Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 13 өдөр

Дугаар 713

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн ....................  дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-3, эцэг, эхийн хамт .............. тоотод оршин суудаг, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзуулсан.

Б.Э /РД:.................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны автобусны буудал дээр “гар утсыг чинь худалдаж авахгүй” гэх шалтгаанаар А.Т-гийн урууланд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Т-гийн өргөдөл /хх3/, дуудлага мэдээлэл шалгасан тэмдэглэл /хх4/, хохирогч А.Т-гийн мэдүүлэг /хх14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлт /хх20/, яллагдагч Б.Э-гийн мэдүүлэг /хх28-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх32/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх39/, ял шалгах хуудас /хх40/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх43-47/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Нэг. Шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч А.Т-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан “...миний бие автобусны буудал дээр зодуулсан тул арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн өргөдөл /хх3/

2. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага мэдээлэл шалгасан “...Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 18-16 тоотод оршин суух Б.Э нь зодож, гэмтээснийг олж тогтоон Бүргэд 10-т хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх4/

3. Хохирогч А.Т-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1 дүгээр хорооллын 19 дүгээр байрны орчим өөрийнхөө Нокиа маркийн гар утсыг 10.000 төгрөгөөр зарна гэхэд тэр залуу авахгүй, авахаар бол 3000 төгрөгөөр авна гэсэн. Тэрнээс болж бид 2 хоорондоо маргаад тэр залуу миний уруул руу цохиод яваад өгсөн. Гэмтэлд очиж 6 оёдол тавиулаад буцаад цагдаа дээр ирж өргөдөл гаргасан. Миний хохирол болох 100.000 төгрөгийг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх14/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5622 дугаартай “...А.Т-гийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээний дүгнэлт /хх20/

5. Б.Э-гийн яллагдагчаар өгсөн “...утас зарна, авна гээд зогсож байтал нэг залуу 2 сим ордог Нокиа маркын утас 10.000 төгрөгөөр авах уу гэхээр нь 5000 төгрөгөөр авна гээд хоорондоо маргаад би гараараа нэг цохиод зугтаад явсан. 30 минутын дараа эргэж очоод зогсож байтал цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх28-29/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Э:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны автобусны буудал дээр “гар утсыг чинь худалдаж авахгүй” гэх шалтгаанаар А.Т-гийн урууланд цохисон болох нь хохирогчийн “...бид 2 хоорондоо маргаад тэр залуу миний уруул руу цохчихиод яваад өгсөн...”, шүүгдэгчийн “...хоорондоо маргаад би гараараа нэг цохиод зугтаад явсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Энэхүү зодооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5622 дугаартай “...А.Т-гийн дээд уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э-гийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т-д хохиролд 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Э-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал, шүүгдэгчийн хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР