Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1043

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Д,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн ___тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___дугаарын регистртэй, Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” нэртэй цэнгээний газарт иргэн Д.Бийн толгойн тус газар луу нь пивоны шил шидэж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулай хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 10 дугаар сарын 24 өдрөөс 25 шилжих шөнө манай нөхөр энхийг сахиулахаар 1 жил яваад ирээд 1 сар ч болоогүй байсан тэгээд бид 2 гэр бүл болсны баяраа тэмдэглэх гээд 3 хүүхдээ эгчийндээ аваачиж үлдээгээд 2 найзтайгаа баяраа тэмдэглэх гээд Алмааз бааранд 2 найзынхаа хамт орсон. Тэгээд пивоноосоо тал талыг уугаад найзтайгаа хоёулаа талбайд орж бүжиглэж байтал манай хүн тамхи татчихаад ирье гээд гараад явсан тэгээд бүжиглэж байтал 3 залуу гарч ирээд намайг өдөөд бөгсөнд хүрсэн энд тэнд гарч бүжиглээд байсан тэрийг нь манай хүн хараад бага зэрэг маргаан болсон тэгээд гайгүй болоод бид 3 ширээндээ очиж суусан тэгтэл араас ирээд ширээн дээр уугаагүй байсан 4 пиво байсан тэрнээс уугаад тэгээд манай нөхөр лүү цацсан тэгээд амаараа бас цацсан тэгээд маргалдаад манай хүн яахын зодолдох гээд байгаа юм уу гээд маргалдаад байхаар нь би одоо боль олон нийтийн газар маргалдаад яах юм гээд буцаагаад нөхрөө дагуулаад явах гэтэл араас цохих шиг болсон тэгтэл манай нөхөр намайг цохиулсныг ч мэдэхгүй чи очоод сууж бай би тамхи татчихаад ирье гээд цаашаа явсан тэгээд ширээн дээрээ очиж суугаад толгойгоо барьтал толгойноос их хэмжээний цус гараад тэгээд би нөхрөө дуудаад өгөөч гэж хэлээд нэг мэдсэн ухаан алдаад унасан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулаад сэрсэн. Эмч артерийн гол судсыг тасалсан байна тэгээд их хэмжээний цус алдаад шоконд орж ухаан алдсан байна гэсэн. Тухайн үед арга хэмжээ аваад эмчилгээ хийлгэсэн сая дахиад эмнэлэгт үзүүлсэн чинь цаашид дахиад үзүүлэх шаардлагатай гэсэн. Би 3 хүүхэдтэй ажилгүй гэртээ байдаг...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч Д.Бийн биед учирсан гэмтлийг би пиво шил шидэж учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийснэ үйлдээ гэмшиж байна. Би хохирогч Д.Бийн эмчилгээний зардалд 370.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-н 52-53/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн нөхөр М, түүний найз Э, манай найз М нарын хамтаар Модны 2-н “Алмаз” нэртэй бааранд орсон. Тэгээд бид нар 8 шил хүний нэг нэг пиво захиалаад сууж байхад М нөхрөө аваад ирье гээд гарсан. Бид нар бүжиглэж байхад манай нөхөр тамхи татах гээд гарсан. Би Этай бүжиглэж байхад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан 3 залуу намайг өдөж хоргойгоод байсан. Тэгээд манай нөхөр орж ирээд нөгөө 3 залуутай маргалдсан. Бид нар ширээн дээрээ сууж байхад нөгөө 3 залуу манай ширээн дээр ирээд манай ширээн дээр байсан пиво авч уугаад манай нөхөртэй маргалдаад манай нөхөр рүү цацсан. Би босоод нөхрөө татаж аваад салаад бид 2 ширээ рүүгээ эргэхэд араас толгой руу цохиод авах шиг болоод толгойноос цус гарсан. Тухайн үед миний толгой эргээд ухаан алдаад унасан. Нэг сэргэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрээд толгойдоо оёдол тавиулсан байсан. Тухайн үед Д гэх залуу миний толгойг пивоны шилээр цохиж хагалж, уг гэмтлийг учруулсан, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Д-ын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын 24-ний орой Баянгол дүүргийн 17-р хороо алмаз нэртэй бааранд Б, Д нарын хамт ороод зургаан шил пиво аваад хуваагаад уусан. Тэгээд өмнө нь шар айраг уусан байсан. Тэгээд бүжиглэж байгаад ширээн дээр сууж байхад Д нэг залуутай маргалдаад байсан. Хамгаалагч нь бас өөр хүмүүс салгасан. Тэгээд манай найз руу дайрч байсан залуу дээгүүрээ нүцэглээд дайрсан. Тэгээд манай найз гартаа байсан пивоны шилээ шидэхэд уг залуугийн цаана сууж байсан эмэгтэйгийн толгойг нь оноод хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз М, түүний эхнэр Б, түүний найз М нарын хамтаар Модны 2-н “Алмаз” нэртэй бааранд орж 8 пиво захиалаад хувааж уусан. Тэгээд Б бид 2 бүжгийн талбай дээр бүжиглэж байхад, М тамхи татчихаад ирье гээд М түрүүлээд гараад явсан байсан. Тэгэхэд бүжигийн талбай дээр хажууд хэдэн залуучууд ирээд хамт бүжиглэж байсан. Тэгэхэд тэр залуучууд Бийн урд хойно нь гараад бүжиглээд байхад М гаднаас орж ирээд бүжгийн талбай дээр ирээд тэр залуучуудтай хальт маргаад салаад бид 3 ширээн дээрээ очоод суусан. Тэгэхэд тэр 3 залуу манай ширээн дээр ирээд ширээн дээр байсан пивоноос авч уугаад хажууд суухад М уурлаад тэр залуучуудтай маргалдсан. Тэгэхэд би дундуур нь орж салгахад тэр залуучууд болихгүй зууралдаад дайраад байсан. Тухайн үед Б цаана ширээндээ сууж байсан ба нэг харсан чинь Бийн толгойноос цус гарсан цусаа гоожуулаад сууж байхаар нь би яваад очиход Б ухаан алдсан. Тэгээд нөгөө залуучуудыг хориод явуулахгүй байж байгаад цагдаад дуудлага өгөөд тэр залуучуудыг цагдаад өгөөд явсан.

Тэнд байсан махлаг залуу гартаа пивоны шил барьсан байж байгаад М руу шидэх гэж байгаад Б рүү шидсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13054 тоот: 

  1. Д.Бийн биед тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

  5.6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 35-36/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-15/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 87/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алмаз” нэртэй цэнгээний газарт маргалдаж улмаар иргэн Д.Бийн толгойн тус газар руу нь пивоны шил шидэж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...хохирогч Д.Бийн биед учирсан гэмтлийг би пивоны шил шидэж учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Бийн “...Би босоод нөхрөө татаж аваад салаад бид 2 ширээ рүүгээ эргэхэд араас толгой руу цохиод авах шиг болоод толгойноос цус гарсан. Тухайн үед миний толгой эргээд ухаан алдаад унасан. ... Тухайн үед Д гэх залуу миний толгойг пивоны шилээр цохиж хагалж, уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Д-ын “...манай найз руу дайрч байсан залуу дээгүүрээ нүцэглээд дайрсан. Тэгээд манай найз гартаа байсан пивоны шилээ шидэхэд уг залуугийн цаана сууж байсан эмэгтэйгийн толгойг нь оноод хагалчихсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Эын “...Тухайн үед Б цаана ширээндээ сууж байсан ба нэг харсан чинь Бийн толгойноос цус гарсан цусаа гоожуулаад сууж байхаар нь би яваад очиход Б ухаан алдсан. ...Тэнд байсан махлаг залуу гартаа пивоны шил барьж байгаад М руу шидэх гэж байгаад Б рүү шидсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 13054 тоот дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогчийн зүгээс хавтаст хэрэгт нийт 1.110.130 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байх бөгөөд 891.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд “...хохирлын 253.000 төгрөгийг өнөөдрийн дотор төлөхөө илэрхийлж байна...” гэх 1 хуудас хүсэлт гаргасан, хохирогч шүүх хуралдаанд “...баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ