| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2016/01020/и |
| Дугаар | 1224 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 1224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****
Хариуцагч: ***** /
Хариуцагч: *****
Зээлийн гэрээний үүрэгт 23 820 029 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 500 төгрөг, нийт 23 832 529 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нарийн бичгийн дарга Ч.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ***** нь 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ***** тоот барьцаат зээлийн гэрээ, ***** тоот баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан 20 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэхүү гэрээнд зээлдэгчийн ээж ***** нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: С***** хувийн сууц, ***** бүртгэлтэй 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 11 дүгээр сарын 10-ны хуваарьт төлөлтөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүртэл 659 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээ үүргээ зөрчиж байгаа тул гэрээг цуцалж зээлийг төлөхийг шаардсан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын төлбөл зохих төлбөр нь. Үндсэн зээл 14 857 143 төгрөг, зээлийн хүү 8 288 112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 674 774 төгрөг, нийт 23 820 029 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээний нийт төлбөр болох 23 80 029 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 500 төгрөг, нийт 23 832 529 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга таван зуун хорин ес/ төгрөгийг зээлдэгч ***** нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд 1700002097 тоот баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *****тай 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар авсан. Энэхүү зээлийг миний эзэмшилд байдаг “*****” ХХК-ийн үйл ажиллагаанд эргэлтийн хөрөнгө болгож ашиглахаар авсан болно. Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас эхлэн доголдож эхэлсэн, ингээд өдийг хүртэл авсан зээлээ хуваарьт заасан хугацаанд төлж чадаагүй. Миний хувьд зээлийн үлдэгдэл, хүү тооцооллын хувьд маргахгүй байгаа бөгөөд ийм хэмжээний төлбөртэй гэдгээ, мөн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2016 оны 12 дугаар сарыг хүртэл зээлийн хүүг төлж, 2017 оны 1 дүгээр сараас үндсэн зээлийг төлж дуусгахаар тохиролцох хүсэлтэй байна.
Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт нийт 23 832 529 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талууд 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ***** тоот барьцаат зээлийн гэрээ, ***** тоот баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан зээлдэгч нар 20 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан байх бөгөөд гэрээ байгуулсан, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрөө 2014 оны 11 дүгээр сарын 10-наас хойш төлөөгүйгүйгээс гэрээг цуцалсан, зээлийн үлдэгдэл төлбөр 23 820 029 төгрөг байгаа талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нарын өмчлөлийн ***** хувийн сууц, ***** газрыг барьцаалжээ.
Зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд хариуцагч нар гарын үсгээ зурсан байх бөгөөд баталгаат ипотекийн гэрээг Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасан журмаар байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсч зээлдэгч гэрээнд заасан зээл, хүү төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч банк гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө төлөхийг шаардсан болно.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаас үзэхэд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан байна.
Зээлийн гэрээг банк цуцалж, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр тооцоолон нэхэмжилсэн үндсэн зээл 14 857 143 төгрөг, хүү 8 288, 112 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 674 774 төгрөг, нийт 23 820 029 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Капитал банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 12 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ, тооцооллын талаар хариуцагч тал маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд нотариатын зардлыг нотлох баримтгүй байна.
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд гэрээний агуулга, үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээсэн үүрэг зэргэээс дүгнэхэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** 23 820 029 /хорин гурван сая найман зуун хорин мянга хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 500 /арван хоёр мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *****хувийн сууц, *****талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 112 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 277 050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ