Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч Д.Ө нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны жижүүрийн өрөөнд эх Д.Өыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ө мэдүүлэхдээ:

“...Би хүүхдээ шоронд оруулмааргүй байна. Би өөрөө бие муутай хүн. Намайг Баас өөр асрах хүн байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бын өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой найз Шинээгийн хамт гэртээ орж хоёр шил архи хуваан уусан. Тэгээд тэр архиа уугаад манай найз манайхаас явсан байсан. Би тасраад унтсан байсан бөгөөд сэртэл ээжийн нүүр ам хөхрөөд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20, 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Өын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчим би гэртээ байж байтал манай хүү Б нь найзынхаа хамт ирээд орцонд 0,5 литртэй нэг шил архи хуваан уусан, тэгээд орой 23 цагийн орчим уг найз нь харихаар явсан бөгөөд би хүүгээ унтаж амар гэтэл өөдөөс хэрэлдээд цохих гэж дайраад байхаар нь дахиад загнасан гэтэл хүү маань миний нүүр лүү өшиглөх шиг болсон. Тэгээд хүүгээ боль гэтэл сүүлдээ өөрийгөө ална, эсхүл тэр шоронд чиь суугаад үхнэ гээд байхаар нь би аргадаж байгаад унтуулсан. Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.О-гийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө хадам ээжийнхээс ус авах гээд ортол хаалга цоожтой хирнээ дотор нь юм түжигнээд явчихаар нь цонхоор хартал хадам ээж Ө доошоо тонгойчихсон "хүүе ээж" гэтэл над руу харсан. Гэтэл хадам ээжийн нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд эргээд гараад явтал өөдөөс Б ус барьчихсан ирж байхаар нь ээж яачихсан юм бэ гэхэд тэр "ээж өчигдөр хаалга мөргөөд уначихсан” юм гэхээр нь би битгий худлаа ярь гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14094 тоот:

               1. Д.Өын биед зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоодлоо.

               2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

               3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 15/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны жижүүрийн өрөөнд эх Д.Өыг зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны орой найз Шинээгийн хамт гэртээ орж хоёр шил архи хуваан уусан. Тэгээд тэр архиа уугаад манай найз манайхаас явсан байсан. Би тасраад унтсан байсан бөгөөд сэртэл ээжийн нүүр ам хөхрөөд хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Өын “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой ... манай хүү Б нь найзынхаа хамт ирээд орцонд 0,5 литртэй нэг шил архи хуваан уусан, тэгээд орой 23 цагийн орчим уг найз нь харихаар явсан бөгөөд би хүүгээ унтаж амар гэтэл өөдөөс хэрэлдээд цохих гэж дайраад байхаар нь дахиад загнасан гэтэл хүү маань миний нүүр лүү өшиглөх шиг болсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.О-гийн “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө хадам ээжийнхээс ус авах гээд ортол хаалга цоожтой хирнээ дотор нь юм түжигнээд явчихаар нь цонхоор хартал хадам ээж Ө доошоо тонгойчихсон "хүүе ээж" гэтэл над руу харсан. Гэтэл хадам ээжийн нүүр нь хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14094 тоот  дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Д.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь “...Надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/ өгсөн байх тул шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Б.Бт ял оногдуулахдаа өвчтэй ээжийгээ асардаг, хохирогч гомдол саналгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ