Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 34

 

2017.6.21 №34

Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, Д.Оюунболд нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

226/2017/0021/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

Прокурор: А.Тунгалагтуяа /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ж.Батбаатар нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаагийн даргалж, шүүгч Б.Батбаяр, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор А.Тунгалагтуяагийн эсэргүүцлээр Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, Д.Оюунболд нарт холбогдох эрүүгийн 201623010077 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хардал овогт Баяраагийн Болор-Эрдэнэ /РД:СИ89011113/

2. Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Их монгол овогт Даваасүрэнгийн Оюунболд /РД:СГ81072814/

3. Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хардал овогт Лхасүрэнгийн Бат-Эрдэнэ /РД:СИ89072514/

Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Галшар сумын “Баянбадрал” багийн нутаг “Чавганцын хоолой” гэх газраас улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль  ашиглан Н.Дива, Д.Эрдэнэхуяг нарын 2 тооны адууг хулгайлж, 1150000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Хадан хошуу” гэх газраас “Хайрхан” маркийн мотоцикль ашиглан У.Мөнгөнхүрдийн 4 тооны адууг хулгайлж 24700000 төгрөгний буюу бусдад нийт 25850000 төгрөгний их хэмжээний хохирол учруулсан,

Д.Оюунболд нь Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нарыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4 тооны адуу хулгайлсныг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр хээр зүсний 1 морь авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газраас Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар, Д.Оюунболдын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар тус тус зүйлчлэн,  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч  Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Оюунболд нарт холбогдох 201623010077  дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь, Сум дундын прокурорын газарт буцааж, шүүгдэгч Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ,  Д.Оюунболд нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Тунгалагтуяа нь эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Оюунболдын гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч Болор-Эрдэнийн мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч Болор-Эрдэнэ, Оюунболд нар нь төрсөн эгч дүүгийн хүүхдүүд болох нь гэрч Саранцэцэг, Сарантуяа нарын мэдүүлгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад төрөл садангийн холбоотой эсэхийг шалга гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн хохирогч  У.Мөнгөнхүрдийн хулгайд алдагдсан гэх адуунууд нь түрүүлж, айрагдаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байтал шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хууль бусаар цуглуулж өгсөн нотлох баримтад автаж хурдан морины үнэлгээг дахин гаргуул гэсэн үндэслэлгүй байна. Иймд  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, Д.Оюунболд нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий байх тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.Бат-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ,  Д.Оюунболд нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхэд эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Энэхүү магадлалд гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.СҮХГОМБО