Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00650

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1181 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.М

          Хариуцагч: С холбогдох

     С захирлын 2017 оны  Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, Ө.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2014-09-02-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар тус сургуулийн ТҮ-5 албан тушаал буюу захирлын туслах гэсэн орон тоон дээр томилогдон ажиллаж байсан. Томилогдсон өдрөөсөө хойш сахилгын ямар ч зөрчил гаргаагүй ажиллаж ирсэн. Гэтэл шинээр томилогдсон захирал ямар ч үндэслэл, шалтгаангүйгээр 2017-06- 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар арга хэмжээ авч түүнийг нь шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч гомдол гаргах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2017-09-19-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр хүнд суртал гарган, иргэдийг чирэгдүүлэн, зохисгүй харилцаж бусдыг хэл амаар доромжилсон талаар иргэнээс гомдол ирсэн гэж худал зүйлээр үндсэн цалинг нэг сарын 20% бууруулах арга хэмжээ авсан тул дээрх С захирлын 2017-09- 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Б.Мд хүлээлгэсэн С захирлын 2017-09-19-ний өдрийн Б/58 тоот үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20% бууруулах арга хэмжээ нь тус сургуулийг төгсөгчийн ээж иргэн Н.Наранчимэгтэй 2017-09- 11-ний өдөр зүй бусаар харьцаж, хэл амаар доромжилж, захирлын өрөөний үүднээс хөөн явуулсан. Нарийн бичиг Б.М багш нь байна гэж яриад, захиралд хэллээ гээд утсаар загнаад байна гэж ярьсан иргэн Н.Наранчимэгийн утасны 9-р сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтаар нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-р зүйл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, ХААИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1-р зүйлд “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчигчдөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-д заасны дагуу шийтгэл ногдуулна”, хөдөлмөрийн гэрээний 5.2-р зүйл “Ажилтан энэхүү гэрээ болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлдээ хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх зохих хариуцлагыг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу арга хэмжээ авсан. Б.М нь тус сургуульд мөрдөгддөг дараах дүрэм, журам гэрээг зөрчсөн. ХААИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам 8.2.2-р зүйл, Эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган ажиллагчид, оюутнууд, иргэдийг чирэгдүүлэх”, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-р зүйл “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, ажил үүрэгтэйгээ холбогдсон бүх шаардлагыг цаг хугацаанд нь бүрэн хангаж, хариуцах” 4.2.2-р зүйл. “Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 4.2.4-р зүйл. “Хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журам, ёс зүйг хангахад анхаарч, удирдах, удирдуулах ёсыг баримтлан хамтын зарчмаар ажиллах”, Захирлын туслахын ажлын байрны тодорхойлолт 4.5 зүйл “Ажлын байрны ёс зүйг эрхэмлэн ажиллах, Багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллах, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан үүргээ биелүүлж, ажиллах”, Сургуулийн ёс зүйн дүрмийн 4.4.1-р зүйл. “Сургуулийн дотоод дүрэм, журмыг чанд биелүүлэх”, 4.4.3-р зүйл “өөрийн үйл ажиллагааг бусдаар шалгуулах, хянуулах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ба эерэг болон сөрөг шүүмжлэлийг хүлээн авч, өөрийн алдааг засах чадвартай байх”, 4.6.1-р зүйл “Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбоотой бодит шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх”, 5.1.1-р зүйлд тус тус зааснаар ёс зүйн зөрчлийн талаар хувь хүн, хамт олноос бичгээр өгсөн гомдол, өргөдөл нь нотлогдсон тул эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган, иргэдийг чирэгдүүлэн, зохисгүй харилцаж бусдыг хэл амаар доромжилсон тул сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1181 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хэсэгт заасныг баримтлан С холбогдох С захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай Б.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

       Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2  дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, 131.2. хөдөлмөрийн гэрээ мөн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах урьдчилсан нөхцөл нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байх ёстой. Ажил олгогчоос Б.Мд сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн гэрээний 4.2.2, хөдөлмөрийн дотоод журмын 8.1, 8.2.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 4.2,2. “Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” хөдөлмөрийн дотоод журмын 8.1.-д “Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчигчдөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 131.1.2, 131.1.3 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл ногдуулна. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд дараах хэлбэрийн зөрчлүүд орно. 8.2.2.-т “Эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган ажиллагчид, оюутнууд, иргэдийг чирэгдүүлэх, мөнгө хахууль авах гэж заажээ. Б.Мд сахилгын шийтгэл ногдуулах болсон гол үндэслэл нь иргэн Н.Наранчимэгээс ирүүлсэн өргөдөл юм. 2017-09- 11-ний өдөр гомдол гаргагч Н.Наранчимэг нь охин Дашлхамын дипломын асуудлаар сургуулийн захирал З.Нэргүйтэй уулзахаар ирсэн байдаг. Б.М нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийнхээ дагуу захирлынхаа эзгүй байгааг хараад сургалтын албаны оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн н.Болормаагаас тухайн хүний асуудлыг утсаар тодруулж өгөөд Н.Наранчимэгийг “Та сургалтын албаны мэргэжилтэн н.Болормаатай уулзах юм байна” гэдгийг нь хэлж, хүнд суртал гаргаж, чирэгдүүлэлгүйгээр асуудлыг нь тэр дор нь шийдэж өгсөн байдаг. Гомдол гаргагч Н.Наранчимэгийн охин н.Дашлхамын диплом “ХААИС-ийн захирал оюутнуудын диплом дээр гарын үсэг зураагүй гадагшаа явснаас болж ирэлгүй удаж, иргэн Н.Наранчимэгийг 2-3 удаа сургууль дээр ирүүлж, диплом гараагүйгээс болж н.Дашлхам ажилд орж чадаагүй учраас гомдолтой байгаа тухай С сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга, орлогч захирал В.Бямбасүрэнгийн өрөөнд болсон бичлэг дээрх В.Бямбасүрэн, Б.М нарын яриа болон оюутны асуудал хариуцсан сургалтын албаны мэргэжилтэн Ш.Болормаагийн гэрчийн мэдүүлэг зэргээс харагддаг. Б.Мд Н.Наранчимэгийг доромжилж, өрөөнөөсөө хөөж гаргах ямар ч шалтгаан байхгүй бөгөөд энэ талаар В.Бямбасүрэн “Манай нарийн бичиг тэгэх ёсгүйдээ” гэж хэлсэн байдаг. Хүнд суртал гаргах, харилцааны хувьд ёс зүйгүй харьцах бол тусдаа ойлголт. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл гомдол гаргагч Н.Наранчимэгийг Б.М хүнд суртал гарган чирэгдүүлээгүй, охин н.Дашлхамын дипломыг 9 сар хүртэл гаргаж өгөөгүй ХААИС-ийн захиргаа чирэгдүүлсэн, ХААИС-ийн захирал З.Нэргүй, В.Бямбасүрэн нар ажил дээрээ байгаагүйгээс энэ хүний бухимдлын эцсийн цэг нь захирлын туслах Б.М байсан.

        Нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй талаар: Ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх ёстой, хариуцагч талаас тухай зөрчлийг шалгасан талаарх материалыг шүүхэд ирүүлээгүй. Б.Мгийн зүгээс “Н.Наранчимэг гэж хүнтэй уулзуулаад өгөөч ээ, яагаад намайг ингэж гүтгээд байгаа юм. Би энэ асуудлыг энэ хүнийг байлцуулж байгаад хурлаар оруулж шийдүүлмээр байна” гэж захирал З.Нэргүйд удаа дараа хандсан боловч энэ талаар шалгаагүй. Хариуцагчаас Б.Мгийн гаргасан зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл гэж С захирлын ажлын багийн хурлын 2017-09- 18-ны өдрийн 10.30 цагт эхэлсэн 03 дугаартай тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Захирлын ажлын баг томилсон тушаал шийдвэр, захирлын ажлын багийн ажиллах дүрэм журам, шийдвэрлэх асуудал зэрэг нь тодорхойгүй. Гэтэл ХААИС-ийн Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.2 дугаар зүйлд “Ёс зүйн зөрчил гаргасан багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг сургалтын захирал, хөтөлбөрийн эрхлэгч, тэнхим, нэгжийн эрхлэгч нарын хэн нэг хариуцаж санал боловсруулах эрхтэй ба захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана” гэсэн байна. 2017 оны Б/17 дугаар тушаалын хавсралт 1-д С бүтцийн схем байх бөгөөд энэ схемээс үзвэл захирлын дэргэд Эрдмийн болон Захиргааны зөвлөл гэдэг 2 зөвлөл байна гэж заасан. Нэхэмжлэгч талаас 2017-09- 18-ны өдрийн 09.30 цагаас эхэлж, 11.30 цагт дууссан С Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ хурлаар Б.Мгийн талаар хэлэлцээгүй. Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээр, хариуцагчаас гаргаж өгсөн 2017.9.18-ны өдрийн 03 дугаартай Захирлын ажлын багийн хурлын тэмдэглэл үгүйсгэгдэж байна. Зөрчил гаргагчийн тайлбар байхгүй. Гэтэл Н.Наранчимэг гэж хүнтэй зүй бус харьцаагүй, чирэгдүүлээгүй учраас маш их гомдолтой байсан. Б.Мг захирлын ажлын багийн хуралд орж, “Би гомдолтой байна, шүүхэд хандана” гэсэн хоёр өгүүлбэр хэлсэн болгож нотлох баримт бүрдүүлсэн. 2008-10-10-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэг” авах тухай Улсын Дээд шүүхийн зөвлөмжид “Шүүх ихэнх тохиолдолд шүүх хуралдаанаас өмнө гэрчээс мэдүүлэг авдаг бөгөөд ингэхдээ гол төлөв шүүгчийн ажлын өрөөнд, шүүгч дангаар, зохигчдыг байлцуулахгүйгээр байцаалт хэлбэрээр мэдүүлэг авч байгаа нь олон жил тогтсон алдаатай практик тул хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө урьдчилан мэдүүлэг авч байгаа бол шүүх хуралдааны танхимд, зохигчдод урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр тэдгээрийг байлцуулж, гэрчид асуулт тавих боломжоор хангаж, гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулах нь зүйтэй” гэж заасан. Анхан шатны шүүхээс 2017-10-30-ны өдөр Н.Наранчимэгийг гэрчээр асуусан байдаг. Шүүх хуралдаанаас өмнө урьдчилсан мэдүүлэг авахдаа нэхэмжлэгч талд урьдчилан мэдэгдэж, гэрчид асуулт тавих боломжоор хангаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий захирлын ажлын багийн гишүүн гэх байрны багш, аж ахуйн менежер Б.Баатарсүрэн, Дотоод хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Г.Бямбажав нарыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзсан. Дүгнэлт. Анхан шатны шүүхээс хариуцагч талын гаргаж өгсөн захирлын ажлын багийн хурлын тэмдэглэл нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээр үгүйсгэгдэж байхад түүнийг үнэлээгүй, гэрч Н.Наранчимэгээс гэрчийн мэдүүлэг авахдаа нэхэмжлэгч талд урьдчилан мэдэгдэж, гэрчид асуулт тавих эрх, боломжоор нь хангаагүй. Гэрч Н.Наранчимэгийн мэдүүлгийг үнэлэхдээ хэргийн оролцогчидтой ямар харилцаатай зэргийг тогтоогоогүй. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх тэгш боломжоор хангагдаагүй захирах, захирагдах харилцааны оролцогч талуудаас гаргаж буй нотлох баримтыг үнэн зөв байдлыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, Б.Мд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн  131.1.2-т заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж Б.Мд сахилгын шийтгэл ногдуулсан С захирлын 2017 оны Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:  

        Б.М 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг шаардсан байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн  Агроэкологи, бизнесийн сургуулийн захирал 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б/58 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 8.1, 8.2.2, хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.4, 5.2, мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.4.1, 4.4.3, 4.6.1, 5.1.1, 5.1.2, 5.2, 5.3-г үндэслэн “...эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган, иргэдийг чирэгдүүлэн зохисгүй харьцаж, бусдыг хэл амаар доромжилсон...” гэж Б.Мд үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх 4/    

        Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т нийцэх юм. 

        Нэхэмжлэгч Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2017 оны Б/58 дугаар тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байх тул шүүх Б.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.   

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар бүрийн талаар  дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1181 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 185 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, Ө.Г нарын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ