| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0719/Э |
| Дугаар | 737 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 737
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, тусгай дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, Р.Б /РД:...................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ......... тоотод иргэн Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нуруу тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-11/, хохирогч Г.Б-гийн мэдүүлэг /хх25-27/, гэрч Ц.Г-гийн мэдүүлэг /хх16/, гэрч О.Э-гийн мэдүүлэг /хх19/, гэрч П.Б-гийн мэдүүлэг /хх22/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5973 дугаартай дүгнэлт /хх41/, Р.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх61-64/, шүүгдэгч Р.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх73/, цагдаагийн сангийн лавлагаа /хх74-77/, шийтгэх тогтоолын хуулбар /хх80-83/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Р.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-11/
2. Хохирогч Г.Б-гийн “…Бид дөрөв 0.75 шилтэй архи хувааж уугаад дуусах үед Бнадруу уурлаад чи миний хөдөөнөөс ирсэн мөнгийг үрж дуусгасан биздээ. Би чиний гар утсыг ломбарднаас авч өгнө гэж хэлээд хоолын шүүгээ рүү харж зогсож байгаад эргэж харахдаа баруун гартаа хутга бариад надруу эргэж харсан. Би Б-гийн өөдөөс нь харсан байрлалтай буйдан дээр доошоогоо хараад сууж байхад Б хутгатай гараараа миний нуруу руу цохиход миний нуруу халуун дүүгээд цус гоожсон. Би босож ирээд хутгаа сугалаач гэж орилоход Бминий нуруунаас хутга сугалж аваад даавуу ураад нурууг боосон... Найз Р.Б уучлалт гуйж, 300.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх26-27/
3. Гэрч Ц.Г-гийн “...Б эхлээд Б-д би чамайг хутгалчих уу гэхэд, Б чи чадах юмуу гэсэн. Тэгтэл Б хар иштэй хутга аваад нурууны зооны хэсэгт нь шууд хутга зоосон. Тэгээд Б газар унаад намайг хутгалчихлаа түргэн дууд гэсэн. Би түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх16/
4. Гэрч О.Э-гийн “…манай дүү охин залгаад Б ах хутгалуулчихсан байна гэхээр нь шууд очиход хашааны дотор Б доошоо харчихсан хэвтэж байсан. Нуруунаас нь цус гоожчихсон байсан.” гэх мэдүүлэг, /хх19/
5. Гэрч П.Б-гийн“...Э-гийн аав, ээжийнх нь гэрт ороод бид нар авсан архиа хувааж уусан, байшинд Б, Б, Г бид дөрөв байсан. Би орон дээр унтах гээд хэвтэж байгаад нэг харахад Б нуруундаа хутгалуулчихсан байсан...Г хэлэхдээ Б хутгалж чадах юмуу гэхэд Б чадна ш дээ гэж хэлсэн. Би тоглож байгаа юм байна гэж бодоод байж байтал Б шууд нуруунд нь хутгалчихсан...” гэх мэдүүлэг /хх22/
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5973 дугаартай “...Г.Б-гийн биед нуруунд шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт, тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх41/
7. Р.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Бид хэд Э-гийн аавынх нь байшинд орж, авчирсан архиа хувааж уусан. Бид дөрөв архи уугаад сууж байхад Б чи миний гар утсыг ломбарданд тавьсан гэж хэлэхээр нь хариуд нь чи миний хөдөөнөөс авч ирсэн мөнгийг үрсэн биздээ гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргаж эхэлсэн. Би Б-г айлгах санаатай хутга шүүгээнээс авахад Б намайг басаад чаддаг юм бол намайг хутгалчих гээд байсан. Би хутгатай гараараа айлгах санаатай Б-гийн нурууны ар хэсэг рүү хий цохих гэхэд Б нуруугаараа хойшоо гэдийж таараад нуруу руу нь хутгалсан... найз Г.Б гомдол саналгүй, би эмнэлгээр 400.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх61-64/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Р.Б:
Шүүгдэгч Р.Б, хохирогч Г.Б нар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нэр бүхий хүмүүсийн хамт 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22-34 тоотод архи, согтууруулах ундааны зүйл уусан, улмаар Р.Б, Г.Б нар нь мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдсан байна.
Улмаар шүүгдэгч Р.Б нь “...хохирогч Г.Б-гийн хутгалж чадах уу...” гэж хэлсэний хариуд түүний нуруу тус газар нь хутгалсан болох нь хохирогч Г.Б-гийн мэдүүлэг, гэрч Ц.Г, П.Б, О.Э нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Р.Б-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...Г.Б-гийн биед нуруунд шарх...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5973 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б-гийн “хохирогчийг хутгалж чадах юм уу гээд басаад байхаар нь айлгах санаатай” ийм үйлдэл хийсэн гэсэн тайлбар нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид хүнийг санаатай алах санаа зорилго, байгаагүй гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Г.Б нь эмчилгээний зардалд шүүгдэгч Р.Б-гээс 300.000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Б-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Б нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, одоо эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа гэсэн тайлбар болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гарын 3 ширхэг мөр, хүрэн өнгөөр бохирлогдсон 2 ширхэг бинтийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 13.5 см урттай, нийт 25.7 см урт хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, шингэн зүйл бүхий 0.75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг зэргийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Р.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 13.5 см урттай, нийт 25.7 см урт хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, шингэн зүйл бүхий 0.75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архины шил 1 ширхэгийг устгаж, 3 ширхэг мөр, хүрэн өнгөөр бохирлогдсон 2 ширхэг бинтийг хэргийн хадгалах хугацааг дуустал хавсаргахыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР