Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 742

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, 44 дүгээр барилгын зах дээр өдрөөр ажилладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, ................. тоотод оршин суудаг. Урьд:

-Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзуулсан.

Т.Б /РД:......................./

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” авто вокзал дотор иргэн О.Ц-гийн дэрлээд унтаж байсан цүнхтэй бэлэн хувцас, гар утас, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт зэрэг 324.300 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс, биетээр 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийтдээ 574.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч О.Ц-гийн өргөдөл /хх3/, цагдаагийн байгууллагын АСАП санд хулгайлагдсан эд зүйлсийг эрэн сурвалжлалт зарласан тухай мэдээлэл /хх4/, камерын бичлэг хураан авсан тэмдэглэл, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх6-8/, хохирогч О.Ц-гийн цүнхний оронд үлдээсэн цүнхийг хохирогчоос хураан авсан тухай тэмдэглэл /хх11/, хохирогч О.Ц-гийн мэдүүлэг /хх28/, “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан /хх32/, Т.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх51-53/, Т.Б-ийн цүнх, дотор нь байсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх61/, хохирогч О.Ц-д 200.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх71/, Т.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх22/, ял шалгах хуудас /хх35/,  гэрч Ц.Н-ын мэдүүлэг /хх59-60/, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол /хх76-79/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Т.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч О.Ц-гийн“...цүнхтэй хувцас, мөнгө, утас зэрэг эд зүйл хулгайд алдсан тул олж өгч тусална уу ...” гэх цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх3/,

2. Камерын бичлэг хураан авсан тэмдэглэл, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “... 07:07:05 цагт хохирогчийн цүнхний дээд талын бариулнаас татаж үзэх бөгөөд хохирогч тухайн үед өөрийн цүнхний үүргэвчийг 2 гартаа тээглүүлэн ороосон байсан тул холбогдогч этгээд цүнхийг авч чадалгүй эргүүлэн тавив. Холбогдогч этгээд хохирогчийн үүргэвчний 2 талын тээглүүрийг мултлан бусдын анхаарлыг татахгүй тулд хэсэг хүлээж байгаад хохирогчийн цүнхийг өөрийнхөө урд байсан цүнхээр сольж аваад ертөнцийн зүгээр урд зүгрүү гарч явж байгаагаар камерын бичлэг дуусав...” /хх6-8/,

3. Хохирогч О.Ц-гийн“...2018 оны 8 дугаар сарынг 12-ны 05 цагийн үед Орхон аймаг явах гээд Драгоны авто вокзал дээр ирээд нойр хүрээд унтахдаа авч явж байсан цүнхээ дэрлээд унтсан. Тэгээд өглөө 07 цагийн үед сэрээд харахад миний цүнх байхгүй, оронд нь өөр хүн цүнхээ үлдээчихсэн байсан. Цүнхэнд дотор жинсэн өмд, тэлээ, цамц, футболк, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас, бэлэн 250.000 төгрөг зэрэг эд зүйл байсан. Камерын бичлэг дээр намайг унтаж байхад миний цүнхийг өөрийнхөө цүнхээр солиод аваад явчихсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх28/,

4. “Дамно” ХХК-наас хулгайлагдсан эд зүйлийг 324.300 төгрөг гэж үнэлсэн тайлан /хх32/,

5. Т.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би тухайн үед ах дүү байхгүй, байх газар байхгүй болохоор Драгон төв дээр хонож өнждөг байсан. Тэгээд сандал дээр унтаж байгаад өглөө сэрэхэд миний урд талын ширээн дээр нэг залуу цүнхнийхээ оосрыг гартаа ороогоод унтаж байсан. Тэгээд гартаа ороосон байсан цүхний оосрны төмөр түгжээг мултлаад цүнхийг нь аваад өөрийнхөө үүргэвчийг оронд нь тавьсан. Миний цүнхэн дотор цэнхэр өнгийн нэг футболк, жинсэн өмд, ............. гэсэн дугаарын сим карт байсан. Тухайн цүнх дотор 2 ээлжийн өмд, тэлээ, түрүүвч, түрүүвч дотор бичиг баримт, бэлэн мөнгө байсан. Хяналтын камерын бичлэгийг үзлээ би мөн байна. Хулгайлсан эд зүйлээ ашиглаж мөнгөөр нь хоол унд, хувцас аваад дуусгасан. Утсыг нь сар барьж байгаад архи ууж яваад хаясан. Хохирлыг бага, багаар төлнө хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх51-53/,

6. Т.Б-д цүнх, дотор нь байсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх61/,

7. Хохирогч О.Ц-д 200.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх71/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.Б:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” авто вокзал дотор иргэн О.Ц-гийн дэрлээд унтаж байсан цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч О.Ц-гийн“...Цүнхэнд дотор жинсэн өмд, тэлээ, цамц, футболк, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас, бэлэн 250.000 төгрөг зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...холбогдогч этгээд хохирогчийн үүргэвчний 2 талын тээглүүрийг мултлан бусдын анхаарлыг татахгүй тулд хэсэг хүлээж байгаад хохирогчийн цүнхийг өөрийнхөө урд байсан цүнхээр сольж аваад ертөнцийн зүгээр урд зүгрүү гарч явж байгаагаар камерын бичлэг дуусав...” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 574.300 төгрөгний хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч О.Ц-гийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч О.Ц-д нийт 574.300 төгрөгний хохирол учирсан бөгөөд үүнээс 200.000 төгрөг төлөгджээ.

Гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгч Т.Бямдоржийг гэм буруутайд тооцож, түүнээс 374.300 төгрөг гаргуулж хохирогч О.Ц-д олгуулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авсан.

Мөн хугацаанд шүүгдэгч нь 180.000 төлсөн байх тул түүнээс үлдэгдэл 194.300 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял  оногдуулж, Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнссэж хянан харгалзуулсанг хүчингүй болгон 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч Т.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол хор уршигийг нөхөн төлөхөөр хичээж, мөн илэрхийлж буй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэн шүүхээс хорих ял оногдуулахгүй тэссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заажээ.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэсгийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Т.Б-с 194.300 /нэг зуун ерөн дөрвөн мянга, гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Ц-д олгуулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди (хяналтын камерын бичлэгтэй)-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХБААТАР