| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2016/0398/И |
| Дугаар | 212/МА2016/00054 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2016/00054
Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэртэй, Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, Ө сумын 0 дүгээр баг Х, 44 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух Ш овогт Өийн С, Ж овогт Аы А нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Ө.Сын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ү, хариуцагч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92.160.475 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Өийн С, Аы А нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №0000 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 /гучин сая төгрөг/-ийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №0000 тоот зээлийн гэрээ байгуулан 65000000 /жаран таван сая төгрөг/-ийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийг тус тус авсан. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
1/ Зээлдэгч Ө.С, А.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг, Ө сумын 9-р багт байрлах 2 давхар 12 өрөө амины сууц, гараж, складын хамт
2/ Зээлдэгч Ө.Сын эзэмшлийн 000000000 тоот нэгж талбарын дугаартай Баян-Өлгий аймаг, Ө сумын 9-р багт байрлалтай хувийн эзэмшлийн газар
3/ Зээлдэгч Ө.Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг, Ө сумын 4-р багт байрлах үйлчилгээний зориулалттай А-1 дэлгүүрийн байр
4/ Зээлдэгч Ө.Сын эзэмшлийн Баян-Өлгий аймаг, Ө сумын 4-р багт байрлах үйлчилгээний зориулалттай "А-2" дэлгүүрийн байр
5/ Зээлдэгч Ө.Сын өмчлөлийн БӨА 00-00 улсын дугаартай Nissan skyline маркийн суудлын автомашин
6/Зээлдэгч Ө.Сын эзэмшлийн цахилгаан бараа жагсаалтаар, гимнастикийн аппарат, гэрийн эд хогшлыг тус тус барьцаалуулан зээл авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 17601254 төгрөг, зээлийн хүүд 34298242 төгрөг, нийт 51899496 төгрөгийг төлж барагдуулсан. Хариуцагч Ө.С нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас бизнесийн зээл 322 хоног хугацаа хэтэрсэн, хөрөнгө оруулалтын зээл 322 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Ийнхүү хугацаа хэтэрсний улмаас зээлдэгчид 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №0000 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №0000 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах
2.Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах,
2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №0000 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 19064874 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №0000 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 58333873 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 /ерэн хоёр сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулах,
3.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Бид 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээгээр 30000000 /гучин сая/ төгрөгийг 21,6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 0000 дугаартай зээлийн гэрээгээр 65000000 /жаран таван сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай тус тус авсан нь үнэн. Зээлийг зохих журмын дагуу зарцуулж 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу саадгүй төлж байсан.
Улс орны хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор бараа материал борлогдохгүй болж сүүлийн хэдэн сар төлбөрөө төлж чадаагүй. Ингэхдээ санаатайгаар төлбөрийг саатуулаагүй. Бид төлбөрөө төлж барагдуулахын тулд өөрийн эзэмшилд байгаа зарим эд хөрөнгөө зарж борлуулахаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа зар өгч байгаа боловч одоогоор борлогдоогүй байна. Цаашид хөрөнгө борлогдсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хүүгээ төлж төлбөрөө үргэлжлүүлэн төлж явах болно. Бид нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа одоогоор дуусаагүй. Бид зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон учир Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт хүсэлт гаргаж 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр авсан зээлийн хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгуулсан. 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээгээр авсан 30000000 /гучин сая/ төгрөгийн зээлийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусна. Би цаашид гэрээний хугацаа дууссан үед үндсэн зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах болно. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд гурван ч удаа нэхэмжлэл гаргаж байсан. Эхний нэхэмжлэл нь 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 0000 дугаартай зээлийн гэрээгээр авсан 65000000 /жаран таван сая/ төгрөгийн зээлтэй холбоотой нэхэмжлэл бөгөөд энэ нэхэмжлэлийг танай шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан ба Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 145 дугаар магадлалаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараагийн нэхэмжлэл нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээгээр авсан 30000000 /гучин сая/ төгрөгийн зээлтэй холбоотой нэхэмжлэл бөгөөд энэ нэхэмжлэлийг танай шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1695 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Сүүлийн нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ба нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй учир нэхэмжлэлийг буцаасан. Бидний авсан зээлийг төлж барагдуулах хугацаа болоогүй ба үүрэг хүлээсэн хугацаанд авсан зээл, түүний хүү, хугацаа хэтэрсний хүүг төлж бүрэн барагдуулах болно. Иймд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Ө.С, А.А нартай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээ болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, РД:0000000000, Ш овогт Өийн С, РД:00000000000, Ж овогт Аы А нараас 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92160475 /ерэн хоёр сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ө.С, А.А нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үндсэн зээлдэгч Ө.С, А.А нарын өмчлөлийн Ө сумын 9 дүгээр багт байрлах, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 160 м.кв талбайтай, 2 давхар 12 өрөө бүхий амины сууц, гарааж складын хамт, Ө сумын 9 дүгээр багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0277808 дугаар гэрчилгээтэй 787 м.кв талбайтай газар, Ө сумын 4 дүгээр багт Тирлик зах дотор байрлах, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай А-1 цахилгаан барааны дэлгүүр, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-ийг баримтлан хариуцагч Ө.С, А.А нарын хөдлөх хөрөнгө болох БӨА 00-00 дугаартай Nissan skyline маркийн суудлын автомашин, гимнастикийн аппарат, цахилгаан бараа жагсаалтаар, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.С, А.А нараас 618753 /зургаан зуун арван найман мянга долоон зуун тавин гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай. гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бидний Х банктай байгуулсан 2 удаагийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зөвхөн нэг талын шаардлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар би анх шүүхэд тайлбар гаргахдаа тодорхой дурдсан байгаа. Миний бие гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлэх хүсэлтэй байна.
Зээлээ төлж чадаагүй тохиолдолд бидний зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Дээрх барьцаанд тавьсан эд хөрөнгүүд нь зөвхөн эхнэр бид хоёрын хөрөнгө биш, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө юм. Манайх ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр авсан зээлээ цаг хугацаандаа төлөөгүйн төлөө миний хоёр хүүхэд давхар хариуцлага хүлээж, гэр оронгүй хоцрох ёсгүй. Хэрэв дуудлага худалдаанд оруулах шаардлагатай бол зөвхөн эхнэр бид хоёрт ногдох хөрөнгийг л дуудлага худалдаанд оруулах ёстой. Иймд энэ хэргийг давж заалдах журмаар хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч маргааны үйл баримтад хамааралгүй мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгчээс зээлдүүлэгч Х банкны Баян-Өлгий салбар болон зээлдэгч Ө.С, хамтран үүрэг гүйцэтгэгч А.А нарын хооронд 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 дүгээр зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0000 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 92.160.475 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, түүний хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах болно гэж маргажээ.
Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Ө.С, хамтран үүрэг гүйцэтгэгч А.А нар нь зээлдүүлэгч Х банкны Баян-Өлгий салбараас 30000000 төгрөгийг дэлгүүр барих зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн ба 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч Ө.С нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 322 хоногийн хугацаа хэтрүүлсэн талаар болон тус зээлийн гэрээний үлдэгдэл 19064874 төгрөг, хүү 3693856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159783 төгрөг, нийт 22918513 төгрөгийн зээлийн төлбөртэй талаар хариуцагч маргаагүй байна.
Х банкны Баян-Өлгий салбар болон зээлдэгч Ө.С, хамтран үүрэг гүйцэтгэгч А.А нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчээс 65000000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөд зарцуулах зориулалтаар жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн ба талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаартай гэрээгээр 0000 дүгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч Ө.С нь энэхүү зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 322 хоногийн хугацаа хэтрүүлсэн талаар болон тус зээлийн гэрээний үлдэгдэл 58333873 төгрөг, хүү 10498179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 409910 төгрөг, нийт 69241962 төгрөгийн зээлийн төлбөртэй талаар хариуцагч маргаагүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй талаар зохицуулсан боловч гэрээний хугацаа дуусаагүй үед гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл, урьдчилсан нөхцлүүд бүрдсэн тохиолдолд талуудынзээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахтай холбоотой шаардах эрхийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт хуульчилсан байна. Шүүхээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдсэн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй орхигдуулсан байна.
2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай (энэ гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар гэрээгээр өөрчлөлт оруулсан) зээлийн гэрээний 8.2.1.-т зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралтад заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн бол банкны зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар талууд харилцан тохиролцжээ.
2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээний хувьд талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаж, гэрээний эргэн төлөлтийн хуваарьт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128 дугаар гэрээгээр өөрчлөлт оруулж байсан, түүнчлэн 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хоёр удаагийн зээлийн гэрээний үлдэгдэл зээлийг төлөх мэдэгдлийг зээлдэгч Ө.Сд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлж байсан, энэ талаар хариуцагч маргаагүй зэргийг үндэслэж дүгнэвэл, зээлдүүлэгч зээлийн гэрээний хугацааг сунгах, мэдэгдэл гаргах зэргээр нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлдэгч ямар нэгэн үр дүнд хүрсэн нь тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2.-т заасан нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч Ө.С нь 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн болон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр сар тутам хүү болон үндсэн зээлээс тодорхой хувийг эргэн төлөхөөр тохиролцсон хуваарийг 322 хоног хэтрүүлсэн, энэ талаар хариуцагч маргаагүй зэргээс дүгнэвэл зээлдэгчийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой үүргийн зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-т зааснаар ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх хоёр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хууль болон гэрээнд заасан үндэслэл бүрдсэн гэж үзсэн учраас анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг цуцлах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. Харин маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 5180791065 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2013 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр байгуулагдсан 0000 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 5180887815 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн мэдээллийн сан дахь зээлдэгчийн талаарх мэдээлэл зэргээс үзвэл, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээ болон хуульд заасны дагуу тооцоолсон байх ба маргаан бүхий хоёр зээлийн гэрээний үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээнүүдийн нийт үлдэгдэл төлбөр 92160475 төгрөг болох талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ө.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 543 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, гэснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618753 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
С.ӨМИРБЕК