Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1038

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бид холбогдох эрүүгийн ___тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Р.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хошууны Ганц мод тосгоны “Чинхуа” нэртэй зочид буудлын өрөөндөө амрахаар Ч.Б-ыг гарахыг санал болгосны хариуд мөн согтууруулах ундааны зүйл зүйл хэрэглэсэн байхдаа Ч.Б- нь “чи хүн хөөдөг хэн бэ” гэж хэрүүл маргаан үүсгэн зүй бус авирлан заамдаж авах үед түүний нүүрэн тус газар нь цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Р.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын ганц модны боомт дээр 19 цагийн үед Б-гийн караоке гэх газар таньдаг хүмүүстэйгээ уулзсан. Тэгээд тэнд байж байгаад М болон түүний найз эмэгтэйн хамт тэндээс гараад нэг газар орж хоол идээд суусан. Тэгээд хоол идээд сууж байхад М нөхөр нь цагаан хаданд яваа гээд М болон түүний найз бид гурав  ярилцаж байгаад зочид буудалд орж хонохоор болсон. Тэгээд бид гурав ярилцаж байгаад Чинхуа нэртэй зочид буудалд орсон. Би зочид буудалд ороод өрөөндөө байж байгаад нөгөө хоёр эмэгтэйг орхиод хөтөч Б гэх хүнтэй уулзах гээд явсан. Би Бтай уулзчихаад буцаад иртэл хоёр залуу ороод ирчихсэн 4-лээ сууж байсан. Нөгөө хоёр залууг нь би танихгүй урьд нь харж байгаагүй хүн байсан. Өрөөндөө ороод юун хүмүүс талаар асуутал миний таньдаг хүн байгаа юм гээд Быг заасан. Тэгэхээр нь би танилцаад ганц хоёр пиво цуг уугаад суусан. Тэгсэн тэр Б болон цуг яваа залуу хоёр надаас хэрүүл өдөөд хэл амаар доромжлох хандлагатай байсан. Би тухайн үед тамхигүй болчихоор нь тамхинд явлаа гэж хэлчихээд гараад явсан. Буудлаасаа гараад Б гээд хятад залуугийн дэлгүүрт нь очоод нэг хайрцаг тамхи аваад танайд ороод амарчих уу гэж асуухад гаднаас хүмүүс ирчихсэн байгаа боломжгүй гэж хэлсэн. Би тамхиа аваад буцаад орж байтал зүс таних залуутай таараад мэнд мэдээд байгаа өрөөгөө зааж өгсөн. Тэгтэл намайг дагаад нөгөө залуу цуг өрөөнд яваад орсон. Тэгээд буудлынхаа өрөөнд сууж байгаад нөгөө Б болон цуг яваа залууг нь одоо явж амарцгаа би амармаар байна гэж хэлтэл намайг Б чи өрөөнөөсөө хөөдөг хэн бэ гээд хэрүүл маргаан үүссэн. Харин тэр хооронд надтай орж ирсэн залууг нөгөө Бтай орж ирсэн залуу юм яриад гараад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир зарим нэг зүйлээ санахгүй байгаа. Би одоо санаж байгаагаар Быг нүүр нь тус газар нь хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Би өөр хаана хаана хэдэн удаа цохисон талаар санахгүй байгаа.

Би Бад тухайн зодоон болсны маргааш нь эмнэлэгт үзүүлээд эм тариа авч өгсөн. Би тухайн үед Бад эм тариа хэдэн төгрөг болсон талаар хэлээгүй. Харин би эмнэлэгт үзүүлэхэд 400 гаран юань болсон. Эм тариа нь 300 гаран юань болсон. Тухайн үед БНХАУ-ын 1 юань Монгол мөнгөөр 382 төгрөг байсан. Тэгэхээр Монгол мөнгөөр 305.600 төгрөг ойролцоогоор эмнэлэгт үзүүлж, эм тариа авч өгсөн байна. Би одоо ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 63-66/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Б-ын өгсөн:

“...2019 оны 5 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө БНХАУ-ын нутаг Ганц мод тосгоны Чинхуа зочид буудалд 305 тоотод надтай цуг нүүрсний тээврийн жолооч ах нар болох Х, А, Г, Г нартай хамт байрласан юм. Тэгээд 01 цагийн орчим өөдөөс харсан 306 тоот өрөөнд байрлаж байсан 30 орчим насны хоёр хүүхэнтэй Х ах бид хоёр танилцаад өрөөнд орсон. Тэр хүүхнүүд юм ууя идье гэхээр нь бид хоёр гарч дэлгүүр ороод 12 ширхэг пиво, нэг шил архи аваад 306 тоот өрөө рүү буцаж ороход нөгөө хоёр хүүхний өрөөнд ойролцоо насны хоёр залуу ирчихсэн, дөрвүүлээ болчихсон байсан. Тэр хоёр залуугийн нэг нь хар футболк, хар өмдтэй 180 орчим см өндөртэй бүдүүн залуу байсан, нөгөө залуу болохоор нэг нүд нь хөхөрчихсөн, 170 орчим см өндөртэй туранхай залуу байсан. Тэгээд тэр өрөөнд хүмүүс ирчихсэн болохоор нь Х ах тэр бүдүүн залуутай цуг манай өрөө рүү ороод юм ярьж байсан, би араас нь өрөө рүүгээ орсон. Удалгүй 2, 3 минутын дараа нөгөө туранхай залуу нь нилээд хэдэн залуучууд дагуулж орж ирээд үгийн зөрүүгүй бид нарыг зодоод эхэлсэн. Би яг хаалганы хажууд зогсож байсан болохоор хамгийн түрүүнд нэг залуу нь намайг толгойгоороо мөргөсөн. Би тэгээд нүүрээ дараад 00-ийн өрөө рүү орсон чинь араас хэдэн хүн орж ирснийг мэдэхгүй баахан хүмүүс орж ирээд тал талаас өшиглөөд, тэр хооронд би юу болсноо санаагүй. Тэгээд нэг мэдсэн Х ах ирээд намайг босгосон юм. Би босож ирэхэд орж ирсэн залуучууд бүгд өрөөнөөс гараад явчихсан байсан. Тэгээд БНХАУ-ын цагдаа нар ирээд, бид нар хэл ойлголцоогүй болохоор цагдаа нар Г ах болон 306 тоот өрөөнд байрлаж байсан М гэж дууддаг эмэгтэй, мөн нөгөө нүд нь хөхөрсөн туранхай залуугийн гадаад паспортыг аваад яваад өгсөн. Маргааш нь цагдаа дээр бид нар очоод Г ах паспортоо авах гээд яараад байхаар нь би гомдолгүй гэж хэлээд салцгаасан юм.

Тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн, баруун хөлний шилбэ болон хавиргаар хөндүүрлэж өвдөж байсан. Тэгээд бие өвдөөд байхаар нь Улаанбаатар хотод ирээд 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ГССҮТ-ийн өөдөөс харсан “IT med" эмнэлэгт үзүүлэхэд 10-р хавирга хугарсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Батдоржоос мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Учир нь одоо миний биед учирсан гэмтэл бүгд эдгэсэн. Цаашид гомдол гээд байх зүйл байхгүй. БНХАУ-ын Ганц модны тосгон дээр байх үед эм тариа авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 16-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.А-Эрдэний өгсөн:

“...Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 5 дугаар сарын дундуур БНХАУ-ын нутаг дэвсгэр Ганц мод Боомтны Чинхуа нэртэй зочид буудалд цуг нүүрс тээвэр хийдэг ажилтай Г, Х, Г, Б нарын хамт 305 тоот өрөөнд байрласан. Бид хэд 2 шил архи хувааж уугаад, би тасраад унтчихсан байсан. Тэгээд унтаж байхад хэн нь мэдэгдэхгүй хүн миний толгой руу өшиглөөд байхаар нь босоод ирэхийн завдалгүй өрөөнд орж ирсэн нөгөө хүмүүс гараад зугтсан. Би юу боловоо гээд нөгөө хэдээсээ асуухад манай хэд бүгдээрээ юу болсныг ойлгоогүй, Бын нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан. Г цагдаа дуудчихсан байсан болохоор цагдаа орж ирж байсан. Би тэгээд буцаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод бид хэдээс гадна, тэр буудалд байрлаж байсан 1 залуу, 2 хүүхэн бүгдээрээ тэндхийн цагдаагийн газар дээр очиход цагдаа нар нь түр байж бай гээд гадаа бид нарыг хүлээлгээд байхаар нь миний ажил хэцүүдлээ гээд би нөгөө хэддээ хэлээд түрүүлээд яваад өгсөн. Сүүлд нь юу болсон талаар Хгээс сонсоход Быг эмнэлэгт үзүүлээд, буудлын төлбөр тооцоог нөгөө хүмүүсээр нь барагдуулсан гэж байсан.

Надад харуулсан зураг нь Ч.Б-ыг зодох үед байсан залуучуудын нэг нь мөн байна. Саяны залуугийн нэг нүд нь нөхөрсөн айсан. Тухайн залуугийн нас нь 30 орчим настай залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ггийн өгсөн:

“...Би 2019 оны 5 дугаар сарын 01-ний орчимд БНХАУ-н Ганц мод гэх нэртэй тосгонд нүүрс, буулгахаар ажлаар явсан. Тэнд Орхон аймгийн нутгийн дүү болох Б, А, Х, Г нартай таараад бид нар 2019 оны 5 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Чинхуа гэх нэртэй зочид буудалд архи, пиво уусан. Манай зочид буудлын бид нарын байсан өрөөний эсрэг талын өрөөнд 2 эмэгтэй хүн орж байсан. Тэр 2 эмэгтэйгийн өрөөнд Б орсон байсан Б нь Х бид 2-ыг ороод ир гэсэн тэгэхээр нь бид 2 өрөөндөө байсан пивонуудыг аваад өрөөнд нь ороод юм ярьж сууж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирээд тухайн 2 залуу цуг ууж сууж байгаад нэг залуу нь Хтэй маргалдаад байсан. Тухайн үл таних 2 залуу Х, Б 2-ыг дагуулаад гарсан би 2 хүүхэнтэй өрөөнд нь үлдсэн. Тэгээд хүмүүс шуугиад байхаар нь би тухайн 2 эмэгтэйгийн өрөөнөөс гарахад коридорт нэг залуу зодсон. Тэгэхэд өөр нэг залуу наад ах чинь яагаа ч үгүй гээд намайг орхиод тухайн залуучууд гараад явсан. Тэгээд би өөрсдийн байсан өрөөндөө ороход Х, Б, А нарыг зодсон байсан.

Би одоо харвал нэгийг нь танина. Сая цагдаагийн байгууллага дээр үзүүлсэн хүний гэрэл зураг дээрх залуу гол зодоон эхлүүлсэн хүн мөн байна. Би яаж таниад байна вэ гэхээр зүүн нүднийхээ доор мэнгэтэй хүн байсан нүүрний хэлбэр дүрслэлээр би хараад таньж байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6670 тоот: 

  1. Ч.Б--н биед зүүн 5-8-9-10-р хавирганы хугарал, зүүн зовхи, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимны гадна булангийн цус харвалт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугаацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 46/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 79/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 80/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хошууны Ганц мод тосгоны “Чинхуа” нэртэй зочид буудлын өрөөндөө амрахаар Ч.Б-ыг гарахыг санал болгосны хариуд мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Ч.Б- нь “чи хүн хөөдөг хэн бэ” гэж хэрүүл маргаан үүсгэн зүй бус авирлан заамдаж авах үед түүний нүүрэн тус газар нь цохих, бие рүү нь өшиглөх зэргээр зодож биед зүүн 5-8-9-10-р хавирганы хугарал, зүүн зовхи, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимны гадна булангийн цус харвалт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Р.Бийн “...Би одоо санаж байгаагаар Быг нүүр нь тус газар нь хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Би өөр хаана хаана хэдэн удаа цохисон талаар санахгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ч.Б-ын “...Би яг хаалганы хажууд зогсож байсан болохоор хамгийн түрүүнд нэг залуу нь намайг толгойгоороо мөргөсөн. Би тэгээд нүүрээ дараад 00-ийн өрөө рүү орсон чинь араас хэдэн хүн орж ирснийг мэдэхгүй баахан хүмүүс орж ирээд тал талаас өшиглөөд, тэр хооронд би юу болсноо санаагүй...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.А-Эрдэний “...Би тухайн өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 5 дугаар сарын дундуур БНХАУ-ын нутаг дэвсгэр Ганц мод Боомтны Чинхуа нэртэй зочид буудалд цуг нүүрс тээвэр хийдэг ажилтай Г, Х, Г, Б нарын хамт 305 тоот өрөөнд байрласан. Бид хэд 2 шил архи хувааж уугаад, би тасраад унтчихсан байсан. Тэгээд унтаж байхад хэн нь мэдэгдэхгүй хүн миний толгой руу өшиглөөд байхаар нь босоод ирэхийн завдалгүй өрөөнд орж ирсэн нөгөө хүмүүс гараад зугтсан. ... Бын нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан.

...Надад харуулсан зураг нь Ч.Б-ыг зодох үед байсан залуучуудын нэг нь мөн байна. Саяны залуугийн нэг нүд нь хөхөрсөн байсан. Тухайн залуугийн нас нь 30 орчим настай залуу байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6670 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Р.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Ч.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Ч.Б- нь “...Цаашид гомдол гээд байх зүйл байхгүй. БНХАУ-ын Ганц модны тосгон дээр байх үед эм тариа авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 16-25/ өгсөн байх тул шүүгдэгч Р.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Р.Бид холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Р.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Р.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ