээнүүдийн аль нэгийг шийдвэрийн үндэслэл болгохдоо бусдыг нь хэрхэн няцааж байгаа хууль зүйн үндэслэлээ магадлалд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэх нөхцөл байдлыг бий болгосон.
Энэ нь мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитойгоор үнэлэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн алдаанд тооцогдох юм.
5.Шүүгдэгч Э.Г-аас Я.Б-ын төрсөн хүүхэд Э.Б-ийн дансаар дамжуулан 7,466,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдлийг давж заалдах шатны шүүх иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа гэж үзэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодитойгоор үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчиж, дутуу үнэлжээ.
Тодруулбал, шүүгдэгч Я.Б-оос Э.Г-д 4,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн баримтыг үндэслэн зээлийн харилцаа гэж дүгнэхдээ шүүгдэгч Э.Г-ийн “...4,000,000 төгрөгийг зээлж аваад эргүүлж өгсөн. Харин бусад мөнгийг эргүүлж авах нөхцөл ярьж байгаагүй, ...баяр болж байна, хоолонд орох гэсэн юм гээд авсан мөнгө...” гэх мэдүүлэгт дүгнэлт өгөлгүй орхигдуулж, тухайн шилжүүлэг нь бие даасан зээлийн харилцаа, эсхүл өмнөх мөнгийг буцаан өгсөн үйлдэл эсэхийг хөдөлбөргүй тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Түүнчлэн 3,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа буцаан төлсөн байхад гэмт хэрэг илэрсний дараах уг үйлдлийг анхнаасаа хууль ёсны зээлийн харилцаа байсан мэтээр үнэлсэн нь шүүх цаг хугацааны хувьд ач холбогдол бүхий үйл баримтыг хэрэгт хамааралтай талаас нь бүрэн шинжлэлгүйгээр дутуу үнэлсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Я.Б хүүхдийнхээ дансийг ашиглах болсон шаардлага, дансны хуулгад “fondond”, “nom”, “g”, “gan”, “Puuznii mongo” гэсэн утгатайгаар шилжсэн гүйлгээнүүдийн зорилгыг тодруулж дүгнээгүйгээс гадна, нийт 7,466,000 төгрөгөөс буцаан төлөгдсөн гэх 7,000,000 төгрөгийн үлдэгдэл 466,000 төгрөгт ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр үйлдлийг бүхэлд нь хамааруулан хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцээгүй байна.
6.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын салшгүй нэг хэсэг нь магадлалын тодорхойлох хэсэгт хийсэн хууль зүйн дүгнэлт нь тогтоох хэсгийнхээ шийдэлтэй яв цав нийцсэн, дотоод зөрчилгүй байх явдал юм.
Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа тодорхойлох хэсэгт “дээрх 7,466,000 төгрөгт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” хэмээн дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг баримтлан тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ тусгалгүй орхигдуулсан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.
7.Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх нотлох баримт үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бөгөөд шийдвэрлэвэл зохих асуудлыг тогтоох хэсэгтээ орхигдуулсан алдааг гаргажээ.
Хяналтын шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхийн орхигдуулсан дүгнэлтийг нөхөн хийх, тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэн эрх зүйн шинэ үнэлгээ өгөх хуулийн боломжгүй тул эдгээр зөрчлийг хяналтын шатанд арилгах боломжгүй юм.
8.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, прокурор У.Дэндэвдоржийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээс “…магадлалыг хүчингүй болгох…” хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Давж заалдах шүүхэд хэрэг очтол шүүгдэгч Я.Б, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2026/ДШМ/374 дүгээр магадлалыг хүчингүй болгож, прокурор У.Дэндэвдоржийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээс “…магадлалыг хүчингүй болгох…” гэсэн хэсгийг хангасугай.
2.Давж заалдах шүүхэд хэрэг очтол шүүгдэгч Я.Б, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ