Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1039

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,

хохирогч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Цт холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Т.Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 139 тоотод “00-д удаан суулаа” гэх шалтгаанаар иргэн Г.Бг нүүрэн тус газарт нь цохиж биед нь хамар ясны хугарал, хамарт шарх, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ:

“...Хохирогч мэдүүлгээ үнэн зөв өгөхгүй байна. 2 удаа биш 1 удаа цохисон. 00-с гарахгүй 20 минут болсон. Тэгээд хохирогч 00-с гарч ирээд надруу уурлаад намайг нэг цохисон тэгэхээр нь гэнэт миний уур хүрээд зөрүүлээд нэг цохисон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ:

“...Хөдөөнөөс ирээд найзындаа очоод хоол цай идэж уугаад байж байсан. 00-д орсон байх үед хаалга тогшихоор нь одоо гарлаа гэсэн чинь намайг хурдан гар гээд уурласан. Тэгээд гараад ирсэн чинь намайг цохисон би Цыг цохисон зүйл байхгүй, одоо байнга толгой өвддөг..” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Цын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд би ажлаа тараад гэртээ ирээд байж байтал 21 цаг болж байхад манай хажуу өрөөг түрээслэдэг Ч гэж найз эмэгтэйгийн хамт гаднаас нилээн халамцуу орж ирсэн. Тэр хэд орж ирчихээд өрөөнийхөө хаалгыг дотроосоо түгжчихээд инээгээд орилолдоод байсан. Би тэд нарыг архи ууж байна гэж бодсон. Тэр хоёр эмэгтэй ээлж ээлжээрээ угаалгын өрөө ороод байсан. Би угаалгын өрөө орох гэтэл Б гэж эмэгтэй угаалгын өрөө орчихоод гарахгүй байхаар нь би Чд энэ угаалгын өрөөнд байгаа найзыгаа гарга 00-н өрөөнд ороод 20 минут боллоо гэсэн. Би Чд танай найз согтуу юмуу тасарцан юмуу 00-н өрөөнөөс гарга гэсэн. Би 00-н өрөөний хаалгыг тогшоод зогсож байтал Б гэж эмэгтэй гарч ирээд эмэгтэй хүн 00-н өрөөнд байхад гээд намайг цохисон. Тэгэхээр нь би тэр Б гэж эмэгтэйгийн өөдөөс нь цохисон чинь Б гэж эмэгтэйгийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бгийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз Чтай уулзаад хамтдаа хорооллын Цэ нэртэй паабад сууж байгаад гурав гурван шил пиво ууж байгаад Ч манайд очъё гэсэн. Манай найз Ч хорооллын эцэст байдаг нэг орон сууцны байранд хажуу өрөө түрээслэж найз залуутайгаа хамт амьдардаг юм. Чинсаатай хамт Чгийн амьдардаг байранд очсон. Чгийнд ороод цай чанаж хоол хийж идчихээд 00-ийн өрөө рүү орсон. Тэгтэл намайг 00-д байхад хаалга тогшихоор нь за одоохон гарлаа гэсэн боловч хаалга нүдээд нэг эрэгтэй хүн писда чинь хурдан гараач нойл бузарлаад байх юм гэсэн. Би нойлын өрөөнөөс гартал 40 гаруй насны эрэгтэй хүн зогсож байсан би та чинь одоо ямар хаашаа юм бэ гэтэл шууд миний нүүр лүү гараараа 2 удаа цохихоор нь би та чинь одоо яаж байнаа гээд тэр эрэгтэй хүнийг биерүү нь гараараа түлхтэл тэр хүн дахиад намайг нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан энэ үед манай найз Ч гарч ирсэн. Би цагдаа дууд гээд хашхиртал намайг зодсон хүн би өөрөө цагдаа дуудна гэсэн тэгээд удалгүй цагдаа ирээд би гэмтлийн эмнэлэг рүү явсан нөгөө хүн гэртээ үлдсэн. Зүгээр байж байгаад хүнд зодуулж биедээ гэмтэл авсан гомдолтой байна. Гомдолтой байна. Төмөрбаатараас эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Чгийн өгсөн:

“...Би найз Бтай тухайн өдөр уулзаад гадуур явж байгаад орой 18 цаг өнгөрч байхад хорооллын эцсийн Цэ нэртэй паабад орж пиво ууж байгаад манай гэрлүү 20 цаг өнгөрч байхад очсон юм. Манай гэрт ороод бууз жигнэж идээд жаахан юм ярьж байгаад унтахаар болсон. Энэ үед манай найз Б нойлын өрөө орсон юм тэгтэл миний түрээслэдэг байрны эзэн Ц гэж ах энэ хүнээ гарга гэж хэлсэн. Тэгээд би нойлын өрөөний хаалгыг тогшоод гарах болж байна уу гэхэд одоо гарлаа гэсэн. Тэгтэл байрны эзэн Ц чи хүн авчирлаа гээд надад уурлаад байсан. Энэ үед Б нойлын өрөөнөөс гараад иртэл Бг Ц шууд нүүр рүү нь 2 удаа цохисон. Энэ үед манай найз залуу Ц гарч ирж салгасан. Бгийн хамарнаас маш их цус гоожсон тэгтэл байрны эзэн Ц ах өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13114 тоот: 

  1. Г.Бгийн биед хамар ясны хугарал, хамарт шарх, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 18/,

 

  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 37/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 22 дугаар байрны 139 тоотод “00-д удаан суулаа” гэх шалтгаанаар иргэн Г.Бг нүүрэн тус газарт нь цохиж биед нь хамар ясны хугарал, хамарт шарх, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.Цын “...Би 00-н өрөөний хаалгыг тогшоод зогсож байтал Б гэж эмэгтэй гарч ирээд эмэгтэй хүн 00-н өрөөнд байхад гээд намайг цохисон. Тэгэхээр нь би тэр Б гэж эмэгтэйгийн өөдөөс нь цохисон чинь Б гэж эмэгтэйгийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Бгийн “...Би нойлын өрөөнөөс гартал 40 гаруй насны эрэгтэй хүн зогсож байсан би та чинь одоо ямар хаашаа юм бэ гэтэл шууд миний нүүр рүү гараараа 2 удаа цохихоор нь би та чинь одоо яаж байнаа гээд тэр эрэгтэй хүнийг биерүү нь гараараа түлхтэл тэр хүн дахиад намайг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Чгийн “...Б нойлын өрөөнөөс гараад иртэл Бг Ц шууд нүүр лүү нь 2 удаа цохисон. ...Бгийн хамарнаас маш их цус гоожсон тэгтэл байрны эзэн Ц ах өөрөө цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13114 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Г.Бг эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Г.Б нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүх хуралдаанд эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзсан шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ