Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 738

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч О.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.П-д  холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.П /РД:....................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч О.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 4 дүгээр орцонд иргэн Х.Б-гийн эзэмшлийн Хуа Вэй 6 загварын гар утас, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.271.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Х.Б-гийн мэдүүлэг /хх23-25/, гэрч Э.Х-гийн мэдүүлэг /хх11-12/, гэрч А.Б-гийн мэдүүлэг /хх18-19/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх26-27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх31/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх48-49/, О.П-гийн мэдүүлэг /хх41/, хохирогч Х.Б-гийн депозит дансны хуулга /хх4/, шүүгдэгч О.П-гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх55/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний лавлагаа /хх58-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх33/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч О.П-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Х.Б-гийн “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлаас миний 5845493690 дугаартай Хаан банкны данс руу 950.000 төгрөг орсон ба нийт 1.250.000 төгрөг байсан, тухайн өдөр найз Х-тэй Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын буудал дээр уулзсан тэгээд бид хоёр Рич гэх нэртэй нийтийн караокед пиво уугаад нэлээн согтоод 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үүрээр 04 цагийн үед Рич караокенээс гарч яваад 2 үл таних залуутай танилцсан. Дахин архи ууя гэж ярилцаад Өнөр төвөөс нэг шил “Соёрхол” нэртэй архи, нэг хайрцаг тамхи аваад би өөрийн картаар уншуулж 39.000 төгрөг төлсөн...тэгээд бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 4 дүгээр орцонд орж архиа уугаад Х бид хоёр тасраад унтаад өгсөн ба нэг сэрэхэд танилцсан 2 залуу байхгүй, миний “Хуа Вэй 6” загварын гар утас, виза карт алга болсон байсан... миний данснаас 1.000.000 төгрөг АТМ-ээс гарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх24/

2. Гэрч Э.Х-гийн “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Манай найз Х.Б надруу залгаад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн кароекед суусан нэлээд согтоод тэндээсээ 2019 оны 5 дугаар сар 29-ний үүрээр 04 цагийн үед кароакенээс гарч яваад, хоёр залуутай танилцаад дахин нэг шил архи уух талаар ярилцаад, Өнөр төвөөс Х.Б картнаасаа “Соёрхол” нэртэй 0.75 грамм архи, нэг хайрцаг тамхи, тэгээд архиа уух гэж явж байгаад Боос танилцсан нэг залуу нь картны чинь нууц үг 9914 мөн үү гэж асуусан, найз Б нэлээд согтуу мөн гэж хэлсэн тэгээд бид дөрөв СХД-ийн 13 дугаар хороо 11-р байрны 4-р орцруу ороод нэг архиа хувааж уусан ба Б бид хоёр тасраад унтаад өгсөн байсан, нэг сэрэхэд Х.Б-гийн гар утас, карт байхгүй байсан тэгээд бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх11-12/

3. Гэрч А.Б-гийн “...Би өөрийн багийн найз П-тэй 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав буудал дээр уулзаад, уг буудлын баруун хойно байрлах Нийтийн кароекед пиво уусан уг үйлчлүүлсэн газраа хаатал буюу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өглөө үүрээр 04:00 цагийн үед хаахад гарч яваад, үүдэн хэсэгт нь хоёр үл таних залуутай танилцсан, тэгээд бид дөрөв дахин нэг архи ууя гэж ярилцаад, “Өнөр” төвөөс танилцсан нэг шар царайтай залуу виза картнаасаа соёрхол 0.75 архи, парламент тамхи нэг хайрцаг аваад, хажууханд байрлах цэнхэр 9 давхар байрны орц руу орж цуг ууцгаасан, танилцсан хоёр залуу тасраад унтаад өгсөн, тэгээд архи ч дуусаад эхнэр залгаад байсан би Пүрэвбазарыг явъя гэж хэлээд түрүүлээд орцноос гарсан, удалгүй араас Пүрэвбазар гарч ирээд салаад би гэрлүүгээ явсан өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх18-19/

4. Эд зүйл “...Huawei Y-6 маркийн гар утас, бэлнээр 50 шиохэг 20.000 төгрөг буюу 1.000.000 төгрөг...” хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх26-27/

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны СӨХ-өөс камерийн 2019.05.29-ны өглөө 5 цаг 11 минутнаас 05 цаг 12 минут хүртэлх бичлэгт үзлэг хийв. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өглөө 5 цаг 11 минутын үед 25-30 насны 4 залуу орц руу орсон ба 2 залуу нь женсэн яаактай, 2 залуу нь хар өнгийн хүрэмтэй ба нэг залуу нь саравчтай малгайтай...” гэх тэмдэглэл /хх31/

6. Дамно ХХК-н 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх48-49/

7. О.П-гийн яллагдагчаар өгсөн “...Архиа уугаад дуус ч байтал Б, Х хоёр унтаад өгсөн. Тэгсэн чинь Б “эхнэр залгаад байна хоёулаа одоо явъя” гэж хэлээд түрүүлээд орцноос гарсан. Би ардаас нь гарахдаа өөрийгөө Б гэж танилцуулсан залуугийн халааснаас гар утас болон Хаан банкны виза картыг нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх41/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч О.П:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтаас дүгнэн үзэхэд О.П, Х.Б, Э.Х, А.Б нар нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн үүрээр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 4 дүгээр орцонд согтууруулах ундааны зүйл хамтдаа уужээ.  

Улмаар шүүгдэгч О.П нь хохирогч Х.Б-гийн согтоод унтаад өгсөн байдлыг ашиглан, түүний эзэмшлийн Хуа Вэй-6 загварын гар утас, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Х.Б, гэрч Э.Х, А.Б нарын мэдүүлэг мөн О.П-гийн өөрийнх нь гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон, тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн гар утсанд үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 271.700 төгрөгөөр үнэлжээ. Мөн хохирогч Х.Б-гийн “Хаан банк” дахь 5845493690 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр үүрийн 06 цаг 01 минутанд 1.000.000 төгрөгийн зарлага гарсан болох нь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч О.П-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу хохирогчийн банкны картны нууц дугаарыг хамт архи ууж байх үедээ мэдэж, согтоод унтаад өгсөн байдлыг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан, эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Х.Б-д нь “Хуа Вэй-6” загварын гар утас биет байдлаар болон 1.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, цаашид хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч О.П-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч О.П нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа бодол нь урьдаас төрсөн буюу хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтсан байдлыг далимдуулан авсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.П-гийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  О.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.П нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди (хяналтын камерын бичлэгтэй)-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР