| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2524000850089 |
| Дугаар | 2026/ХШТ/70 |
| Огноо | 2026-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2026/ХШТ/70
Н.Ж-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ДШМ/09 дүгээр магадлалтай, Н.Ж-т холбогдох 2524000850089 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлоор 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Ж, 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** багт оршин суух бүртгэлтэй, /РД: ИГ ***/,
урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Н.Ж нь 2025 оны 07 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд *** аймгийн *** сумын *** багийн нутаг “***” гэх нэртэй газарт байсан *** улсын дугаартай ЗИЛ-131 загварын автомашины хаалганд түлхүүр тааруулж онгойлгон дотроос нь Н.С-ын эзэмшлийн ОХУ-д үйлдвэрлэгдсэн *** загварын бууг тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч Н.С-т 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Н.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд, шүүгдэгч Н.Ж-г тухайн тээврийн хэрэгслийн хаалга нь түгжээгүй байсан гэж мэдүүлдэг бөгөөд уг тээврийн хэрэгслийн хаалга хэзээнээс өөр түлхүүрээр онгойдог болсон, эсхүл анхнаасаа өөр түлхүүрээр онгойдог байсан эсэх нь тодорхойгүй байх тул шүүгдэгчийн уг мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй юм. Мөн хохирогч Н.С, О.Л нар тухайн тээврийн хэрэгслийг цоожтой байсан гэж мэдүүлдэг хэдий ч үйлдвэрлэгдээд /ОХУ-д үйлдвэрлэсэн/ олон жил замын хөдөлгөөнд оролцсон, хуучин тээврийн хэрэгслийн эд ангийн хэвийн ажиллагаа ямар байх талаар нарийн тогтоогоогүй байх тул уг мэдүүлгийг шууд үнэлэх боломжгүй байна. Иймд прокуророос тусгайлан хамгаалсан байранд түлхүүр тааруулж, нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж дүгнэн шүүгдэгч Н.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн.
Шүүгдэгч Н.Ж нь тусгайлан хамгаалсан агуулах саванд /машинд/ түлхүүр тааруулж, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд, хууль бус аргаар бусдын эзэмшлийн ТОЗ-8 маркийн бууг авч хохирогч Н.С, гэрч Г.Д, О.Л нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны туршилт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Хэдийгээр тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч хохирогч Н.С тээврийн хэрэгслийн бүхээгийг буу болон бусад эд зүйлээ түр хадгалах агуулах савын зориулалтаар ашиглан эд зүйлээ автомашиндаа үлдээж, машиныхаа цонхыг хааж, хаалгыг түгжиж орхиж явсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна гэж дүгнэсэн. Гэвч 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” ... Уг гэрийн хаалганаас урд зүг рүү 6.2 метр зайд ногоон өнгийн *** улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд тэнхлэг байрласан байв. Тухайн машины зүүн талын хаалганы машины суудал доор буу байсан гэснийг бууны эзэн Н.С-аар заалгуулан №1 гэж дугаарлан, гэрэл зургаар бэхжүүлэв. Уг машины зүүн хаалга нь гадна талаасаа цоожлогддог, баруун хаалга нь дотор талаасаа цоожлогддог гэх ба цоожийг түлхүүрээр нь шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байв.
Мөн зүүн хаалганы цонх баруун хаалганы цонхны хэсэгт буюу гадна талд ямар нэгэн шинээр үүссэн мөр үүсээгүй байх ба цонхыг нь гаднаас нь гараар онгойлгож болох эсэхийг шалгахад зүүн хаалга цонх хэсэг нь онгойлгох боломжгүй. Харин баруун хаалганы цонхыг гараар гадна талаас нь доош болгоход шууд онгойдог байв. Үзлэгийг хийхээс өмнө 2 цонхны хэсэгт гарын мөр хайхад илрээгүй болно...” /Хавтаст хэргийн 5-6 тал/ 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Мөрдөн шалгах туршилтаар хохирогч Н.С-аар тухайн тээврийн хэрэгслийн түлхүүрийг авчруулан онгойлгоход уг тээврийн хэрэгслийн /жолооны хүрд/ талын хаалгыг дотор талаас нь цоожилж онгойлгодог. Харин баруун талын хаалгыг гадна талаас нь түлхүүрээр цоожилж онгойлгодог байх бөгөөд цоожилсон тохиолдолд онгойлгох боломжгүй. Мөн түлхүүрээр онгойлгодог баруун талын хаалгыг дутуу хааж гаднаас цоожлоод татаж үзэхэд онгойлгох боломжгүй байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы цонхны шилийг гаднаас нь гарын алга хэсгээр доош болгоход онгойдог бөгөөд дээш нь гарын алгаар өгсөөж үзэхэд хаагдахгүй байсны гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Харин баруун талын хаалганы цонхны шилийг гадна талаас нь доош дээш болгоход онгойхгүй байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн.
Тухайн тээврийн хэрэгслийн гадна талаас нь цоожлогддог баруун хаалгыг уг тээврийн хэрэгслийн багажны хайрцгыг улаан шар өнгийн цоожилдог бөгөөд тээврийн хэрэгслийн түлхүүртэй хамт байсан. Багажны хайрцагны гэх өөр түлхүүрээр онгойлгож үзэхэд уг хаалга онгойж байсныг хохирогч хөндлөнгийн гэрч нар харав. /Хавтаст хэргийн 10-12 дугаар тал/ Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, туршилтын тэмдэглэл зэргээс үзэхэд ЗИЛ-131 маркийн машины баруун талын хаалганы шил нь дээш, доош онгойдог, зүүн хаалга нь гадна талаасаа цоожлогддог, дотор талаасаа онгойдог болох нь нотлогдож байна. Туршилтын тэмдэглэлээр уг тээврийн хэрэгслийн баруун талын хаалга гадна талаас түлхүүрээр цоожилж онгойлгодог, зүүн талын хаалганы шил нь дээш, доош болгоход онгойдог байсан. Тээврийн хэрэгслийн баруун хаалга нь онгойдог болсон зэрэг нөхцөл байдлууд нь тухайн бууг уг тээврийн хэрэгслийн дотор хийгээд цоожлодог байсан гэх хохирогч, гэрчийн мэдүүлэг эргэлзээ түрүүлэхээр байна. Мотоциклын түлхүүрийг тухайн тээврийн хэрэгслийн цоожинд таарч байсан эсэхийг шалгах шаардлагатай байсан.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 23.5.2-т заасан “шаардлагатай бол бусад байгууллага, мэргэжилтнийг оролцуулна гэснийг оролцуулалгүй явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь туршилтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Мөн гэрч Б.Э 2025 оны 07 дугаар сарын 27-ны үед Н.Ж-тай *** багийн *** гэх газар малаа эргээд явж байхад Н.Ж нь мотоциклтэй буу үүрсэн явж байгаад таарсан. Тэгээд Л-ийн бууг машинаас нь аваад ирлээ. Л-тай таарвал хэлээрэй гэж хэлсэн нь уг бууг хулгайлах санаа зорилгоор авсан нь тогтоогдохгүй байна. Харин уг бууг хадгалж, хамгаалах зорилготой авч явж байх үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд энэ бууг хулгайлах юмуу хадгалах зорилготой авсан эсэхийг нарийвчилж шалгаж, ямар нэгэн нотлох баримтаар тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2-т заасан ажиллагааг бүр дүүрэн хангалттай хийгээгүй байна.
2.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийн тухайд. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ машины хаалганд түлхүүр тааруулсан гэх хангалттай үндэслэл байхгүй байна. Иймд Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 306 дугаар тогтоолд тайлбарласнаар “...Бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүй бол... хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамруулан үздэггүй.” Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ машины хаалганд түлхүүр тааруулсан гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байхад хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Н.Ж-т холбогдох Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ДШМ/09 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Бямбадагва шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд эд зүйлийг хамгаалсан байр, агуулах, сав нь өмчлөгчөөс бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, эсхүл тухайн хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн тухайд цоожтой байсан тээврийн хэрэгслийн бүхээгээс бууг нь хулгайлсан үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинжийг илт агуулсан гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.
Гэвч магадлалын тогтоох хэсгийн 1-д “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав” гээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон бөгөөд энэ хуулийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул магадлалыг үндэслэл муутай болсон гэж дүгнэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж байна. Энэ дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлын дагуу шүүгдэгч Н.Ж-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
2.Прокуророос шүүгдэгч Н.Ж-ийг бусдын автомашинд түлхүүр тааруулан орж 1,000,000 төгрөгийн үнэ бүхий буу хулгайлсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ж-ийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянаад, “Тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч хохирогч Н.С тээврийн хэрэгслийн бүхээгийг буу болон бусад эд зүйлээ түр хадгалах агуулах савын зориулалтаар ашиглан эд зүйлээ автомашиндаа үлдээж, машиныхаа цонхыг хааж, хаалгыг түгжиж орхиж явсан, цоожтой байсан автомашины бүхээгээс бууг нь хулгайлсан үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинжийг илт агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
3.Хэдийгээр тээврийн хэрэгсэл нь хүн, ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч түүнийг эд зүйл хадгалах агуулахын зориулалтаар түр ашиглаж, эд хөрөнгөө гадны халдлагаас сэргийлэн түгжиж битүүмжилсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...тусгайлан хамгаалсан ... агуулах”-д хамааруулан үзэх хууль хэрэглээний жишгийг Улсын дээд шүүхээс тогтоосон билээ.[1]
4.Эрүүгийн хуулийн хэм хэмжээг шүүхээс тайлбарлахдаа хуулийн нэр томъёоны шууд утгыг бусад хууль тогтоомжтой уялдуулах системийн болон хууль тогтоогчийн зорилго, хамгаалах үнэт зүйлийг тодорхойлох логик аргаар цогцоор нь задлан шинжлэхээс гадна, хэргийн бодит нөхцөл байдлыг хуулийн уг хэм хэмжээнд нийцүүлэн шалгах буюу субсумци хийх үйл явцад үйлдэл, эс үйлдэхүйг хуульд төсөөтэй хэрэглэх замаар гэмт хэрэгт тооцохыг хориглосон эрүүгийн эрх зүйн язгуур зарчмыг чанд баримтална.
Шүүх хуулийг зөв тайлбарлан, нэг мөр хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах салшгүй баталгаа юм.
Энэхүү үйл явцад шүүх хууль тайлбарлах онол, арга зүйд тулгуурлан хууль тогтоогчийн хүсэл зоригийг тайлбарлах, тухайн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг зөв танин мэдэх, түүнчлэн ижил төстэй бусад гэмт хэргүүдээс хэрхэн ялгаж зүйлчлэх хууль зүйн хэмжүүрийг бий болгох замаар тухайн гэмт үйлдэлд тохирох зүйлчлэлийг эргэлзээгүйгээр, үнэн зөв тогтоох үүрэгтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, хууль хэрэглээний түвшинд тухайн үйлдлийн бодит үйл баримтыг хуулийн хэм хэмжээний зохицуулалттай яв цав тохируулах буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдтэй нэг бүрчлэн харьцуулан хууль зүйн дүгнэлт хийх нь хүний эрхийг хамгаалах, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болно.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлийн 2, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хүний өмчлөх эрх, хувийн болон орон байрны халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн объект нь эрүүгийн эрх зүйн онолоор бусдын өмчлөх эрх байдаг бол “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний хоёрдогч объект нь хувь хүний “орон зайн халдашгүй байдал” болдог онцлогтой.
Эрүүгийн хуулийн хэм хэмжээг явцуу, үгчилсэн байдлаар бус, хууль тогтоогчийн анхны санаа болон хамгаалж буй үнэт зүйлд нийцүүлэн зорилго болон системчилсэн аргаар тайлбарлах нь зүйтэй юм.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын дагуу эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Үйлдвэрийн хийцлэлийн хувьд механик /цоож/ болон орчин үеийн цахим, ухаалаг технологи /зайнаас удирдах түлхүүр, чип бүхий ухаалаг түгжээ, дохиолол/ зэрэг давхар хамгаалалтаар тоноглогдсон автомашины битүүмжлэгдсэн орон зай нь өмчлөгчөөс эд хөрөнгөө гадны халдлагаас сэргийлж, хадгалах агуулахын үүргийг давхар гүйцэтгэдэг.
7.Эрүүгийн эрх зүйн онолоор хулгайлах гэмт хэргийн субъектив шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр болон шунахай сэдэлтээр тодорхойлогддог.
Харин энэхүү гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний субъектив шинж нь гэмт этгээд тухайн тээврийн хэрэгслийн бүхээг /кабин/ нь эд хөрөнгийг гадны халдлагаас хамгаалж битүүмжилсэн, тусгайлсан орон зай болохыг урьдчилан мэдэж, бүрэн ухамсарласан байхыг шаардана.
Улмаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчөөс тогтоосон хамгаалалт, саадыг зориудаар эвдэх, саармагжуулах замаар даван туулах хүсэл зориг агуулж, түүн рүүгээ чиглэсэн идэвхтэй үйлдэл хийдгээрээ энгийн хулгайн гэмт хэргээс ялгагдана.
8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...тусгайлан хамгаалсан ... агуулах” гэх хууль зүйн шинж нь тээврийн хэрэгслийн бүхээг /кабин/-ийн орон зайн хэмжээ, багтаамж, зориулалтаас үл хамааран, өмчлөгчөөс эд хөрөнгөө хамгаалах чиглэлээр объектив байдлаар механик болон цахим түгжээ, дохиолол тогтоосон эсэхээр тодорхойлогдоно.
Гэмт хэргийн объектив шинж нь өмчлөгчийн тогтоосон дээрх хамгаалалтыг идэвхтэй үйлдлээр даван туулж, хаалттай орон зайд хууль бусаар нэвтэрснээр илэрнэ.
Ингэхдээ автомашины хаалганы түгжээг эвдэх, цонх хагалах зэрэг механик халдлагаас гадна, тусгай төхөөрөмж ашиглан зайнаас удирдах түлхүүр, чип, долгионыг хуулбарлах, дохиоллын системийг саармагжуулах зэрэг орчин үеийн технологийн аргаар бүхээг /кабин/-т нэвтэрсэн үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанараараа энгийн бүрэлдэхүүнтэй хулгайн гэмт хэргээс илт давуу юм.
Энэхүү үйлдэл нь орон байр, агуулахад нэвтэрч үйлдэгдсэн гэмт хэрэгтэй нэгэн адил өмчлөх эрх болон хувийн орон зай халдашгүй байх хууль зүйн баталгаанд давхар халддаг хор уршигтай.
Тиймээс гэмт этгээд автомашины хаалганы механик түгжээг эвдэх, цонх хагалах, эсхүл тусгай төхөөрөмж ашиглан зайнаас удирдах түлхүүрийн /чип, кноп/ долгионыг хуулбарлах, цахим түгжээ болон дохиоллыг саармагжуулах зэргээр өмчлөгчийн зориудаар тогтоосон хамгаалалтыг даван туулж бүхээг /кабин/-т хууль бусаар орсон үйлдэл буюу объектив шинжийн арга нь ердийн хулгайн гэмт хэргээс нийгмийн аюулын шинж чанараараа илт давуу байна.
Энэ нь орон байр, агуулахад нэвтэрсэн үйлдэлтэй дүйцэхүйц хор уршигтай бөгөөд биет эвдрэл үүссэн эсэхээс үл хамааран хамгаалалтын системийг технологийн аргаар саармагжуулан даван туулж нэвтэрсэн үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулж үзнэ.
9.Харин өмчлөгч, эзэмшигч нь тээврийн хэрэгслийнхээ хаалга, цонх, тээш зэргийг онгорхой, эсхүл ухаалаг түлхүүрээр түгжихээ мартсан зэрэг шалтгаанаар цахим болон механик түгжээг идэвхжүүлэлгүй орхисны улмаас гэмт этгээд ямар нэгэн саадгүйгээр эд хөрөнгийг авсан, эсхүл ил тэвшнээс эд зүйл авсан тохиолдолд объектив шинжээс саадыг даван туулсан, субъектив шинжийн хамгаалалтад халдсан гэх шинж үгүйсгэгдэх тул үүнийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж хүндрүүлэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилдэг.
10.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хуулийн зарчимд нийцсэн байх бөгөөд хяналтын шатны шүүхээс уг хууль зүйн дүгнэлтийг дээрх байдлаар нэмж тайлбарлан зөвтгөсөн тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн магадлалыг хүчингүй болгох агуулгатай гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг бүрмөсөн хассан байтал давж заалдах шатны шүүх хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж шийдвэр гаргасан нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй хэдий ч цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2026/ДШМ/09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Т.ӨСӨХБАЯР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ